Өмнөтгөл: Технологийн хөгжил гэрлийн хурдаар өсөн дэвжиж, амьдралын хэмнэл, хэв маяг ч үүнээс нэн хамааралтай болж буй. Гол нь амьдралын чанарыг дээшлүүлэх, хурсан их өгөгдлийг хэрхэн зохистой хэрэглэх стратеги төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ хэлэлцэж эхэллээ. Их өгөгдөл хүч, улс орны хөгжлийн тулгуур, оршин тогтнох нэгэн учиг гэдгийг мөн анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хиймэл оюуны бэлэн байдлаараа дэлхийн 193 орноос 109 байранд жагслаа. Иймд бидэнд цаашдаа тус байраа ахиулж, бусад улсын жишгээс суралцах, хиймэл оюун, мэдээллийн технологийн хөгжлийг тэтгэх төлөвлөгөө хэрэгтэй болж буй. Энэ ч хүрээнд ЦХИХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган – Data + AI Conference 2025 үйл ажиллагааг өнгөрсөн сарын 23-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд Сингапур, Малайз, Англи зэрэг улсаас хиймэл оюуны мэргэжилтнүүд болон олон улсын хөндлөнгийн судлаачид ирж оролцсон юм.
All together for AI
Хиймэл оюун Монгол Улсыг дижитал шилжилт рүү хөтлөх гол ДНХ
Хиймэл оюун, мэдээллийн технологи бол бидний хөгжлийн нэгэн том тулгуур. Учир нь улс орнууд төрөл бүрийн салбарт хиймэл оюун ашиглаж, бүтээмжээ эрс нэмэгдүүлж байна. Тэр дундаа зарим улс уул уурхайн салбартаа тус технологийг хэрэглэснээр цаг хугацаа, зардлыг 30-40 орчим хувь хэмнэж, сайжруулж байгаа аж. Харин манай улсын Засгийн газар 2020 цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байрт бичигдсэн. Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна. Нэг үгээр, хөгжлийн индексээрээ 90-100 дугаар байрт жил бүр эрэмбэлэгддэг Монгол Улсын Дижитал засаглал хөгжингүй улсуудын араас зуузай холбож байгаа гэх сайн мэдээг ЦХИХХЯ-ны сайд Ц.Баатархүү онцолж байсан юм. Тэгвэл бид хөгжлийн гол ДНХ-гаа хэрхэн тэтгэж, услах вэ? Олон улсын хөндлөнгийн судлаачдын тайлбарлаж байгаагаар хиймэл оюуны зах зээлийн өсөлт 2022 онд 136.6 тэрбум ам.доллар хүрч байсан бол 2030 онд жилд 37.3 хувиар тооцоололтой байгаа аж. Харин хөгжлийнхөө хурдцаар Америк болон Хятад улс дэлхийд тэргүүлж байгаа юм байна. Мөн Европын орнуудын хиймэл оюуны хөгжил төрийн сангийн дэмжлэгтэйгээр өөрсдийн улсын жишигт нийцүүлэн хиймэл оюуны салбарыг хөгжүүлж байгааг танилцуулав. Дэлхийд хиймэл оюун Generate буюу үүсгэгч AI, Narrow буюу өргөтгөсөн хязгаарлагдмал AI гэх үндсэн хоёр төрлөөр хөгжиж буй бөгөөд асар их мэдээллийг цэгцлэх, тус мэдээллийг шинэчлэх, шинэ шийдлүүдийг бий болгож төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж үр ашгийг нэмэгдүүлэхэд гол зорилго нь оршиж буй. Мөн хиймэл оюун автомашины салбар дах хөгжүүлэлт 26.4 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Сонирхуулахад дэлхийн нийт бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувь нь үйлчилгээ, маркетинг, худалдаа зэрэг чиглэлд хиймэл оюуныг ашиглаж байгаа аж. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хиймэл оюуныг ажлын байрны дутмагшилд нөлөөлж буй гол зүйл гэж шүүмжилж байгаа ч 2030 онд 97 сая шинэ ажлын байрыг бий болгох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 70 гаруй улс хиймэл оюуны үндэсний стратегиа боловсруулжээ. Жишээлбэл Сингапурын Засгийн газрын “Хиймэл оюун хөгжлийн хөтөлбөр”-өө “Инновацыг хөгжүүлэх, ёс зүйтэй ашиглалтыг хангах, хүн төвтэй технологийн хандлага”-ыг баримтлахад гүн гүнзгий үндэслэснийг Малайзын Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төвийн захирал Шахризал Шахрудин онцолж байлаа.
