BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар даашинз, гоёмсог хар алтан торгон ороолт өмссөн эмэгтэй бараан дэвсгэр дээр сууж байна. Ороолт нь салхинд баригдсан мэт түүний араас огцом урсдаг. - Business.MN

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн ерөнхий захирал Н.Өлзиймаа

Давлагааг сөрөх ялгуун хүч

Х.Цолмон   Х.Цолмон
2025-07-03
  Амжилтын эзэн, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ хүргэж чадсан “Ялгуун” брэндийн ард хэн зогсдог вэ? 

Хөндлөнгийн хүн түүнийг зэрвэс харвал амжилттай бизнес эрхлэгч гэхээс илүү загвар өмсөгч гэж андуурмаар. Мэдээж хэрэг, энэ бол хэвшмэл сэтгэлгээ (стереотайп). Өнөөдөр ярих гэж буй сэдвээс ч үл ялиг хазайсан эхлэл. Н.Өлзиймаа сул хар пиджак, цайвар юбка өмсөж ажил хэрэгч дүр төрх бүрдүүлсэн байх агаад “Ялгуун” брэндийн шинээр танилцуулсан арьсан оруулгатай даавуун цүнх үүрчээ. Алтлаг оруулгатай цайвар өнгийн гар цүнх нь энгийн, эвтэйхэн, бас загварлаг харагдах аж. Үүнийгээ өнгө дагуу цайвар боронзон өсгийттэй хослуулсан нь тун чиг аятайхан сонголт болсон байв. Монголчуудын сайн мэдэх “Ялгуун” брэндийн үүсгэн байгуулагчтай уулзахаар цаг болзсон минь энэ. 

Хүндтэй нэгэндээ дурсгах, гадаад, дотоодын зочдод бэлэглэх, хилийн чанадад “Монголын” гэх онцлогтой бэлэг сэлт илгээх болмогц хамгийн түрүүнд толгойд орж ирдэг үндэсний брэндүүдийн нэрс дотор “Ялгуун” дээгүүрт эрэмбэлэгдэнэ. “Ялгуун” улам л гоё болоод байгаа гэх үгс эргэн тойрныхон дунд хааяагүй дуулддаг. Ингэж бүтээгдэхүүнүүд нь монголчуудын сэтгэлд хоногшсон ч үүсгэн байгуулагчийг нь хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Тэр бол хэвлэл мэдээллээр ховорхон үзэгддэг дүр юм. 

“Амьдрал бол давалгаа. Харин тэр далайн давалгаанд хөвж буй ганц завь бол чи. Завь хэр бат бөх, хүчтэй давлагаанд тэсвэртэй байж чадах эсэх нь чи өөрийгөө хэр хэмжээнд бүтээж чадсанаар л хэмжигдэнэ”.

Хар нэхсэн тортой хувцас, сувдан хүзүүний зүүлттэй өөртөө итгэлтэй эмэгтэй гараа ташаандаа бариад, бүстэй хүрэм өмсөж, хар цагаан гэрэл зургийн энгийн дэвсгэр дээр хажуу тийшээ харж байна. - Business.MN

“Хүмүүс байнга урам хайрлаж, дараа ямар бүтээгдэхүүн гарахыг асууж байдаг нь эрч хүч дүүрэн урагшлах шалтгаан болдог. Би эх оронч хүн шиг байгаа юм. Сүүлийн үед бүр ч их мэдэрч байна. Монгол хүн ийм зүйл хийж чаддаг шүү гэдгийг харуулах гэж үргэлж хичээсээр ирлээ” хэмээн Н.Өлзиймаа ярив. Өдгөө түүний энэ л үнэт зүйлс “Ялгуун Аксесорис” компанид ажиллаж буй 60 гаруй хүний өглөө ажилдаа эрч хүчтэй ирэх, хийж бүтээж буйгаараа бахархах, илүү ихийг эрэлхийлэх хандлагын суурь болжээ. 

“Чадахгүй л гэж бодвол хүн юуны ч ард гарч чадахгүй. Заримдаа тэнэг гэмээр зориг хүнд хэрэгтэй”.

