BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт хар үстэй, хар цамц өмссөн эмэгтэй кафед модон ширээний ард инээмсэглэн сууж, шоколадтай бялууны зүсмэл бүхий таваг өргөж байна. Арын дэвсгэр дээр цайвар өнгийн сандал, ваартай ургамал байдаг. - Business.MN

Blossom Bakery ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа

Blossom Bakery: Амтнаас нь аз жаргал, сайхан сэтгэл мэдрэгдэнэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-07-14
  Амт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бусдыг баярлуулах шиг буянтай үйл хүний амьдралд байхгүй гэнэм. Зөвхөн хайртай хүмүүс, ойр дотнынхноо бус танихгүй нэгний амьдралын хором мөчийг баяр хөөр, аз жаргалаар гийгүүлэх шиг сайхан үйл байхгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Өдөр тутам олон арван хүнд бүтээгдэхүүнээрээ дамжуулан аз жаргалыг хүргэдэг нэгэн компанийг бид “Амт” булангаараа танилцуулж байна. Тэд бол Blossom Bakery компанийн хамт олон. 

Бид тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяатай уулзаж, амтаар дамжуулаад хүний амьдралыг хэрхэн “амттай”, аз жаргалтай болгож байгаа нууц, мөн бүтээгдэхүүнийх нь онцлогийн талаар ярилцсан юм. 

Сайхан сэтгэлтэй хүн л амттай бялуу хийдэг

“Агуу үйлийг бүтээх цорын ганц арга бол дуртай зүйлээ хийх” хэмээн алдарт энтрепренер, Apple тэргүүтэй олон компанийг удирдан гайхалтай бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн С.Жобс өгүүлжээ. Үнэхээр ч дийлэнх суут бүтээлүүдийн эзэд нь тухайн зүйлээ сэтгэл зүрхээ зориулан  хийсэн хүмүүс байдаг. 

“Хоббигоо бизнес болговол илүү өндөр амжилтад хүрдэг, тухайн зүйлээ ч аз жаргалтай хийдэг гэж хүмүүс ярьдаг. Бизнесийн болон хувь хүний хөгжлийн номуудад ч тэгж дурддаг шүү дээ. Харин надад хобби байхгүй, ууланд аялдаггүй, дугуй унадаггүй, эсвэл оёж эсгэдэггүй гэж би боддог байлаа. Бялууны бизнесээ эхлүүлсний дараа л олон жил бялуу хийж, арга технологийг нь сурсан гэдгээ анзаарсан. Бялуу хийх бол миний хобби гэдгийг тухайн үедээ ойлгоогүй байсан хэрэг” хэмээн Blossom Bakery-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа өгүүлэв. Тэрбээр 19 настайдаа анх эклер хийж байснаас хойш 10 гаруй жил бялууны амтанд өөрөө орж, бусдыг ч өөрийнхөө урласан бялуунд дурлуулж байна. 

“Гурван хүүхдэдээ сайн ээж, мөн сайн эхнэр байхын тулд идэж буй хүнсний орц найрлага, сонголтод би маш их анхаардаг. Үүнээс үүдээд бялуугаа өөрөө хийе, илүү гоё амттайг хийж чадна гэж боддог байсан юм. Манайх гэдэг айлд зочин гийчин, найз нөхдийн хөл тасардаггүй. Тэд маань миний бялууг ямар гоё амттай юм бэ гэж байнга урмын үг хайрладаг байлаа. Хүргэн дүү минь хүртэл манай кофе шопт бялуунаасаа нийлүүлээрэй гэсэн санал тавьж байсан. Тухайн үедээ үгийг нь талархан хүлээж аваад л өнгөрдөг, бялууны бизнес эрхэлье гэж төдий л боддоггүй байлаа. Гэхдээ гэр бүлдээ, хүүхдүүддээ хийж өгч байгаа бялууг бусад хүнд ч гэсэн яагаад амтлуулж болохгүй билээ гэсэн бодол удалгүй төрсөн” гэж Б.Батзаяа дурсав. 

Дийлэнх Монгол айл бялууг баяр ёслол, онцгой өдрүүдээр л худалдаж авдаг. Харин Б.Батзаяагийн гэр бүл тийм биш. Гэртээ байнга нарийн нандин хоол, тэр дундаа бялуу хийж иддэгийг нь мэдэхгүй зочид ирээд “Танайд баяр болж байгаа юм уу?” гэж асуудаг байжээ.

Харин сүүлийн жилүүдэд манай улсад бялууны соёл хурдацтай нэвтэрч эхэлснээр гэр бүлээрээ амралтын өдрийн өглөөг гоё эхлүүлэх, эсвэл гуньж хямарсан үедээ сэтгэлээ засах зорилгоор бялуу иддэг хүмүүс нэмэгдэж байгаа тухай тэрбээр онцолсон.

