Орчин үеийн залуусын сонирхол, хэрэгцээнд нийцсэн бэлэг дурсгал, гоёл чимэглэл, аксессуар, цэцгийн үйлчилгээг нэг дор цогцлоосон Minim gift shop дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Даваабалтай уулзаж, дөрвөн жилийн хугацаанд бизнесээ хэрхэн хурдтай өргөжүүлсэн арга барилынх нь талаар ярилцлаа.
Өсвөр насны сурагч охин байхдаа л аав, ээжийнхээ Dream Shoes үндэсний гутал үйлдвэрлэлийн бизнест гар бие оролцож, онлайн орчинд брэндээ таниулах ажлыг хийж ирсэн М.Даваабал бизнесийн салбарт бие даан ажиллаад удаагүй залуу энтрепренер. Тэрбээр ажил хөдөлмөрийн үнэ цэнийг хүүхэд ахуйдаа ойлгосон учраас оюутан байхдаа гоёл чимэглэлийн жижиг туслах материалуудыг ашиглан ээмэг, бугуйвч хийж онлайнаар худалдаалж, хэрэглээний мөнгөө олчихдог сэргэлэн оюутан байв. Ингээд зогсохгүй бие давхар байхдаа ч гар хумхилгүй хананд өлгөдөг жижиг толь хийн борлуулж явжээ. Ийнхүү М.Даваабалын бизнес хийх гэсэн хичээл зүтгэл нь өдгөө бэлэг дурсгалын Minim gift shop дэлгүүрийг үүсгэн байгуулж, амжилттай өргөжүүлэх үндэс суурь болсон байна.
Дурсамжаас төрсөн бизнес
“Би хүүхэд наснаасаа л хайртай хүмүүстээ бэлэг өгч баярлуулах дуртай байсан. Ялангуяа мэндчилгээний цаасан дээр сэтгэлийн үгээ бичиж их өгдөг байв. Мөн хүмүүсийн өгсөн мэндчилгээнүүдийг нямбайлан хадгалж, түүнийгээ хааяа гарган ирж унших нь их сайхан санагддаг байлаа. Харин 2021 онд хоёр дахь хүүхдээ төрүүлэн гэртээ байх үедээ найз нөхдийнхөө өгсөн мэндчилгээг дурсамжийн хайрцгаасаа гарган уншиж суухдаа “Мэндчилгээг яагаад ил харагдах байдлаар жаазанд хийж болохгүй гэж?” бодон энэ санаагаа бодит болгохоор шийдсэн” хэмээн М.Даваабал бизнесийн эхлэлийн түүхээ хуваалцсан юм.
Тэрхэн мөчийн зурсхийх бодлоос төрсөн уг бүтээлч санаагаа хэрэгжүүлж, далайцтайгаар хөдлөх гэтэл М.Даваабалд эргэлтийн хөрөнгийн асуудал тулгарсан байна. Энэ үедээ тэрбээр асрахуйн ажил хийж гэртээ суугаа ээжид улсаас олгодог “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг цуглуулсаар 200 мянган төгрөг болмогц нь түүндээ тааруулан 40 ширхэг жаазыг үйлдвэрт захиалан хийлгэжээ.Ингээд М.Даваабал Adobe photoshop программ дээр ажилладаг багахан туршлагаа ашиглан мэндчилгээний үг бэлтгэж, хэвлээд өнөөх жаазнууддаа хийж Minim хэмээх фэйсбүүк хуудас нээн зар тавьсан аж. Гэтэл итгэмээргүй үр дүн гарчээ. Тухайн үед Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр (Март 8) болох гэж байсандаа ч тэр үү хандалт маш өндөр байж, цөөхөн хэдэн жааз нь дорхноо дуусаж, хэрэглэгчид дахин захиалга өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байжээ. Энэ бүхнээс үүдээд М.Даваабал бэлэг дурсгалын бизнест зах зээл байна хэмээн дүгнэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн аж.
Тэрбээр Олон Улсын улаанбаатарын их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр суралцан төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ чамгүй урт хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан нь түүнд бизнесийн зах зээлийн судалгааг зөв хийхэд ихээхэн нөлөөлжээ. Уг судалгааны үеэр М.Даваабал бэлэг дурсгалын дэлгүүрүүд хэрэглэгчээ хангалттай халамжилдаггүй, брэнд хөгжүүлэлтгүй, мөн голчлон ахимаг насныханд чиглэсэн хос заан, шаазан эдлэл гэх мэт хуучинсаг бүтээгдэхүүний сонголттой болохыг олж тогтоосон байна.
