Өнгөрөгч 2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наядад хүрч, 2023 оноос хоёр дахин нэмэгджээ. Үүнээс 58 орчим хувь нь компанийн бонд, 23 орчим хувь нь хувьцаа, 13 хувь нь хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувь нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа байжээ. Энэ нь хэдэн жилийн өмнөхийг бодвол хөрөнгийн зах зээл, ялангуяа компанийн бондын арилжаа тэлснийг харуулж байна.
Монголд анхны бондын арилжаа 1996 онд болж, Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргаж байсан бол анхны компанийн бондыг Барилга корпорациас “Шинэ зуун” нэртэй гаргаж байжээ. Түүнээс хойш бондын нэр төрөл, санхүүжилтын хэмжээ, тоо ширхэг нэмэгдэн ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондуудаар дамжуулан санхүүжилт татдаг болсон байна.
Гэвч компаниуд бонд босгон татаж буй санхүүжилтын хэмжээ нь банкнаас олгож буй зээлтэй харьцуулахад тун бага үзүүлэлт юм. 2024 оны эцсийн дүнгээр банкны систем дэх бизнесийн зээлийн үлдэгдэл 23.8 их наяд төгрөг байгаа бол компаниудын бондоор татсан санхүүжилт 913 орчим тэрбум төгрөг байна.
Тиймээс үндэсний томоохон компаниуд хөрөнгийн зах зээл рүү орж ирэхэд таатай нөхцөлийг бий болгох шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбоотой УИХ-аас санаачилж “Бонд форум-2025” арга хэмжээг зохион байгуулав.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын мэдээлснээр СЗХ-ноос компаниуд зээл авч биш, бонд босгож хөрөнгө оруулалт татах бололцоог бүрдүүлэхийн тулд богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлсэн байна.
Форумын зарим оролцогчидтой товчхон ярилцсаныг хүргэе.
“Ulzii&Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
ТОП -100 ААН хөрөнгийн зах зээлд орж ирэхэд гол хөшүүрэг нь юу байх ёстой вэ?
Компаниуд бонд босгож хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт хүүгийн түвшин, хоёрдугаарт, хугацаа байдаг. Дунд болон урт хугацаандаа хөрөнгө оруулалт татах боломжтой юу гэдэг асуулт бий.
Банкны зээлийн хүүтэй өрсөлдөхүйц хүүгийн түвшинтэй, хугацааны хувьд хангалттай байх бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээл дээр гаргах нөхцөл бүрдвэл дотоодын ААН-үүд орж ирнэ. Боломжууд байна уу гэвэл байна. Хамгийн гол нь, бонд худалдан авч байгаа хөрөнгө оруулагчдыг татвараар нь дэмжих ёстой. Өнөөдөр нээлттэй бонд дээр хүүгийн орлогын татвар 5 хувь, хаалттай бондынх 10 хувь байгааг бууруулж болно.
Мөн бонд авсан хэмжээгээр ХАОАТ-аас чөлөөлөх арга зам ч байж болно. Иймэрхүү жишиг олон улсад бий. Жишээ нь, Японы NISA (Nippon individual savings account) хэмээх хөтөлбөрийн дагуу жирийн иргэд хөрөнгийн зах зээлд орвол татвараас чөлөөлдөг.
Хөгжингүй оронд хүртэл хөрөнгийн зах зээлээ ингэж дэмжиж байхад манайд тийм зүйл одоогоор алга. Бид хуримталдаг биш, хэрэглэдэг л, мөнгөө үрдэг л ард түмэн болоод байна. Засгийн газар ч мөн адил. Нүүрснээсээ жаахан мөнгө олохоороо тараагаад өгчихдөг, энэ нь инфляцаа өдөөдөг, төгрөгийнхөө ханшийг унагаадаг. Одоо бид хуримталж сурах цаг болсон. Үүний тулд хөрөнгийн зах зээлээ татварын бодлогоор дэмжих шаардлагатай.
Саяхан найман жил завсарласны дараа Засгийн газрын бонд арилжааллаа. Хэдийгээр зарим хүн Засгийн газар ахиж бонд гаргалаа гэж шүүмжилж байгаа ч миний харж байгаагаар энэ удаагийн төгрөгийн бонд бол дотоодын үнэт цаасны зах зээлийг дэмжих, жишиг суурь хүү тогтооход эергээр нөлөөлж байна. Хэмжээний хувьд ч тийм их биш, ердөө 10 тэрбумын бонд гаргасан бөгөөд хагас жилийнх нь 9 гаруй хувьтай, хоёр жилийнх нь 10.44 хувьтай тогтсон.
