Эзэмшсэн мэргэжил болон боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийнх нь талаар асуух бүрийд нүд нь улам гэрэлтэн, урам зоригтой ярих энэ бүсгүйг Б.Ундрал гэдэг. Түүний үүсгэн байгуулж, удирдаж буй “Дижитал Эдү Менежмент” ХХК-ийн бүтээсэн eSchool боловсролын нэгдсэн платформ нь ерөнхий боловсролын сургуулийн өдөр тутмын бүх үйл ажиллагааг автоматжуулж, хялбар хэрэглээ бүхий технологийн дэвшилтэт шийдлээр дамжуулан багш, эцэг эх, сурагчдыг холбох гүүр болоод байна.
Өдгөө eSchool платформыг нийслэл, хөдөө орон нутгийн 200 гаруй сургуулийн 250 мянга гаруй эцэг эх, 200 мянга орчим сурагч, 30 мянга орчим багш ашиглаж буй. Тус платформд багтсан сургуулийн удирдлагын систем, суралцахуйн удирдлагын систем болон eTeacher, eStudent, eParent, eSchool аппликэйшн нь багш-сурагч-эцэг эх-сургуулийн харилцааг шинэ түвшинд гаргаснаас гадна боловсролын салбарт хувийн хэвшлийн гаргасан сүүлийн үеийн шинэлэг инновац бүтээгдэхүүн болжээ.
Энэхүү платформыг бүтээсэн түүх, боловсролын салбарт тулгарч буй сорилт, ололт болон мэдээллийн технологийн салбарт компаниа амжилттай удирдаж буй арга барил зэрэг сэдвээр Б.Ундралтай ярилцсан юм.
Мэдээллийн технологийн салбарт удирдах албан тушаал хашдаг эмэгтэй ховор байдаг. Та яагаад энэ салбарт хөл тавих болсон талаараа манай уншигчдад сонирхуулна уу?
Ээж маань их сургуулийн мэдээлэл зүйн багш байсан юм. Хоёр, гуравдугаар ангид сурч байх үеэсээ ээжийн ажил дээр байнга очдог, тэр хэрээр компьютертой их ойр өссөн. Тийм болохоор 286, 386 зэрэг анхны процессоруудыг хүртэл сайн мэддэг байлаа.
Дунд сургуулиа төгсөөд 2006 онд КТМС-ийн Мэдээллийн системийн менежментийн ангид элсэж орсон. Эмэгтэй хүүхэд код бичихэд хэцүү байх болов уу гэж бодоод программ хангамж хөгжүүлэгчээр биш харин мэдээллийн системийн менежмент чиглэлээр сурсан. Гэхдээ манай ангид кодчилол, программ хангамж зэрэг мэргэжлийн хичээлийг менежменттэй ижил хэмжээгээр заадаг байсан. Би ч код бичих их сонирхолтой байлаа.
Багаасаа л программ хангамж, мэдээлэл зүй, компьютерт сонирхолтой байсан учраас их сургуулиа төгсөөд ч энэ чиглэлээр 10 гаруй жил ажиллажээ. Хамт төгссөн охидуудын ихэнх нь мэргэжлээрээ ажиллалгүй, өөр салбар луу орцгоосон.
Та “Дижитал эдү менежмент” компанийг байгуулсан түүхээс сонирхуулна уу?
Их сургуулиа төгсөөд Интерактив, Монголайди зэрэг компанид төслийн менежер, системийн ахлах шинжээчээр ажиллаж байлаа. Тухайн үед төрөл бүрийн бүтээгдэхүүн, систем хөгжүүлээд захиалагчдаа хүлээлгэж өгдөг, уг “бүтээлээ” цаашид хэрхэн ажиллаж, “амьдарч” байгааг нь мэдэх боломжгүй байсан юм. Энэ нь надад дутуу юм хийсэн мэт санагддаг байлаа. Яагаад гэвэл программыг байнга шинэчилж, дэмжлэг үзүүлж явах ёстой. Тухайлбал, Microsoft, Word, Excel зэрэг бүтээгдэхүүнийг хүн насан туршдаа хэрэглэдэг, шинэ хувилбар нь үргэлж гарч байдаг. Надад тийм л программ, систем хөгжүүлэх хүсэл байсан юм.