Minim gift shop дэлгүүрийн хамт олон бэлэглэх соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйлчлүүлэгчдэдээ бэлэг боох үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Ингээд уг судалгаандаа үндэслэн хэвлэлийн үйлчилгээнээс гадна нэмэлтээр залуу үеийнхний сонирхолд нийцсэн шинэлэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн захиалан борлуулж эхэлжээ. Удалгүй үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж, басхүү түүний санал болгож буй бүтээгдэхүүнийг бодитоор харах хүсэлтэй хүмүүс их байсан учраас хэрэглэгчтэйгээ илүү ойр ажиллах зорилгоор хоёр жилийн өмнө Minim gift shop дэлгүүрээ нээсэн байна. Ийнхүү онлайн худалдаанаас эхэлсэн уг бизнес өргөжсөөр өдгөө хоёр салбар дэлгүүртэй болж, зах зээлдээ танигдан үнэнч үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлсээр буй.
Бэлэглэх соёл түгээгчид
Minim gift shop дэлгүүрийг зорин ирсэн хэрэглэгчид хэн бүхний нүд хужирлаж, хайр хүргэм бэлгүүдээс сонгох боломжтой. Тус дэлгүүрийн онцлог нь орчин үеийн залуучуудын сонирхолд нийцэх өдөр тутамдаа хэрэглэж болох төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл, аксессуар, цэцэг худалдаалдаг. Тухайлбал, гоёмсог хавтастай тэмдэглэлийн дэвтэр, гэрэл, хөгжим, тоглоом, гоёл чимэглэл, 10-15 төрлийн сонголттой амьд цэцэг гэх мэт 200 орчим бараа бүтээгдэхүүнээс сонгож болно.
Тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Даваабал бэлгийн гаднах үзэмжид онцгой ач холбогдол өгдөг тул баглаа боодлыг гоёмсог, дэгжин байлгахад үргэлж анхаардаг. Тиймээс ч Minim gift shop дэлгүүрийн үйл ажиллагаагаараа дамжуулан бэлэглэх соёлыг нийгэмд түгээж, хэрэглэгчдэдээ халуун дулаан, онцгой мэдрэмж төрүүлэхийг зорьж байна.
Энэ утгаараа үйлчлүүлэгчдийнхээ худалдан авалт тутамд нэмэлт төлбөргүйгээр бэлэг боох үйлчилгээг үзүүлдгээрээ бусдаас онцгойрдог. Тодруулбал, эднийхээс худалдан авалт хийсэн хүн бүр 30-40 төрлийн боодлын цаас, туузаас дуртайгаа сонгон ямар нэг төлбөр төлөлгүй дэгжин боолгож аваад гардаг.
Minim gift shop дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг 10-35 насны залуу үеийнхэн бүрдүүлдэг тул тэдэнд зориулан зах зээлээс хямд үнийг санал болгож байна.
Түүнчлэн хүмүүс өөртөө, эсвэл хайртай хүндээ зориулан дахин давтагдашгүй, цор ганц бэлэг сонгохыг хүсвэл жааз, түлхүүрийн оосор, лазер хэвлэл, энгэрийн тэмдэг зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дээр хүссэн хэвлэлээ өгч захиалах боломжтой. Мөн уг дэлгүүрийн үйлчлүүлэгчид 10-35 насны залуу үеийнхнээс бүрддэг учраас зах зээлээс харьцангуй хямд үнийг санал болгодог.
Учир нь залуу бизнес эрхлэгч М.Даваабалын хувьд үйлчлүүлэгчдийнхээ датад суурилан бараа бүтээгдэхүүнээ илүү оновчтой төлөвлөж, нэр төрлөө нэмэгдүүлэх болон үнийн бодлогоо тодорхойлдог. Түүний ажигласнаар, сүүлийн үеийн залуус гэрэл чимэглэлд ихээхэн дурлаж, орчноо өвөрмөц өнгө төрхтэй болгохыг эрмэлзэх болжээ. Үүнээс гадна тэд өөрсдийн сонирхол, хэв маягийг илэрхийлэх анимэ болон, киноны дүр, дуртай дууныхаа үг, эсвэл хайртай хүнийхээ нэрийг бичсэн цор ганц, хувьчилсан бүтээгдэхүүн захиалах хандлага их.
Дахин давтагдашгүй, цор ганц бэлэг сонгохыг хүсвэл жааз, түлхүүрийн оосор, энгэрийн тэмдэг зэрэг бүтээгдэхүүн дээр хүссэн хэвлэлээ өгөн захиалгаар хийлгэх боломжтой.
Minim gift shop дэлгүүрийн үйлчлүүлэгч бүр бүтээгдэхүүнээ эхлээд онлайнаар сонирхоод оффлайнаар ирж худалдан авах, эсвэл цагаа хэмнэн хүргэлтээр авах боломжтой. Ийнхүү өдрөөс өдөрт хөгжсөөр буй Minim gift shop дэлгүүрийн хамт олон үйлчлүүлэгч бүрд чин сэтгэлээсээ үйлчлэхийг эрхэмлэдэг. Тэд цаашдаа ч залуучуудад зориулсан өвөрмөц, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдаас түрүүлж нэвтрүүлэн бэлэг дурсгалын салбартаа шинэчлэгч байхыг зорин ажиллаж байна.