2030 онд 97 сая хиймэл оюунд суурилсан шинэ ажлын байр бий болох төлөвтэй байна.
Ингэхдээ тус улс нь нэн тэргүүнд SkillsFuture болон AI Singapore компанит ажлын хүрээнд хиймэл оюунтай ажиллах хүчний ур чадварын хөгжүүлэлтэд нэн анхаарч сургалтад хамруулжээ. Тус хөтөлбөрөөр дамжуулан хувь хүмүүс хиймэл оюун, өгөгдлийн аналитик, машин сургалтын талаарх сургалтуудад хамрагдаж, шинэ хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа юм байна. Мөн тэрбээр “Хиймэл оюун нь эдийн засгийн өсөлт, технологийн дэвшил, нийгмийн сайн сайхан байдлыг тэнцвэржүүлэх зорилготой бөгөөд удирдлага, хариуцлага, шударга байдлыг онцгойлон чухалчилж хөгжих ёстой. Өнөөдрийн байдлаар Сингапур улс хиймэл оюуны хөгжлөөрөө дэлхийд тавдугаарт, Азидаа нэгт бичигдэж байна. Бидний туршлагаас дүгнэхэд засаглалд хиймэл оюуныг ашигласнаар асар их мэдээллийг цэгцлэх, тус мэдээллийг шинэчлэх, шинэ шийдлүүдийг бий болгож төвөгтэй асуудлуудыг шийдэж, үр ашгийг нэмэгдүүлж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт 2030 онд 194 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна” хэмээв.
Их өгөгдөл их боломж
Харин манай улсын ЦХИХХЯ энэ онд Massachusetts Institute of Technology сургуультай хамтран дэлхийн 110 гаруй улсад хэрэглэж буй хиймэл оюуныг ёс зүйтэй хэрэглэх, цахим аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх дэлхийд шалгарсан хөтөлбөрийг Монгол Улсад үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг бүрдүүлжээ. Мөн цахим засаглалын суурь болох дэд бүтцийг бүрэн хангах, хөдөө орон нутгийн дижитал ялгааг арилгахын тулд нийт сумын интернэтийн хурдыг 10 дахин нэмэхээр ажиллаж байгаа аж. Гол нь их өгөгдөлд суурилсан хиймэл оюуныг хэрэглэхэд нэн тэргүүнд өгөгдлийг хадгалах найдвартай төв байгуулах зорилгоор Шинэ зуун мод хотод хиймэл оюунд суурилсан Инновацын хаб байгуулах ажлын ТЭЗҮ-г боловсруулах ажил эхэлснийг мөн чуулганд оролцогчдод танилцуулсан юм. Малайзын Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төвийн захирал Шахризал Шахрудин ярианаас дүгнэхэд манай улс ч энэ жишгээр өөрсдийн улсын онцлогд нийцсэн, инновацлаг хиймэл оюуныг боловсруулахаар анхдугаар чуулганаа зохион байгуулж буй.
Хөгжлийн пуужингаа ямар сэлбэгээр тоноглох вэ?
Монгол Улсын засаглалын хөгжлийг хөсөг тэргээр төсөөлөөд үзье. Тус тэргийг хүн залж, мал амьтан чирэхгүй бол урагшилдаггүй. Нэг үгээр, манай улсын төр хүний оролцооноос хэт хамаарсан, албан тушаалтны туршлагад тулгуурласан, төр нь дотоод шатлал бүрээ хянахын тулд маш их зардал гаргадаг. Мөн тухайн хяналтаасаа асуудлыг тодорхойлж, шийдэх шийдлээ хайх явцад маш их цаг хугацааг зарцуулдаг. Тэгвэл өнөөдөр бидэнд хөсөг тэргээсээ бууж, пуужингийн хурдаар хөгжлийг цогцлоох боломж бүрдлээ. Ийн тодорхойлж буйн учир нь хиймэл оюун нийт их өгөгдлөөс хамгийн сайн шийдвэр гаргавал зохилтой хувилбарыг шийдвэр гаргагчдад боловсруулж өгөх бүрэн боломжтой юм байна.