Гэхдээ яг юу вэ гэдгээ тухайн үедээ мэддэггүй байлаа. Гурав дахь охиноо төрүүлсний дараа нэг өдөр телевизийн мэдээ үзэж байтал өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт, буруу дадал, охидын жирэмслэлтийн тухай мэдээ гарсан юм. Би маш их цочирдож, статистик тоонд нь итгэж чадахгүй шалгахад харамсалтай нь үнэн байсан.
Хүүхдүүд яагаад амиа хорлож, буруу замаар орж байна вэ гэдгийг судлаад үзэхээр эцэг эх нь хүүхдэдээ хангалттай анхаарал тавьдаггүй нь гол шалтгаан байлаа. Компани байгуулах хүслийг төрүүлсэн өөр нэг үйл явдал хоёр дахь охин маань нэгдүгээр ангид орсны дараа төрсөн юм. Охин гэрийн даалгавраа тэмдэглэж авч чадахгүй байсан болохоор ангийнх нь фэйсбүүк групп рүү орой бүр даалгаврыг нь асууж бичдэг, үүнээсээ санаа их зовдог байлаа.
Ихэнх эцэг эх завгүй ажиллаж, амьдралын хурдтай хэмнэлд автахаараа жижиг асуудлуудыг анзаарахгүй орхиж, хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулдаг.
Сэтгэл зүйч, цагдаа, нийгмийн ажилтан гээд олон хүнтэй би уулзаж, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байхдаа хэрэв анхдагч шинж тэмдгийг нь олж мэдэх юм бол олон хүүхдийг эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг ойлгосон.
Дэлгэцийн хамаарал, сэтгэл санааны тогтворгүй байдал, буруу зуршил зэрэг нь ихэнх гэр бүлийн хувьд эмзэг сэдэв байдаг, түүнийгээ бие биедээ хэлдэггүй учраас нэг айлын алдааг нөгөө айл нь давтдаг. Энэ их харамсалтай санагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд эцэг, эх нь өдөр бүр хүүхдэдээ анхаарал тавьдаг байх ёстой, хэрэв ийм боломжийг олгох юм бол асуудал аяндаа шийдэгдэнэ гэж бодогдсон юм. Хүүхдээ хичээлдээ явсан гэж бодтол үнэндээ компьютер тоглож байдаг, эсвэл барилга дээрээс үсрээд амиа хорлодог, үүнийг нь ангийн багш, эцэг эхийн хэн нь ч мэдээгүй харамсалтай тохиолдлууд бий. Тийм учраас хичээлийн ирц, дүн, шалгалт зэрэг үндсэн мэдээллийг өгдөг систем хийх хэрэгтэй гэж шийдсэний үндсэн дээр 2017 онд нөхөртэйгээ ярилцаад компаниа байгуулж байлаа. Нөхөр маань компанийн анхны хөрөнгө оруулагч болсон. Мөн 2022 онд ICT групп зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулагчийг татсанаар бид “Номч айти консалтинг” нэрээ “Дижитал эдү менежмент” болгон өөрчилж байлаа.
Хөрөнгө оруулалт татах нь стартап компанийн хувьд том даваа байдаг. Хөрөнгө оруулагчид танай компанид итгэж хөрөнгө оруулсан шалтгаан нь юу байсан бол?
Манай компани 2-3 удаа хөрөнгө оруулалт татаж байсан. Мэдээж бизнес төлөвлөгөө, танилцуулгаа бэлдэж, питч тавих замаар хөрөнгө оруулалт авч байлаа. Маш их зүйл бэлтгэж, өдөр шөнөгүй сууж питчээ бэлэн болгож байсныг санадаг. Гэхдээ хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажилласны дараа тэд надад “танай компанид хөрөнгө оруулах шийдвэр гаргахдаа бид нар чамайг ямар хүн бэ гэдгийг л анхаарсан, шийдвэр маань нь ч байгаа оножээ” гэж хэлж байсан. Бараг бүх хөрөнгө оруулагч маань ийм утгатай үгс хэлсэн.
Тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл маш ихтэй Монгол шиг улсад, мөн санаанаас өөр зүйлгүй, тэрхүү санаа нь амжилттай болох, үгүй нь мэдэгдэхгүй компанид итгэл хүлээлгэхдээ хөрөнгө оруулагчид маань намайг уг санааныхаа хойноос хэр тууштай явж чадах вэ, бүтээгдэхүүндээ хэр дуртай, сэтгэл зүрхээ өгч тэмүүлж байна вэ гэдэгт л анхаарсан юм байна гэдгийг би ойлгож авсан.
