Монголчууд гаднын хөрөнгө оруулалтыг үндэсний аюулгүй байдалтай холбож эмзэг хүлээж авдаг. Гэхдээ хөрөнгө оруулалт бол аюул гэхээс илүү цэвэр мэргэжлийн хандлага шаарддаг зүйл. Хэрэв ажил хэрэгч бус, буруу зөрүү мэдээллээр авч үзвэл гаднаас ирэх аюул гэхээс илүү дотроосоо үүсэх балаг нь их.
1993-2023 оны 30 жилд бид гадаадын хөрөнгө оруулалттай “зууралдсаны” эцэст нийт 41.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манай улсад орсон ч 73% нь уул уурхай, 11% нь худалдаа, үйлчилгээ, 16% нь бусад салбарт гэсэн үндсэн хэдхэн тоотой, төрөлжөөгүй, эрсдэл дүүрэн эдийн засгийн бүтэцтэй болж үлдлээ. Өөрөөр хэлбэл, монголчууд хөрөнгө оруулагчидтай ажил хэрэгчээр хамтарч сурсангүй.
Дээрх 30 жилд гаргасан алдаатай шийдвэр, нугалааг тоочвол урт түүх болно. Хамгийн тод жишээ болгож 2012 онд популист хууль баталж хөрөнгө оруулагчдыг үргээсэн түүхийг авч үздэг. Тэр жил алдаагаа ойлгосон эрх баригчид таван сарын дараа хуулиа цуцалсан ч ГШХО түүнээс хойш сэхэл аваагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт дээр “We are very sorry” гэж хэлээд ч нэмэр болоогүй. Учир нь манай улсын хувьд хөрөнгө оруулалтыг дэмжих мессэжээс илүү бизнесийг нь дээрэмдсэн, хөрөнгийг нь хураасан гэх мэт муу мэдээ түрүүлээд түгшүүрийн дохио болж очдог.
Гадаадын хөрөнгө оруулагчид юун түрүүнд тухайн улсад хөрөнгө оруулахад ямар эрсдэл байгааг төрөл бүрийн индекс, рейтинг, тайлангуудыг судалж мэддэг.
Тухайлбал, IMD байгууллагаас жил бүр гаргадаг Олон улсын өрсөлдөх чадварын тайланг (World Competitiveness Index – WCI) аваад үзье.
Манай улс уг тайланд 2015 оноос хойш багтаж байгаа бөгөөд 2018 оноос хойш онооны үзүүлэлт сайжраагүй, сүүл мушгисаар байна. Энэ тайлан улс орнуудыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл, 20 дэд бүлэг, 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан өрсөлдөх чадварын рейтинг гаргадаг.
WCI-гийн 2024 оны рейтингэд Монгол Улс хөгжингүй болон хөгжиж 64 улсаас 61 дүгээрт оржээ. Энэ дундаас уул уурхайн экспортын нөлөөгөөр дотоод эдийн засгийн зарим үзүүлэлт (42 дугаар байр – 47 оноо) 2020 оноос хойш сайжирсан байна. Харин бусад гурван бүлэг үзүүлэлт дээр 2020 оны түвшнээс ахиагүй эсвэл дордсон байна. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагаа дээр 53 дугаар байр (35 оноо), дэд бүтцээр сүүлийн байр (14 оноо), Бизнесийн ашигт ажиллагаагаар 62 дугаар байр (20 оноо) авсан нь манай улсын өрсөлдөх чадварыг дордуулж, хөрөнгө оруулалт татах боломжийг хумьсаар байна.
Тэгвэл манайхтай төстэй газар зүйн байршил, геополитикийн нөхцөлд хөгжиж буй, гэхдээ авторитар улс төрийн дэглэмтэй орон болох Казахстан улс хэрхэн өрсөлдөх чадвараа тордож буйг харьцуулъя.
Энэ улс Н.Назарбаевын удирдлага дор багагүй амжилтад хүрсэн ч байгалийн хий, газрын тосны экспортод тулгуурласан эдийн засаг нь 2008, 2015 оны хямралаар хүнд цохилт авсан. Харин 2019 онд сонгогдсон шинэ Ерөнхийлөгч К.Токаев эдийн засгаа төрөлжүүлж, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, технологи зэрэг салбарыг дэмжих бодлого явуулсан. Тэрээр хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалахаар Астанагийн олон улсын санхүүгийн төв байгуулах, бүсчилсэн татварын хөнгөлөлт эдлүүлэх, “Digital Kazakhstan” хөтөлбөрийн хүрээнд инновацын төслүүдийг санхүүжүүлж, технологийн дэд бүтцээ сайжруулах төслүүд хэрэгжүүлсэн.
