570 гаруй банк бус санхүүгийн байгууллага зэрэгцэн оршиж буй талбарт манлайлагчийн байр сууриа хадгалж урагшлахын “нууц” юу вэ? Сэтгүүлч миний хувьд, чухам энэ асуултыг хариуг чухалчилсаар сэтгүүлийн зочинтойгоо уулзсан юм. Тэр бол банк бус санхүүгийн салбарын ууган төлөөллийн нэг “Газар капитал партнерс” ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл. Түүний удирдаж буй банк бус санхүүгийн байгууллага 20 жилийн турш тэргүүлэгчийн эгнээнээс ухраагүй, үргэлж “ТОП-30”-ын жагсаалтыг өнгөлсөөр ирсэн. Үүний нууцыг тэрбээр “итгэл”-тэй холбон тайлбарлаж байна. Хүнийг түлхэх амархан, харин түүнд итгэл хүлээлгэж, татаж босгох нь ухаан. Ялангуяа санхүүгийн салбарт ажиллаж яваа гүйцэтгэх удирдлагад ийм чадал, ухаан зайлшгүй байх хэрэгтэй гэж тэрбээр зөвлөж байна.
Таныг тун удахгүй гүйцэтгэх захирлын албаа өгч, “гавьяаны амралт”-аа авах гэж байгааг дуулсан. Анх ажлаа авахдаа ямар зорилго тавьж байв? Түүндээ хэр хүрэв гэдгээс ярилцлагаа эхэлье.
Манай банк бус санхүүгийн байгууллага анх “Газар партнерс” нэрийн дор 2004 онд байгуулагдаж байлаа. Биднийг анх үйл ажиллагаагаа эхэлж байхад банк бус санхүүгийн байгууллага ердөө гурав л байсан. Харин бид дөрөв дэх нь. Одоо манай салбарт 570 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр биднийг анхдагчдын нэг тодорхойлж болох юм. Монголын нийгэм, эдийн засгийн өсөлттэй, бууралттай бүхий л үед бид салбарынхаа түүхийг бичилцэж, төдийгөөс өдийг хүрсэн байна. Ингэхдээ 20 жилийн турш ТОП-30 банк бусын жагсаалтаас ухралгүй тогтвортойгоор, басхүү өсөлттэйгөөр оршин тогтносон байна.
Миний хувьд, байгууллагынхаа дотоод аудитороор ажиллаж байгаад 2011 оноос хувьцаа эзэмшигчид, удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Суурь мэргэжил маань нягтлан бодогч. Нягтлан бодогч, аудитор байсан хүн гүйцэтгэх захирлын албанд томилогдож, эдийн засагч, компанийн удирдлагын өнцгөөс шийдвэр гаргаж ажиллахад багагүй сорилттой тулгарсан. Гэхдээ мэдрэмж, хандлага, зориг, эрч хүч байсан учраас ирээдүйдээ итгэл үнэмшилтэй тэмүүлсэн гэж боддог.
Ажлаа авсан даруйдаа нэг том ажил гардаж авсан нь “Газар капитал” гээд ахин шинэ банк бус байгуулах байсан. Ингээд шинэ захирал хэдий ч хоёр банк бус удирдаж ажилласан. Хожим энэ хоёр банк бус маань хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр нэгдсэн л дээ. Банк бусууд томроод салдаг бол манайх эсрэгээрээ нэгдэж байлаа. Нэгдэх үйл явц их ярвигтай юм билээ. Естой л залуу насныхаа эрч хүчээр, мэдэхгүйгийнхээ зоригоор энэ ажлын ард гарсан. Нүсэр ажлыг нүсэр гэдгийг нь мэдэхгүй хүн хийчихдэг гэдэг нь л тэр байх. Ингэж л 2014 оноос “Газар капитал партнерс” ББСБ болсон түүхтэй.
Намайг анх удирдлагаар ажиллаж эхлэхэд манайх гурван ажилтантай үйлчилгээ үзүүлж байсан. Харин одоо найман салбартай, 50-иад ажилтантай болсон байна.
Намайг анх удирдлагаар ажиллаж эхлэхэд манайх гурван ажилтантай үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс миний хувьд, хэрэглэгчдэдээ ойрхон, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн санхүүгийн байгууллага болохыг зорьж, 10 салбартай, 50-иад ажилтантай банк бус санхүүгийн байгууллага болно гэж зурагласан. Харин одоо найман салбартай, 50-иад ажилтантай болсон байна. Орон нутагт гэвэл, Дархан хотод нэг салбар маань үйл ажиллагаа явуулж байна.
