Итгэлээр бизнесээ эхлүүлж, эхэлснээ өрдөж үндэсний томоохон үйлдвэрлэгч болсон нэгэн бол “Траст трейд” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Р.Сансармаа юм. Ханийнхаа хамтаар үүсгэн байгуулсан түүний компани анх зургаан ажилтантай байсан бол өдгөө хоёр үйлдвэр, 300-аад ажилтантай болжээ. Ирэх жилүүдэд тус хамт олон дэлхийн шилдгүүдтэй бүтээмжээр эн зэрэгцэж, хүнсний хувьсгалд хүч түрэхээр зэхэж байна.
Хэрэглэгчийн тархинд хоногшиж, харьцуулах шаардлагагүйгээр сонголт нь болж чадна гэдэг үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том амжилт. Энэ амжилтын эзэн болж, Салями, Бяслагт нэрийн бүтээгдэхүүнээрээ зах зээлд танигдсан “Траст трейд” компанийн хамт олон өдгөө 25 жилийн ойтойгоо золгож байна.
Өнгөрсөн хугацаанд тэд стратегийн гол хүнс болох мах, махан бүтээгдэхүүний зах зээлд ёс зүйтэйгээр, басхүү тогтвортой өсөлттэйгөөр оршин тогтнож ирсэн. Одоо тэд бүр ч том зорилготойгоор урагшилж байна. Энэ бол мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн шилдгүүдтэй бүтээмжээрээ эн зэрэгцэх. Мөн “мянгуужингийн үлгэр” мэт болсон махны экспортод хүч түрж, Хятад, Исламын шашинт орнууд руу нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг өсгөх зорилт юм.
“Траст трейд” компанийн хувьд, дотоодын мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн 20-иод хувийг эзэлж байна. Энэ бол чамгүй өндөр үзүүлэлт. Учир нь энэ талбарт мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ийм хэмжээний орон зайг дангаараа эзэлнэ гэдэг уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
Монгол Улс мал аж ахуйн орон. Энэ утгаараа махны салбарт хүч үзэгчдийн тоо ч харьцангуй их. Шуурч орж ирсэн шигээ шил шилээ дараад хаалгаа барьсан үе ч энэ салбарын “кандитат”-уудын дунд бий. Өөрөөр хэлбэл, махны салбар бол чанга талбар. Энэ талбарт тэсэн үлдэж, жишиг тогтоож, орон зай эзэлнэ гэдэг амаргүй. Харин “Траст трейд” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Р.Сансармаа болоод түүний хань, ажлын алтан хамтрагч, компанийн ерөнхий захирал М.Мөнхбат нар энэхүү чанга талбарт зөөлөн хүчээр байр сууриа тогтоож чаджээ.
Сэтгүүлийн зочин, гүйцэтгэх захирал Р.Сансармаагийн тухайд, энэ бизнест хөл тавьсан нь түүний авга ах, эгч нар энэ салбарт ажиллаж байсантай холбоотой. Ойр дотнын хүмүүс нь энэ талбартай хэдийнээ холбогдчихсон байсан нь ирээдүйн “Траст трейд”-ийн үүсгэн байгуулагчийг зөв чиглэлд хөтөлжээ. Энэ бол 1998 он. 20 гаруйхан настай Р.Сансармаа дэрсхэн өссөн ах Р.Ууганбаатартайгаа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүч үзэхээр зориг шулууджээ. “Эхлүүлэх, эргэлдүүлэх хөрөнгөгүй хүүхдүүддээ аав, ээж хоёр минь л хөрөнгө оруулагч болсон. Өөрсдийнхөө амьдарч байсан цор ганц үнэ хүрэх капитал болох хоёр өрөө байраа зараад л бидэнд мөнгийг нь өгчихсөн. Одоо бодоход ах бид хоёрыг чадна гэж их л итгэсэн санагддаг. Тэр үед л амьдралд, бизнест итгэл ямар чухал болохыг мэдэрсэн” хэмээн Р.Сансармаа захирал хэлж байв.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 2000 онд тэрбээр ахаасаа бизнесийн “гал”-аа тусгаарлаж, өөрийн хань М.Мөнхбатын хамтаар “Траст трейд” компаниа албан ёсоор байгуулжээ. Хэн хэн нь 30 хүрээгүй залуу хосод багагүй сорилт тулгарсан ч зориг, эрч хүчээрээ тэд бизнесээ эхлүүлж чадсан байна. Эхлүүлнэ гэдэг том даваа.
