Эдийн засгийн хямралыг ч үл ажран асар хурдтай тэлж буй гоо сайхан, гоо сайхны зах зээлд хүч түрэн орж ирсэн Beautybar брэнд дэлгүүр үүсгэн байгуулагдсан цагаасаа л мэргэжлийн нүүр будагчтай байхын зэрэгцээ бүх бүтээгдэхүүнээ тестэртэйгээр санал болгосноороо дотоодын гоо сайхны салбартаа анхдагч бөгөөд хэрэглэгч төвтэй бизнесийн шинэлэг моделийг бий болгож чаджээ.
Хоёр саяас 20 тэрбум руу
Санхүүгийн тайлан баланс нарийн тооцож гаргадаг нягтлангийн ажлынхаа хажуугаар мэргэжлийн нүүр будалтын сургалтад хамрагдсан нь Ө.Номундарийг гоо сайхны салбарт хөл тавихад ихээхэн нөлөөлжээ. Учир нь нүүр будгийн артист байх нь Ө.Номундарьд ихэд таалагдсан учраас илүү өргөн хүрээнд гүнзгийрүүлэн суралцахаар шийдэж, Хонконгт мэргэжлийн арьс арчилгааны сургагч багш (skin trainer) бэлтгэх сургалтад хамрагдаж, олон улсад багшлах эрхтэй мэргэжилтэн болсон юм.
Ийнхүү арьс арчилгаа, гоо сайхны чиглэлээр гүнзгий мэдлэгтэй болохын хэрээр эргэн тойрны хүмүүс нь арьсаа буруу арчлахаас гадна Монголын зах зээлд чанаргүй бүтээгдэхүүнүүд дийлэнх хувийг эзэлж буйд ихэд эмзэглэн олон нийтэд арьс арчилгаа, гоо сайхны зөв мэдлэг, чанартай бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг анзаарчээ. Мөн мэргэжлийн нүүр будалтаар суралцаж байхдаа Ө.Номундарь мэдлэгээ бататгахын тулд шаардагдах бүтээгдэхүүн худалдан авах үед ихэнх дэлгүүр бүтээгдэхүүнээ тестэргүй борлуулж байсан нь томоохон хүндрэл учруулдаг байв.
Мэргэжлийн нүүр будагчтай Монголын анхны гоо сайхны дэлгүүр бол Beautybar юм.
Тийм ч учраас эдгээр асуудлыг цогцоор шийдсэн Beautybar хэмээх брэнд дэлгүүрээ 2018 онд нээсэн аж. Ингэхдээ мэргэжлийн нүүр будагчтай анхны гоо сайхны дэлгүүр болсноороо бусдаас эрс ялгардаг. Тус дэлгүүр нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, хэрэглэгч бүрийн арьсны онцлог, нүүрний төрхөд тохирсон арьс арчилгаа болон нүүр будалтын зөвлөгөөг хүргэдгээрээ салбартаа онцгойрдог. Иймд Beautybar дэлгүүрийн үүдийг татсан хүн бүр өөрт тохирох бүтээгдэхүүнийг зөв сонгохын зэрэгцээ хөнгөн нүүр будалт сураад гардаг. Үүгээр ч зогсохгүй Монголын гоо сайхны зах зээлд бүх бүтээгдэхүүнээ тестэртэйгээр худалдаалснаараа салбартаа шинэ шийдлийг нэвтрүүлэгч болсон юм. Үр дүнд нь, хүн бүр өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнээ туршиж, зөв сонголт хийх боломжийг бүрдүүлж чаджээ. Түүнчлэн тус дэлгүүрт арьс арчилгаанаас эхлээд нүүр будалт, гоо сайхны цүнх, вакс, хумс арчилгаа гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн нэг дор бий.