Эргээд харахад, эдийн засгийн том жижиг хямралууд, цар тахлын нөлөө их байсан ч 14 жилийн өмнөх зураглалтайгаа тун ойрхон очсон байна. Хамгийн гол нь банк бусуудын тоо 500 хол давсан ч, 20 жилийн турш салбартаа тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, харилцагчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж, төрөлжүүлсээр өдийг хүрсэн байна. Энэ л бидний хамгийн том бахархал юм даа.
“Газар капитал партнерс” ББСБ бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд, бусдаас юугаараа ялгарах вэ?
Банк бус санхүүгийн байгууллага гэхээр зөвхөн зээл олгодог мэтээр явцуу хүрээнд ойлгох нь бий. Харин манайх зээл олгох, валют арилжаа хийх, төлбөрийн баталгаа гаргах гэх мэт бусад банк бусын адил үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна итгэлцлийн үйлчилгээний хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж ажилладаг. Итгэлцлийн үйлчилгээг энгийнээр тайлбарлавал, хадгаламжтай төстэй. Бидэнд итгээд хөрөнгөө захиран зарцуулах итгэл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн мөнгийг бид зөвхөн зээл олгох үйл ажиллагаандаа буюу хязгаарлагдмал хүрээнд ашигладаг. Мөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулахдаа зар сурталчилгаа хийж болдоггүй. Зөвхөн харилцан итгэлцлийн хүрээнд энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Зээлийн үйлчилгээний тухайд, манайх салбартаа хамгийн доод хүүгээр харилцагчдадаа үйлчлэхийн зорьдог.
Бид банк шиг шугамын эрхтэй зээл гаргадаг. Банк бус санхүүгийн байгууллагуудаас тун цөөн нь ийм төрлийн зээл олгодог. Энэ нь зээлийн батлагдсан эрхийн хэмжээнд зээл авах, төлөх, хүссэн үедээ дахин зээл авах эрхтэйгээрээ давуу талтай. Ер нь бичил жижиг бизнес эрхлэгчдэд цаг хугацаа хэмнэсэн хамгийн амар зээл гэж хэлж болно.
Мөн манайх үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлал үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй цор ганц банк бус санхүүгийн байгууллага гэдгээрээ онцлогтой.
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлал үзүүлэх эрх бүхий цор ганц ББСБ гэлээ шүү дээ. Энэ үйлчилгээний талаар манай уншигчдад бүр илүү тодорхой тайлбарлахгүй юу?
Бид энэ үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдийнхээ түр зуурын санхүүгийн хэрэгцээг дэмжих зорилготой. Байр авах, зарах жишээн дээр тайлбарлая л даа. Та байраа зарах шийдвэр гаргачихсан үед байрыг тань авах хүн хараахан гарч ирээгүй, гарч ирлээ гэхэд худалдан авагч мөнгөө тэр дор нь өгөх боломжгүй, зээл хөөцөлдөж байлаа гэж бодъё. Гэтэл та дараагийн шинэ байраа авах гээд сонгочихсон яаралтай төлбөрөө хийх хэрэгтэй боллоо. Тэгвэл та ирээдүйд зарагдах нь тодорхой болчихсон үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад, удахгүй орж ирэх орлогоороо зээлээ төлөх нөхцөлтэйгээр асуудлаа шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, мөнгөө манайхаас түрүүлж аваад цаг хугацаа алдалгүйгээр дараагийнхаа хөрөнгийг худалдаж авна гэсэн үг. Бид энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ “гүүрэн зээл” гэж нэрлэж байгаа.
Манайх энэ үйлчилгээг үзүүлэхээр зөвшөөрлөө аваад бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан. Одоо гол нь хүнд хүрсэн зөв жишиг тогтоож, шан татах үүрэг бидний нуруун дээр байна. Энэ хүрээнд бид үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентууд болон брокер оффисуудтай яриа хэлэлцээр хийгээд явж байна. Зах зээлд энэ үйлчилгээ бүрэн утгаараа нэвтэрч, үл хөдлөх хөрөнгийн салбарт богино хугацааны санхүүжилтийн цоо шинэ эх үүсвэр бий болж чадвал барилгын салбар дахь санхүүгийн эрсдэл буурах боломжтой.

