BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан цамц, хар өмд өмссөн эр дээвэр дээр үйлдвэрийн талбай, овоолсон материал, үүлэрхэг тэнгэрийн доор уулстай зогсож байна. - Business.MN

Санхүүгийн тооцоолол, сайн төлөвлөгөө бол амжилттай бизнесийн үндэс

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-07-07
  Манлайлагч, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Барилгын материал үйлдвэрлэлийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, аж ахуйн нэгжийн тоо болон тэдгээрийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанар улам бүр нэмэгдсээр  байна. Ялангуяа авто зам, барилгын чиглэлийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийн тоо байнгын өсөлттэй байгаа энэ цаг үед явган болон авто замын төрөл бүрийн хавтан, хашлагын эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэх болжээ. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр уул трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Ууганбаяртай ярилцсан юм. 

Тэрбээр сайн тооцоолол, зөв санхүүжилт, санхүүгийн сахилга батыг амжилттай хослуулж чадсанаар өөрийнх нь хувьд цоо шинэ гэж болох барилгын материал үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж байна. Банк, санхүүгийн салбарын мэргэшил, туршлага нь түүнийг бизнесээ амжилттай босгох, улмаар удирдахад нь хамгийн ихээр нөлөөлжээ.

Та манай уншигчдад өөрийнхөө карьерын түүхээс товч танилцуулна уу? 

Би Ховд аймгийн Булган сумынх. 2006 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Дээд сургуулиа төгсөөд ХААН банканд теллерээр нэг жил, дараа нь албан тушаал ахиж зээлийн эдийн засагчаар дөрвөн жил орчим ажилласан. ХААН банканд дадлага хийж байсан болохоор үргэлжлүүлээд энэ банкандаа ажилласан юм. Нийгмийн идэвхтэй оюутан байсан юм уу даа. Энэ зан маань ч одоо компаниа удирдахад эергээр нөлөөлдөг гэж бодож байна.

2011 онд ХААН банкнаас гарч, хэд хэдэн компанид ажиллаж байгаад хувийн бизнесээ эхлүүлэх, тэр дундаа үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 2020 онд компаниа байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Эдийн засагчаар ажиллаж байгаад барилгын материалын салбарт орсон нь сонирхолтой санагдаж байна. Яагаад энэ чиглэлийн компани байгуулах болсон бэ. Үйлдвэрлэл эрхлэх нь бизнесийн бусад салбартай харьцуулахад амаргүй шүү дээ? 

Тухайн үед бизнесийн төрөл бүрийн боломжийг судалж үзсэн юм. Эдийн засгийн тооцоолол хийхэд үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа түүхий эд нь Монголд бэлэн, олдоцтой байдаг үйлдвэрлэл эрхэлбэл илүү үр дүнтэй, ашигтай гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээгээд үйлдвэрлэж борлуулахад богино хугацаанд өртгөө нөхөх, цаашлаад ашигтай ажиллах боломжтой байсан юм. Манай компанийн үйлдвэрлэдэг явган замын өнгөт хавтан, хашлага зэрэг бүтээгдэхүүний гол түүхий эд болох элс, хайрга, цементийг бүгдийг нь дотоодоос нийлүүлэх боломжтой. Эдийн засагч мэргэжлийн давуу тал маань тооцоолол гаргахад үр дүнгээ өгсөн гэж болно. Ингээд л барилгын материал үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар эргэлт буцалтгүй шийдсэн. 

Манай компани зам, барилгын салбарт түгээмэл ашигладаг явган замын хавтан, хашлага, даацын зиг заг хавтан, дамар хавтан, даацын болон далангийн эко хавтан, авто замын хашлага, хуурай хольц зэрэг нийт 25 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ажиллах хүчний хувьд 25-30 ажилтан, ид ачааллын үе буюу зундаа 40 орчим хүнтэй ажиллаж байна.