2017 оны хоёрдугаар сард буюу Цагаан сарын өмнөхөн анхны цуглуулгаа танилцуулахдаа айдас, догдлол дүүрэн байснаа тэр дурслаа. Гэтэл төсөөлснөөс нь ч илүү хүмүүст хүрч, эрэлт үүсгэж чадсан нь тухайн үед бэлэн хувцас худалдаалдаг байсан дэлгүүрээ “Ялгуун” брэндийн албан ёсны дэлгүүр болгон төвхнүүлэхэд хүргэжээ. Өдгөө тэд хотод зургаа, Эрдэнэтэд нэг салбар дэлгүүрээ нээж, тогтвортой ажиллуулж байна. “Нэгт, анхны санаа, хоёрт, зөв цаг үе. Эдгээрийг зөв мэдэрч, хослуулж чадсан нь маш ухаалаг алхам болсон” хэмээн хуваалцсан Н.Өлзиймаа бизнесээ тэлэх дахин нэг төлөвлөгөө боловсруулсан нь ӨМӨЗО-ы зах зээлд чиглэж буй.   

Тэрбээр гадаадын зочид гийчид, түншүүддээ бэлэг сонгохдоо багагүй цаг зарцуулж буйгаа анзаарснаас хойш энэ чиглэлээр бизнес эрхлэх орон зай байгааг олж харжээ. Уран зураг бэлэглэхээр сонголоо гэхэд хананд жаазлан өлгөхөөс өөр сонголт үгүй нь уйтгартай санагдана. Тэглээ ч өндөр үнэтэй байх нь элбэг тул хүн бүрд хүртээмжгүй байв. Харин зураачдын бүтээлийг албан ёсоор худалдан авч, дижитал хэвлэлийн аргаар торгон алчуурт буулгаснаар жаазалж ч болно, бас зүүгээд явах ч боломжтой. Зөвхөн монгол зургаар тогтохгүй монгол хээ, угалз тэргүүтнийг шингээж үндэсний хэв шинжийг төрөл бүрээр илэрхийлж үзвэл ямар вэ? Энэхүү эрэл хайгуул одоог хүртэл амжилттай үргэлжилж буйг “Ялгуун” брэндийн тун саяхан танилцуулсан хавар, зуны коллекцоос харж болно. “Аливаа урлагийн бүтээлүүдийг төвлөрөн харж суух нь эрч хүч өгдөг. Өнгө, будгийн цаана нуугдах эрчим нь шууд л мэдрэгдэх шиг болдог. Энэ бүхэн өөрөө хүний сэтгэлийг сэргээж, өөдрөг болгодог” хэмээн “Ялгуун” брэндийн үүсгэн байгуулагч өгүүллээ.  

Жил бүр дунджаар гурван коллекц танилцуулдаг тус брэнд өдгөө 700 орчим бүтээлийн сан хөмрөгтэй болжээ. Коллекц бүр нь монгол зураг, хээ, угалз, байгалийн үзэсгэлэн, хатдын гоо сайхан, үндэсний соёл, уламжлал, аж байдлыг илтгэх дүр дүрслэл, бэлгэдэл бүхий 15 зургаас бүрддэг. Анхны бүтээгдэхүүн нь тэдний нэрлэдгээр “А” загвар буюу 110×110 хэмжээтэй алчуур байсан бол жилээс жилд төрөлжсөөр цүнх, хувцас, төрөл бүрийн аксессуар, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон юм. Зөвхөн алчуурны тухайд жишээ татахад л торгомсог, гар оёдолтой, хантаазан, зангиан алчуур гэх мэт төрөлтэйгөөс гадна хэмжээний хувьд, том, жижиг, урт зэргээр сонголт арвин. Харин хамгийн сүүлд “Ялгуун” брэнд монгол гэрийн хөшиг танилцуулсан нь цөм хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнээс үүджээ. 