З0 нас ч хүрээгүй гэр бүлийн хоёр бизнесээ анх эхлүүлэхэд багагүй сорилттой тулгарч байсан ч хамтдаа бүхнийг бүтээж чаджээ. Өдгөө салбарынхан нь түүнийг “Трастын Мөнхбат” хэмээн хүндлэн нэрлэдэг.

Анх 120 м2 түрээсийн байранд зургаан ажилтантайгаар эхэлсэн “Траст трейд”-ийн үйлдвэрлэл өдгөө хэд дахин өргөжиж нийт 12,700 м2 төхөөрөх, мах ангилах хоёр үйлдвэр, 300-аад ажилтан бүхий үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хувирчээ. Үйлдвэрлэлээ эхлүүлж, гурван жилийг үдсэн анхны байранд нь залуу хосоос өмнө хэд хэдэн хиам үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байсан ч цөм бүтэлгүйтээд гарсан аж.
“Траст трейд” компанийн үүсгэн байгуулагч Р.Сансармаа, “Хамгийн сүүлийн түрээслэгч гарахдаа түрээслэхээр зэхэж буй байрыг минь өгөөжгүй газар гэж гоочилж билээ. Дөнгөж эхлэх гэж байхад сэтгэлд сэвтэй сонсогдож байсан ч залуу хүмүүс хоосон үгэнд итгэлээ мохоогоод яахав, урдах хүмүүс нь л чадаагүй нь тэр байх гээд ажилдаа орсон. Тэр жижиг түрээсийн байранд 10 хүрэхгүй хүн маш эмх цэгцтэй, эрч хүчтэй ажилласан. Жинхэнэ хөдөлмөр буцалдаг байсныг эргэн санахад өчигдөрхөн мэт л мэдрэмж төрж байна” хэмээн дурсамжаа хуваалцсан юм. Өдгөө 25 жилийн туршлага, судалгаа, хүчин чармайлтын үр дүнд “Траст трейд” компанийн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс анхдагч түүхий эд буюу мах бэлтгэн нийлүүлэлт рүү хүрээгээ тэлжээ. Одоогоор тус компани төхөөрөх үйлдвэрээсээ Иран, Ирак руу халал стандартын хонины мах гаргаж байгаагаас гадна үхрийн мах, дайвар бүтээгдэхүүн болон бууз, банш гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ харилцагчийн захиалгаар бэлтгэн нийлүүлж байна. Гол төлөв уул уурхайн компаниуд, ресторанууд стейк, ангилсан махыг нь захиалдаг бол сүүлийн жилүүдэд байгууллагын хэрэглэгчдээс хүрээгээ тэлж жижиглэн худалдаанд эдгээр бүтээгдэхүүнээ түлхүү нийлүүлэхээр зорьж байгаа ажээ.
“Траст трейд” компанийн үүсгэн байгуулагчдын хувьд, бусдад мэддэг чаддагаа хуваалцахдаа уриалгахан байдаг. Тухайлбал, Эрдэнэтийн “Орхон-Энхбүтэмж” компанийн тоног төхөөрөмжийн шинэчлэл сайжруулалт дээр ерөнхий захирал М.Мөнхбат тун их сэтгэл гарган ажиллажээ. Залуу бизнес эрхлэгчид тэр үеэс одоог хүртэл 20 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа аж.
Манайх салбарынхаа ууган компаниудын нэг учраас дэм дэмэндээ хөгжиж, хамтарч урагшлах соёлыг түгээхэд ихээхэн анхаардаг. Энэ соёлыг салбарт түүчээлж нэвтрүүлж буй гол хүн бол яах аргагүй миний хань.