Анхны бүтээгдэхүүнээ хэрхэн гаргаж байв. Үйл ажиллагаа эхлүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарсан бэ?

Юуны түрүүнд, замын хавтан үйлдвэрлэдэг машин оруулж ирээд угсарч суурилуулах ёстой байлаа. Үүний тулд мэдээж төлбөр мөнгөний асуудал яригдана. Анхны санхүүжилтээ арилжааны банкнаас зээл авах замаар шийдвэрлэж, бизнесээ эхлүүлж байсан. Тухайн үед санхүүгийн тооцооллоо зөв гаргаж, сайн төлөвлөсөн байсан учраас үйлдвэр маань богино хугацаанд өртгөө нөхөөд ашигтай ажиллаж эхэлсэн юм. 2020 онд компаниа байгуулж үйл ажиллагаа явуулснаас хойш нэг жил гаруйн хугацаанд зээлээ төлж дуусгасан. 

Манай бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл, борлуулалт хийх боломж байгаа нь тодорхой байсан учраас үйл ажиллагаагаа ахиулах, томруулах ёстой гэдгийг ойлгосон. Гэвч санхүүгийн боломждоо тааруулаад дундаж хүчин чадалтай машин худалдаж авсан нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг олгохгүй байлаа. Мөн илүү том хэмжээтэй газар, үйлдвэрийн объект, барилга, агуулах барих хэрэгтэй болсон. Энэ бүхэн эргээд санхүүжилттэй холбогдож эхэлж байгаа юм. 

Үүнийг шийдвэрлэх зорилгоор би 2022 онд ЖАЙКА-гаас зээл авахаар төсөл бичсэн. Учир нь бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж байж газар худалдаж авах, дэд бүтэц татах, барилга агуулах барих зэргээр үйлдвэрээ томруулах боломжтой байлаа.

Манай улсад арилжааны зээлээр бизнес эрхлэх үнэндээ тун чанга. Харин урт хугацаатай, хүү багатай зээлээр л үйлдвэрлэл эрхлэх боломжтой шүү дээ. 

ЖАЙКА-ийн уг төслийн зээл нь 10 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, эхний нэг жилд зээлийн хүүгээс чөлөөлдөг зэрэг олон давуу талтай. Танил тал, арын хаалгаар олгох ямар ч боломжгүй, зөвхөн тухайн бизнес төслөөс бүрэн шалтгаалдаг, өндөр шалгууртай, түүнийг нь хангасан аж ахуйн нэгжид л зээл олгодог. Байгаль орчныг хамгаалах, ажлын байр бий болгох зэрэг зорилго бүхий хоёр үе шаттай уг зээлийг арилжааны бүх банкаар дамжиж олгодог байсан. Гэхдээ манай улсад үр дүнгээ өгсөн гэж үзэж буй тул уг зээлийг зогсоож байгаа гэж сонссон. Нийт 1000 гаруй ААН уг зээлд хамрагдсан. 

Манай компани ч уг зээлийн үр шимийг хүртэж, тухайн үед бичиж өгсөн бизнес төсөлдөө тусгасан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Жил тутамд ЖАЙКА болон арилжааны банкны төлөөлөл ирж зээлийн зарцуулалт, ашиглалт шалгахын зэрэгцээ манай үйл ажиллагаатай танилцдаг.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүжилт, зээл нь хамгийн тулгамдсан асуудлын нэг байдаг. Олон улсын байгууллагын өндөр шаардлагатай зээл авах, авсны дараа юунд анхаарах ёстой талаарх туршлагаасаа хуваалцана уу?