Таныг тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй, байгууллагаа рекламддаггүй захирал гэдэг юм билээ. Бизнесийн байгууллага сурталчилгаа хийхгүй байж болно гэж үү?
Түрүүнд дурдсан итгэлцлийн үйлчилгээний хувьд л сурталчилгаа хийдэггүй. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу зөвхөн энэ үйлчилгээний хувьд олон нийтэд зориулсан сурталчилгаа хийх хориотой байдаг юм л даа. Итгэлцлээс бусад бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд зар сурталчилгаа хийлгүй яахав. Гэхдээ сурталчилгаанаас илүү ёс зүй, харилцаагаараа хүн татахыг илүүд үздэг.
Нэг сонин түүх хуваалцахад, 2017 оны үед ЖДҮ-ийн дуулианаар банк бусуудыг хуугаар нь баахан шалгасан юм. Тэр үед манай салбарыг тойрсон хуурамч мэдээ, гүтгэлэг ч их гардаг байлаа. Гэхдээ манай хувьд, хүн төвтэй, шударга ажиллаж ирсэн учраас нүүр бардам шалгуулсан. Тэр шалгалт манайд лав үнэгүй сурталчилгаа болсон. “Өө ийм бага хүүтэй банк бус байдаг юм уу” гээд л хүмүүс ирж байсан. Харилцагчаа дээдэлж хүн төвтэй үйлчилгээ үзүүлж ирсний шагнал юм шиг л санагддаг. Бас үнэн шударгаар тогтвортой ажиллаж, хамгаалах ёстой үнэт зүйлсээ зүй ёсоор нь хамгаалж ирсний хариу тэр байсан гэж боддог.
Сүүлийн жилүүдэд манай зах зээлд хөл тавьж банк бус санхүүгийн байгууллага байгуулж байгаа бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын тоо огцом өсөж байна. Тиймээс бидний хувьд, хамгаалах ёстой гол зүйл бол хүний итгэл юм шүү. Тооноос илүү чанартаа анхаарч ажиллах хэрэгтэй шүү гэдгийг салбарынхандаа захиж хэлмээр байна.
Манай зах зээлд 570 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэлээ шүү дээ. Хэр өрсөлдөөнтэй вэ?
Банк бус санхүүгийн байгууллага олон боловч бид талцаж хуваагддаггүй, нэг л холбоотой гэдгээрээ бахархдаг. Магадгүй гаднаас нь харахад их л өрсөлдөөнтэй зах зээл шиг харагддаг байх. Гэвч үнэндээ бид төвийг сахисан, бие биедээ туслан дэмжсэн найрсаг байдлаар энэ зах зээлд оршин тогтнодог. Хөгжлийн нэг зүгтэй, нэг зорилготой салбар.
Манай санхүүгийн зах зээлд өрсөлдөөн чөлөөтэй байх ёстой, тэлж байх ёстой. Санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй, олон сувагтай байхын хэрээр энэ зах зээл эрүүл байна. Тиймээс миний хувьд, холбоотойгоо, хороотойгоо хамтраад салбараа хөгжүүлэхэд гар бие оролцохыг чухалчилдаг. Зүгээр ч нэг оролцох биш бүр өндөр оролцоотой байх гэж хичээдэг.
Мөн миний хувьд, 2016-2017 онд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдах зөвлөлд хоёр жил орчим ажилласан.
Би чинь “цагаан цаас” авах дуртай хүн. Тэр хэрээрээ салбартаа сургалт хөгжил гэж явдаг. Зарим удирдлага сургалт хөгжлийг зардал гэж хардаг бол би бол хөрөнгө оруулалт гэж хардаг талынх нь хүн. Тиймээс холбооны удирдах зөвлөлд ажиллаж байхдаа хоёр том саналыг гар өргөн дэмжиж ажилласан нь одоо үр дүнгээ өгсөн юм шиг санагддаг. Нэг нь “Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр” боловсруулж, захирлуудыг чадавхжуулах санал байсан. Харин нөгөө нь банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа өсгөж, тооноос чанарт шилжье гэж зоримог уриалга байсан юм. Эргээд харахад энэ ажлууд нааштай өөрчлөлт авчирсан санагддаг.
Та Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдах зөвлөлд ажиллаж байсны хувьд, холбооны ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо 2002 онд үүсгэн байгуулагдсан. Холбоо үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд салбарын тогтвортой хөгжлийг хангах үндсэн зорилгын хүрээнд стратеги бодлого, гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашиг, харилцагч болон бусад оролцогч талуудын эрхийг хамгаалах үйл ажиллагааг манлайлан, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.