 

1 of 2
- +
Эмэгтэй хүн харанхуй, цэцэгсийн хээтэй дэвсгэр дээр зогсож, гоёл чимэглэлийн толгойн зүүлт, улаан өнгийн өргөлттэй цэцэгсийн дээд өмд, уламжлалт болон орчин үеийн загварын элементүүдийг хослуулсан том хар tulle юбка өмссөн байна. - Business.MN

“Анхны коллекцоосоо хойш бид хүмүүсийн юу хүсэж буйг нарийн мэдэрч, хийж буй ажилдаа тусгах болсон. Хэрэглэгчид хүсэл, шаардлагаа бидэнд илэрхийлж эхэлсэн нь зах зээлээ ойлгоход илүү дөхөмтэй байсан гэх үү дээ. Нэг ёсондоо, манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хэрэглэгчид өөрсдөө асар их хувь нэмэр оруулдаг” гэж Н.Өлзиймаа тайлбарласан юм. Тэрбээр брэндээрээ дамжуулан гоо зүй, монгол өв соёлыг хүмүүст хүргэхийг хүсдэгээ онцолсон бөгөөд хэрэглэгчид ч монгол хүний хүч хөдөлмөрөөр өндийсөн “Ялгуун”-ы бүтээгдэхүүнээс худалдан авч буйдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаагаа байнга илэрхийлдэг аж. “Энэ л бидний хүргэхийг зорьдог гол мессэж. Монголдоо бүтээгдэхүүнээ хөгжүүлж, үйлдвэрлэнэ гэдэг бидний хувьд тун бахархалтай үйл хэрэг” хэмээн тэрбээр нэмж тодотголоо. 

“Нэгт, анхны санаа, хоёрт, зөв цаг үе. Эдгээрийг зөв мэдэрч, хослуулж чадсан нь маш ухаалаг алхам болсон”.

“Ялгуун” брэндийн хамт олон хэрэглэгчдэдээ ойртож, хүсэл сонирхлыг нь ойлгохын тулд худалдааны зөвлөхүүдтэйгээ тогтмол уулзаж ярилцан, зөвлөж чиглүүлдэг. Мөн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол хийж, үйл ажиллагаандаа тусгадаг нь үр дүнгээ өгсөөр байгаа юм. Тэднийг зөвхөн алчуур тэргүүтэй “Ялгуун”-ы шошго бүхий бүтээгдэхүүнээр нь төсөөлдөг хүмүүс бий. Гэтэл эдний хамт олон тусгай захиалгын үйлчилгээнд төвлөрөн ажиллаад багагүй хугацааг үдэж буй. Өдгөө захиалга ихтэй, үйл ажиллагааных нь гол чиглэлүүдийн нэг болжээ. Байгууллагын ой, хурал чуулган, төрөл бүрийн арга хэмжээ, өдөрлөг болон хэрэглэгчийн гарын бэлэг, байгууллагын бусад хэрэгцээнд зориулан гадаад, дотоодоос захиалга өгөх нь элбэг.

“Нүдэн дээр байнга өсөж хөгжиж, хэрэв чи зоригловол юуг ч хийж чадна” гэх философийг тэгэхэд л өөрийн мэдэлгүй суулгаад байсан юм билээ”.

Энэ төрлийн анхны захиалга Хаан банкны Glamour картын хэрэглэгчдэд зориулсан тус картын онцлогийг шингээсэн алчуур урлах байв. Харин өнөөдөр Ариг банк, Иргэний нисэхийн үндэсний төв, Оюуны өмчийн газар, Жигүүр гранд групп, Жүр Үр бэйкери, NCD групп, Хүннү Эйр, ТЭСО групп гээд “Ялгуун” брэндтэй хамтарсан гадаад, дотоодын байгууллагуудыг нэрлэвэл тасралтгүй үргэлжилнэ. Ингэхдээ зөвхөн алчуур бус торгон туг, хөшиг, гэрийн аравчийг ч захиалгаар үйлдвэрлэдэг. Цор ганц захиалгын үйлчилгээ үзүүлэх нь ч бий. Тухайлбал, “Ялгуун” брэндийн онцлогийг шингээсэн хуримын даашинз урласан туршлага бий бөгөөд цор ганцаас эхлээд хэдэн мянган ширхэг хүртэлх бүтээгдэхүүний захиалгыг амжилттай гүйцэтгэсэн хамт олон.  

