Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй “Our stories” цувралын анхны дугаартаа бид GTM компанийн гүйцэтгэх захирал, Хүний нөөцийн тэргүүлэх аудитор Ю.Наранцацралтай хүний нөөцийн менежментийн стандарт, талент менежмент болон амжилттай хэрэгжиж буй туршлагуудын талаар ярилцлаа. Ийнхүү уншигч танд түүний ярилцлагыг тоймлон хүргэе.
Монголд хүний нөөцийн салбарын томоохон сорилтуудын нэг нь ажлын зарын чанар, хэмжүүртэй байдал юм. Олон байгууллага ажилд авах зар тавьдаг ч тухайн ажлын байрны үндсэн үүрэг, шаардлагыг тодорхой ойлголттойгоор илэрхийлэхгүйгээс хүний нөөцийн менежерүүдэд хүн сонгоход хүндрэл үүсдэг.
Ажил олгогчид ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргаж, хүний нөөцийн менежертэй зөвлөлдөж, тухайн ажлын байрны гол үүрэг, ур чадварын шаардлагыг тодорхой болгох нь чухал байдаг. Ингэснээр ажил олгогч, ажилтан хоёулаа ойлголцож, илүү үр дүнтэй ажиллах боломжтой болдог. Хүний нөөцийн менежер нь зөвхөн хүнийг сонгох, ажилд авах төдий биш, байгууллагын стратеги, соёл, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр ажилладаг бөгөөд бизнесийн амжилттай шууд уялдаатай байдаг. Үүнд дараах гол ур чадварууд шаардлагатай. Үүнд:
- Стратегийн бодлого боловсруулах чадвар: Байгууллагын алсын хараа, зорилгод нийцсэн хүний нөөцийн бодлого боловсруулах.
- Хүний зан төлөв, ур чадварыг үнэлэх чадвар: Хүн бүрийн онцлог, чадварыг зөв үнэлж, зөв ажилд тохируулах.
- Харилцааны чадвар: Ажилтан, менежерүүдтэй харилцан ойлголцож, багийн уур амьсгалыг сайжруулах.
- Шийдвэр гаргах чадвар: Дотоод болон гадаад нөхцөл байдлыг харгалзан бодлогын шийдвэр гаргах зэрэг чадвар багтдаг.
Мөн тэрбээр хүний нөөцийн менежерийн гол үүрэг нь байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршино гэдгийг онцолсон юм. Уншигч та уг подкастын үргэлжлэлийг эндээс үзнэ үү.