Ингэснээр дотоодын ААН-үүд бонд гаргахад жишиг суурь хүүтэй боллоо. Өмнө нь ийм жишиг хүү байдаггүй байсан учраас ХБҮЦ гаргахдаа компаниуд Монголбанкны бодлогын хүүг сууриа болгодог байсан. Гэвч бодлогын хүүгийн зорилго өөр шүү дээ.
Цаашдаа Засгийн газар таван жил, бүр 10 жилийн хугацаатай бонд гаргаасай гэж бодож байна. Тэгвэл банкнууд ч гэсэн Засгийн газрын бондын жишиг хүү, өгөөжийн муруйгаас баримжаа авч урт хугацаатай зээл гаргах сонирхолтой болно.
Засгийн газар гадаадад ам.доллароор бонд гаргаад ханшнаас их алдагдал хүлээдэг. Харин дотооддоо төгрөгийн бонд гаргаад гадны хөрөнгө оруулагчид түүнд нь хөрөнгө оруулж байх учиртай.
Түүнчлэн төгрөгийн бонд нь Засгийн газрын ажлыг үнэлэх нэг хэмжүүр болно. Сайн ажиллавал бонд худалдан авах сонирхол нэмэгдэнэ, муу ажиллавал зарах сонирхол ихсэж, Засгийн газар ч хамаагүй попорч болохгүй гэдгээ мэдэрнэ.
Дотоодын ААН-үүдийн гаргаж буй бондуудыг харахаар голдуу ББСБ-уудын бондууд давамгайлдаг. Энэ юуг хэлээд байгаа гэсэн үг вэ?
Үнэт цаас гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэх нь манай компаниудын хувьд харьцангуй шинэ зүйл. Мэдээллийн хүртээмж муу, мөн шалгуурыг давахгүй байна. Тиймээс санхүүгийн сахилга бат сайтай, мөнгөн урсгалаа тооцож чаддаг, бизнес төлөвлөгөө, засаглал нь илүү оновчтой гэдгээрээ санхүүгийн байгууллагуудад илүү боломж байгаа юм. Банкнуудыг харсан ч тэд л гаднын зах зээлээс хөрөнгө оруулалт татаж чадаж байна.
Харин өөр салбарын компаниудыг энэ зах зээлд оруулж ирэхийн тулд манайх шиг үнэт цаасны компаниудын хувьд үндэсний компаниудтайгаа тулж ажиллан, сургаж бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Г.Энхбат
Бондын зах зээлийг бид голдуу нийлүүлэлт талаас нь яриад байдаг. Харин одоо хөрөнгө оруулагч буюу эрэлт талаас нь ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дотоодын ААН-үүдэд бондоор санхүүжилт татах сонирхлыг яаж бий болгох вэ гэдэг асуудал.
ТОП-100 ААН-үүдийн бондыг худалдаж авах боломжтой хөрөнгө оруулагчид бол юун түрүүнд арилжааны банкнууд. Өөрөөр хэлбэл, үндэсний том компаниуд үнэт цаас гаргаад, харин арилжааны банкнууд маань зээл олгохын оронд том компаниудынхаа үнэт цаасыг худалдаж авдаг зах зээл бий болох ёстой. Үүний тулд Банкны тухай хуульд байдаг зарим хязгаарлалт дээр бодлого тодорхойлогчид, Монголбанк уян хатан хандах хэрэгтэй гэж бодож байна.
Мөн үнэт цаасанд хөрөнгө оруулагчдыг татвараар дэмжиж, татварыг тэглэх хэрэгтэй. Тэгвэл арилжааны банканд жилийн 12 хувийн хүүтэй мөнгөө хадгалуулдаг хадгаламж эзэмшигчид маань 15 хувийн өгөөжтэй ТОП-100 -гийн бондуудыг авдаг болно.
“Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг
Хөрөнгийн зах зээлд хамгийн урт хугацаатай эргэлддэг мөнгө бол Тэтгэврийн сангийн мөнгө. Өнөөдөр 20 эсвэл 30 настай залуу 60-тайдаа тэтгэвэрт гарах хүртэл дунджаар 30 жилийн хугацаатай эх үүсвэр эргэлдэнэ. Тэтгэврийн сангийн мөнгийг хөрөнгийн зах руу оруулахгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжих боломжгүй. Тиймээс тэтгэврийн реформ хийж, тэр сангийн хоёр их наяд төгрөгийн орлогоос багадаа 100-200 тэрбумыг нь хөрөнгийн зах руу оруулах ёстой юм.
Тэтгэврийн сангийн эх үүсвэрийг хөрөнгийн зах руу оруулж, А зэрэглэлийг бондуудыг худалдан авах зэргээр зах зээлээ тэлдэг. Монгол Улс энэ тогтолцоо руу хурдан орох ёстой.