Бялууны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд Blossom bakery ч багагүй үүрэг гүйцэтгэж буй. 

Хоббигоо бизнес болгох аяллынхаа эхэнд Б.Батзаяа энтрепренерийн карьерынхаа хамгийн зоригтой шийдвэрийг гаргасан аж. “Гадаад компанид захирал хийдэг байсан нөхрөө ажлаас нь гаргаад хоёулхнаа бизнесээ эхлүүлсэн нь одоо бодоход дэндүү зоригтой шийдвэр байсан” гэж тэрбээр өгүүлсэн. “Хүнс үйлдвэрлэлийн талаар юу ч мэдэхгүй, тооны чиглэлийн хүн мөртлөө энэ салбар руу орсноо бодоход бас л айхыг мэдэхгүй байж дээ гэж бодогддог. Тийм болохоор бизнесийн чиглэлийн номноос, эсвэл алдартай бизнесменүүдийн ярианаас “Зоригтой бай” гэсэн үгийг сонсохоор тэр үеэ бодоод өөрийн эрхгүй инээмсэглэдэг” гэж Б.Батзаяа нэмж хэлэв.

Гэр бүлийн хоёр хоёулаа гадаадад бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан, бизнес, санхүүгийн талаар харьцангуй ойлголттой, ажлын туршлагатай байсан тул бизнесээ эхлүүлэхээс өмнө санхүүгийн тооцоо, зах зээлийн судалгаа зэргийг маш сайн хийсэн байна. Үүний үндсэн дээр хамтдаа бизнесийн ертөнцөд хөл тавьснаас гадна чаддаг зүйлээ хийж байгаа учир амжилтад хүрнэ гэсэн багагүй итгэл тээж байжээ.

Б.Батзаяа, нөхөр Э.Очиртын хамт эхлээд ажлын байраа бэлдэж, хагас жилийн турш бүх бялуугаа хийжээ. Ядарсан, туршсан, завсаргүй ажилласан тэрхүү өдрүүдийн үр дүнд өнөөдөр тус компани илүү олуулаа болж, Tom’N’Toms, Caffe M, Segafredo, Jack’s сүлжээ болон бусад кофе шопуудаар болон захиалгаар бүтээгдэхүүнээ борлуулдаг болж өргөжөөд байна. 

Хоббигоо бизнес болгоод, эсвэл зориг гаргаад амжилтад хүрэх боломж Монголын нөхцөлд хэр байна вэ? Тэр тусмаа цар тахлаас хойш бялууны бизнес эрхэлдэг хувь хүмүүс, компани олширсон нь энэ зах зээлд шинээр хөл тавьж буй тоглогчдод ямар сорилтыг авчирч байна вэ гэсэн асуулт түүнтэй ярилцаж байхад өөрийн эрхгүй төрж байлаа. Энэ асуултад маань түүний өгсөн хариултууд хөвөрсөөр амттай бялуу бүтээдэг жор, магадгүй нууцын талаарх яриа болон үргэлжлэв.

“Хоёр жил бол шинэ брэндийн хувьд зах зээл, хэрэглэгчдэд танигдахад харьцангуй бага хугацаа. Дээр нь бид маркетинг бараг хийдэггүй. Ихэвчлэн амнаас ам дамжих байдлаар органикаар зах зээлд байр сууриа олсон. Тэгэхээр байнгын олон хэрэглэгчтэй болсон нууц нь манай бүтээгдэхүүн юм” гэж тэрбээр онцлоод Blossom Bakery-гийн бялуунууд хэрхэн бүтдэг талаар ийн сонирхуулсан юм.  

“Бид бүх бялуугаа сэтгэлээ гаргаж, ямар нэг алдаагүй, нямбай хийхийг зорьдог. Бялуугаа аз жаргалтайгаар хийж чаддаг. Учир нь бидний хийсэн бялуу захиалагчид маань аз жаргал бэлэглэхээр очиж байгаа шүү дээ. Энэ л үүднээс сэтгэлээ, хайраа шингээж хийдэг. Урладаг гэж хэлвэл илүү оновчтой болов уу. Тийм ч учраас би ажилтнуудаа, нарийн боовчинг сонгохдоо сайхан сэтгэлтэй хүн мөн үү гэдгийг нь ярилцлагын үеэр их анхаардаг. Уур уцаартай, муу хүнээс гоё амттай бялуу гардаггүй юм шиг надад санагддаг. Ер нь сайхан сэтгэлтэй хүн л гоё бялуу хийдэг”.