Гүйцэтгэх захирал Р.Сансармаа “Манайх салбарынхаа ууган компаниудын нэг учраас хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаа өрсөлдөгч гэж харахаас илүү хамтдаа хөгжихийг чухалчилдаг. Тиймдээ ч дэм дэмэндээ хөгжиж, хамтарч урагшлах соёлыг түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Энэ соёлыг салбарт түүчээлж нэвтрүүлж буй гол хүн бол яах аргагүй миний хань. Бараг 20-иод үйлдвэр “Траст трейд”-ээс туршлага судалж, зах зээлд орон зайгаа бий болгосон. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн жил Хөвсгөл аймгаас үйлдвэрлэгч холбогдож, зөвлөгөө авсан. Салбарынхан нь ч манай хүнийг бүр мэддэг болсон. Трастын Мөнхбатыг дуудчихвал асуудал шийдэгдэнэ гэсэн итгэлтэйгээр л ханддаг. Хүмүүст тус дэм болох нь эргээд өөрт хөгжил болж ирдэг” хэмээн ярьж байсан юм.
Танил амтны эрэлд
“Траст трейд” компанийн анхдагч бүтээгдэхүүн бол хиам. Өдгөө тус компани 30 орчим нэр төрлийн утлагат болон чанамал хиам үйлдвэрлэж байна. Тэдний хувьд, бүтээгдэхүүний түүхий эдэд дээд зэргээр анхаардаг. Мөн үүсгэн байгуулагчид нь ОХУ-д ажлын шаардлагаар их зорчдог байсан учраас хойд хөршид амталж байсан хиамны амтыг Монголд бий болгохыг зорьжээ.
Биднийг залууд орос, герман хиам л амттай гэж ярьдаг байсан. Яаж тэр амтыг гаргах вэ гэж бид өдрийн бодол, шөнийн зүүд болдог байлаа.
“Орос хиамны амттайг хүн бүр шагшдаг. Биднийг залууд орос, герман хиам л амттай гэж ярьдаг байсан. Яаж тэр гоё амтыг гаргах вэ гэж бид өдрийн бодол, шөнийн зүүд болдог байлаа. Ингээд хэл усыг нь мэддэгээр нь Оросоос технологич авчиръя гэж шийдсэн. Компаниа байгуулсан эхний таван жилд улирал тутам хойд хөршөөсөө технологич урьж авчирсан. Ингэж л бид ялгарсан. Хүмүүсийн хүссэн амтыг гаргасан” гэж Р.Сансармаа захирал ярьж байсан. Мөн тэрбээр “Хиам л болсон хойно хамгийн муу махаар хийдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдгийг манай компанид ажиллаж байсан, одоо ч ажилласаар байгаа бүх хүн няцаадаг” гэв.

Тухайлбал, компанийн нэрийн хуудас болсон Салями, Бяслагт хиамыг үхэр, гахайн гуяны махаар хийдэг. Ингэхдээ гуяны гялтан хальсыг нарийн цэвэрлэж байж, тусгай жор технологиор тэрхүү гайхалтай амтыг гаргадаг. Салями, Бяслагт хиамыг анх 2005 онд ОХУ-аас ирсэн хүнсний технологичийн тусламжтайгаар хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн түүхтэй аж. “Өртгийн хувьд харьцангуй үнэтэй байсан ч бид бүтээгдэхүүний амт чанарыг чухалчилсан. Мэдээж жаахан үнэтэй болчихов уу даа гэсэн айдас, зовнил байсан. Гэтэл борлуулалт нь зовох шаардлагагүй сайн байсан. Тэр үед үхрийн гялтан хальсгүй махаар хиам үйлдвэрлэнэ гэсэн төсөөлөл, санаа хэний ч толгойд байгаагүй байх” хэмээн зочин маань онцолж байсан юм.
Тухайн үед дотоодын хэрэглэгчдээс гадна Сансар орчмын оросууд бүгд “Траст трейд”-ийн нэрийн дэлгүүрийн үнэнч үйлчлүүлэгчид болсон байжээ. Худалдан авагчид амнаас ам дамжсан яриагаар тэдний дэлгүүрээр үйлчлүүлж байсан учраас сурталчилгаа ч явуулах шаардлагагүй байж. Гол нь бүтээгдэхүүн чанараа алдах ёсгүй гэсэн зарчмыг тэд хатуу баримталжээ. Зарчимдаа үнэнч байсны шагналд борлуулалт, захиалга нь ихсэж, гаднын бэлтгэн нийлүүлэгчид, байгууллагын хэрэглэгчид өөрсдөө тэдэнд санал тавьснаар бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэх чухал хөшүүрэг болжээ.