Хамгийн гол нь, компанийн удирдлага санхүүгийн сахилга батыг чанд сахих хэрэгтэй. Орлого, зарлагын аль аль нь төлөвлөсөн зүйлдээ зарцуулагдаж, хувийн болон компанийн санхүү тусдаа байх ёстой. Монголд компанийн захирлын хувь, хувьсгалын мөнгө нэг дансанд явах нь ажиглагддаг, тэгж болохгүй гэсэн үг. Хоёрдугаарт, компанийнхаа үйл ажиллагааг тууштай удирдах туйлбартай зан хэрэгтэй. Гуравдугаарт, бизнесээ зөв төлөвлөх ёстой. Жишээлбэл, би компанийнхаа жилийн санхүүгийн төлөвлөгөөг гаргахдаа жил бүр тодорхой хувиар борлуулалт, үйлдвэрлэлээ өсгөнө гэж төлөвлөөд түүндээ хүрэхийн тулд тоног төхөөрөмжөө сайжруулах, хүн хүчээ нэмэх, санхүүгийн чадвараа сайжруулах гэх мэтээр дараагийн алхмуудаа тодорхойлдог. Үүний үр дүнд тодорхой амжилтад хүрч байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, зээл авчихвал л болно гэж бодох нь учир дутагдалтай юм. 

Цагаан цамцтай хүн ширээний ард инээмсэглэн сууж байна. Түүний ард цом, албан тасалгааны эд зүйлс бүхий тавиурууд байдаг. Ширээн дээр микрофон, зарим төхөөрөмж байдаг—энэ тохиргоо нь явган замын өнгөт хавтан зохион бүтээгч хэн нэгэнд хамаарах юм. - Business.MN

Та компанийнхаа цаашдын зорилгын талаар танилцуулна уу?

Бидний хувьд, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхээс илүү чанар, стандартыг улам сайжруулахад анхаарч байна. Манай үйлдвэрлэж, борлуулж буй бүтээгдэхүүн тухайн хот, хотхон, сум суурин газарт өнгө нэмэх, орчныг нь улам гоёмсог, өнгө үзэмжтэй болгох зориулалттай. Тийм учраас аль болох шинэлэг бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэхийг хичээж ажилладаг. Явган замын хавтан, хашлага нь нэг талаараа тухайн улс орон, хотын хөгжлийн нэг илэрхийлэл шүү дээ. Гадаадын улс орнуудын гудамж, талбай, хотхон хороололд өнгө нэмдэг нэг элемент нь төрөл бүрийн хавтангууд байдаг. Бид тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Мөн төрөл бүрийн сонин, содон өнгийн хавтанг хувийн орон сууцтай айл, хаус, хотхонуудад захиалгынх нь дагуу үйлдвэрлэж байна.

bookzone.mn

Байгуулагдсан цагаас хойших компанийн гол амжилтыг та юу гэж нэрлэх вэ?

Миний бодлоор амжилт бол жилийн төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу өсөлт үзүүлэн ажиллаж байгааг хэлэх болов уу. Манай компани жилд 100 мянган м.кв хавтан, 200 мянган ширхэг хашлага үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ зах зээлд тогтмол нийлүүлж, захиалагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Мөн хотын тохижилт, өнгө үзэмжид нөлөөлдөг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь компанийн маань үйл ажиллагааны дам нөлөө гэж хэлж болох байх. Түүнчлэн авсан зээлээ амжилттай, цаг хугацаанд нь төлж байгаагаа амжилт гэж үздэг. 

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас “Тэнгэр уул трейд” компани юугаараа ялгарч байна вэ. Хэр өрсөлдөөнтэй зах зээл вэ?

Бүтээгдэхүүн талаас авч үзвэл ялгарах зүйл бараг байхгүй. Энэ чиглэлийн компаниуд бүгд адилхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.

Гэхдээ манай компанийн зах зээл дээр ялгарч байгаа үйл ажиллагааны гол онцлог нь аль болох олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авахад бэлэн, цогцоор нь үйлдвэрлэдэгт оршиж байгаа гэж бодож байна. 

Зөвхөн явган замын хавтан бус хашлага, хөтөч хавтан, эко хавтан бүгдийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд санал болгодог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдаж авах боломжийг бий болгосон. Энэ л манай гол давуу тал болов уу. 