Blossom Bakery-ийн чимэглэсэн зургаан бялуунаас бүрдсэн эвлүүлэг, жигнэмэгтэй шоколад, ногоон өнгийн жимстэй бялуу, хэрчсэн шоколадтай бялуу, цэцгийн пастел бялуу, цөцгийтэй гүзээлзгэнэтэй бялуу. - Business.MN
Blossom Bakery компани фрайзер кремтэй гүзээлзгэнэтэй бялуу, тирамисү бялуу, шоколадтай бялуу, shine muscat ногоон усан үзэмтэй бялуу, Нью-Йорк чийзкэйк, жимстэй мини чийзкэйк гэсэн зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бялуу үйлдвэрлэл бол нарийн технологи, чимхлүүр хөдөлмөр шаарддаг ажил. Нэг л алдаа гаргавал олон бүтээгдэхүүн гологдол болох эрсдэлтэй учраас ажилтан бүр үйлдвэрлэлийн процессыг нэгбүрчлэн дагаж мөрдөх учиртай. Энэ үүднээс гарын ур дүйтэй хүн бялууг илүү сайн хийдгийг Б.Батзаяа мөн л туршлагаасаа мэдэж авчээ. Тэрбээр өдгөө шинэ ажилтныг сургахад багадаа 14 хоног зарцуулдаг аж. 

Үүнтэй холбоотойгоор хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесс, стандартыг ягштал мөрдөх нь хамгийн чухал алхам байдаг. Японд нэг бүтээгдэхүүнийг 100 жилийн турш яг адил чанар, стандартаар хийж болдог бол манай зах зээлд зарим брэнд, бүтээгдэхүүн олонд танигдсаныхаа дараа чанар, амт нь буурдаг, эсвэл өөрчлөгддөг тохиолдлууд бий. Үүнээс сэргийлэхийн тулд өндөгийг яаж хагалах вэ гэдгээс л бялуу үйлдвэрлэлийн нарийн процесс эхэлдэг байна. Энэ тал дээр өөрийгөө тун хатуу, чанга захирал гэж тэрбээр өгүүлсэн. 

Амт чанараа тогтмол хадгалсан, шинэхэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч, захиалагчдадаа хүргэх зорилгынхоо хүрээнд Blossom Bakery-ийн хамт олон бүтээгдэхүүний чанарт онцгой анхаардгийг өөр нэг жишээнээс харж болно. Тэд түүхий эд тасалдвал орлуулаад хямдыг бус бүр илүү үнэтэйг нь сонгож авч хийдэг аж. Ингэж байж хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авч, хадгална хэмээн Б.Батзаяа дурдсан.

Амтат бялууны салшгүй жор

Бялуунд дургүй, тэр бүү хэл төрсөн өдрийнхөө бялууг идэхгүй лааг нь үлээгээд орхидог байсан бүсгүй Blossom Bakery-ийн бялууг идсэнээс хойш долоо хоног бүр захиалга өгдөг болсон аж. Нөхөр нь амттанд, тэр дундаа бялуунд дургүй байсан атлаа Blossom Bakery-ийн бялуунд дурлах болсон тухай, гэр бүлийнхээ гишүүдээс нууж идтэлээ бялуунд нь донтсон үйлчлүүлэгчтэй болсон тухай, мөн бялууг нь найран дээр идэж үзээд нэг жил гаруй хайсны эцэст Blossom Bakery-г олсон үйлчлүүлэгчтэй таарч байсан тухайгаа Б.Батзаяа сонирхуулсан.

Мөн борлуулалтын нэг гол суваг нь кофе шоп учраас тухайн кофе шопоос бүтээгдэхүүнийг нь хэрэглээд байнгын фэн нь болсон олон хүн байдаг аж.

Хэрэглэгчдийг ийн “гайхшируулж” буй тус компанийн бүтээгдэхүүний амтын нэг гол нууц бол орц найрлага нь юм. “Бид үйлдвэрлэлдээ хамгийн чанартай материалыг сонгож хэрэглэдэг. Тухайлбал, шинэ жимс, Герман какао, Европ бяслаг, масло, жимсний нухаш мөн 35 хувийн тослогтой цэвэр сүүн крем ашиглаж байна. Орц найрлагадаа ийн анхаарснаар бялууны амт маш гоё болдог. Хамгийн гол нь сахар багатай. Зарим үйлдвэрийн бялуу их нялуун байдаг гэж хүмүүс ярьдаг. Харин манайхыг нялуун биш сахар багатай, “чанартай амттай” гэж үнэлдэг юм. Энэ бүхэн л бялуу, амттан иддэггүй хүмүүст хүртэл таалагдах нэг гол шалтгаан болдог” гэж Б.Батзаяа тайлбарлав.