Мах бол аль ч улсын хувьд стратегийн хүнс байдаг. Тиймдээ ч эрүүл, аюулгүй байдалд нь онцгой анхаарах ёстой.
Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тухайд, бууз, баншийг тэд 2016 оноос үйлдвэрлэж эхэлсэн байна. “Мах чинь чанартай учраас бууз, банш нийлүүлээд өгөөч” гэсэн захиалагчийн саналын дагуу тэд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төсөл гэх мэт томоохон уурхай, төслүүд рүү бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн нь үндсэн түүхий эдийнхээ чанар, стандартыг хэр зэрэг чухалчилдгийг гэрчилнэ.

Ийнхүү “Траст трейд”-ийн үйлдвэрлэл хиам үйлдвэрлэхээс эхэлж байсан бол одоо тэд анхдагч түүхий эдийн үнэ цэнийг нэмэх байдлаар зах зээлээ тэлэхэд анхаарч байна. “Хэрэв Монгол Улс малын өвчлөлийг бууруулж, махаа олон улсын стандартаар төхөөрч бэлтгэдэг болчихвол асар том зах зээл бидний өмнө нээлттэй байна. Экспортын орлогыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотооддоо чиглүүлнэ гэдэг манай улсын эдийн засгийг солонгоруулах хамгийн ойрын боломж” хэмээн “Траст трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа онцолж байсан юм.
“Хуучин хүү” дэлхийн нийлүүлэгч болохгүй
Монголчууд бид мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох том амбицтай. Гэхдээ бодит байдал, бодсон бодлын маань хооронд дэндүү хол зай бий. Үүнийг хэдхэн тооноос ойлгож болно. Өнгөрсөн онд, манай улсын экспортын орлого 15.8 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гэхдээ энэ орлогын 85 орчим хувь нь зөвхөн эрдэс баялгаа зарж олсон орлого байсан юм.
Хөдөө аж ахуйн салбар экспортын орлогыг солонгоруулах хамгийн потенциальтай салбар гэгддэг ч өнөөг хэр нь эдийн засгийн хөдөлгүүрийг тэнцвэржүүлэхэд хүчин мөхөстсөөр байна. Шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Ялангуяа хууль эрхзүйн зохицуулалт, гадаад худалдааны саад бэрхшээлүүд хамгийн том сорилт болдог аж. Угтаа ажиллах хүчний 21.6 хувийг бүрдүүлж байгаа хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа мал аж ахуйн талбарт эдийн засгийг тэлэх маш том нөөц бололцоо бий. Ялангуяа ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүний дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд бид том тоглогч болох баялаг нөөцтэй.
Ноолуурын тухайд, дэлхий даяар жилд дунджаар 20 мянган тонн ноолуур бэлтгэдэгийн бараг тэн хагасыг манай улс нийлүүлдэг. Гэхдээ ноолуурынхаа дийлэнхийг нэмүү өртөг шингээж чадалгүй түүхийгээр нь гаргачихдаг нь бидний дутагдал болдог. Харин махны салбарт ноолуурынхаас арай өөр нөхцөл байдал тулгардаг. Тодруулбал, түүхий нь илүү үнэ цэнтэй. Гаднын улс орнууд, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид хиам, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт боловсруулсан бүтээгдэхүүнээс илүүтэй стандарт шаардлага хангасан түүхий мах импортлохыг чухалчилдаг.
Гэвч манай улс малын өвчлөл ихтэй учраас нийлүүлэлтийн сүлжээнээс шахагддаг. Ялангуяа Монгол орны салаа туурайт мал, амьтдын дунд шүлхий өвчин их гардаг гэсэн шалтгаанаар бид үхрийн махаа экспортолж чаддаггүй.
