Компанийнхаа үйл ажиллагаа, шинэ гэрээ хэлэлцээр, хамтрал гээд бизнес эрхлэгчдийн хувьд хоног өдөр харвасан сум шиг өнгөрдөг. Хурдтай, ширүүн өрсөлдөөний дунд тэд өөрийн хөгжил, боловсролдоо тэр бүр цаг гаргаад байдаггүй. Иймд Business.mn “Бизнес цэнэг” өглөөний уулзалтыг “Галлериа Улаанбаатар”-т амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн өглөөний уулзалтын үндсэн илтгэгчээр PMI Mongolia Chapter-ийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант оролцсон юм. Тэрбээр байгууллагын хувьд төслийн удирдлагыг яагаад хэрэгжүүлэх шаардлагатай талаар илтгэсэн юм. Ийнхүү түүний илтгэлийг тоймлон хүргэе.
PMI Mongolia Chapter-ийн мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант: Санхүүгийн үр өгөөж өндөр төсөл сонгогдох магадлал илүү байдаг
- Төслийн удирдлага нь тодорхой хугацаанд үргэлжилж, онцгой үр дүн бий болгох зорилготой үйл ажиллагаа юм. Энэ нь өмнө нь байсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах эсвэл цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх үйл явц байж болно.
- Мэдээж төсөл нь тодорхой хугацааны болон төсвийн хязгаарлалтад багтаж хэрэгждэг. Байгууллагууд төслийг хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцөөр хамгийн их үнэ цэнэ бий болгохыг эрмэлздэг. Зарим тохиолдолд хууль, журмын шаардлагыг хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд нэр хүндээ өсгөх зорилготойгоор төсөл хэрэгжүүлэх нь түгээмэл.
- PMI стандартаар төслийн удирдлага гэдэг нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай логик дараалал бүхий алхмуудыг хэлнэ. Төслийн багийн гишүүд нь гол оролцогч талуудыг удирдан зохион байгуулах, харилцааг үр дүнтэй явуулах зөөлөн ур чадвар эзэмшсэн байх шаардлагатай.
- Төслийн амжилтыг хангахын тулд туршигдсан аргачлалуудыг ашиглаж, оролцогч талуудын оролцоог зохицуулан, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх нь чухал.
- Оролцогч талуудад бэлтгэн нийлүүлэгчид, санхүүжүүлэгч байгууллага, төслийн багийн гишүүд багтдаг. Шаардлагатай мэдээллийг цуглуулж, талуудын уялдаа холбоог хангах нь төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болдог.
- Хамгийн эхний шат нь бизнесийн шинжилгээ хийх бөгөөд байгууллагад гарч буй олон санаачилгуудын дотроос хамгийн үр ашигтай төслийг сонгох хэрэгтэй.
Харин Sharing is Caring хэсэгт бизнесийн салбартаа өвөрмөц замнал, онцгой туршлагыг бүтээж чадсан үүсгэн байгуулагчид өөрсдийн нөү-хаугаа хуваалцсан юм.
Jack’s Coffee-н гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал: “Болно, чадна” гэсэн хүсэл тэмүүлэл л биднийг ажлын байран дээр маань эргэн авчирдаг
Сүүлийн таван жил Jack’s Coffee-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд манай компани жил бүр 70-80 хувийн, зарим жилд 120 хувийн борлуулалтын өсөлттэй ажиллаж, тогтвортой хөгжиж ирлээ. Манай байгууллага бүтцийн хувьд цомхон, ихэнх ажлуудаа гадны эх үүсвэрээс авч, системээ байгуулах үндсэн сууриа тавьсан.
Өнөөдөр таны бизнест хэрэглэж буй систем өсөх боломжтой юу? эсвэл өсөлтөд саад учруулах уу? гэдэг нь та байгууллагын бүтцээс хамаарна. Олон байгууллага системчлэлийг холын зорилго мэтээр төсөөлдөг. Харин бидний хувьд өдөр тутмын ажлуудаа төлөвлөж, хянахаас эхэлсэн.
Жижиг бизнес хэрхэн том болох вэ гэдэгт зөвхөн нэг хүний мөрөөдөл бус, багийн хүсэл тэмүүлэл маш чухал. Ажилтан бүр хэн нэгний мөрөөдлийн төлөө бус, харин өөрийн хийж буй ажлын үнэ цэнийг ойлгон ажиллах нь амжилтын түлхүүр.
Сайжруулалт, өөрчлөлт хийхээс айх хэрэггүй. Гол нь анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлж, хаанаас эхлэхээ нарийн төлөвлө.
Бизнесийн амжилтад тогтсон томьёо байдаггүй. Учир нь хүн бүр өөр нөхцөл байдал, өөр бололцооноос бизнесээ эхлүүлдэг. Бизнесээ томруулах эсэх нь тухайн хүний хүсэл тэмүүллээс хамаарна.
