РЕТ хуванцар нь ердөө хоёр молекул буюу моноэтилингликол (MEG), терефталийн хүчлээс (TPA) бүрддэг. Тун энгийн бүтэцтэй уг түүхий эд өдгөө дэлхий даяар хамгийн их ашиглагддаг, мөн үүнийхээ зэрэгцээ хамгийн их хаягддаг хуванцар болжээ. Энэ хоёр молекулын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлдэг нөлөө улам ихэссээр.
3.8 тэрбум тонн
Дэлхийн банкны тооцооллоос үзвэл дэлхий нийт 2020 онд ойролцоогоор 2.24 тэрбум, 2023 онд 2.3 тэрбум метр тонн хатуу хог хаягдал “үйлдвэрлэсэн” бол энэ тоо 2050 онд 3.8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Тэр дундаа, та бидний өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг ажлын байр нь хог хаягдлын нэгэн томоохон эх үүсвэр болдог. Зөвхөн оролцогч талуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд энэ чиглэлд ахиц гаргах боломжтой юм. Оролцогч талууд гэдэгт хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, оффис түрээслүүлэгч, түрээслэгчид, үл хөдлөх хөрөнгийн менежментийн компани, ажилтан, хог тээврийн компани, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр гэсэн сунайсан урт гинжин хэлхээ багтана. Энэ хэрээр оффисуудад хуванцар хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах процесс нь Монголд төдийгүй олон улсад сорилт болсоор ирсэн.
Гэхдээ адармаатай, хэцүү гээд барьж авахаас үл зүрхшээж, харин ч байгаль орчин, нийгэмдээ ээлтэй, эрүүл цэвэр орчинд нэг ч гэсэн байгууллага үйл ажиллагаа явуулаасай гэж хичээж буй сайн жишээ манай улсад бий. Хогийн цэгт очиж, газарт булагдаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх байсан их хэмжээний хуванцар сав тэдний хичээл зүтгэлийн үр дүнд дахин боловсруулалтад орохоос гадна хувцас, гутал, хивс, дулаалгын материал, гар утасны кэйс, хуванцар сав, малгай зэрэг бүтээгдэхүүн болж “дахин төрөхөөр” экспортод гарч эхэлжээ.
“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ-”Кока Кола” компани хариуцлагатай үйлдвэрлэгч байх, бүтээгдэхүүний хуванцар савлагааг дахин боловсруулдаг болох уриалгыг 2018 онд дэвшүүлсэн юм. Тодруулбал, 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх саваа 100 хувь цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилго тавьсан. “М-Си-Эс Кока Кола” компани энэ санаачилгад 2022 оноос нэгдэж, СӨХ, оффис, үзвэр, үйлчилгээний газруудад хандсан ажлуудыг идэвхтэй хийж байна. Гэхдээ үйлдвэрлэгч компани хэдий хичээж байгаа ч бодит байдал дээр оролцогч бүх талын хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг бидний туршлага харуулж байна. Учир нь хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулсан нөхцөлд л хог хаягдлын менежмент бүрэн гүйцэд хэрэгжиж, тэр хэрээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрддэг. [OEE2]Ангилж хаяснаар ландфиллд булж устгах хог хаягдлын хэмжээ нь материал, улсаасаа хамаарч 80 хувиар багасдаг статистик бий. Том зургаар нь харвал банк, санхүүгийн байгууллагууд тухайн аж ахуйн нэгжийн БОНЗ үнэлгээнд үндэслэж зээл олгож байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад ч тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны үзүүлэлтийг шалгуур болгодог олон улсын жишиг бий. Энэ утгаараа хогоо ангилан цуглуулж, тушаах нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн олон талын ач холбогдолтой юм. Тийм болохоор танай оффис, СӨХ манай аянд нэгдээгүй бол хуванцраа цуглуулж, нэгдэхийг уриалаарай. |
“Шангри-Ла Улаанбаатар” компанийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Д.Дэлгэрсайхан-”М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилсан “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажилд манай компани хөрөнгийн менежментийг нь хариуцаж ажилладаг Central Tower 2024 оны наймдугаар сараас, Shangri-La Centre Ulaanbaatar энэ оны хоёрдугаар сараас нэгдсэн. Ингэснээр барилгаас гарч байгаа хог хаягдлын хэмжээ ихээхэн буурч байна. Түрээслэгчид маань цаашид хог хаягдлаа ангилж, хаях дадлаа хэвшүүлвэл улам буурна гэж бодож байгаа.
|
Оффисууд яагаад түүчээлэх ёстой вэ?
Хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж буй байгууллагын нэг бол Central Tower, Shangri-La Centre Ulaanbaatar-ийн үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцдаг “Шангри-Ла Улаанбаатар” компани юм. Тэд “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн санаачилсан “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажилд нэгдсэнээр зөвхөн Central Tower-аас гэхэд 279 кг хуванцар сав, 65 кг лаазыг цуглуулж, ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт тушаажээ. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой ч үүний тулд хогийг ангилан цуглуулах дадлыг түрээслүүлэгчдэдээ суулгах шаардлагатай тухай “Шангри-Ла Улаанбаатар” компанийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Д.Дэлгэрсайхан өгүүлж байв.
“М-Си-Эс Кока-Кола” компани нийт 70 гаруй оффистой хаягдал хуванцар худалдаж авах гэрээтэй ажиллаж байна. Гэхдээ өнгөрсөн онд нийт хаягдал хуванцрын дөнгөж 15 хувийг оффисоос цуглуулжээ. Шалтгаан нь тухайн оффисын хөрөнгийн менежмент хариуцсан компани хангалттай сайн ажилладаггүй, нэгдсэн хогийн цэггүй, тогтмол ачилт хийдэггүй, энэ талын ухамсар, дадал хүмүүст бүрэн суугаагүй зэрэг багтаж байна. Цаашид аянд хамрагдах оффисуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор тус компани төрөл бүрийн санаачилга гаргаж ажиллаж байна. Тухайлбал, М-Си Эс группийн охин компаниудын дунд хог хаягдын менежентийг нь сайжруулах, компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс үүсэж буй хогийг цуглуулах, дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэх, үүнийг урамшуулах зорилгоор уралдаан зарлажээ. Улаанбаатар хотод нийт 2.27 сая м.кв талбай бүхий оффис бий. Оффисын талбайн үнэ цаашид тогтвортой өсөх хандлагатай байгаа учир шинэ төслүүд ашиглалтад орох, өндөр зэрэглэлийн оффисын эрэлт хадгалагдах нь тодорхой гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна. Тийм учраас энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэгчид хог хаягдлын менежментдээ анхаарсан, тогтвортой хөгжилд тэмүүлсэн, нийгэмдээ ээлтэй байхын тулд оролцогч талуудтай нягт хамтран ажиллах цаг иржээ. Хог хаягдлын нэгдсэн цэгтэй болох, хогийг ангилан хогийн саванд хаях зэрэг наад захын боломжийг бүрдүүлснээр төслийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм.
Хуванцар хог хаягдлын зөв менежмент нь өөр үнэ цэнийг ч бий болгох боломжтой талаар өмнө цухас дурдсан. Тодруулбал, “Ти Эм Эл” үйлдвэр дахин боловсруулсан хуванцар савыг мөхлөг болгон Узбекистан, Казахстан, Хятад улс руу экспортолж, түүгээр нь төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Удахгүй тус компани үйлдвэрлэлээ нэг шат ахиулж, хүнсний зориулалттай хуванцар савыг эх орондоо үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хогийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргаж буй уг үйл хэрэгт тус үйлдвэр болон “М-Си-Эс Кока-Кола” компани бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.
Хуванцрыг хаявал хог ангилбал хэрэглээ
Оффист хуванцар хог хаягдлыг ангилан хаяхдаа шошгыг авч, шингэний үлдэгдэлгүй болгон эзэлхүүнийг багасгаад зориулалтын саванд хийнэ. Зураг дээр Unitel группийн Centrel Tower оффисыг харуулав.
Оффисууд ангилсан хогийг хаях төвлөрсөн цэгтэй болох нь хог хаягдын зөв менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх нэг арга юм. Зураг дээр Central Tower-ийн төвлөрсөн хогийн цэгийг харуулав.
Ангилсан хуванцар хог хаягдлыг Ти Эм Эл Пластик ХХК өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг бөгөөд нэг кг хаягдлыг тодорхой төлбөрөөр үнэлж худалдан авдаг юм.
Хуванцар хог хаягдлыг Ти Эм Эл Пластик үйлдвэрт хүргэнэ. Тус үйлдвэр нь европ технологиор шингэн хүнсний хуванцар савыг дахин боловсруулж, олон улсын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй түүхий эдийг бэлтгэдэг.