Нэгэн сонирхолтой баримт хуваалцахад, БНХАУ өнгөрсөн онд 13.7 тэрбум ам.долларын 2.87 сая тонн үхрийн мах импортолсны дийлэнхийг Бразил, Аргентин, Уругвай улсаас нийлүүлсэн болохыг саяхан Ройтерс агентлаг мэдээлсэн. Бид энэ том зах зээлийн хажуу дэргэд хаяа залган орших мал аж ахуйн орон хэрнээ махаа нийлүүлж чадахгүй байна гэдэг өөрсдөдөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй болсныг илтгэнэ.
Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр бид байгаа нөөц бололцооноосоо маш бага хэмжээнд хонь, ямааны махаа экспортолсоор байна. Үндэсний статистикийн хорооны тайланд, манай улс 2024 онд 23.6 мянган тонн хонь, ямааны махыг 89.7 сая ам.доллароор экспортолсныг дурджээ. Энэ бол хэмжээ, үнийн дүнгийн хувьд, өмнөх оноосоо хоёр дахин өссөн эерэг үзүүлэлт юм. Харин адууны тухайд, битүү туурайтай, өвчлөл бага гэдэг утгаар импортлогч орнууд манайхаас адууны мах авах сонирхол өндөртэй байдаг. Гэхдээ өнгөрсөн оны хувьд, 23.9 мянган тонн адууны махыг 84.2 сая ам.доллараар экспортолсон нь 2023 оныхоос 9.0 мянган тонноор буюу 41.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болж байна. Түүнчлэн лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт ч өнгөрсөн онд 46.0 сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хороо тайландаа онцолжээ.
Мах, махан бүтээгдэхүүний экспорт
Эх сурвалж: ҮСХ
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх гол шийдэл нь малаа эрүүл байлгаж, стандартын дагуу төхөөрч бэлтгэх явдал гэж “Траст трейд” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Р.Сансармаа онцолж байна. Гэвч малчдаас оноо авах улс төрчдийн популизм махны салбарыг тэр чигт нь тушчихсан болохыг тэрбээр хэлж байлаа.
“Наад зах нь малчид өвчтэй, бэртэлтэй, хачигтай хачиггүй, тарилга туулгаа хийсэн үгүй нь мэдэгдэхгүй, антибиотекийн үлдэгдэлтэй эсэх нь ч тодорхойгүй малаа төв рүү тууж ирээд, аль нэг бойны газар төхөөрүүлээд, Хүчит шонхор зах ороход л тэр мал ямар ч байсан мөнгө болно. Мөнгө болох нь тодорхойгоос хойш малынхаа эрүүл мэндэд тэгж айхтар анхаараад байх нь юу л бол. Энэ бол монгол малын эрүүл мэнд хөсөр хаягдаж байгаагийн нэг шалтгаан. Басхүү хариуцлагатай бизнес эрхлэгчдийн бүтээж буй үнэ цэн, боломжоос хугасалж буй шударга бус тогтолцоо” гэж тэрбээр тайлбарлаж байсан юм.
Түүнлэн салбарын хөгжлийн удаашрал, тогтолцооноос болж малын өвчлөл нэмэгдсэнийг ч тэрбээр тодотгож байсан. Тодруулбал, нэгэн зууны түүхтэй мал эмнэлгийн салбар хөгжлийнхөө явцад буюу 1990-ээд оны сүүлээр хувьчлагдсан ч хувьд гарсан мал эмнэлгүүдийг хэрхэн ажиллах, мал махны хяналтыг хэрхэн хийх, хяналтгүй мал махыг төв суурин газарт нийтийн хэрэгцээнд худалдаалахгүй байх талаар нарийн зохицуулалтгүй байсан нь малын өвчин ихсэх бас нэгэн шалтгаан болсон гэж салбарынхан үздэг байна.
Онд орохгүйгээсээ захалж төхөөрдөг бус эрүүлээс нь эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох нь монголчуудын гүйцэтгэх ёстой эхний даалгавар. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн аргаар төхөөрч бэлдсэн махыг л нийтийн худалдаанд гаргадаг болох ёстой. Ингэж байж бид хүнсний хувьсгалыг үр дүнтэй хэрэгжүүлнэ. Экспортын тухай мөрөөдөхөд ч илүү хялбар болно.