 

1 of 5
- +

Мэдээж хэрэг, анхны санаа төрснөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр очих хүртэл асар олон саад бэрхшээлийг даван туулдаг. Тус брэндийн хувьд, үйлдвэрлэлийн процессоо хүмүүст илүү таниулж, Монголдоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдрүүлэхэд түлхүү анхаарах болжээ. “Аливааг хийж эхлэхээсээ өмнө болохгүй, бүтэхгүй талаас нь харж, цааргалдаг хүмүүс олон. Гэтэл болгоно, бүтээнэ гээд зүтгэвэл ямар ч зүйл болдог. Чадахгүй л гэж бодвол юуны ч ард гарч чадахгүй. Заримдаа хүн тэнэг гэмээр зоригтой байх хэрэгтэй”. 

Торго, даавуун дээр биежсэн ногоон технологи

ХААИС -ийг газар зүй, аялал жуулчлалын мэргэжлээр дүүргэсэн Н.Өлзиймаа “Ялгуун” брэндийнхээ үйл ажиллагааг эхлүүлэхээр үйлдвэрийн технологи судлан урд хөршид явж байхдаа байгаль орчинд ээлтэй байхыг эн тэргүүнд чухалчилжээ. Торго, даавуун дээр аливаа хээг барлах технологи өнгө будгийн хувьд ярих зүйлгүй, өөгүй мэт харагдавч хөшигний цаадахыг өнгийтөл тун таагүй дүр зураг угтах нь тэр. “Нэгт, ус маш их хэмжээгээр ашигладаг, хоёрт, химийн будагч бодис их орно, гуравт, үйлдвэрлэлээс тун бохир, химийн бодис ихтэй хаягдал ус ялгардаг. Байгаль орчин, экосистемийн талаар “номын дуу” сонссон хүнд энэ бүхэн төсөөлөгдөхгүй юм билээ. Тиймээс дижитал хэвлэлийг эргэлзээгүй сонгосон” хэмээн Н.Өлзиймаа товчхон хариуллаа. 

Манай бүтээгдэхүүнийг Тува, Буриад, Өвөрмонголчууд их худалдан авдаг. Тун удахгүй Өвөрмонголд албан ёсны салбараа нээхээр ажлууд гэрээний шатандаа үргэлжилж байна.

Ийнхүү “Ялгуун” брэнд анх мэндлэхдээ л дижитал хэвлэлийн технологид суурилсан торгон болон даавуун хэвлэлээр бүтээгдэхүүнүүдээ амилуулах болсон юм. Өөрөөр хэлбэл, 100 хувь цэвэр даавуун материал болон торгон дээр байгальд ээлтэй будгаар, ус ашиглахгүй эко хэвлэлийн технологиор бүтээгдэхүүнүүд нь бий болдог. Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг дэмжих болсон өнөө цагт “Ялгуун” брэнд ч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна. “Байгаль орчинд хор хөнөөл үзүүлэхгүйгээр бизнесээ хийж яваа гэж бодохоор сэтгэлд өег байдаг. Гэхдээ эко дижитал хэвлэлийн ганц сул тал нь хэт халуун усаар угааж болохгүйд оршдог. Хүмүүс мартаад угаах хандлагатай байдаг тул бид бүтээгдэхүүн бүрдээ арчилгаа, угаалгын зааварчилгааг уйгагүй хадаж өгдөг” гэж Н.Өлзиймаа тайлбарлах аж. 