Өнөөдрийн байдлаар холбооны гишүүн байгууллагууд Монгол Улс төдийгүй олон улсын санхүүгийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн холбооны гишүүн банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө салбарын нийт актив хөрөнгийн 80 гаруй хувийг бүрдүүлж байна.
Мөн манай холбоо төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн гүүр болохын зэрэгцээ гишүүдийн хамтаар нийгмийн хариуцлагаа дээдэлж, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах үйл хэрэгт өндөр үүрэгтэй оролцож байгааг онцолмоор байна.
Банк бус санхүүгийн байгууллагын банкнаас ялгарах гол онцлогийг та юу гэж тодотгох вэ? Мөн банк бусуудын хүү өндөр гэсэн шүүмжлэл гардаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Банкнаас банк бус санхүүгийн байгууллагын ялгарах хэд хэдэн онцлог, давуу тал бий. Бид банктай өрсөлдөхгүй ч зэрэгцэн оршиж байж санхүүгийн зах зээл эрүүлээр хөгжинө. Сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн сан, актив хөрөнгийн хэмжээ өссөөр байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд, зээлийн шийдвэрээ харьцангуй богино хугацаанд гаргадаг. Харилцагчдын санхүүгийн яаралтай хэрэгцээг төвөг чирэгдэлгүй, богино хугацаанд шийдвэрлэж байна гэдэг маш том давуу тал.
Харин хүү өндөр гэдэг тал дээр үнэхээр тайлбар өгмөөр санагддаг. Бидний хувьд, эздийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ гаднаас итгэлцлийн үйлчилгээгээр дамжуулан санхүүжилт татдаг. Санхүүгийн салбар дахь гадны хөрөнгө оруулагчид бүгдийг маш нарийн судалж байдаг. Монголын зах зээлийг мэдэхгүй биш, мэднэ. Яг манай хувьд голцуу Японоос итгэлцлээр дамжуулаад санхүүжилт татдаг. Гэтэл буцаагаад гаргаж байгаа өгөөжийн хувьд ногдуулах татвар 20 хувь байдаг. Дээр нь ногдол ашгийн татварын хувь мөн л 20 байгаа нь нэлээд өндөр хэмжээ. Өөр бусад татвар ч бий. Тэгэхээр хүү буурах асуудал хүндрэлтэй болчихдог. Үүн дээр дуу хоолойгоо хүргэдэг ч шийдэл гарахгүй л байна. Гэхдээ татварын дарамт харьцангуй их ч банкнаас бага зэрэг л өндөр хүүтэй байгаа шүү дээ.
Оны өмнөхөн Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны нэрэмжит “Алтан од” шагналын эзэн болсон байсан. Ярилцлагын энэ хэсэгт та удирдлагын арга барил, зарчмаасаа хуваалцахгүй юу?
Өмнө нь манай салбарт гүйцэтгэх захирлуудад чиглэсэн шагнал байгаагүй. Харин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо гүйцэтгэх захирлуудыг онцолж, жилдээ нэг удаа шилдэг гүйцэтгэх захирал тодруулж байхаар болсон юм билээ. Захирлуудад итгэл үнэмшил өгч, хүрэх ёстой цэгийг нь сануулж байхын тулд ийм шагналтай болсон болов уу гэж бодож байна. Ямартай ч анхны эзэн нь би байлаа. Салбартаа 20 жил зүтгэсний хувьд, хүндлэл хүлээсний хувьд, бага ч болов үлгэр жишээ болсны хувьд, энэ шагналаар намайг урамшуулсан болов уу гэж бодож урамтай байна. Би чинь байгууллагадаа ч, салбартаа ч үргэлж л сургалт хөгжил гэж явдаг хүн.
Миний хувьд зогсохгүй, ухрахгүй санхүүгийн салбарт ажиллахдаа хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхийг зорьдог. Энэ бодлого манай байгууллагын гол ялгарал ч гэж тодорхойлж болно.