Монгол Улс бол Дэлхийн худалдааны байгууллага болоод Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон. Тиймдээ ч малын өвчин гарахад манай улс тус байгууллагын гишүүн орнуудад муу нэр, луу данстай болж, худалдааны саад хоригт өртөх нь элбэг. Тиймээс малын өвчлөлд бид онцгой анхаарах шаардлагатай.
Мөн малын өвчлөлийг бууруулахад бодлого тодорхойлогчдын хүчин чармайлт ч чухал нөлөөтэй. “Махны экспортыг бид аль эрт ярьж эхэлсэн. Гэсэн атлаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль гарснаас хойш бараг 10 жил өнгөрчихөөд байхад үйлдвэрийн аргаар төхөөрч бэлдсэн махыг нийтийн худалдаанд гаргах зохицуулалт хийлгүй цаг хугацаа алдсан. 2022 онд томоохон дуулиан тарьсан Эмээлтийн махны шуугианаар л Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Гэхдээ хэрэгжилт нь төдийлэн сайнгүй л байна” хэмээн Р.Сансармаа захирал ярьж байв.
Мах бол аль ч улсын хувьд стратегийн хүнс байдаг. Тиймдээ ч эрүүл, аюулгүй байдалд нь онцгой анхаарах ёстой. Хэрэв монголчууд бид мах, махан бүтээгдэхүүнээр дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд байр суурь эзлэе гэвэл хүссэн, хүсээгүй Олон улсын хүнсний болон чанар аюулгүй байдлын стандартыг нутагшуулж, түүнийгээ дагаж мөрдөх нь гарцаагүй юм.
“Онд орохгүйгээсээ захалж төхөөрдөг бус эрүүлээс нь эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох нь монголчуудын гүйцэтгэх ёстой эхний даалгавар. Үүний тулд малыг төллөж төрснөөс нь эхлүүлээд бүхий л үед хяналтдаа авах ёстой. Ингэж байж л бид хүнсний хувьсгалыг үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Хэрэв мах бэлтгэлийг зөвхөн үйлдвэрээр дамжуулдаг болчихвол малчдын авчирсан малыг мал эмнэлэгийн үзлэгт оруулж, шаардлага хангасныг нь үйлдвэрлэлд нийлүүлнэ. Энэ хэрээр малчид ч малынхаа эрүүл мэнд, тарилга туулгад анхаардаг болно” хэмээн “Траст трейд”-ийн захирал Р.Сансармаа ярьж байсан юм.
Исламын шашинт орнуудад хамгаас чухалчилдаг халал стандартаар бол тухайн мал ил харагдах шарх сорви ч үгүй байх ёстой. Ийм шаардлагад нийцэж байж бид нийлүүлэгч улс болно. Гэрийнхээ гадаа малаа төхөөрч авчраад зардаг “хуучин хүү”-ийн замналаар бид хэзээ ч мах экспортлогч болох том амбицдаа хүрч чадахгүй хэмээн түүний сануулж байсныг энд онцолъё.
“Траст трейд” компанийн хувьд, мах ангилах үйлдвэрээ 2014 онд байгуулсан бол төхөөрөх үйлдвэрээ 2023 онд байгуулсан. Төхөөрөх үйлдвэр нь хоногт 1000 бог, 500 бодыг төхөөрч, эдийн засгийн эргэлтэд оруулах хүчин чадалтай. Тоног төхөөрөмжийнх нь тухайд, Исламын шашинтай улсуудад махыг экспортлох шаардлага хангасан ХАЛАЛ технологийн шугамтай. Энэ үйлдвэрээ тэд малчидтай дундын зуучлагч, ченжийн оролцоогүйгээр шууд харьцахын тулд байгуулсан аж. Өдгөө 1000 гаруй малчин тус үйлдвэрийн нийлүүлэгч болсон бөгөөд малчид мал эмнэлгийн бичгээ аваад бэлтгэн нийлүүлэгч болох нь нээлттэй гэсэн юм.