Мөн Beautybar дэлгүүр нь Artmiss брэндийн Монгол дахь албан ёсны эрхийг авч эх орондоо нутагшуулаад буй. Тус брэнд нь удаан хадгалах зориулалттай парабен, арьсны харшил, толгой өвтгөх амьсгалын асуудал үүсгэх синтетик бодис, сульфат, спирт зэрэг хорт нэгдлийг агуулаагүй high-end( тансаг зэрэглэлийн) бүтээгдэхүүн юм. Дэлхийд чанараараа эхний гуравт эрэмбэлэгддэг, Хонконгт байрлах Nature үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй Artmiss бүтээгдэхүүнийг Beautybar-ийн хамт олон түншлэлийн давуу талаа ашиглан хэрэглэгчдэдээ зах зээлийн үнээс 2–3 дахин хямд үнээр санал болгож буй.
Уг шинэлэг шийдлүүдийг нэгэн зэрэг нэвтрүүлж чадсан нь амжилттай алхам байсан ч бизнес эрхлэх явцад бүх зүйл дардан байдаггүй гэдгийг Ө.Номундарь мэдэрчээ. Тэрбээр бизнесийн салбарт хөл тавиад удаагүй туршлага нимгэн байхдаа хүний хөл хөдөлгөөн ихтэй газар бүрд л шинэ салбар нээж байсан нь санхүүгийн алдагдал авчирсан аж.
Хоёр сая төгрөгөөр эхлүүлсэн бизнес нь өнөөдөр 20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болтлоо өргөжжээ.
Яагаад гэвэл салбар нэмэгдэхийн хэрээр татвар, ажиллах хүчний хомсдол, урсгал зардал гэх мэт маш олон асуудал ундрах болов. Үүнээс сургамж авсан тэрбээр цөөн тооны чанартай салбартай байхад төвлөрч хэрэглэгчдээс ирдэг байсан санал хүсэлтийн дагуу Beatybar make up studio нээсэн нь тун зөв шийдвэр болсон аж. Ийнхүү алдаа бүрээсээ суралцаж явсаар Ө.Номундарийн хоёр сая төгрөгийн хөрөнгөөр эхлүүлсэн жижиг бизнес нь өнөөдөр 20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болтлоо өргөжөөд байна.
Урам зоригоор удирдахуй
“Би бизнесийн анхны жилүүдэд ажилтнуудаа үргэлж л сэтгэлээсээ ажилласангүй хэмээн бухимдаж, халагдах тушаал гаргаж, нэг л их сэтгэл хүссэн хүн байлаа. Гэтэл сэтгэлээсээ ажиллана гэдэг чинь хоёр хүний хоорондын ойлголтын зөрүүтэй байдал гэдгийг сүүлд мэдсэн. Үүнийг ойлгоогүй байхдаа мөн ч олон хүнийг гомдоож, өөрөө ч бас дутахааргүй шархалж байлаа. Азаар би өөрийн эготой үеэ хурдан давсан. Эгогоо дарж чадсан тэр цагаас миний амжилт эхэлсэн” хэмээн Ө.Номундарь өөрийн алдаж байсан туршлагаа илэн далангүй хуваалцсан юм. Компанийн захирал бүрд тулгардаг бизнесийн эргэлтийн зээл, шийдвэр гаргах дарамт, сэтгэлзүйн ачаалал зэрэг асуудлыг харьцангуй амархан шийддэг хэр нь хүнийг хөдөлгөх л Ө.Номундарьд хамгийн хэцүү даваа байж. Тухайлбал, захирал хүний нүдээр хийх нь тодорхой ажлыг хийхгүй байх нь хандлага муутай ажилтан болж хувирдаг. Гэтэл хүн бүрийн ажил хийх арга барил өөр байдаг. Байгууллагын удирдлагууд ажиллаж буй хүмүүсээ “ажилтан” гэж хардаг. Гэтэл ажилтан гэх тодотголын цаана хүн бий. Ажилтан бол үүрэг гүйцэтгэгч төдий бус, сэтгэл хөдлөл, хэрэгцээ, зорилго бүхий хувь хүн юм.
Эгогоо дарж чадсан тэр цагаас миний амжилт эхэлсэн.
