OMG Skin Care брэндийн бүтээгдэхүүн бүр хүнсэнд хэрэглэдэг түүхий эдээс бүтсэн бөгөөд ямар ч хугацаа уртасгагчгүй атлаа үнэрээ удаан хадгалдаг онцлогтой. Мөн “органик” гэх тодотголд бүх талаар нийцэхийг зорин хөрсөнд бордоо болон задардаг гялгар уутаар сав баглаа боодлоо шийджээ. Нэг ёсондоо, импортын бүтээгдэхүүнийг орлох инновац шингэсэн дотоодын брэнд юм.
“Нарны өөдөөс соёолсон
Намуу цэцэг чамайг
Саруул талаас түүгээд
Савангийн үйлдвэрт өгөөд
Хөөстэй саван болгоод
Хөөрхөн нүүрээ угаана даа” хэмээх хэн бүхний мэдэх хүүхдийн шүлэг бий. Уг шүлгийн үүсэл гарал социализмын үед Монгол Улс дотооддоо савангийн үйлдвэр барьж ашиглалтад оруулж байснаас эхтэй. Ингээд анхны үйлдвэрлэсэн савангаа “Намууцэцэг” гэж нэрлээд зогсохгүй онц сурсан сурагчдыг “Намууцэцэг” савангаар шагнаж, айлууд Цагаан сарын бэлгэнд өгдөг байсан хэмээн ярих нь түүх болон үлджээ. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед уг үйлдвэрлэл зогссон юм. Мэдээж хэрэг, үүнийг дагаад импортын чанартай, чанаргүй төрөл бүрийн саван лангуун дээр овоорч, нэг л мэдэхэд бид үйлдвэрлэгч бус хэрэглэгч ард түмэн болж хувирсан. Харин өнөөдөр шинэ үеийн хөдөлмөрч залуус дахин Монголынхоо ондоошлыг харуулсан жинхэнэ органик саван, тос гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй. Тэдний тод төлөөлөл бол импортын хамаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, дотооддоо биеийн арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй OMG Skin Care брэндийн хамт олон юм.
Хуваалцах нь туршлагыг улам өнгөлдөг
Биеийн арьс арчилгааны зах зээлд шинэ салхи татуулж, чамгүй хувьсгал хийгээд буй OMG Skin Care брэндийн үүсгэн байгуулагч Н.Ганчимэгийг гэрийнхэн нь “Анагаахын балетын анги төгссөн” хэмээн хошигнодог аж. Учир нь тэрбээр Соёл урлагийн их сургуулийн менежментийн ангийг төгссөн хэдий ч ажлын гараагаа “Монос”, “Ази-Фарма” зэрэг эм, эмнэлгийн компанид ажиллахаас эхлүүлжээ. Тэрбээр тус салбарт ажиллаж байхдаа эм, арьс, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагын талаар гүнзгий мэдлэг өвөртөлсөн аж.Мөн монголчуудын дунд экзем болон арьсны эмгэгтэй өөр шиг нь олон хүн байдгийг мэдэж авчээ. Харшилтай хүмүүс усанд орох бүрд арьс нь улам хуурайшиж, загатнаж, шөнө тайван унтаж ч чадахгүй үе бишгүй тохиолддогийг Н.