Зарим хүн гоё санаа гаргаж түүнийгээ биелүүлэхээр хөрөнгө оруулалт авдаг ч удалгүй шантраад орхидог, хаядаг, эсвэл өөр бүтээгдэхүүн, өөр салбарт ордог. Гэтэл хүний амьдралын цаг хугацаа хязгаартай шүү дээ. Тиймээс гол зүйлээ л жин тан хийх ёстой гэж би боддог.
Компаниа эхлүүлж байхдаа ийм асуудлуудыг шийдвэрлэж чадна гэдгийг би өөрөө ч мэдээгүй байсан.
Надад зөвхөн санаа л байлаа. Надтай улзсан сургуулийн захирлууд ч намайг хэрэгтэй зүйл яриад байгаа болохоор итгээд үзье гэсэн байр сууринаас хандаж байсан. Миний хувьд тэрхүү итгэлийг нь алдалгүй, хэлсэн үгэндээ эзэн байхыг мөрдлөг болгож ажилласан.
Танай компанийн бүтээсэн eSchool платформыг маш олон сургууль амжилттай хэрэглэж байна. Та платформоо товч танилцуулна уу?
Манай платформын eParent, eStudent, eTeacher аппликэйшнийг 200 гаруй сургуулийн 250 мянга гаруй эцэг эх, 200 мянга орчим сурагч, 30 мянга орчим багш ашиглаж байна. Нийт хэрэглэгчдийн тоо хагас саяд хүрчээ.
Одоо манай платформ 10 орчим аппликэйшн, дөрвөн төрлийн төхөөрөмжтэй холбогдон ажиллахаас гадна ард нь зургаан веб систем ажиллаж байна. Бид анхнаасаа эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарал тавьдаг болгохыг зорьсон учраас ирц, гэрийн даалгавар, шалгалт, улирлын дүн зэрэг модулийг аппликэйшндээ багтаасан. Мөн хоолны модулийг шинээр оруулж өгсөн. Энэ нь манай гэр бүлд тохиолдсон бодит үйл явдлаас үүдэлтэй юм. Охин маань өдрийн хоолны мөнгөөрөө хоол бус дэлгүүрээс төрөл бүрийн амттан, чихэр худалдаж авдаг байснаас шалтгаалаад арьсны харшилтай болчихсон.
Үүнтэй төстэй явдал олон гэр бүлд тохиолддог юм билээ. Тийм учраас сургуулийн хоолны газраас хоол авсан эсэх мэдээллийг авах, мөнгөөр цэнэглэх боломжтой уг модулийг шинээр бүтээсэн нь маш олон эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн. Ер нь хэрэглэгчийг аппликэйшн ашиглаж дадуулахад багагүй хугацаа шаардлагатай юм билээ. 2017 оноос хойш энэ чиглэлд тасралтгүй ажиллаж буй туршлагаасаа бид үүнийг харсан. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд эцэг, эхчүүдийн манай аппликэйшнийг ашиглах хугацаа дунджаар 30 орчим минут болсон нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Нэгэнт эцэг эх, хүүхэд, багш нарыг цуглуулсан платформ болж чадсан учраас тэдэнд хэрэгтэй бүхнийг аппликэйшнээрээ дамжуулж түгээх зорилго тээн ажиллаж байна.
Энэ хүрээнд бид чанартай цахим хичээлүүдийг платформдоо оруулсан, ингэснээр Монгол орны хаанаас ч тэдгээр хичээлийг хүүхэд багачууд үзэх боломжтой болсон. Сайн багш, багшлах боловсон хүчний нөөц дутмаг байгаа асуудлыг өөрчлөх, засахад бид өөрсдийн зүгээс чадах зүйлээ хийж байгаа нь энэ юм. Одоогоор 500 орчим цахим хичээлийг платформдоо үнэгүй хэрэглэхээр байршуулаад байна. Цаашид хичээлийн тоогоо улам нэмнэ.
eSchool платформыг Баянхонгор, Сүхбаатар аймгийн бүх сургууль, Увс аймгийн дийлэнх сургууль мөн Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгийн зарим сургууль, Улаанбаатар хотод хувийн хэвшлийн 50 гаруй сургууль ашиглаж байна.
eSchool платформыг бүтээхэд ямар сорилт, бэрхшээл тулгарч байсан бэ? Тэдгээрийг танай хамт олон хэрхэн даван туулж байв?
