Бизнесээ эхлүүлж, түүнийгээ нэг сая, магадгүй нэг тэрбум ам.долларын үнэ цэнтэй болгоход юу хэрэгтэй вэ?Баталгаатай, эрсдэлгүй ажлаа орхиж хувийн бизнес эхлүүлэх нь амаргүй сорилт мөн. Гэхдээ бизнесээ амжилтад хүргэх амаргүй замд гарч, алдаа онооны аль алийг нь туулж өнгөрүүлсэн туршлагатай бизнесмэнүүдийн үгийг сонссоноор та энтрпренерийн аяллаа эхлүүлэх бэлтгэлтэй болно. Ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд 100 гаруй бизнесмэнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр шигшсэн чухал зөвлөгөөг танилцуулъя.
Сониуч бай, чөлөөтэй сэтгэ

Дэлхий хаашаа чиглэж байна вэ? Бид юу хийж байна вэ? Цаашид юу хийх вэ? Эдгээр асуултын хариултыг олох гэж хичээж байгаа бол танд сониуч зан хамгийн их хэрэг болно. Тийм учраас би үргэлж сониуч байхыг хичээдэг, энэ маань ч надад таалагддаг. Би маш их уншдаг, маш их аялдаг. Хэрэв өөр сонголт байвал нэг гудамжаар хэзээ ч хоёр удаа явахгүй байхыг би үргэлж хичээдэг. Ингэвэл өмнө нь харж байгаагүй зүйлээ олж харах боломжтой. Аялахдаа ч нэг газартаа дахин очихгүйг хичээдэг.

Би алдаанаас айдаггүй. Өөрийгөө бүх зүйлийг мэддэг ч гэж боддоггүй. Харин ч нас ахиж, туршлагажих тусмаа тун бага зүйл мэддэг гэдгээ ойлгож байна. Ийм зан чанар манлайлагч болон энтрепренер хүнд тун чухал гэж боддог.

А.Жонсын гэр бүлд бизнес эрхэлдэг хүн байгаагүй тул бизнесээ эхлүүлэхдээ бие даан суралцахаас өөр аргагүй болжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалт татах боломжгүй, танилын сүлжээ сул байсан учраас тэрбээр тун өвөрмөц аргаар бизнест суралцаж эхэлсэн аж.
А.Жонс хотынхоо жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрийн лангуунаас ажиглаж, судалжээ. Дараа нь өөрийнх нь бий болгохыг хүсэж буй бүтээгдэхүүнтэй төстэй барааг үйлдвэрлэгчтэй холбогдож, хэрхэн бүтээгдэхүүнийхээ санааг олсон, яаж дэлгүүрт борлуулах эрхээ олж авсан зэрэг асуултыг тавьдаг байв. “Ингэснээр эхний шатанд тулгарсан хэд хэдэн бэрхшээл саадыг амжилттай давж гарсан” хэмээн А.Жонс өгүүлэв.
Юу хүсэж буйгаа ойлго, түүндээ үнэнч бай

Бусдаас ялгарах санал, бүтээгдэхүүн маань юу вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Үүнийгээ олохын тулд цаг алдсан ч хамаагүй. Жишээлбэл, бид брэндээ таниулахын тулд юу хийх ёстой вэ гэдэг талаар эхлээд маш их бодох ёстой байсан. Ликер хийдэг бусад компаниас хэрхэн ялгарах вэ? Хэрэглэгчийн сонголтод хэрхэн байр сууриа баттай эзлэх вэ? Эдгээр асуултын хариултыг эхлээд олсон бол бид олон сая доллар, цөөнгүй жилийг хэмнэх байсан юм билээ.

Цаг үргэлж хурдлах ёстой, хурдаа сааруулж болохгүй гэж өнөөгийн бизнесийн соёл сургаж байна. Гэхдээ юу болж байгааг, эсвэл юу болоод өнгөрснийг тунгаан бодож байхгүй бол компанийнхаа давуу болон сул талыг олж харж чадахгүй. Өдөрт 20 минут бясалгал хийх, эсвэл хэдэн долоо хоногт нэг удаа ажлаасаа түр холдож байгальд цагийг өнгөрүүлэн толгойгоо амраах хэрэгтэй. Ингэж тогтмол “ичээнд ордог” байх нь тун чухал. Үүний үр дүнд та байдлыг илүү тод хардаг болно, улмаар урагшлах зүг чигээ олж авна.

Parker Thatch компани гар цүнх үйлдвэрлэдэг ч “эрхэм зорилго” нь өөртөө итгэх итгэлийг хэрэглэгчдэдээ өгөх юм. Чухам энэхүү зарчим нь тус компанийн бизнесийн бүхий л салаа мөчирт шингэсэн байдаг аж.
“Яагаад оршин байгаа вэ гэдгээ олсноор бид компаниа асар хурдтай томруулж, манай салбарт түгээмэл байдаг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараас ялгарах, тэднээс хамгаалах боломжтой болсон” хэмээн М.Гренби өгүүлэв.
Эхлэх гэж бүү хүлээ, тооцоотой эрсдэл гарга

Хийх явцдаа л суралцдаг учраас зорилгынхоо араас шууд явах хэрэгтэй. Хэдий улиг болсон мэт санагдаж магадгүй ч урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байх юм бол та юуг ч хийж чадна. Би эхэндээ импорт, данс тооцоо гэх мэт зүйлийн талаар мэддэггүй байсан. Гэвч хүн юуг ч сурах боломжтой мөн эдгээр зүйлийг сайн мэддэг хүнтэй танилцаж, ажил хэргийн холбоо үүсгэх боломжтой.