Захирал, удирдлага хүн залууст итгэл өгдөг байх хэрэгтэй. Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ ч тэр. Хүнийг түлхээд хаях шиг амархан зүйл үгүй. Харин татаад босгоход ухаан зардаг. Хүнд итгэл хүлээлгэнэ гэдэг ямар ид шидийн гээч. Манайд бизнес нь санхүүгийн эрсдэлд орчихсон хүмүүс их ирдэг. Нэг удаа би гундуухан орж ирсэн бизнес эрхлэгчтэй уулзсан юм л даа. Тэр үед манай нэг ажилтан ч хажууд байж таарсан. Тэр бизнес эрхлэгчийн яриаг би анхааралтай чагнаж, удахгүй хийх гэж байгаа алхмыг нь сонсож, зөвлөж, итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгсэн чинь гараад явсных нь дараа манай ажилтан “Саяын хүн бүр нүдэн дээр л уул шиг болоод, урам зориг дүүрээд ирлээ” гэж байсан юм. Тэр бизнес эрхлэгч манай зээлдэгч болоод зогсохгүй бизнес нь ч амжилттай урагшилж, зээл нь ч чанартай байсан.
Одоо ч залуу удирдлагуудад захиж хэлмээр байна. Хүнд зориглоод итгэх нэг л зурвас үе байдаг. Түүнийг л зөв мэдрэх хэрэгтэй. Босоод ирэх сэтгэлтэй, тэнхээтэй нэгний итгэлийн галыг л бөхөөж болохгүй. Манай байгууллагын давуу тал ч энэ. Хэн нэгэнд үзүүлсэн итгэл өөр нэгнийг даллаад аваад ирдэг. Манай үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь дахин үйлчлүүлдэг.

Хүмүүс “тантай уулзаад сайхан боллоо” гээд тэнийгээд гардаг юм. Бас зарим нь хэт дэврүүн орж ирээд хөрсөн дээрээ буугаад гарна. Харилцагчаа өрийн дарамтад орохоос сэргийлэх нь бас чухал. Энэ бол бидний ёс зүй. Ер нь санхүүгийн хүн сайн сонсогч, сайн шинжээч байх шаардлагатай. Бүр заримдаа сэтгэл зүйч ч болох хэрэг гарна. Хэрэгтэй үед итгэл үзүүлж, хэрэгтэй үед бодит байдлыг сануулж харилцагчаа хамгаалж байх ёстой. Манай зах зээлд хүүтэй мөнгөө зээлүүлж л байвал болоо гэсэн сэтгэхүйтэй газрууд бий. Нууц биш. Бас зарим хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид ашиг олоод л гаръя гэсэн сэтгэлгээгээр ч хандаж байна. Энэ бол буруу. Манай салбар бол хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлагууд нь ашгаа олчихоод гарчихдаг тийм салбар биш.
Бид “Харилцагчийн амжилт бол бидний амжилтын баталгаа” гэсэн уриатай. Эргээд харахад энэ уриандаа их үнэнч ажилласан байна.
Ажилтан нэг бүр маань харилцагчид сэтгэлээсээ зөвлөж, өөрийн компанийн тайлан төсөл дээр ажиллаж байгаа юм шиг л сэтгэл гаргаж ажилладаг.
Харилцагчдад хандах хандлагаас гадна хүний нөөцийн бодлогодоо ч хүн төвтэй ажиллахыг зорьдог. Хүнээ сонсох, зөвлөх, ярилцах бол удирдлага хүний гол дадал, чадвар байх ёстой. Мөн дийлэнх газар туршлагатай мэргэжилтэн авахыг чухалчилдаг бол миний хувьд, “цагаан цаас” авах дуртай. Өөрөө гоёор зуръя гэж боддог. Энэ бас л шинэ төгсөгчдөд итгэл хүлээлгэж байгаа нэг хэлбэр. Шинэ төгсөгч, залуучуудыг ажиллуулж, тэднийг ажил хөдөлмөрийн гараанаас нь буухиалж, дадлагажуулж, туршлагажуулж ажиллаж байснаараа бахархдаг.
Хүний нөөцийн асуудлууд удирдлагуудын анхаардаг хамгийн гол сэдэв байдаг. Таны хувьд 10 гаруй жил захирлаар ажиллахдаа энэ тал дээр ямар туршлага хуримтлуулсан бэ?