2017 оноос аппликэйшн бүтээх ажлаа эхлүүлж, 2018 онд анхны хувилбараа гаргасан. Тухайн үед тулгарсан хамгийн том сорилт нь сургуулийн удирдлагад аппликэйшнийхээ ач холбогдол, давуу талыг ойлгуулах, тэдний хандлага, ойлголтыг өөрчлөх байлаа.
Хүний нөөц, санхүүгийн асуудал зэрэг олон бэрхшээл тулгарсан ч хамгийн хэцүү нь энэ байсан. Мөн зарим эцэг эх над руу утасдаад хүүхдийг маань чи хичээлээ тасалсан гэж бүртгэлээ, манай хүүхэд хичээлдээ очсон гэж загнасан хөгжилтэй явдал ч гарч байв. Бүртгэлийг нь бид биш, ангийн багш нь хийдэг юм аа гэж тайлбарлаж өгдөг байлаа. Энэ мэтээр хүмүүс манай аппликэйшнийг татаж авч чадахгүй, ашиглах аргаа олохгүй уурлаж бухимддаг байсан нь тухайн үедээ хэцүү байсан ч одоо бодоход дурсгалтай санагддаг.

Мэдээллийн технологийн салбар хурдтай хөгжиж, энэ өөрчлөлтөд дасан зохицох шаардлага гарч байна. Аппликэйшн хийхэд дэлхийн түвшний бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх шаардлага бидэнд гардаг. Жишээлбэл, монголчууд фэйсбүүк, инстаграм, гүүглийн аппликэйшнүүд, эсвэл дотоодын томоохон үүрэн холбооны компани, банкны аппликэйшнийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Өндөр стандартын аппликэйшн хэрэглэдэг учраас монгол аппликэйшнүүдэд тэд их өндөр хүлээлт тавьдаг. Энэ нь нэг талаас бидэнд хурдан хөгжих боломж, нөгөө талаас хэрэглэгчдийн өндөр хэрэгцээ, шаардлагад нийцэж ажиллах сорилт болж байгаа юм.
eSchool платформыг маш олон эцэг эх, сурагч, багш ашиглаж байна. Тэднээс сонссон хамгийн дурсамжтай талархал, сэтгэгдэл юу байсан бэ?
Бидэнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн хоёр жишээ санаанд орж байна. Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг эмэгтэй нэг өдөр манай ажлын утас руу залгаад “танай хамт олон, залуучуудад баяр хүргэе, та нар буянтай сайхан ажил хийж байна, үүнийгээ үргэлжлүүлээрэй” гэж урам өгч байлаа. Уг эмэгтэйн хүүхэд Улаанбаатарт эмээ, өвөөтэйгээ амьдардаг, хүүхдийнхээ хичээл сурлагын талаар өөрөө ерөнхий мэдээлэлтэй байсан юм билээ. Харин манай аппликэйшнийг ашиглаж эхэлснээр хүүхдээ химийн хичээлдээ тааруу дүн авч байгааг мэдээд өөрөө химидээ сайн байсан учраас хүүхдэдээ хичээл зааж, илүү ойр дотно харилцдаг болсон байгаа юм.
Үүнийг сонсоод бид нар зөв зүйл хийж байгаа гэдэгтээ улам их итгэхийн зэрэгцээ тун их баярлаж байлаа.
Түүнчлэн манай аппликэйшн дүнгийн анализийг сайн хийдэг. Өмнө нь дүнгийн дунджийг бодоод тухайн ангийн ахицын ерөнхий мэдээллийг гаргадаг байсан бол манай аппликэйшнийг ашигласнаар хүүхэд нэг бүрийн дүнгийн өөрчлөлтийг харах боломжтой болсон. Үүнтэй холбоотой жишээ хэлэхэд нэг ангийг нь сайн, нөгөөг нь тааруу гэх ойлголт нэгэн сургуульд бий болоод байсан аж. Гэтэл үнэн хэрэгтээ муу гэж ойлгогдож байсан ангийн хүүхэд нэг бүр бага багаар дүнгээ ахиулж байсан бол харин нөгөө ангид нь ийм жигд ахиц гараагүй, сайн сурлагатай цөөн хүүхдийнхээ ачаар илүү үнэлгээтэй байсан нь тодорхой болсон.