Нэхмэлийн цехийн хоёр хүн хамтран ажиллаж байна; Нэг эмэгтэй ширээн дээр тавьсан бор даавуун дээрх хээг зааж байхад нэгэн эрэгтэй түүний хажууд зогсоод ажиглаж байна. Цаана нь өнхрөх даавуу харагдана. - Business.MN

“Ялгуун” брэнд хүмүүст танигдан түгэхийн хэрээр дуураймал бүтээгдэхүүнүүдтэй нүүр тулах шаардлага үүсэх болжээ. Зураачидтай оюуны өмчийн гэрээ хийж, албан ёсны эрхтэйгээр бүтээлүүдийг нь ашигладаг учраас гар ажиллагаа нэвт шингэсэн, нарийн зураглал ихтэй, чимхлүүр хэсгүүд нь тод ялгаралтайгаас гадна бүтээгдэхүүн дээр буухдаа хэрхэн харагдахыг ч сайтар тооцоолсон байдаг. Мэргэжлийн уран бүтээлчид хараад л андахгүй ийм бүтээлүүдийг амар хялбар аргаар ашиг олох гэсэн хүмүүс болхи бүдүүлгээр хуулбарлаж, урд хөршид үйлдвэрлүүлэн авчирч худалдаалах нь бий. “Энэ бүхэнд хөдөлмөрийн хөлс, үлдэх өртөг юу ч шингэхгүй. Гэтэл эсрэгээрээ чанартай бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хөгждөг, тэлдэг” гэлээ. Ерөөс Н.Өлзиймаа брэндээ байгуулсан цагаасаа эхлээд л инновац, ондоошил, ялгарал шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж иржээ. Тэрбээр дараах хариултыг өгсөн юм.  

“Бизнес эрхлэгчдийн тухайд энэ хүн яг юу үлдээхийг зорьж байна вэ? гэдгийг би маш их сонирхдог. Өөрөөсөө ч ингэж асуудаг. Хариулт нь их сонирхолтой. Юуны түрүүнд, “Ялгуун” брэндээр дамжуулан технологи болоод чадварлаг мэргэжилтнүүд үлдээж байна. Тэр дундаа, өөрийн гэсэн шугамтай хоёр үйлдвэрлэлийг. Эд маань цааш хэрхэн өргөжихийг таашгүй. Мөн бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг даван туулахдаа хуримтлуулсан туршлага, бизнестээ бий болгосон процессоо ч үлдээж байгаа. Ер нь эх орныхоо төлөө цохилох зүрхтэй л бол чиний юу үлдээх вэ гэдэг маш чухал”. 

bookzone.mn

“Дэлхийг монгол брэндээр гоёх бидний зорилго анхны коллекцоос маань л биеллээ олж эхэлсэн”.

Өдгөө тэд гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэх зорилгоор нэхмэлийн технологи судалж буй талаараа хуваалцлаа. Энэ төрлийн технологийг нэвтрүүлснээр “Ялгуунчууд”  өөрсдөө торгоо нэхдэг болох юм. “Нэгт, зах зээл бий. Хоёрт, шинэ туршлага болно” гэж тэд үзэж байна. Гэвчиг ярих, төлөвлөх нэг өөр, хийж хэрэгжүүлэх бүр ч ондоо билээ. Нэхмэлийн технологийг оруулж ирснээр хариуцлага өндөрсөхөөс гадна урсгал зардал ч нэмэгдэнэ. Үүний хажуугаар мэдээж ажлын байр шинээр бий болж, Хятадаас торгоныхоо дийлэнх хувийг хангадаг байдал зохих түвшинд буурна. Хэдийгээр хятад торготой үнийн хувьд өрсөлдөхөд бэрх боловч нэхмэлийн технологийг нэвтрүүлнэ гэдгээ тэд албан ёсоор мэдэгдэж байна.   

Энтрепренер сэтгэлгээний эх 

Зүгээр суудаггүй, үргэлж л ямар нэгийг санаачилж, хэрэгжүүлж, оролдож байдаг уйгагүй чанараа Н.Өлзиймаа ээжээсээ “өвлөжээ”. Ээж нь тухайн үеийн “Талх чихэр” ХК-д мастераар ажилладаг байв. Заримдаа хонон өнжин ээлжинд гарахаар бол бяцхан Н.Өлзиймааг үйлдвэр дээрээ дагуулаад л ирнэ. Тиймээс охины ой тойнд үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмжийн дуу чимээ, нарийн боовны үнэр арилшгүй хоногшжээ. Гэтэл удаа ч үгүй “Талх чихэр” компани хувьчлагдаж, ээж нь хувиараа нарийн боовны цех ажиллуулах болов. “Жижигхээн цех. Анх аарцтай боов хийж зардаг байлаа. Төд удалгүй өнгө өнгийн чихэр дээрээс нь цацсан, голдоо кремтэй эклер ч хийх болсон. Ээжийн зараалаар бараа материалд байнга явна. Бараг л баруун гар нь байлаа” хэмээн тэр энэ талаар дурссан юм. “Ялгуун” брэндийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрбээр борц, мөөг, гагнуурын бизнес хийж, никель хийцийн компани хүртэл байгуулж байсан нь сонирхолтой сонсогдоно. 