Иймд ойлголтын зөрүүнээс үүдэлтэй хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд тэрбээр удирдлагын арга барилд системтэйгээр суралцаж, хүний нөөцийн чиглэлээр олон арга, аргачлалыг туршиж үзжээ.Үүний үр дүнд, байгууллагынхаа бүтэц, соёлд нийцэх оновчтой шийдлүүдийг олж хэрэгжүүлж чадсан байна.
Түүний хэрэгжүүлсэн эхний арга бол стандартчилах. “Стандарт нэвтрүүлнэ гэхээр л бид маш том бичиг цаас, төлөвлөгөө гаргачхаад түүнээсээ өөрсдөө халшраад байдаг. Яг үнэндээ өдөр тутмын хийх ёстой зүйлсийг цаасан дээр хүүхэд ч хараад ойлгохоор маш энгийнээр буулгахыг л хэлээд байгаа юм” хэмээн Ө.Номундарь өөрийн бодит туршлагаасаа хуваалцлаа. Мөн шинэ залуу ажилтнаа алдаа гаргах бүрд нь “Би чамайг чадна гэдгийг мэдэж байна” гэсэн итгэл, урам зоригийг өгч, дахин сэдэлжүүлэн ажилладаг. Учир нь хүн итгэл төрсөн газартаа хамаг чадлаараа хичээдэг. Өөрөөр хэлбэл, сэтгэл ханамжтай ажилтан сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчдийг бий болгодогт тэр итгэдэг.
Гоо сайханд золиос хэрэггүй
Сүүлийн үед охид бүсгүйчүүд, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа брэндийн нэр хүнд эсвэл инфлюнсерийн сурталчилгаанд итгэн хэчнээн үнэтэй байсан ч хамаагүй, худалдаж авах нь ихэссэн. Угтаа бол гоо сайхны бүтээгдэхүүний чанартай эсэх нь үнэ бус орц найрлагаасаа бүрэн хамаардаг.
“Орц найрлагын хувьд хорт нэгдэл ихтэй бүтээгдэхүүн удаан хугацаанд хэрэглэвэл мөнгөөр үнэлж баршгүй хор хохирлыг авчирдаг” хэмээн Ө.Номундарь чухалчлан сануулсан юм. Тухайлбал, зарим гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг химийн найрлага нь хорт хавдар үүсгэх, дааврын өөрчлөлттэй болгох, ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх, үргүйдүүлэх аюултай байдгийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Түүнчлэн хугацаа уртасгагч парабен агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсны хорт хавдар, хөхний хорт хавдраар өвчлөх шалтгааны нэг болдог. Ялангуяа эрэгтэй хүмүүс парабен агуулсан бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэснээр эр бэлгийн эс ялгаруулалтад сөргөөр нөлөөлдөг байна.
Тиймээс Ө.Номундарь дэлгүүрийнхээ үйл ажиллагааг анх эхлүүлэх үеэсээ л олон улсын стандартад нийцсэн, эрүүл, чанартай орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс шууд татан авч иржээ. Үүний давуу тал нь мэргэжлийн түвшний үйлдвэрүүд бүтээгдэхүүн бүрийг температур баригчтай тусгай зориулалтын чингэлгээр тээвэрлэн илгээдэг тул орц найрлагад өөрчлөлт ордоггүй байна.
Харин дийлэнх хүн гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, хадгалалт, тээвэрлэлт яагаад нэн чухал вэ гэдгийг мэддэггүй учраас зар сурталчилгаанд автан сонголтоо буруу хийж өөрсдийн эрүүл мэндээрээ хохирдог. Манай улсад худалдааны хууль, эрх зүйн орчин дутмаг учраас хэн хаанаас ямар орц найрлагатай бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэн, нэвтрүүлж буйг хянах боломж хомс. Энэ ч үүднээс хувь хүн өөрөө хяналтаа тавьж чаддаг, ухаалаг хэрэглэгчдийг бэлдэх зорилгоор Ө.Номундарь видео контент бүтээх ажлаа эхлүүлэхээр төлөвлөгөөт ажилдаа шамдан оржээ.