Beauty Secrets-ийн үүсгэн байгуулагч & CEO, Д.Энххорвоотой саяхан нээлтээ хийсэн Beauty Secrets Concept K-Beauty дэлгүүрийн цаашдын гол зорилго, үйлчилгээ, концепцийн талаар ярилцлаа. Энэхүү дэлгүүр нь Монголд анх удаа хэрэгжиж буй содон концепц бөгөөд зах зээлд шинэ салхи оруулж, хэрэглэгчдэд шинэ сонголт, туршиж үзэх боломж санал болгож байгаа юм байна.

Юун түрүүнд шинэ дэлгүүрээ нээсэнд нь баяр хүргэе. Том ягаан чимэглэл нь сошиалд нэлээн харагдаж байсан. Beauty Secrets Concept K-Beauty дэлгүүрийг танилцуулна уу?
Баярлалаа. Beauty дэлгүүр нь гоо сайхны бүтээгдэхүүний худалдааг кофе шоптой нэгтгэсэн шинэ загварын дэлгүүр юм. Бид хэрэглэгчийнхээ амьдралын хэв маягт тохируулсан, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоос гадна тэдэнд таатай мэдрэмж, сэтгэл ханамж олгоход чиглэсэн “Lifestyle & Experiential Retail” концепцийн дагуу нээсэн юм.
Энэ танай хэд дэх дэлгүүр вэ?
Анх 2016 онд www.beautysecrets.mn гоо сайхны платформыг нээсэн. Тухайн үед арьс арчилгаа, гоо сайхны онлайн дэлгүүр гэж огт байгаагүй. Төдийгөөс өдий хүртэл өөр өөр концепцтойгоор дэлгүүрүүдээ нээж байсан. Гол нь хэрэглэгчдэд тухтай орчин, таатай мэдрэмж өгөх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. УИД-ийн зүүн урд талд нээгдсэн дэлгүүр нь манай зургаа дахь салбар юм.
Тус концепцийн гол зорилго юу вэ?
Бид орчин үеийн хэрэглэгчдэд ойр, тэдний амьдралын хэв маягт нийцсэн орчныг бий болгох зорилгоор энэхүү концепцийг боловсруулсан. Lifestyle Retail гэдэг нь хэрэглэгчийн амьдралын хэв маяг, сонирхол, үнэт зүйлстэй уялдуулан нийцүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг хамтатган санал болгож байгаа юм. Харин Experiential Retail нь хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдан авахаас илүүтэйгээр дурсамжтай, сэтгэл ханамжтай мэдрэмж олгоход илүү анхаардаг. Мөн дэлгүүрийн орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ нь хэрэглэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар зохион байгуулагдcан. Жишээлбэл, нүүрээ будаж амжаагүй өглөөний цайгаа ууж амжаагүй гэрээсээ гарлаа гэж бодоход манай дэлгүүр дээр ирээд арьс арчилгаагаа хийгээд, нүүрээ будаад, өглөөний кофегоо ууж сэргэх боломжтой. Амьдралын янз бүрийн хэв маяг, зуршилтай хүмүүс байдаг шүү дээ, тэр бүхэнд нийцүүлэхийг их хичээсэн юм. Манай cafе-ны онцлог нь “beauty drinks” буюу бүтээгдэхүүнд нь коллаген, пробиотик, зэрэг гоо сайхны нэмэгдлүүдтэй гардаг.
Монголд анх удаа ийм дэлгүүр нээсний ач холбогдол юу вэ?