“Ялгуун” брэндээ байгуулах хүртлээ би олон зүйл хийж үзсэн. Алдаа ч их бий. Гэхдээ ‘Яанаа, би алдчихлаа шүү дээ’ гэж хүн ерөөсөө бодож болдоггүй юм билээ. Алдаа бүр дараагийн том шат, туршлага, хөгжүүлэгч байдаг. Тиймээс алдааг хоёр алгаа тосоод хүлээж авах хэрэгтэй. Гагцхүү дараагийн удаа энэ алдаагаа хэрхэн давтахгүй байх вэ, эндээс юу сурав гэдэгт л төвлөрөх учиртай” гэж Н.Өлзиймаа ярьж байна. 

Хэдий “Ялгуун” брэндийн амжилт нүдний өмнө илхэн, үйл ажиллагаа нь тогтворжсон боловч санаа амарсангүй. Өдөрт дор хаяж нэг туршилт заавал хийж үздэг нь хэвээрээ. Үүнийгээ “Шинэ бүтээгдэхүүний туршилт хийгээгүй долоо хоноход л зэвэрч байх шиг санагддаг” хэмээн хуваалцсан билээ. Ерөөс тэр хар багаасаа л хүн гэдэг зүгээр суух учиргүй, ямар нэг зүйл заавал оролдож, хийж байх учиртай хэмээн амьдралыг таньжээ. Өссөн төрсөн орчин нь түүнд ингэж л сургасан юм. Гэсэн ч хүүхэд л болсон хойно ядарна, залхана. “Хэзээ нэг тайван, зуны амралтаараа зуслан явдаг болох бол?” гэж бодох үе ч байжээ. Гэхдээ нэг л мэдэхэд завгүй, эрчимлэг хэмнэлд хэдийнэ дассан байв.  

 

1 of 4
- +
Нярай хүүхэд амьтдын дүрс бүхий цагаан, ягаан хээтэй хөнжлөөр сайтар ороож, зөөлөн ягаан гадаргуу дээр хэвтэж, тайван унтаж байна. - Business.MN
Дөнгөж төрсөн хүүхэд цайвар ягаан өнгийн хээтэй цагаан хөнжилдөө нөмрөн, зөөлөн ягаан дэвсгэр дээр хээ угалзтай сувдан малгай өмссөн гараараа эрүүгээ наан тайван унтаж байна. - Business.MN
Ягаан өнгийн хээтэй цагаан өмд өмсөж, жижигхэн чихтэй малгай өмссөн хүүхэд ягаан гадаргуу дээр тайван унтаж байна. - Business.MN

Н.Өлзиймаагийн аливааг чадах, чадахгүй эсэхдээ эргэлзэж тээнэгэлзэж цаг алддаггүй, шууд л эхэлдэг, алдаж эндэхээс айдаггүй чанар нь мөн л ээжээс нь эхтэй. Ээж нь түүнийг хэзээ ч хориглож хорьдоггүй, бүхий л талаар дэмжихийг хичээдэг, “Миний охин чадна” гэж үргэлж урам зориг өгдөг байсан нь өөртөө итгэх итгэл, мохошгүй тэмүүллийнх нь эх ундарга болжээ. Тэр дундаа, өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлсэн аж. Хувийн бизнестэй хүн цөөхөн байсан тэртээ 1990-ээд онд нарийн боовны жижиг цех нээж ажиллуулсан, түүнийгээ бага багаар өргөжүүлэн тэлсэн түүх нүдний өмнө тодоос тод дурсагдана. Хуучин орос шарах шүүгээгээ шинэчилж, томруулаад л, тоог нь зугуухан нэмээд л. Цехдээ өргөтгөл нэмж бариад л. Н.Өлзиймааг зургадугаар ангид ороход тэднийх юм юмтай товхийсон айл болсон байсныг ч сайн санадаг. “Нүдэн дээр байнга өсөж хөгжиж, хэрэв чи зоригловол юуг ч хийж чадна” гэх философийг тэгэхэд л өөрийн мэдэлгүй суулгаад байсан юм билээ” хэмээн тэр тодотгосон. 