Ганчимэг сайн мэднэ. Яагаад гэвэл манай улсын крантнаас урсаж буй усны хатуулаг их, хлорын агууламж өндөр байдаг. Энэ нь арьсны давхаргыг гэмтээж, чийгийг алдагдуулан, арьсыг хэт хуурайшуулах, цочроох, улмаар эмзэгшүүлж, үрэвсэл үүсгэх нөхцөл болдог. Ийм төрлийн усанд тогтмол орох нь экзем, дерматит, арьсны цочрох, хагарах, бүр экссудац (арьсаар шингэн шүүрэх) зэрэг шинж тэмдгийг улам даамжруулах нь бий. Иймээс сониуч зандаа хөтлөгдөн харшилтай хүмүүс хэрхэн харшлаа эдгээж, таагүй мэдрэмжээс татгалзаж болохыг мэдэхийг зорьсон аялал нь Н.Ганчимэгийг органик орц найрлагатай эмчилгээний ванны бөмбөлөг хийхэд хөтөлжээ. Дөнгөж урган гарсан бизнес санаагаа хөгжүүлэхийн тулд Н.Ганчимэг гэртээ бага багаар туршилт хийж, ажлынхаа хажуугаар цаг гарган судалгаа хийж, нэлээд хугацааг зарцуулсаар 2021 онд албан ёсоор компаниа байгуулсан байна. “Би бизнес санаагаа нэг мөр төгс болгочхоод хийнэ гэж хичээсээр байтал зарим брэнд үүсээд хэдийнэ есөн жилийн түүхээ бүтээсэн байлаа. Тиймээс шинэлэг санаа төрмөгц хүлээлгүй шууд эхлэх хэрэгтэйг ойлгосон” хэмээн Н.Ганчимэг бизнест хөл тавьсан дурсамжаа хуваалцсан юм.
Шинэлэг санаа төрмөгц төгс болгох гэж цаг алдалгүй шууд эхэл.
Түүний есөн жилийн хугацаанд бодож, боловсруулж явсан OMG Skin Care брэнд анх үүсэхдээ ванны бөмбөлөг үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө бие арчилгааны тос, гуужуулагч, ванны сүү, хатуу саван, органик лаа зэргийг бүтээгээд байна. Тус брэндийн баг үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг нарийн процессжуулж, хүнээс хамааралтай алдааг бууруулах зорилгоор хагас автомат тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулдаг.Мөн тэдний баримталж буй гол зарчим нь “органик” гэх тодотголд бүх талаар нийцэхийг зорьдогт оршино. Энэ ч утгаараа хөрсөнд бордоо болон задардаг гялгар уутаар сав баглаа боодлоо шийдэж, байгаль болоод хүнд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Ийнхүү OMG Skin Care брэндийг амжилттай хөгжүүлж буй Н.Ганчимэг бизнес эрхлэх хугацаандаа олж мэдсэн туршлагаа бусадтайгаа хуваалцахыг зорьжээ. Ингэхдээ гэртээ ванны бөмбөлөг хийж буй ч хэрхэн өргөжүүлэхээ мэдэхгүй “гацсан” хүмүүст зориулсан тусгай сургалт явуулахаар шийдсэн байна.
Гэртээ ванны бөмбөлөг хийж буй ч хэрхэн брэнд бүтээхээ мэдэхгүй “гацсан” хувиараа бизнес эрхлэгчдэд зориулан онол, практик хосолсон тусгай сургалт явуулахаар төлөвлөжээ.