Нэгт, энэ дэлгүүр нь Монголд анх удаа хэрэгжиж буй содон концепц бөгөөд зах зээлд шинэ салхи оруулж, хэрэглэгчдэд шинэ сонголт, туршиж үзэх боломж санал болгож байна. Бид жил тутамд хэрэглэгчдэд шинэлэг үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгохын тулд олон шинэ санаа, технологи нэвтрүүлж ирсэн нь инновацыг дэмжиж, салбарын хөгжилд түлхэц үзүүлдэг гэж бид харж байна. Түүнчлэн, зөвхөн дэлгүүрээ чимэх биш, хотын үзэмжид анхаарч, Шинэ жилийн үеэр дэлгүүрийнхээ арын бүхэл байшин дээр асдаг гэрэл, том том бантик өлгөж, яг л Европт Зул сарын баяраар хот гоё чимэглэгдсэн байдаг шиг орчныг бүрдүүлсэн нь бусдад үлгэр дуурайлал болж, ирэх өвөл бусад газрууд санаа авч хэрэгжүүлээсэй л гэж бодсон юм. Хэрэв та санаж байгаа бол хоёр жилийн өмнө шинэ жилээр бид Драмын Театрын барилга дээр проекцийн маппинг (projection mapping) буюу барилга дээрх 3D зураглалт үзүүлбэриийг хийж байсан. Шинэ дэлгүүр маань Монголын худалдааны салбарт шинэ жишиг тогтоож, хэрэглэгчдэд илүү сайн сонголт, үйлчилгээ санал болгох замаар зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж хэлж болно. Бид зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх төдийгүй хүн бүр, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй, ухамсар, нийгмийн хариуцлагаа үргэлж санаж, хотоо цэвэрхэн байлгах, тохижуулах, олон нийтэд илүү хүртээмжтэй болгоход анхаардаг. Бид хэн нэгнээс тусламж хүлээх биш, өөрсдөө санаачлан, идэвхтэй оролцож, хийж бүтээх ёстой гэдэгт итгэдэг.
Гол нь хэрэглэгчдэд тухтай орчин, таатай мэдрэмж өгөх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүмүүс “ягаан” дэлгүүр гэдгээр нь мэдэх болов уу?
Тийм. Ягаан дэлгүүр болгоныг манайх гэж бодох нь их түгээмэл байдаг. Брэндийн өнгө маань ягаан болоод ч тэр үү нэг хэсэг Шангри-Ла Моллын ягаан дэлгүүр гэдэг нэртэй болчихсон байсан. /инээв/
Beauty Secrets-р сүүлийн үеийн сонин хачин юу байна?
Ер нь манай компани IT технологийн компани. Иймд үйлчлүүлэгчдэдээ зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ маш нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулж, тэднийхээ эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлдэг. Бид тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн технологийн шийдлүүдийг санал болгодог. Тухайлбал, манай хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох “Цахим хэтэвч” (Beauty Wallet) төлбөрийн системийг бид өөрсдийн цахим хуудсаар дамжуулан нэвтрүүлсэн.
Танай лояалти үйлчилгээ шиг гэж ойлгож болох уу?
Ерөнхийдөө бол тийм гэж хэлж болно. Манай хэрэглэгчид түвшин ахих тусам илүү олон боломж нээгддэг. Улирал бүрд худалдан авалтаас хамааран түвшин ахих ба нэмэлт оноо цуглуулж, бэлэг авах, мөн цаашлаад цахим хэтэвчинд буцаан олголт орох зэрэг хэрэглэгчдэд таатай хөгжүүлэлтүүд хийгдэж байна. Эдгээр бүх үйл ажиллагааг технологиор шийддэг.
Beauty дэлгүүр нь гоо сайхны бүтээгдэхүүний худалдааг кофе шоптой нэгтгэсэн шинэ загварын дэлгүүр юм.

Цаашдын зорилгынхоо талаар дэлгэрүүлж ярина уу?
Манайх хэрэглэгч төвтэй компани учраас хэрэглэгчийн хүсэлтийг биелүүлэхийг зорьдог. Хиймэл оюун ухаан дээр суурилсан програмчллах ажлууд нэлээдгүй хийгдэж байна. Жишээ нь өнгөрсөн жил бид хэрэглэгчдэдээ хиймэл оюун ухаанаар дамжуулж манай цахим хуудсаар орж гэрээсээ арьсаа оношлуулах бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Хэрэглэгч заавал гэрээсээ гарч гоо сайхны салон оролгүйгээр үнэ төлбөргүй арьсаа хэдэн минутын дотор оношлуулна. Энэ нь хэрэглэгчийн хувьд зөвхөн цаг заваа хэмнэхээс гадна арьсныхаа төрөлд таарах бүтээгдэхүүнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сонгосноор санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байх боломжийг давхар олгож чадсан. Цаашид ч гэсэн бид олон технологийн шийдлүүд, инновацыг нэвтрүүлж, хэрэглэгчдэд таатай шийдлүүдийг санал болгож, илүү олон шинэ бүтээгдэхүүн танилцуулахыг зорьж байна.
Ярилцсанд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.