Сүүлийн жилүүдэд бясалгалд шимтэх болсон Н.Өлзиймаа боломж гарвал шинэ зүйл сурч, шинийг эрэлхийлэхээс татгалздаггүй хүн шиг санагдсан юм. Цаг яс барьдаг, зарчимч, асуудлыг хойшлуулалгүй дор бүрд нь шийдэж, хийгээд явдаг нь түүний арга барил. Харин өөрийгөө бясалгалд дадуулахаар хичээх болсон нь ажил, амьдралын тэнцвэр алдагдах болсонтой нь холбоотой аж. Бизнесийн эзэд, үүсгэн байгуулагчид, удирдах түвшний хүмүүсийн дийлэнх нь байнгын ажлаа бодож явдаг. Энэ бүхэн түүнийг ч бас тойрсонгүй. Хотоос хамгийн ихдээ л долоо хоногийн хугацаатай гарч явна, амрахаар гэм хийсэн мэт мэдрэмж төрөх нь энүүхэнд. Тиймээс одоо цагтаа оршиж, ажиллавал ажилласан шиг ажиллаж, амарвал амарсан шиг амрахыг хичээх болжээ. Аливаад хэт их савлах, туйлшрахаас татгалзаж, хэт их мөрөөдөж зүтгэх биш, хэт шаргуу ажиллах ч биш, энэ л амжилтад хүргэнэ гэж мухар сохроор хандах бус, гагцхүү өөрөө өөрийнхөө төвд оршихыг тэр эрмэлзэх болсон юм. 

Хөлгийн ахмад байх философи 

Цоо шинэ брэндийг зах зээлд амжилттай нутагшуулж, сонссон хүн бүр мэддэг, гадаад, дотоодод илгээдэг, бие биедээ бахархалтайгаар дурсгах хэмжээнд аваачна гэдэг тийм ч амар ажил биш. Нэг л өдөр Н.Өлзиймаа энэ бүхэнд ганцаараа зүтгээд бие, сэтгэл хүрэлцэхгүй гэдгээ ойлгожээ. Ингээд тэр өөрийгөө менежментийн дараагийн түвшинд шилжих ёстой гэж үзэв. Өөрийгөө үргэлж цэнэглэхийг хичээдэг, тасралтгүй суралцагч чанар нь энэхүү менежментийн шилжилтийг харьцангуй хялбар давахад тусалсан аж. Хэвлэлийн машин эвдрэх, тоног төхөөрөмж гацах, цахилгаан тасрах, захиалсан материал буруу ирэх, захиалга хүлээлгэн өгөх явцад алдаа гарах, салбар дэлгүүрүүдэд асуудал үүсэх гэх зэргээр өдөр тутам ямар ч саад бэрхшээл хаанаас ч, хэзээ ч гарч ирэх боломжтой нөхцөл байдлыг та төсөөлөөд үзээрэй. “Би бүх хүний дэргэд зогсоод асуудлыг шийдэж, шууд зохицуулаад явж чадахгүй. Тиймээс энэ бүхнийг системжүүлж, процессжуулах ёстой гэж үзсэн. Гэхдээ энэ үйл явц хэзээ ч дуусахгүй үргэлжлэх юм билээ. Гол нь ажлын үйл явц, бүтээж буй тэр л алхмаасаа сэтгэл ханамж мэдрэх учиртайг ойлгосон” гэж Н.Өлзиймаа өгүүллээ.  