“Траст трейд” компани нь FSSC 22000, ISO 22000:2005, HACCP, ХАЛАЛ стандартуудыг үйлдвэрлэлийн түвшинд нутагшуулсан учраас гаднын зах зээлд, тэр дундаа булангийн зургаан орон болох Эмират, Бахрейн, Катар, Кувейт, Оман, Саудын Араб зэрэг улсад Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэлтэйгээр экспорт хийхэд бэлэн болсон байна.
Үүгээр зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн чанартай байх эсэх нь малчны хотон дахь малаас, тэр бүү хэл бэлчээр ус, цаг агаараас хамааралтай учраас “Траст трейд” компани дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулахаар хариуцлагатай хэрэглээг дэмжих, хүний эрх, тэгш байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ажлуудыг стратеги төлөвлөгөөндөө тусгасан байна. Энэ ажлын хүрээнд малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, толгой, арьс шир гэх мэт орхигдсон баялгаа үнэ цэнтэй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгохоор зорьж байгаа аж.
Түүнчлэн “Траст трейд” компани нь ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах болоод сайн сайхны төлөөх үйлсэд ч онцгой анхаардаг. Тус компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 30 гаруй ажилтнаа байрны урьдчилгаагаар шагнаж, 2023 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Монголын Хүнсчдийн холбооны хүний эрхийн үнэлгээгээр “Хүний эрхийг дээдлэгч байгууллага”-аар шалгарсан байна.
Цэцэгтэй ментор
“Траст трейд” компанийн үүсгэн байгуулагч Р.Сансармаа бизнес эхлүүлж, 27 жил гүйцэтгэх удирдлагын алба хашсаны хувьд залууст мэдлэг, туршлагаа хуваалцахыг чухалчилдаг. Энэ жил удирдлага шилжүүлж буй тэрбээр цаашид бусдыг чадавхжуулах тал дээр идэвх оролцоогоо гээхгүй байхаар төлөвлөжээ.
Биднийг ярилцаж суухад түүний менторлосон санхүү, бизнесийн зөвлөх бүсгүй Х.Номинсувдаас талархлаа илэрхийлж, цэцгийн баглаа, ном гэнэтийн байдлаар хүргэлтээр ирсэн нь бидний яриаг өөр чигт хөтөлсөн юм. Сэтгүүлийн зочин маань Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийн оролцоотой менторын хөтөлбөрт ментороор хамрагдсан байна. Үндсэн ажлынхаа хажуугаар тэрбээр хоёр ч бизнес эрхлэгчид зөвлөн тусалж менторлож байжээ.
“Удирдлагууд эгогоо дарахгүй, байнга суралцахгүй, багийн гишүүддээ итгэхгүй байснаас алддаг. Энэ алдаагаа маш өндөр төлбөрөөр давж гардаг.
Анх тэрбээр Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгч Д.Сумъяад менторлосон бөгөөд гэр бүлээрээ ажилч хичээнгүй Сумъяагийн хувьд, сүү, цагаан идээ боловсруулах бизнес эрхэлдэг байна. Бүтээгдэхүүн нь тун чанартай ч борлуулалтын тал дээр эв дүйгээ хараахан олохгүй байсан түүнийг оновчтой чиглүүлж, хамтдаа шийдэл эрэлхийлсний үр дүнд тэрбээр “шилдэг ментий”-гээр шалгараад зогсохгүй Сумъяагийн төсөл орон нутгийнхаа шилдэг төслөөр шалгарч, 10 сая төгрөгөөр шагнуулсан нь түүнд маш том урам зориг бэлэглэжээ.
Үүний дараагаар тэрбээр дээр дурдсан цэцгийн эзэн, хэд хэдэн салбарт хүч үзэж явсан санхүүч Х.Номинсувдад менторлосон байна. Эерэг уур амьсгалаар ярилцлагыг минь чимсэн тэр бүсгүй угийн сэргэлэн авхаалжтай, өөдрөг тэмүүлэл, өндөр сахилга баттай, нийгмийн идэвхтэйн зэрэгцээ завгүй менторынхоо зөвлөгөөг тун сайн тусган авч байсныг сэтгүүлийн зочин маань онцолсон.
