Эх сурвалж: Omniscien Technologies компанийн технологи хариуцсан захирал Дион Виггинс
2024 онд хиймэл оюунтай хамааралтай 300510 патент БНХАУ-д бүртгэгдсэн бол энэ хугацаанд АНУ ердөө 67773 патент авчээ. БНХАУ нь хиймэл оюун, инновац, машин сургалтын салбарт дэлхийд тэргүүлэгч гүрэн болсныг эл тоон үзүүлэлт харуулж байгаа юм. Хэдхэн жилийн өмнө АНУ, Барууны технологийн компаниуд инновац, мэдээллийн технологийн салбарт ноёлж, БНХАУ тэдгээрийг дуурайдаг байсан бол одоо эсрэгээр байна. Тус улсын энэхүү үсрэнгүй хөгжлийн нууц нь зөвхөн нэг, хоёр бие даасан стратеги бус харин Засгийн газрын бодлого, компаниудын хүчин чадал, авьяаслаг ажилтнуудыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагаа зэрэг хүчин зүйлээс хамаарсан олон талт, цогц арга барил юм.
БНХАУ-ын хөгжлийн энэхүү загвараас дэлхийн бусад улс ямар туршлага, сургамжийг авч болох талаар товч өгүүлье.
- Инновацыг эдийн засгийн бодлоготой уялдуулсан үндэсний стратеги
Хиймэл оюун, дэвшилтэт технологийг БНХАУ салангид салбар бус харин ирээдүйн эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдлын ноён нуруу гэж үздэг. Хиймэл оюун суурьтай автоматжуулалт, 5G, технологи хөгжүүлэлт зэрэг нь үндэсний дэд бүтэц, худалдаа, засаглалд гүнзгий шингэсэн. Тиймээс хиймэл оюуныг технологийн нэг салбар төдий бус харин стратегийн нэг чухал зорилт гэж үзэх ёстой юм. Улс орныхоо хөгжилд хиймэл оюун хөгжүүлэлтийг оруулаагүй улсуудын өрсөлдөх чадвар ихээхэн буурна гэдгийг тус улсын бодлого тодорхойлогчид эртнээс ойлгожээ.
- Төгс төгөлдөр бус хурд, хэмжээ чухал
Хятадын технологийн томоохон компаниуд эхлээд бүтээ, дараа нь сайжруул загвараар ажилладаг учраас хиймэл оюун суурьтай төрийн үйлчилгээ, мобайл экосистем зэрэг чиглэлд Барууны ижил төрлийн компаниудын урд гишгэж чаджээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ хурдан гаргаад, тухай бүрд нь сайжруулж, шинэчилдэг өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад технологио сайжруулахад хэт их цаг, мөнгө зарцуулдаг компаниуд хоцрогдох аюултай байна.
- Хиймэл оюун бол хэрэглээ төдий бус дэд бүтцийн нэг хэсэг
Хиймэл оюуныг БНХАУ хот төлөвлөлт, санхүүгийн систем, аж үйлдвэрийн автоматжуулалтад тууштай нэгтгэж чадсанаар бэлэн мөнгөгүй нийгэм, ухаалаг хот, өндөр хурдны логистик сүлжээг бүтээжээ. Хиймэл оюуныг зөвхөн масс хэрэглээнээс гадна үндэсний дэд бүтэц, эрүүл мэнд, тээвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэгт нэвтрүүлснээр эдийн засагт өгөх үр өгөөж нь хэд дахин нэмэгддэг байна.

- Геополитик, хардвэр нь хиймэл оюуны салбарт хэн тэргүүлэхийг шийднэ
Хиймэл оюуны салбарт тэргүүлэхийн тулд зөвхөн алгоритм хангалтгүй бөгөөд тэдгээрийг ажиллуулдаг хардвэр ч дутахгүй чухал гэдгийг БНХАУ-ын туршлага харуулдаг. Хагас дамжуулагчийн худалдаанд тавьсан хоригийн улмаас тус улс дотоодын чип үйлдвэрлэлийн салбараа дэмжих, хиймэл оюуны алгоритмын бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангахад ихээхэн анхаарах болсон. Хиймэл оюуны салбарт манлайлахыг хүсэж буй улсууд дотооддоо хагас дамжуулагч үйлдвэрлэдэг байх, гаднын хамаарлаас гарахын тулд аюулгүй, бие даасан ханган нийлүүлэлтийн сүлжээтэй байх ёстойг тус улсын жишээ харуулж байна.
- Өрсөлдөөн инновацыг дэмждэг ч Засгийн газар тоглоомын дүрмийг тогтооно
БНХАУ-ын дотоодын зах зээлд өрсөлдөөн асар ширүүн учраас цахим худалдаа, онлайн төлбөр, хиймэл оюуны модель, мобайл экосистемийн чиглэлийн компаниуд нь инновацыг маш зоригтой, түрэмгий, эрч хүчтэй хийхээс өөр аргагүй болдог. Гэхдээ зогсонги байдлаас сэргийлэх, компаниудын өсөлт хөгжлийг үндэсний тэргүүлэх зорилтуудтай нийцүүлэхийн тулд Засгийн газар нь оролцдог.
Зах зээлд хэт давамгайлал, төвлөрөл үүсэх нь хиймэл оюун, технологийн салбарын инновацыг боомилдог бол хэт их дүрэм журам нь салбарын өсөлтийг удаашруулдаг. Тиймээс олон талт, өрсөлдөөнтэй хиймэл оюуны экосистемийг бүрдүүлэхийн тулд эдгээрийн тэнцвэрийг олох нь тун чухал юм.
- Нээлттэй эх, олон улсын хамтын ажиллагаа чухал
Хэдий геополитикийн саад тотгор байгаа ч БНХАУ-ын компани, судлаачид олон улсын хиймэл оюуны судалгааны салшгүй нэг хэсэг болсон бөгөөд нээлттэй эхийн хиймэл оюуны модель, машин сургалт, улс хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна. Энэ нь олон улсад хиймэл оюуны хөгжүүлэлт нь харилцан хамааралтай гэдгийг нотолж байгаа явдал мөн. Хиймэл оюуны салбарт хийгдэж буй олон улсын судалгаанаас өөрсдийгөө тусгаарласан улсууд нь асар хурдтай хөгжиж буй энэ салбарт ихээхэн хоцрогдох нь гарцаагүй болжээ.
- Дуурайгч бус тэргүүлэгч
Олон жилийн турш даган дуурайгчын “дүр”-д тоглож ирсэн тус улс өдгөө бэлэн бус төлбөр тооцоо, супер апп, ухаалаг дэд бүтэц зэрэг чиглэлд Барууны компаниудаас ч илүү гарсан шийдлийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн технологийн өрсөлдөөн нь хэн хэнийгээ дуурайх бус харин хэн хамгийн хурдан дасан зохицож, шинийг санаачлах вэ болж өөрчлөгджээ.
Өдгөө хиймэл оюун нь зөвхөн инновацын төлөөх өрсөлдөөн бус XXI зуунд аль улс нь илүү эрх мэдэлтэй, илүү хүчирхэг болохын төлөөх тулааны нэг талбар болжээ. Энэ чиглэлд хөрөнгө оруулж, дасан зохицож, хөгжиж чадаагүй улсууд дэлхийн хөгжлөөс хол хоцрох юм. Тийм учраас Суралц, Хөрөнгө оруул, Дасан зохиц, Хамтар, Өрсөлд, Тэргүүл гэсэн сургамжийг БНХАУ-ын хиймэл оюуны салбарын хөгжил улс орнуудад өгч байна.