 

1 of 3
- +

Өнгөрсөн хугацаанд тэр мөн ажлуудаа хүнд даалгаж сурчээ. Тэгэхээс ч өөр арга байсангүй. Ажилтнууддаа, ялангуяа, худалдааны зөвлөхүүддээ үйлчлүүлэгчийг ээж, эгч, дүү, дотнын хүн шигээ бодож элгэмсүү харилцаарай, тэдэнд чадах чинээгээрээ туслаарай гэж үргэлж захина. Удирдагч хүн өөрөө үлгэр дуурайл үзүүлэхүйц байж, юунд ч өөриймсөг хандах нь чухал гэдгийг ч онцолж байв. Гэхдээ эдгээрээс илүү түүний юунд ч үл ажрах дайчин чанар дараах ярианаас нь улам тод мэдрэгдэж байлаа.  

“Амьдрал бол давлагаа. Жижиг, том байна уу хамаагүй үргэлж л давлагаалж байдаг. Далайн давлагаа хэзээ ч зогсдоггүй. Харин тэр далай дотор хөвж буй ганц завь бол чи. Завь хэр бат бөх, хүчтэй давлагаанд тэсвэртэй баригдаж чадсан эсэх нь чи өөрийгөө хэр хэмжээнд бүтээж чадсан байгаагаар л хэмжигдэнэ. Давлагаа нөмрөн ирэхэд хөмрөх үү? Эсвэл тэсэж үлдэх үү? Завиа бат суурьтай, гүнзгий, хүчирхэг далбаатай байлгаж, юу ч тохиолдсон маневрлаж чаддаг супер капитан бай. Ямар ч давлагааг чи даван туулаад гарах л болно. Хэчнээн ганхлаа ч чи завиа жолоодохоо болихгүй шүү дээ. Хүрдэн дээр гар чинь байсаар байх болно. Өөртөө оногдсон энэ цаг хугацаандаа гагцхүү чи л эзэн нь байхаас өөр аргагүй. Энэ бол чиний амьдрал, чиний эх орон, чиний хийх ёстой ажил. Би аливаад яг л ингэж ханддаг. Амбицтай сонсогдож байж магадгүй. Гэхдээ би хийхгүй бол өөр хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх юм? Айгаад л, эрсдэлээ тооцоод суувал бүтэхгүй”. 

Хэрэв Н.Өлзиймааг хөлөг онгоцтой зүйрлэбэл тэр магад их усыг зүсэн гадаад далайг зорин буй биз ээ. Дэлхийн өнцөг булан бүрд, “Ялгуунчууд”-ын огт төсөөлөөгүй хүмүүсийн гарт бүтээгдэхүүнүүд нь хүрсээр байгаа. НҮБ-ын хурлаас эхлээд Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид, томоохон компаниас үндэстэн дамнасан корпорациудын удирдлагын гарт очсон цөөнгүй жишээ бий. Тэр тоолонд “Ялгуун” брэнд, ард нь Монголын гэх тодотгол дагалдаж буй. Гэхдээ энэ бүхэн саяхны түүх биш юм. Н.Өлзиймаа нэгэнтээ “Дэлхийг монгол брэндээр гоёх бидний зорилго анхны коллекцоос маань л биеллээ олж эхэлсэн” хэмээн тэмдэглэсэн билээ. Мөн “Ялгуун” брэндийн бүтээгдэхүүнүүдийг Тува, Буриад, Өвөрмонголчууд их худалдан авдаг бөгөөд тун удахгүй Өвөрмонголд албан ёсны салбараа нээхээр ажлууд гэрээний шатандаа үргэлжилж байгааг дуулгасан юм. Ерөөс Монголын онцлогийг таниулсан, дэлхийн олон орны хүмүүс таашаан хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь тэдний анхны зорилго байсан, алсын хараа ч хэвээр байх болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй биз ээ.   

Тагууд: торгоүндэсний үйлдвэр

Санал болгох:

A man wearing traditional patterned maroon Mongolian attire stands outdoors, with historical and modern buildings visible in the background.
Өв соёлоо түгээх “торгон аялал”
Материалын хувьсгалч
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00