“Ажилдаа шантарч байтал танай аппликэйшнээс үнэлгээгээ хараад их баярлалаа, мөн сургалтын менежер намайг дуудаж сайшаалаа” гээд тэрхүү багш баярлаад ярьж байлаа. Нэмж хэлэхэд, гэрийн даалгаврын дүнг олон багшаас зэрэг авдаг болсноор хичээлээ хийдэггүй, сахилгагүй хүүхдүүдийн ээж аав нар хүүхдээ санаан зоргоор өмөөрөх явдал эрс багасаж, харин ч хүүхдийнхээ хичээл, даалгаврыг нь хийлгэхэд илүүтэй анхаардаг, багш болон сургуулийн удирдлагатай маргалдахаа больж, хамтран ажиллаж байгаа маш олон жишээ бий. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сурлага, хүмүүжилд гүйцэтгэх эцэг эхийн оролцоо тэр хэрээр нэмэгдсэн.
Мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүд ажиллахад юу саад болж байна гэж боддог вэ?
Мэдээллийн технологийн салбарт эмэгтэй боловсон хүчин цөөн байдаг нь үнэн. Бүр дунд сургуулиас л энэ чиглэлийн хичээл, олимпиадын бэлтгэлд ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд суралцдаг, эрэгтэй багштай гэх зэргээр эрчүүд давамгайлсан орчин байдаг. Магадгүй үүнээс шалтгаалаад эмэгтэйчүүд уг салбарт тууштай ажиллахгүй байгаа болов уу. Миний ажигласнаар энэ салбарт хүйсийн харьцаа 20 болон 80 хувь байна. Би эрчүүдтэй харьцангуй сайн ойлголцож чаддаг, эршүүд учраас салбартаа олон жил ажиллаж байгаа гэж боддог. Эрчүүдтэй ойлголцож ажиллахад хардскиллийн бус софтскиллийн ялгаа мөн их нөлөөлдөг. Зан характерийн ялгаа ажиглагддаг гэсэн үг.
Мэдээллийн технологийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд салбартаа ямар давуу талыг бий болгодог вэ?
Эрэгтэй болон эмэгтэй удирдлагууд мэдээж ялгаатай арга барилаар ажилладаг. Эрэгтэй захирлууд аливааг том зургаар харж, алсын хараатай ажиллаж чаддаг бол эмэгтэй захирлууд холын болон ойрын зургаа адилхан харж чаддаг гэж боддог юм. Хамгийн гол нь мэдээллийн технологийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг соргог анзаардаг, аппликэйшний жижиг товч дээр хүртэл ач холбогдол өгч оновчтой шийдэл гаргадаг. Энэ давуу талынхаа ачаар алдаа багатай аппликэйшн, систем бүтээдэг гэж анзаарагддаг.
Харин эрэгтэй инженерүүдийн хийсэн систем том зургаараа гоё байдаг ч хэрэглэгчийн туршлага, өдөр тутмын хэрэглээ тал дээр бага зэрэг хатуу, хөшүүн байдаг болов уу.
Мөн олон зүйлийг зэрэг амжуулдаг эмэгтэйчүүдийн төрөлх чадвар ч тасралтгүй өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн салбарт давуу тал болж байгаа гэж боддог.
Гэр бүлээ, бизнесээ нэгэн зэрэг авч явах том сорилт эмэгтэй захирлуудад тулгардаг. Та ажил, хувийн амьдралаа хэрхэн зохицуулж, тэнцвэржүүлж байна вэ?
Өмнө нь ажилдаа анхаараад гэр бүлээ орхигдуулах үе байсан. Харин нөхцөл байдлаа хамт ажиллагчид, эсвэл гэр бүлдээ тодорхой, илэн далангүй хэлэх хэрэгтэй гэдгийг түүнээс хойш би маш сайн ойлгосон. Жишээлбэл, яаралтай ажил гарвал ойрын хугацаанд хангалттай анхаарч, хамт тоглож чадахгүй, ажлаа дуусгасны дараа хүсэж байгаа зүйлийг нь хамтдаа хийх боломжтой гэдгийг би хүүхдүүддээ ойлгуулж хэлдэг.