Хиймэл оюунд зориулж их өгөгдлийг боловсруулах процесс
Тодруулбал өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд уламжлалт аргаар шийдвэр гаргадаг байгууллагаас 19-23 дахин үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм байна. Мөн хиймэл оюун нь зарим тохиолдолд энгийн шийдвэрийг гаргах, буруу бодлогыг илрүүлэх, хууль журмын хийдэл давхардлыг арилгах зэрэг давуу талтай аж. Тэгэхээр хиймэл оюуныг хөгжүүлэхэд нийт ажлын 79 хувь нь хиймэл оюуны загварчлал биш харин өгөгдөл цэгцлэх, боловсруулахад зарцуулагддаг гэдгийг Цахим хөгжлийн бодлогын хэрэгжүүлэлтийн зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий чуулганд оролцогчдод тайлбарлаж байв. Хэдийгээр өнөөдөр бидний хэрэглээнд ашиглагдаж буй Open AI, Chatgtpt, Deepseek зэрэг хиймэл оюунууд монгол хэлийг таньж ойлгож байгаа ч төгс түвшинд хүрээгүй байна. Мөн олон улсын хиймэл оюун хөгжүүлэгч байгууллагуудаас хиймэл оюунд зориулсан цэгцэлсэн датаг худалдаж авч хэрэглэх боломжтой ч үүнд Монголын талаарх дата маш бага байх магадлалтай байгаа юм. Ийм учир манай улсын бүх төрийн байгууллагуудад буй нийт датаг цуглуулж, цэгцэлж өөрийн улсын хиймэл оюуныг үүсгэх хэрэгтэй болж буй.
Биднийг хүн байлгадаг зүйл бол оюун ухаан. Харин AI бол тус чанарын өргөтгөл юм.
Нэг үгээр, төрийн суурь мэдээллийн санг хуулиар эрх олгогдсон байгууллага хуульд заасны дагуу үүсгэн бүрдүүлэх бөгөөд уг мэдээллийн сан нь анхдагч эх сурвалж болох юм. Тодруулбал 3 суурь мэдээллийн сангаас 152 төрөлжсөн мэдээллийн сангуудыг хооронд холбож нэгдсэн мэдээллийн санг бүрэлдүүлэх ажлыг хийх юм байна. Ингэхдээ нийт их өгөгдөлд буй хувь хүний эмзэг мэдээллийг хиймэл оюун таних боломжгүй болгож програмчлах нь зүйтэй гэж салбарынхан стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Нэн сайшаалтай нь төрөөс гарч түүхий өгөгдлийг нэгтгэж хувийн хэвшилдээ нээлттэй байдлаар олгосноор үүнээс улбаалан хувийн хэвшлүүд маш олон чиглэлд апп үйлчилгээг бүтээх боломжтой юм байна. Жишээ нь БНСУ Засгийн Газар төрийнхөө нийт өгөгдлийг нээлттэй болгосноор хувийн хэвшлүүд таван. мянга гаруй байнгын ажиллагаатай апп зах зээлд нэвтрүүлсэн байна.
Төрийн гурван суурь сангаас 152 төрөлжсөн мэдээллийн санг холбож, нэгтгэсэн Дата хаб
Одоо бидний ашиглаж буй төрийн үйлчилгээг хялбарчилсан “ХУР“ төрийн мэдээлэл солилцооны систем нь давхардсан тоогоор 3.1 гаруй тэрбум өгөгдлийг төрийн байгууллагууд солилцсон байна. Гэхдээ энэхүү систем нь зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр ашиглах боломжтой олон улсын жишигт нийцсэн, найдвартай̆ ажиллагаатай̆, мэдээллийн̆н аюулгүй̆ байдлыг хангасан, цахим засаглалын суурь бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Тэгвэл их өгөгдөлд суурилсан хиймэл оюун нь Үндэсний дата төв дээрээс Data lake house буюу хүн таних боломжгүй цэвэрлэсэн, цэгцтэй датаг үүсгэж, мэдээллийг нэг л удаа урсгах бөгөөд урсгасан мэдээллээ олон дахин янз бүрээр ашиглах боломжийг бүрдүүлэх аж. Гол нь төрд буй маш их өгөгдлийг хаана ямар мэдээлэл буйг зөвхөн нэг цонхоор харах боломжтой болох аж.