Хүний нөөц бол миний дурладаг сэдвүүдийн нэг. Сургалт хөгжил гэж ярьж явдаг болохоор гавъяаны амралтаа эдэлсэн ч зөвлөөд явна гэж боддог. Захирлаар ажиллах энэ хугацаандаа би биш, бид төвтэй байхыг ажилтнууддаа захидаг, сургадаг байсан. Хүн байгаарай, зөв байгаарай, итгэл үнэмшил, зориг зорилгоо нэгтгээрэй гэх мэтээр ярьж сургана. Хүн ер нь би хэн бэ, бид хэн бэ, хаанаас хаа хүрч явна вэ гэдгээ үе үе тодорхойлж байх шаардлагатай. Манай ажилтан нэг бүр өөрөө өөртөө свот шинжилгээ хийдэг. Би ийм хүн, гэр бүлдээ ийм үүрэг гүйцэтгэнэ, ажлын байран дээр ингэж хөгжинө гэх мэтээр тодорхойлдог. Мөн миний давуу тал ийм, сул тал ийм гэх зэргээр өөрөө өөрийгөө шударгаар дүгнэдэг. Өөрөө өөрийгөө шударгаар тодорхойлчихсон байхад урагш ахихад амар болдог. Дараагаар нь хамтдаа хөгжлийн төлөвлөгөө гаргадаг.
Хамтын зорилгоо тодорхойлж, нэг малгайн дор орохдоо компанийн хөгжлийн төлөвлөгөөнд хүн нэг бүрийн хөгжлийн төлөвлөгөөг уядаг. Ажилтан бүр хөгжихийн зэрэгцээ, ажилтан бүрийн хөгжлөөр дамжуулж байгууллага өөрөө том зорилгодоо хүрдэг байх хэрэгтэй.
Түүнээс биш удирдлагын гаргасан төлөвлөгөөнд хүрэх гэж хүн өөрийн цаг нар, зорилго мөрөөдлөө элээнэ гэдэг хайран. Ийм газраас хүн дайждаг. Миний нэг хэлдэг үг байдаг юм. “Үзгээ тавьтал үнэнч байгаарай” гэж би ажилтнууддаа хэлдэг. Бид насан туршдаа хамтрахгүй ч байж болно. Гэхдээ энэ ажлыг хамтдаа хийж, цаг нараа зориулж байгаа цагт хэн хэндээ үнэнч, өгөөжтэй л байх ёстой. Тэмүүлэлтэй, өрнүүн, оргилуун сэтгэлээр хамтарч ажиллахад сайхан шүү дээ.
Бас ажилтнуудынхаа хувь хүний хөгжлийн төлөвлөгөөн дээр үндэслээд тэднийг тодорхойлдог. Ингэснээр ямар ажил хийх, юу сурвал болох талаар нь зөвлөх боломж бүрддэг. Зөвлөгөөний маань нэлээд нь байгаа оносон байдаг. Хүн ер нь ажлын байран дээрээ дадлагажиж төлөвшөөд, дөрөө олоход яг л хоёр жилийг зарцуулдаг. Судалгаанууд худлаа хэлдэггүй. Өөр өөр орчинд өссөн, өөр өөр зан араншинтай залуусыг хөгжүүлнэ, нэг зорилгын төлөө уяна гэдэг нүсэр ажил. Гэхдээ ажил амьдралынх нь гараан дээр тулгуур болж, ирээдүйн зүг чигээ олоход нь зөв чиглүүлнэ гэдэг удирдлага хүний хувьд хамгийн таатай сайхан мэдрэмж.
Ярилцлагын төгсгөлд та санхүүгийн салбарт ажиллаж байгаа удирдлагуудад хандаж юу гэж зөвлөх вэ?
Санхүүгийн салбар бол маш хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг шаарддаг талбар. Тиймээс удирдлагууд ажилтнуудаа сургаж, төлөвшүүлэх тал дээр ач холбогдол өгдөг байх хэрэгтэй. “Туршлага бол хатуу багш” гэдэг. Туршлагаасаа зөвлөхөд, хүнд аливааг ойлгуулж, ухамсарт нь суулгахад учир шалтгаан их чухал байдаг. Иймдээ ч учир шалтгааныг жишээ, түүхээс эш татаж ойлгуулбал илүү үр дүнтэй санагддаг. Миний хувьд ч ажилтнуудаа загнаж шүүмжлэхээс илүүтэй хандлагад нь нөлөөлөх жишээ түүхүүдийг ярьж өгөх дуртай. Бас өв уламжилсан монгол менежментийн аргаа ч хэрэглэнэ. Хүнтэй зөв ярилцана, сонсоно гэдэг ухаан. Унаж боссон, уйлсан мөлхсөн, гэхдээ ухраагүй замналаа эргээд харахад энэ л их чухал санагдсан даа. Бас нэг зүйлийг онцлоход, зовлонтой ч, жаргалтай ч дуртай ажлаа хийнэ гэдэг хамгийн том аз жаргал юм шүү гэдгийг залуустаа хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.