Хэдийгээр Казахстаны гол сорилт нь бүрэн либералчлагдаагүй эдийн засаг гэж үздэг ч энэ улс сүүлийн жилүүдэд засаглалын үзүүлэлтээ ахиулсаар байна. Дээр дурдсан Олон улсын өрсөлдөх чадварын тайланд Казахстан нийт оноогоороо 35 дугаарт жагсаж, Засгийн газрын үйл ажиллагааны хувьд 2020 онд 28 дугаар байрт орж байсан бол 2024 онд 18 дугаар байранд орж сайжирчээ. Ялангуяа, татварын бодлогоороо долоодугаарт орж буй нь Сингапураас ч сайн үзүүлэлт юм. Энэ мэтээр тус улс 2019-2023 онд гаднын хөрөнгө оруулалттай 185 төсөл хэрэгжүүлж, нийт 26 тэрбум ам.доллар татжээ.
Эдийн засгийн өрсөлдөх чадвар. Монгол ба Казахстан
![Хөрөнгө оруулалт мөнгөнөөс эхлэхгүй](https://business.mn/wp-content/uploads/2025/02/grafik.jpg)
Хөрөнгө оруулалт мөнгөнөөс эхэлдэггүй
Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр Монголын нийгэмд мөнгөний хэмжээ, хувь эзэмшил зэрэг хэнд хэдийг вэ гэсэн агуулгаар ойлгох нь түгээмэл. Гэвч хөрөнгө оруулалт бол дотоод, гадаадаас үл хамаарч итгэлцлийг бий болгох чадамж, хариуцлагын асуудал байдаг. Товчхондоо засаглал.
Монголчууд асуудлаа тун сайн мэдэж байгаа. “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна” гэх үгийг маш олон даргын амнаас сонсож болно. Гэхдээ энэ бол хэтэрхий ерөнхий, ойлгомжгүй мэдэгдэл. Үнэндээ манай улсын хөрөнгө оруулалтын хууль тийм муу хууль биш. Гэхдээ “Эрх зүйн орчин”, “Хууль” хоёр нь нэг зүйл биш гэдгийг анхаарах ёстой. Хууль нь гаднын хөрөнгө оруулагчидтай ажиллах үндсэн тоглоомын дүрэм байдаг бол эрх зүйн орчин нь хуулиа хэрэгжүүлэх тогтолцоог хамаардаг.
Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэлцэл бий болгоход хамгийн эхний чухал алхам нь хөрөнгө оруулалттай холбоотой маргаан шийдэх механизмыг бий болгох хэрэгтэй гэдгийг судлаачид байнга хэлдэг.
2023 онд Хууль зүйн яамнаас мэдээлснээр хөрөнгө оруулагчийн гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүх дунджаар 6.2 жил зарцуулдаг бөгөөд 16 жил шүүхээр явсан тохиолдол ч байдаг аж. Мөн 2018-2023 онд нийтдээ 69 гомдол ирснээс 54 гомдол шийдэгдээгүй хэвээр байна.
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, арилжааны хэлтсээс бэлтгэсэн “Монгол Улсын 2024 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-д бичсэнээр Татварын алба болон бусад төрийн захиргааны байгууллагуудын маргаан шийдвэрлэх чадваргүй, хүсэл эрмэлзэлгүй ужгирсан хандлага нь өмчийг шууд бусаар албадан хураах эрсдэлийг үүсгэж байгаа тухай хөрөнгө оруулагчид дурджээ. Мөн шүүгчид бизнесийн маргаан шийдэхээс зайлсхийдэг, шүүх ажиллагааг сунжруулдаг, шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэсээр байтал маргааны нөгөө тал хөрөнгөө аль хэдийн зарж борлуулаад алга болсон байдаг аж.
Ерөнхийдөө Засгийн газартай холбоотой маргааны эрсдэлийг хөрөнгө оруулагчид гурав ангилж байна:
- Хувь хүмүүс хоорондын маргаан дээр шүүх хурлын өмнө Монголын тал Засгийн газар, шүүх, хууль сахиулах, хэвлэл мэдээлэл, прокурорын байгууллага дахь өөрсдийн танил тал, харилцаа холбоогоо ашиглан өөрсдийн шаардлагыг гаднын талаар албадан зөвшөөрүүлж болзошгүй,
- Хөрөнгө оруулагчид болон Монголын засгийн газар хоорондын шууд маргааны үед Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхээ шаардаж болно. Учир нь ихэнх тохиолдолд Засгийн газар өөрөө өрсөлдөгч, төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) ажиллуулдаг, эсвэл ажиллуулах сонирхолтой.
- Татварын байгууллагын албан тушаалтнууд, прокурорууд гадаадын ААН-д өндөр инфляцтай гэх хуулийн үндэслэл муутай татвар ногдуулж, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар сүрдүүлэн, нэн даруй төлөхийг шаарддаг.
Энэ мэтээр бид хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх хамгийн чухал гэрийн даалгавраа үл ойшоосоор байна.