Одоогоос 33 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Мандах их сургууль нь Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль дээд боловсролын салбарын хөгжил дэвшлийг хамт бичилцэж, чанартай боловсон хүчнийг бэлтгэн гаргадгаараа үндэсний хэмжээнд хэдийнэ танигдсан. Түүнчлэн Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001:2015 болон Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн анхдагч их сургууль юм.
Сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн үеэс “Нягтлан бодогч” хэмээх хариуцлагатай мэргэжилтнүүдийг хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирсэн. Харин өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж бүрэлдэхүүн сургуулиудтай болж өргөжөөд буй. Тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн сургууль, Инженер эдийн засгийн сургууль, Мэдээлэл технологийн сургууль, Мандах лицей ахлах сургууль, Ахисан түвшний сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуультай.
“Манай байгууллага шийдвэр гаргалт, бодлого боловсруулах бүх шатандаа судалгаанд суурилсан хандлагыг баримталдаг бөгөөд нийт багш ажилтны 50 гаруй хувь нь судалгааны чиглэлээр мэргэшсэн, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай судлаачид байдаг” хэмээн доктор, профессор Ч.Төрбадрах онцолсон юм.
Өнөө цагийн боловсролын тогтолцоонд сургалтын хөтөлбөрийн чанар нэн тэргүүний чухал асуудал. Тийм ч учраас тасралтгүй судалгаа, шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын жишигт нийцүүлэн шинэчилжээ. Үүний хүрээнд суралцагчид Англи улсын Pearson BTEC буюу Бизнес, технологийн боловсролын зөвлөлийн бизнес болон инженерчлэлийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хос диплом хамгаалан төгсдөг.
Үүгээр зогсохгүй Швейцарийн Эдийн засаг, технологийн их сургуультай хамтран хос дипломтой төгсөх боломж олгодог нь Мандах их сургуулийн сургалтын системийн онцлог юм. Түүнчлэн Англи улсын Мэргэшсэн менежерийн институт (CMI)-ийн гэрчилгээ, Их Британийн Greenwich их сургуулийн мэргэжлийн англи хэлний гэрчилгээтэй төгсөх боломжийг олгосон нь суралцагчдыг зөвхөн Монголд бус, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд гарахад бэлтгэдэг чухал алхам болж байна.
Түүнчлэн Мандах их сургууль нь оюутан элсүүлэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлого баримталж, академик чадамж, төлөвшлийн өндөр шалгуураар цөөн боловч чанартай мэргэжилтэн бэлтгэн төгсгөдөг.“Манай төгсөгчдийн чанар, ур чадвар сургуулийн нэр хүндийг тодорхойлж, боловсролын салбар дахь байр суурийг бэхжүүлэх гол хүчин зүйл болдог” гэдгийг доктор, профессор Ч.Төрбадрах ярилцлагын үеэр дурдаж байв.Мөн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн, практикт суурилсан ур чадвар эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Үүнийхээ хүрээнд гадаадын 30 гаруй их, дээд сургууль болон дотоодын 150 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, төгсөгчдөөс шаардагдах ур чадваруудыг судалж, сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгаж сайжруулдаг. Үүний үр дүнд Мандах их сургуулийн төгсөгчид ажлын байранд хурдан дасан зохицох, ур чадвар өндөртэй мэргэжилтнүүд болдог.Цаашдаа тус сургууль нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт судалгааны их сургууль болохоор үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар буй.
Оюуны хөрөнгө оруулагчид
Мандах их сургууль нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон ХААН Банкны хамтарсан санхүүжилтийг амжилттай авснаар, Улаанбаатар хотын төвд шинэ цогцолбор сургуулийн байршилд шилжин, сургалтын онцлогт тохирсон шинэ концепц бүхий сургалтын орчныг бүрдүүлжээ.
Тухайлбал, орчин үеийн жишигт нийцсэн хичээлийн гурван блок байр, оюутны байр, спорт заал, номын сан, лабораториуд, мэдээлэл технологи, цахим сургалтын дэд бүтцийг хөгжүүлсэн аж.
“Манай сургуулийн шинэ байр ашиглалтад ороод хэдийнэ долоон жил болжээ. Энэ өөрчлөлтийг хийснээр багш, ажилтнууд их хотын түгжрэлийн үед хол зам туулах нь багасаж, ажил гэр ойртож, тав тухтай оффисын орчинд ажиллах болсноор сэтгэл ханамжид эергээр нөлөөлөх болсон” хэмээн Ч.Төрбадрах ярьж байлаа. Түүнчлэн тэдний хамтрал зөвхөн бизнесийн санхүүжилтээр зогсохгүй олон талт өвөрмөц байдлаар уялддаг. Тухайлбал, 2024 оны тоо баримтаар тус сургуулийн 1996 оны анхны төгсөгчдөөс эхлэн 200 гаруй төгсөгч ХААН Банкны газар нэгжүүдэд удирдах түвшинд хүртлээ хөгжиж дэвшин, өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж буй.
Үүгээр зогсохгүй томоохон их дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамруулдаг ХААН Банктай Мандах их сургууль нь хамтран ажиллаж, оюутнуудыг онол, практик хослуулсан сургалтын орчинд хөгжүүлдэг аж. Тодруулбал, уг дадлагыг сургалтын хичээлийн кредиттэй дүйцүүлэн тооцож, 3–6 сарын хугацаатайгаар ажиллуулж, оюутнуудыг ажиллах явцад нь ХААН Банкнаас ур чадварын үнэлгээ өгдөг байна. Үүний үр дүнд залуу суралцагчид банкны өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор оролцон, ажил мэргэжлийн онцлогийг мэдэрдэг.
Ингэснээр оюутнууд зөвхөн онолын мэдлэг бус, байгууллагын соёл, багаар ажиллах ур чадвар, мэргэжлийн хариуцлагыг биечлэн мэдэрч, ажиллах урам зоригтой, төлөвшсөн төгсөгчид болон хөдөлмөрийн зах зээлд гардаг давуу талтай. Ийнхүү ХААН Банк болон Мандах их сургуулийн түншлэл нь Монголын шинэ үеийн залууст үнэлж баршгүй оюуны их хөрөнгө оруулалт болж буй.
Бизнесийн эргэн тойронд цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.