Тэрбээр хувиараа бизнес эрхлэгчид тохиолдож болох ихэнх асуудлыг өөрөө туулсан учраас хурдан бөгөөд зөв аргаар урагшлах аргачлалыг заахаар төлөвлөжээ. Тухайлбал, уг сургалтаар ванны бөмбөлгийг чанартай, нягтаршил сайтай хийх, брэндээ хөгжүүлэх, шошго хийх, баглаа боодол дээр ажиллах гэх мэт шинэ брэнд үүсгэхэд зайлшгүй шаардагдах ур чадварыг онол, практикийг хослуулан заахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Үнэрээ алддаггүй органик шийдэл
OMG Skin Care брэндийн ванны бөмбөлгийн харагдах байдал, хэлбэр дүрс нь хүний анхаарал татахуйц өхөөрдөм, содон өнгө төрхтэй байдгаараа бусдаас эрс ялгардаг. Учир нь хүмүүс ванны бөмбөлгийг ихэвчлэн уламжлалт маягаар, бөмбөлөг хэлбэрээр төсөөлдөг. Харин OMG Skin Care брэндийн өхөөрдөм “бөмбөлгүүд” хүмүүст “bath bomb” буюу усанд тэсэрч, уусдаг гэх жинхэнэ утгыг өгөхөөр бүтээгджээ. Тодруулбал, муур, одой морь (пони), туулай гэх мэт амьтны дүрстэй бөгөөд деталь бүрд анхаардаг тул барихад гар зүсэхгүй, өө сэвгүй, таатай мэдрэмж төрүүлдэг.OMG Skin Care брэнд органик, хэрэглэхэд таатай, харц булаам гэх үгсээр тодорхойлогдоно. Тэр дундаа, органик гэх тодотгол зүгээр нэг маркетингт зориулсан нэршил бус харин OMG Skin Care брэндийн баримталж буй гол философи юм. Уг брэндийн бүх бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэдэг, хүний биед хор хөнөөлгүй, цэвэр байгалийн гаралтай, эрүүл орц найрлагаас бүрддэг. Тухайлбал, лимоны хүчил, сода, жамц давс, кокосын тос, чацарганын тос, амин тос (essential oil) зэргийг нэрлэж болно. Ялангуяа эдгээрээс амин тосны үнэр таван секундийн дотор хүний тархинд хүрч үйлчилдэг. Жишээлбэл, хүүхэд уйлагнах үед лаванда цэцгийн хандтай ванны бөмбөлөгт оруулахад тайвширч, гүн нойрсоход нөлөөлдөг аж.
OMG Skin Care брэндийн ванны бөмбөлгийн харагдах байдал, хэлбэр дүрс нь хүний анхаарал татахуйц өхөөрдөм, содон өнгө төрхтэй байдгаараа бусдаас эрс ялгардаг.
Тус брэндийн ванны бөмбөлгийн хамгийн гол онцлог нь байгалийн гаралтай бөгөөд үнэрээ алддаггүйд оршино. Зах зээл дэх дийлэнх гоо сайхны бүтээгдэхүүнд удаан хадгалах зориулалттай сульфат, парабен зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис агуулагддаг. Харин OMG Skin Care үүнийг эвдэж, хорт нэгдлүүд агуулаагүй хэрнээ үнэрээ удаан хадгалах бүтээгдэхүүнийг бүтээжээ. Түүхий эдийн чанар бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлдөг учраас үүсгэн байгуулагч Н.Ганчимэг энэ тухайд онцгойлон анхаардаг. Тийм ч учраас Америк, Орос, Хятад зэрэг улсаас хамгийн сайн чанарын түүхий эдийг татан авч хэрэглэдэг аж. Үүний үр дүнд, усанд орсны дараа ч арьс чийглэг хэвээр үлдэж, тэр дундаа, харшилтай хүмүүс загатнах, маажих асуудлаасаа салж, шөнөдөө тайван, тухтай унтаж чаддаг болсон зэрэг эерэг сэтгэгдлийг хэрэглэгчдээсээ тогтмол хүлээн авах болжээ.OMG Skin Care брэндийн бүтээгдэхүүнийг гурван сартайгаас эхлээд бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа тогтмол бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид, хүүхдүүд, булчин чангаралтай хүмүүс хөлсөөрөө алдсан эрдсээ нөхөх зорилгоор хэрэглэхэд бүр ч тохиромжтой гэдгийг онцолж байв.
Монгол хүний арьсны онцлог, амьдралын хэв маяг, эх газрын эрс тэс уур амьсгалд нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг OMG Skin Care брэнд ванны бөмбөлгийг ашиглахын ач тусыг таниулж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор өдрөөс өдөрт улам боловсронгуй болон зах зээлээ тэлж байна. Цаашид тэд Монголын өв соёл шингэсэн өвөрмөц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортод гаргахаар төлөвлөж, судалгааны ажилдаа ханцуй шамлан оржээ.