Мөн төдийгөөс өдийг хүртэл гүйцэтгэх захирлын алба хашихдаа тэрбээр нэг зүй тогтлыг их тод анзаарчээ. “Удирдлагууд эгогоо дарахгүй, байнга суралцахгүй, багийн гишүүддээ итгэхгүй байснаас алддаг. Энэ алдаагаа маш өндөр төлбөрөөр давж гардаг. Харин багахан хэсэг нь энэ алдааг тойрч, зарим нь хурдтай засаж чаддаг. Энэ алдаанаас зайлсхийхийн тулд захирлууд байнга суралцаж, оролцох, оролцохгүй ажлаа мэдрэмжтэйгээр зааглаж, багтаа орон зай өгч, итгэл хүлээлгэх хэрэгтэй.
Энэ нь асуудлыг ерөнхийлж харах бус ажил үүргээ нарийн тодорхойлохын нэр. Монголчууд аливааг ерөнхийлж харах дуртай. Гэвч ерөнхийгөөс оновчтой шийдвэр төрөх хэцүү. Оновчтой шийдвэр тодорхойгоос л төрөн гардаг. Тиймээс юуг ч тодорхой бүртгэх, дүгнэх, төлөвлөх ёстой. Төлөвлөдөг хүмүүс амжилтад хүрдгийн шалтгаан энэ болов уу. Бодлоо хүртэл тодорхой болгоод эрэмбэлээд тэмдэглэчихнэ гэдэг маш том давуу тал” хэмээн тэрбээр зарчмаасаа хуваалцсан. Үүний зэрэгцээ компанийн үйл ажиллагаа, тогтолцоо ч мөн тодорхой байх нь чухал аж. Энэ нь удирдлагад ч, хамт олонд ч хялбар байдлыг бий болгодог байна.

“Траст трейд” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Р.Сансармаа бусад захирлын адил хүний нөөц, бүтээмжийн талаарх сэдэвт ч мөн татагддаг. Тэрбээр дэлхийн томоохон үйлдвэрлэгчидтэй бүтээмжээр эн зэрэгцэхийг хүссэн шалтгаанаа тайлбарласан нь анхаарал татсан юм. “Дэлхийн шилдгүүдтэй компанийн санхүүгийн үзүүлэлт, борлуулалтын орлогоор өрсөлдөх нь улс орны оролцоотой бүх талын хамтын хүчин чармайлтаар хийгдэх ажил. Харин монгол хүний ур чадвар, сэтгэл, чадавх бол аугаа. Үүнийг мэдэрсэн учраас бүтээмжээр дэлхийн шилдэг үйлдвэрлэгчидтэй эн зэрэгцэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Тиймдээ ч 2020 онд 10 жилийн ирээдүйгээ зураглаж байхдаа дэлхийн шилдгүүдтэй бүтээмжээр өрсөлдөнө гэж стратегидаа тусгасан. Энэ зорилго маань ч биелж байгаа. 2014 онд мах бэлтгэх үйлдвэрийн шанг татаж, үүдийг нь нээсэн гуч гаруй ажилтан маань өдгөө ажил мэргэжилдээ эзэн болж, улсын чанартай ажил мэргэжлийн уралдаануудад үргэлж түрүүг нь авдаг” хэмээн тэрбээр бахархал дүүрэн ярьсан юм.
Монголчууд аливааг ерөнхийлж харах дуртай. Гэвч ерөнхийгөөс оновчтой шийдвэр төрөх хэцүү. Оновчтой шийдвэр тодорхойгоос л төрөн гардаг.

“Траст трейд” компанийн захирал Р.Сансармаа бизнесийн орчныг сайжруулах салбарын асуудлуудад ч идэвх оролцоотой байдаг. Тэрбээр завгүй албынхаа хажуугаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Салбар яамд, ажил олгогч, ажилтан буюу үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл есөн гишүүнээс бүрдэх уг зөвлөл Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хянах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, төр, даатгуулагч, ажил олгогч гурван талын эрх ашгийг хамгаалах тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой. Тэрээр ажил олгогчийн болон даатгуулагчийн эрх ашигт нийцсэн, оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг хадгалах санал санаачилгыг холбогдох хуулийн төсөл болоод дагалдах журмуудад тусган ажиллаж буй нь ирээдүйд үр дүнгээ өгөх нь дамжиггүй.