Улсын хэмжээнд энэ чиглэлийн 100 гаруй үйлдвэр байдгаас дийлэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бид өрсөлдөх бус хамтарч ажиллах, зарим үйлдвэр нь нэг бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэх зэргээр кластер үүсгэн ажиллах боломжтой. 

Барилгын салбарт тулгарч буй гол сорилтууд юу байна вэ. Тэдгээрийг шийдвэрлэх ямар шийдэл, боломж байгаа гэж боддог вэ?

Манай компанийн хувьд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчлэх, улам боловсронгуй болгоход анхаарч байна. Үйлдвэрлэл, борлуулалтад асуудал бэрхшээл бараг байхгүй. 

Сорилтын тухайд ажиллах хүч эн тэргүүний бэрхшээл болж байна. Гэхдээ ажилтнуудаа урамшуулах, хийснээр нь цалинжуулж, урамшуулах, цалинг цагт нь олгох зэргээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж боддог. Мөн байгаль, цаг уурын онцлогоос бүрэн хамаардаг, үүний улмаас улирлын чанартай ажлын байр бий болгодог салбар учраас хүний нөөцийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд их хэцүү. 

Хууль, эрх зүйн орчны хувьд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг эргэн харж үзвэл үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бодитой шийдэл, том дэм болно.

Жижиг, дунд бизнесийг удирдаж буй захирал ямархуу зан чанар, ур чадваруудыг өөрийн болгох шаардлагатай байна вэ?

Мэдээж санхүүгийн сахилга батдаа анхаарах ёстой. Хоёрдугаарт, бизнесээ зөв төлөвлөж, байгууллагаа удирдан тодорхой хэмжээний амжилтад хүрэх. 

Удирдах арга барилын хувьд би дарга, чи цэрэг гэсэн хандлагатай байвал мэдээж байгууллагын ажил урагшлахгүй. Ажилтнуудтайгаа цуг, дунд нь ороод ажиллах ёстой гэж би боддог. Захирал, удирдлага нь манлайлал үзүүлж ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг нь харагддаг.

Манай улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбар олон улстай хөл нийлүүлэх боломж хэр байна вэ. Энэ чиглэлийн компаниудад юу дутагдаж байгаа гэж боддог вэ? 

Олон улсын хөгжил, трэнд манай зах зээлд хурдтай нэвтэрч байна. Өөрчлөгдөн буй ийм орчинд бид дасан зохицож ажиллах ёстой. Үүний тулд өмнө хэлсэнчлэн аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө шинэчилж, шинэ техник технологийг цаг алдалгүй нэвтрүүлбэл дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Гэрэл зургийг Б.Чингис

Тагууд: барилгын материалтэнгэр уул трейдявган замын хавтан

Санал болгох:

Цаана нь "МАК Евро цемент" гэсэн шошготой ууттай шилэн саванд хийсэн янз бүрийн төрлийн цемент. Лааз бүр өөр өөр төрлийн цемент агуулсан бөгөөд хажуу талд нь мэдээллийн товхимол байдаг. Улаан, цагаан дэвсгэр нь дэлгэцийг онцолж, ард байгаа компанийн бизнесийн ур чадварыг харуулдаг. - Business.MN
МАК ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулна
"100AIL.mn" гэж бичсэн том улаан үсгүүдийн хажууд алаг цамцтай эр тонгойж байна. Түүний ард янз бүрийн барилгын материал, багаж хэрэгслийг харуулсан том зурагт хуудас, бүтээгдэхүүний зураг, вэб хуудасны интерфэйс нь компанийнхаа өргөлийг сурталчлахад түүний энтрепренер сэтгэлгээг харуулсан байна. - Business.MN
Л.Дагвасүрэн: 100ail.mn бол барилгын материалын цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээтэй цогц платформ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00