Ажил дээр ч мөн адил, зөвхөн энэ өдөр, цагуудад оффистоо ажиллана, хэрэв уулзаж ярилцах бол хүсэлтээ явуулаарай гэдэг. Компанийн удирдлага ажилтнаа бүрэн гүйцэд сонсоогүй нөхцөлд тухайн зүйлийг бүрэн шийдэж чаддаггүй, улмаар ажил цалгардах эрсдэл үүсдэг гэдгийг би туршлагаасаа ойлгосон. Тийм учраас аль болох уулзаж ярилцах, асуудлыг нь бүрэн ойлгосны үндсэн дээр шийдвэр гаргахыг хичээдэг. Энэ арга тун үр дүнтэй байдаг юм. Түүнээс гадна хүүхдээ өсгөх, ажлаа хийх хоёрын хоорондох тэнцвэрийг алдахгүйн тулд эмэгтэй удирдлагад сахилга бат их хэрэгтэй юм шиг санагддаг. Ажлаа тогтсон цаг хугацаанд чанартай хийж, өөрийгөө бүрэн гүйцэд дайчлах хэрэгтэй. Гэртээ байхдаа ажлаа, ажил дээрээ гэр орны ажлаа бодоод байвал их хэцүү. Тиймээс гэртээ байхдаа гэр бүлийнхэндээ, ажил дээрээ зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулахыг хичээдэг.
Та компаниа ямар арга барилаар удирддаг вэ?
Мэдээллийн системийн менежмент мэргэжилтэй болохоор компанийнхаа үйл ажиллагааг процесс суурьтай явуулахыг зорьдог. Төслийн менежерээр ажиллаж байхдаа системийн шинжилгээ, бизнес процессын анализ байнга хийдэг байсан. Тийм учраас манай компани ямарваа асуудлыг тогтсон шат дараалал, арга хэмжээний дагуу шийдэж чаддаг гэж боддог. Энэ хүрээнд бид ISO 9001, ISO 27001 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнээс гадна ажилтнуудынхаа ажиллах процессыг аль болох ойлгомжтой байлгахыг би хичээдэг. Өөрөөр хэлбэл, ямар ажлыг ямар хугацаанд хийж ямар үр дүнд хүрэх, тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх нь манай компанид тодорхой байдаг. Үүний үр дүнд ажилтнууд маань өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болсон.

Нэмж дурдахад, өдөржин ажилласан ч юуг ч шийдэхгүй байх нь маш эрсдэлтэй. Ялангуяа захирлууд оновчтой, тодорхой шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Тийм учраас би эс үйлдэхүйгээс үүдсэн хохирол гаргахгүй байхыг тун их хичээдэг. Хэрэв удирдлага нь эргэлзэж тээнэгэлзэх юм бол хамт ажиллагсдадаа ойлгомжгүй байдал үүсгэж, компани дороо хий эргэх эрсдэл үүснэ. Манай компани стартап шинжтэй учраас шийдвэрээ шуурхай гаргах шаардлага их байдаг.
Надад өмнө гаргасан зарим шийдвэрээ эргэж хараад айх, арай л зоримог шийдвэр гаргажээ гэж бодох үе байдаг. Гэхдээ ажлаа дуусгаад, тэрхүү шийдвэрийнхээ үр дүнг харах сайхан байдаг.
Та захирлын хувьд ажилтнууддаа ямар шаардлага тавьдаг вэ? Хүний нөөцийн бодлогодоо эн тэргүүнд анхаардаг зүйл юу вэ?
Ажлаа сайн хийх тусам нийгэмд эерэг сайн нөлөө бий болгож байгаа гэдгээ манай ажилтнууд сайн мэддэг. Бид бол үнэт зүйлээрээ нэгдсэн хамт олон. Тийм учраас ажлаа сайн хийе, энэ аппликэйшнийг гоё болгоё гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байдаг. Энэ нь манай компанийн хувьд хүний нөөцөө тогтоон барих, бусад компанитай хамтран ажиллахад нөлөөлдөг гол хүчин зүйл гэж боддог юм. Манай компани өнгөрсөн жилээс 13 дахь сарын цалин өгч эхэлсэн.