Хэрэв бараа, бүтээгдэхүүндээ итгэж л байгаа бол азаа үз, нэг жил бүхнээ зориулаад ажилла. Нэг жилийн хугацаанд өөрийгөө бүрэн зориулна гэх мэтээр тодорхой цагийн хязгаарт ажиллавал илүү тохиромжтой байдаг. Яагаад гэвэл хүмүүс заримдаа өөртөө эргэлздэг. Тухайлбал, эхний хэдэн сард, эсвэл хэдэн долоо хоногт амжилт гаргахгүй бол эргэлзээ төрдөг. Тиймээс өөртөө нэг жилийн хугацаатай зорилго өг, ямархуу ахиц гаргаснаа 365 өдрийн дараа үнэлж дүгнээд шийдвэрээ гарга.
Бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөр, сургамжаар дүүрэн аялалд өөрийгөө бэлд

Ихэнх бизнес бүтэлгүйтлээр дуусдаг нь бодит үнэн юм. Тиймээс та энтрепренерийн аяллаа аль болох үнэ цэнтэй, дурсамжтай болгохыг хичээх ёстой. Компаниа томруулж байгаад зарна, эсвэл IPO хийнэ гэж төлөвлөж болох ч тэрхүү зорилго биелэх магадлал бага. Магадгүй та үүнээс шалтгаалаад бүтэлгүйтлээ гэж бодож болох юм. Гэхдээ та энтрепренерийн аяллаа үнэ цэнтэй болгож чадах юм бол заавал өндөр амжилт гаргасан эсэхээс үл хамаарч утга учиртай амьдарч байгаа гэсэн мэдрэмжийг авах болно.

Хоромхон зуурын амжилтад итгэдэг хүн би биш. Багахан мөнгөөр өрхийн бизнес эхлүүлж, олон жилийн дараа түүнийгээ бодитой, ашигтай бизнес болгон хувиргаж болно. Энэ бол гайхалтай үйл хэрэг мөн. Ямар нэг зүйлийг бүтээхийн тулд тойруу замаар явахын буруу гэж байхгүй. Өнөөдөр бид хурдтай ажиллах, аль болох хурдан юникорн болохыг шүтдэг нийгэмд ажиллаж байгаа ч урт хугацаандаа юникорн болох нь ч бас гайхалтай амжилт шүү дээ.

Эхний өдрөөсөө л бүхнийг мэддэг байх албагүй. Та аажимдаа маш их зүйлийг сурах болно. Хэрэв маш олон зүйлийг мэдэхгүй гэдгээ би ухаарсан байсан бол бизнесээ огт эхлүүлэхгүй байсан болов уу.
Гол зүйлдээ төвлөр

Ажил, амьдралын тэнцвэр гэж байдаггүй. Үүнийг хангаж чаддаг хүн байхгүй гэж би бодож байна. Тэнцвэр ч гэж байх ёсгүй юм. Бодит байдал дээр хэзээ ч ажил, амьдрал 50, 50 хувийг эзлэх боломжгүй. Зөвхөн карьер, ажилдаа анхаарах ёстой үе хүний амьдралд заавал гарч ирдэг. Мөн үүнтэй адилаар амьдралдаа илүү анхаарах ёстой үе ч бий. Энэ бол байнга нааш, цааш шилжиж байх ёстой үзэгдэл юм.
Сайныг үйлд, чанартай үйлд

Харилцан ашигтай, хэн хэндээ хожоотой байх нөхцөлийг бид ямар ч салбарт бий болгох ёстой. Шударга капитализм гэх үзэлд би итгэдэг. Бид сайн зүйлийг сэдэж, түүнийгээ маш сайнаар хийж чадна, тэгэх ч ёстой.

Компанийн захирлын хувьд санхүүгийн амжилтын төлөө бизнесээ удирдахаас гадна өглөө сэрэх бүрд сэтгэлийг тань хөдөлгөж байх зорилго, үйл хэрэг танд заавал байх хэрэгтэй. Бизнесийн эзэнд хүсэл тэмүүлэл, зорилго хоёулаа байх нь зөв.
Зорилгоор манлайл, бүтээлч байдлыг хөгжүүл

Жинхэнэ манлайлал гэдэг нь бусдын орондоо өөрийгөө тавих, ойлгомжтой тодорхой харилцаа үүсгэх, мөн өөрийг нь үнэлж, дэмжиж байгаа гэдгийг мэдрүүлсэн орчныг ажилтнууддаа бий болгох явдал юм. Тийм учраас би ийм орчныг компанидаа бүрдүүлэхийг маш их хичээсэн. Багийнхан маань бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг, эрсдэл гаргадаг, шийтгүүлнэ гэж эмээлгүй алдаанаасаа суралцдаг байгаасай гэж би хүсдэг.
Хүссэндээ хүрэхийн тулд шаргуу ажилла

Хэрэв томоор мөрөөдөж, шаргуу хөдөлмөрлөх юм бол юу ч таныг зогсоож чадахгүй. Таны арьсны өнгө, гэр бүл, шашнаас бус таны зан характераас бүх зүйл шалтгаална. Та юуг хийхэд бэлэн байна вэ? Ажил хариуцаж авсан бол түүнээсээ давсан зүйл хийхийн тулд илүү сэтгэж, илүү ажиллахад бэлэн үү? Хэрэв та амьдралдаа тодорхой зүйлийг бүтээхийг хүсэж байгаа л бол төрөл бүрийн зааг хязгаарыг давах ёстой.

Хэрэв та бизнесээ маш сайн, тогтвортой хийхгүй бол болиод ажил хий. Хэрэв та бизнесээ маш сайн, тогтвортой хийж байгаа бол үүнд чинь саад болох боломжийг хэнд ч бүү олго.
Эх сурвалж: entrepreneur.com