bookzone.mn

Түүний хэлснээр бялууны зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулахад бялууны соёл, зах зээл өөрчлөгдөж буй үеийг соргогоор мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, илүү шинэлэг, өнгө үзэмж сайтай, тэр бүр бусдын хийгээд байдаггүй бүтээгдэхүүнийг санал болгож эхэлсэн нь нэг талаар нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх зорилгоор бялууг бэлэг болгон сонгох нь нэмэгдэж байгаа аж. Зах зээлд ийн бэлэгний “амттай” сонголт бий болсноор Blossom Bakery-ийн захиалагчдын багагүй хувийг найз нөхөд, гэр бүлийнхэн, эсвэл баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх хүсэлтэй хүмүүст бялуу захиалдаг гадаад дахь монголчууд эзлэх болжээ. Нөгөө талаар, хүмүүс эрүүл хооллолтын талаар мэдлэгтэй болж, эрүүл зөв хооллох болсноор чанартай орц найрлагатай, сахар багатай бялууг таашаан хэрэглэх нь нэмэгдсэн.

Тэдний амьдралд өдөр бүр аз жаргалын амтыг мэдрүүлдэг Б.Батзаяагаас анхны сорилтынх нь тухай лавлахад компаниа байгуулсан эхний жилийн Валентины баярын захиалгууд байсан гэж дурсав. Үйлдвэрийнх нь байрны халаалт тасарсан учир тэрбээр машиндаа багтахаар хэмжээний бараа материал, тоног төхөөрөмжийг ачаад гэртээ иржээ. Гэвч гэрт нь том зуух, миксер зэрэг төхөөрөмж байхгүй, орон зай ч бага учраас захиалгуудаа бүрэн үйлдвэрлэж чадсангүй. Цөөн цөөнөөр нь хийж, хүргэсээр хамгийн сүүлийн захиалга нь шөнийн хоёр цагт эзэндээ очжээ. Гэвч тэр хүнд үед тэрбээр сэтгэлээр унасангүй, гутарсангүй, харин ч захиалгыг нь хоцроосон хүмүүстээ маргааш нь цэцгийн баглаа илгээж уучлалт гуйсан аж. Магадгүй ийм хандлага, сэтгэлтэй хүн л амттай бялууг үйлдвэрлэхээр “төрдөг” биз ээ.

Blossom Bakery зөвлөж байна

Амттай бялуу хийхийн тулд юунд анхаарах вэ?

Хайр. Таны хийж буй бялууг хамгийн хайртай хүмүүс тань иднэ гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Орц найрлага. Бялууны түүхий эдийг сонгохдоо маш их судлах хэрэгтэй. Сайн түүхий эд ашиглах нь ямар ч амттаныг сайхан амттай болгох гол зүйл юм.

Бууж өгч болохгүй. Мэдээж алдана. Алдсан ч гэсэн дахин дахин хийх хэрэгтэй. Нэг л мэдэхэд хамгийн хөвсгөр кекс, хамгийн амттай крем, өөртөө тохирсон хамгийн төгс зохицлыг олсон байх болно.

Бялуу худалдаж авахдаа анхаарах зүйлс:

Транс тос агуулаагүй, байгалийн гаралтай түүхий эд ашигласан бялуу байх нь чухал.

Хугацаа уртасгагчаас зайлсхийж, өнгө, үнэр, амт оруулагч ороогүй, сахар багатай бялуу илүү эрүүл байдаг. Хэт тод өнгөтэй байвал төдий хэмжээгээр хүнсний будаг орсон байдаг.

Өндөр чанартай цэвэр сүүн крем нь цагаан шаргал өнгөтэй тул ялгахад амархан. Мөн удаан хугацаанд хадгалах зориулалтгүй байдаг тул илүү шинэ байх болно.

Тагууд: амтбэйкерибялуу

Санал болгох:

Урт хар үстэй, нүдний шилтэй эмэгтэй цагаан цамц, хар өмд өмссөн оффист зогсож байна. Өрөөний ханан дээр жаазтай гэрчилгээ, цаана нь номын тавиурууд байдаг. Тэрээр компанийг амжилтанд хүргэхэд бэлэн энтрепренерийн мөн чанарыг тусгасан төвийг сахисан илэрхийлэлтэйгээр камерын өмнө тулгардаг. - Business.MN
Нүд баясаж, сэтгэл цадна
Хосууд лааны суурь, өлгөөтэй ургамлаар чимэглэсэн тансаг ресторанд лааны гэрэлтэй ширээний ард сууж байна. Тэд инээмсэглэн хөтлөлцөн зогсоход эр хундага улаан дарс өргөж байна. Энэхүү орчин нь романтик, дэгжин бөгөөд амжилттай хоёр бизнес эрхлэгчийн алжаалаа тайлах төгс орчинг бүрдүүлдэг. - Business.MN
GoldArt: Дурсамж бүтээх дулаан газар
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00