BLF Business Law firm LLC-н үүсгэн байгуулагч, партнер Ц.Азбаяр: Урьтаж ярьсан нь дүрэм, хожуу хэлэлцсэн нь хэрүүл болдог
- Ихэнх тохиолдолд бизнес эрхлэгчид хамтрагч талын санал болгосон гэрээний нөхцөлийг шууд хүлээн зөвшөөрдөг. Гэвч гэрээ санал болгож буй тал өөртөө 70-80%-ийн ашигтай нөхцөл тусгасан байх магадлалтай байдаг.
- Олон бизнес хамтрагч нарын хооронд итгэлцэл дээр суурилан эхэлдэг. Гэвч итгэлцэл нь тодорхой дүрэм, зохицуулалтгүй бол хожим маргаан үүсгэх эрсдэлтэй. Хувьцаа эзэмшигчдийн гэрээг тодорхой, албан ёсны байдлаар байгуул, ашиг хуваарилалт, шийдвэр гаргах эрх мэдэл, хувьцаагаа худалдах нөхцөлүүдийг гэрээндээ тусга.
- Олон компани зах зээл дээр байр сууриа олж авсан ч хууль эрх зүйн хамгаалалт хийдэггүйгээс шалтгаалан алдагдал хүлээдэг. Брэндийн нэр, лого, патент, зохиогчийн эрх зэрэг оюуны өмчийг бүртгүүлэх.
- Гэрээнд төлбөрийн нөхцөл, хуваарь, урьдчилгаа төлбөр, хугацаа, торгууль, алдангийн талаар тодорхой тусга.
- Санхүүгийн эрсдэлийг бууруулахын тулд төлбөрийн баталгааны механизмыг ашигла. Бизнесийн хамгийн том хөрөнгө бол оюуны өмч, хэрэглэгчийн мэдээлэл, нөү-хау байдаг.
- Найзууд эсвэл хамтрагчид хамт бизнес эхлүүлдэг ч оролцооны түвшин харилцан адилгүй байх үед маргаан гардаг. Хэн нэг нь илүү их үүрэг хүлээдэг ч ашиг тэнцүү хуваагдах үед зөрчилдөөн үүсэж болно.Хамтрагчидтай байгуулсан гэрээнд цалин, урамшуулал, хувьцааны хуваарилалтыг тодорхой заах.
Бизнесийн харилцааг зохицуулах гол зүйл бол сайн боловсруулсан гэрээ байдаг. Гэрээ байгуулахдаа дараах зүйлсийг анхаар
- Хэн хэдэн хувь эзэмшиж байгаа юм бэ? Яагаад
- Ашиг хуваарлалт ямар хэмжээгээр явах юм бэ? Хэр хугацаанд.
- Хэн ямар шийдвэр гаргах эрхтэй, эрхгүй юм бэ?
- Хувьцаагаа зарах буюу гарах үед яах юм бэ?. Ямар үед, ямар үнээр хувьцаагаа зарах юм бэ?
- Маргаан гарвал яаж шийдэх вэ?
Momade Agency-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг: Өгөх тусам илүү ихийг хүртэнэ
Би бизнесээ анх хийхдээ авахын төлөө зүтгэж байжээ. Гэвч долоон удаа бүтэлгүйтэхдээ нэг л зүйлийг ойлгосон, зөвхөн өөрийнхөө төлөө хийсэн зүйл урт настай байж чаддаггүй юм байна. Харин Momade бол өгөхийн төлөө хийгдэж буй бизнес. Өөр шигээ асуудалтай тулгарсан хүмүүст туслахын төлөө, тэдэнд үнэ цэнийг бий болгохын төлөө бүтээж байгаа учраас ажил маань утга учиртай, өдрөөс өдөрт өсөж хөгжиж байна.
Өгөх сэтгэлгээ намайг зовохгүй хөдөлмөрлөхөд сургасан. Өөрийн төлөө хийж байхад хүн ядарч, түүртэж, зовж зүтгэдэг. Харин бусдын төлөө, өглөгийн сэтгэлтэйгээр хийж эхлэх үед бүх зүйл аяндаа урсаж эхэлдэг юм байна. Харилцагчидтайгаа ойлголцож, хүндрэлгүй урагшлахын учир нь авах, өгөхийн зохист харьцаа тэнцвэртэй нийцэж байгаад оршино.
Хэрэв та зовохгүй, тайван амгалан ажиллахыг хүсвэл өгөхийн төлөө бүтээ. Байгууллага, хамт олондоо үнэнч бай. Зарим үед нэг сарын цалинг ч өгөх боломжгүй үе байсан ч манай баг байгууллагынхаа алсын хараанд итгэж, хамтдаа энэ хүртэл явж чадсан.
Өглөөний уулзалтыг Инвескор ББСБ ХК ивээн тэтгэсэн юм. Тэд уулзалтад оролцож буй бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, бүх төрлийн бизнесийн тэлэлтийг (зам, барилга, тоног төхөөрөмж, худалдаа, үйлчилгээ, төсөл, гэх мэт) дэмжих 5 тэрбум төгрөг хүртэлх 36 сарын хугацаатай, уян хатан болон тэнцүү төлөлтийн нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож, танилцуулсан юм.