Гэхдээ захирал нь урамшуулахаас илүүтэй хийж байгаа ажлын маань үр дүн ажилтнуудыг маань хамгийн их урамшуулдаг гэж боддог. Өнөөдөр eSchool боловсролын салбарын хамгийн олон татан авалттай аппликэйшн болсон. Бүтээгдэхүүнийг маань олон сургууль, багш, эцэг эх хэрэглэж байна. Үүндээ бид урамшиж, хийж буй ажлаасаа кайф авч байна даа.
Монголд аливаа бизнесийг хөл дээр нь босгоход, ялангуяа боловсролын салбарт технологийн компанийг амжилттай ажиллуулахад ямар сорилтууд тулгарч байна вэ?
Бизнес эрхлэхэд мэдээж шантрах, хэцүү санагдах үе бий. Нойргүйдэх ч тохиолдол гарна. Шантарсан үедээ компанийн ажилтан болж, стрессгүй ажиллах юмсан гэж бодогдоно. Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй хамгийн нийтлэг асуудал нь хүний нөөцийн чадавх гэж бодож байна. 10 хүнийг ажлын ярилцлагад урихад 3-4 хүн л ирдэг. Арайхийж ажилд авсан хүн маань мэйл бичих, үг үсгийн алдаагүй хурдан бичих зэрэг наад захын ур чадвараар дутмаг байдаг.
Шинэ ажилтныг сургахад ур чадвараас нь хамаарч 6-12 сар зарцуулж байна. Гэтэл ингэж сургаж авсан ажилтныг маань өөр компани авах, эсвэл миний хийх ажил биш гээд ажлаас гарах явдал бий. Ийм асуудал бүх л захиралд тулгарч байгаа болов уу. Харин бизнесийн орчныг эерэг талаас нь харвал манайд шийдвэрлэх ёстой маш олон асуудал байна. Тэр хэрээр боломж байгаа гэсэн үг. Хувь хүний онцлогоос болдог байх, би хүнд сорилт, асуудлыг давж гарч түүнээсээ кайф авдаг. Үүндээ урамшаад бизнесээ өдий хүртэл авч яваа болов уу. Хэрэв ингэж урам авдаггүй байсан бол их эрт бууж өгөх байсан биз ээ.
“Дижитал Эдү Менежмент” компанийн цаашдын зорилго юу вэ?
Өмнө дурдсанчлан цахим хичээл, контентод түлхүү анхаарна. Тухайлбал, RN компани шалгалтын асуулт, даалгавар бэлтгэдэг хиймэл оюун бүтээж математикийн сургалтдаа ашиглаж байна. Бид тус компанитай хамтарч, 10 мянган асуулт, даалгаврыг платформдоо оруулсан. Эдгээрийг хүүхдүүд бодохоос гадна шалгалтын асуулт боловсруулахад зарцуулдаг маш их хугацааг багш нар хэмнэх боломжтой боллоо.
Боловсролын салбарын асуудлыг бид ихэвчлэн Улаанбаатар хотын хэмжээнд авч үзэх хандлагатай байдаг. Гэтэл аймаг, сум, багийн сургуульд ч өөр өөрийн асуудал, зовлон бий. Манай аппликэйшнийг 17-18 хүүхэдтэй багийн сургууль бас ашиглаж байна. Багийн сургуульд багш олдохгүй учраас сургалтын чанар буурах зэрэг асуудал гардаг. Сурагчид багаас сум руу, сумаас аймаг, аймгаас хот, хотын захаас хотын төв рүү шилжин суралцах үзэгдэл маш хүчтэй ажиглагдаж байна.
Тиймээс багийн сургуульд сурч байгаа хүүхдэд ч аймаг, хотын төвийн сургуулийн багшийн заасан хичээлийг үзэх боломжийг зайнаас олгохыг манай компани хичээж байгаа юм.
Нэг жишээ дурдахад, мэдээллийн технологийн багш дутагдалтай учраас маш олон хүүхэд энэ салбарын талаар ойлголт, мэдээлэлгүй байна. Үүнээс шалтгаалаад мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй хүүхэд цөөхөн. Харин eSchool-ийн хичээлийг үзээд программ хангамжийн инженер болохоор шийдсэн гэж хэлэх залуус гарч ирвэл бидний ажлын утга учир, зорилго биелнэ гэж би боддог.