Сэтгэл зүйч, көүч, карьер зөвлөх Ж.Номинг энэ удаа урьж ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Бостон хотод сүүлийн гурван жил гэр бүлийн хамт амьдарч буй. Ээж болсон ч түүний идэвхтэй, сурч мэдэхийн төлөө тэмүүлсэн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнгүй. Өдгөө тэрбээр Whitstable Consulting компанийг Монголд, мөн ижил төстэй үйл ажиллагаа бүхий компанийг Америкт байгуулан удирдах түвшнийхэн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ингэхдээ консалтинг, зөвлөх, карьер, удирдах түвшний көүчингийн үйлчилгээ үзүүлж буй. Энэ утгаараа хоёр улсын хооронд ирж очих нь ихэсчээ.
Тасралтгүй суралцаж, хөгжихийг эрмэлздэг Ж.Номин Чевенингийн тэтгэлгээр Английн University of Warwick-д суралцаж, көүчинг, сэтгэл зүй, карьер хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол өдгөө мөн л тус улсын King’s College London-д тархи судлал, сэтгэл зүйн чиглэлээр суралцаж, дипломын судалгааны ажилдаа төвлөрч буй. Үүний хажуугаар тэр амьдарч буй Бостон хотдоо ч сонирхсон хичээлүүддээ хамрагдаж, судалгааны зорилгоор олон хүнтэй хамтран ажилладаг.
Гэхдээ өнөөдөр энэ бүхний талаар ярихгүй. Харин Ж.Номингийн хобби гэж тодотгож болохуйц ном унших арга барил, дадлын талаар хөөрөлдөх болно.
“Номтой танилцсан түүх”
Завхан аймгийн Улиастайд төрсөн Ж.Номин өвөө, эмээ дээрээ өсжээ. Тэд монгол, орос ардын үлгэрүүдийг бяцхан охинд уншиж, бас цээжээр ярьж өгдөг байсан нь санаанд нь тодхон үлджээ. Уртаас урт үлгэрүүдийг торох зүйлгүй, нүдэнд харагдтал сайхан ярьж өгдөг нь охин багаасаа номонд дурлах эхлэл болжээ. Харин номтой холбоотой анхны дурсамж нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”-ээр эхэлдэг. Дунд сургуульд байхдаа номонд шимтэгч найзтайгаа уншсан номынхоо талаар их ярилцдаг байсан бөгөөд нэг удаа найзаасаа дээрх номыг авч уншсан нь хүүхэд насны дурсамжийнх нь салшгүй хэсэг болжээ.
Цаг алга гэх бус цагийг бий болгох ёстой. Нэг зүйлд тийм гэж хэлэхийн тулд маш олон өөр зүйлд үгүй гэж хэлэх хэрэг гардаг.
Олон ном зэрэг уншдаг дадалтай тэрбээр өдгөө мэргэжлийн хүрээнд сэтгэл зүй, тархи судлал, зан төлөвтэй холбоотой ном ихэвчлэн уншиж буй. Гэхдээ цаг зав л гарвал сонгодог бүтээл, уран зохиолын ном барьж авдаг нь хэвээрээ. Сүүлд гэхэд л М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”-ыг ахин уншжээ. Багадаа уншихад ер бусын, ид шидлэг мэдрэмжид автаж байсан бол олон жилийн дараа дахин уншихад эрх мэдэл, айдас, итгэл үнэмшил, хайр зэрэг хүмүүний амьдралын томоохон сэдвийг сэтгэл зүйн талаас маш тод томруун, гүн гүнзгий мэдрүүлж бичсэн зохиол гэдгийг ойлгосон аж.
Миний сонголт
Миний ширээний ном бол яах аргагүй Виктор Франклын “Хүмүүний утга учрын эрэлд”. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа уншсанаа ч санахгүй байна. Тийм зузаан ном биш ч бүрэн дүүрэн ойлгож, ухаарч дуусахгүй мэт санагддаг. В.Франклын амьдралын туршлага, хорих лагерьт байхдаа “Хүн юуны төлөө амьдардаг юм?”, “Ямар хүмүүс амьдралд бууж өгдөггүй вэ?”, “Амьдралын утга учир гэж чухам юу болох?”, “Бүх зүйлээ алдсан үед хүн юунд суурилж цааш амьдрах итгэлээ олж авдаг вэ?” зэрэг асуултын хариуг энэ номоос авна. Хариу үйлдэл гаргахад ч хүнд үргэлж сонголт байдгийг ойлгуулна. Ер нь амьдралын хүнд хэцүү үеүдээ давж гарахад “Хүмүүний утга учрын эрэлд” ном их тус болсон. Үнэхээр супер ном гэж хэлнэ.
“Мастер, Маргарита хоёр” бол хүмүүний амьдралын томоохон сэдвийг сэтгэл зүйн талаас маш тод томруун, гүн гүнзгий мэдрүүлж бичсэн зохиол.
Харин унших номоо хоёр янзаар сонгодог. Эхлээд ажлын шугамаар уншиж буй номууд орно. Көүчинг, сэтгэл зүй, тархи судлалтай холбоотой номууд гэсэн үг л дээ. Ихэвчлэн textbook байдаг. Чөлөөт уншлагын тухайд ном их уншдаг, бодлыг нь хүндэтгэдэг, итгэдэг найзууд, ментор зэрэг хүнийхээ санал болгосон номыг сонгох нь бий. Онлайн орчинд гэвэл New Yorker сэтгүүл ямар ном санал болгож буйг нэлээд тогтож хардаг. Мөн Booker Prize-д өрсөлдөж буй номуудын жагсаалтад давхар анхаарал хандуулдаг. Дээр нь 10 хоногт нэг удаа дуртай номын дэлгүүрээрээ ороод гарна. Түүнээс биш шилдэг борлуулалттай номын жагсаалт зэргийг төдийлөн хардаггүй.
Миний арга барил
Ажлын холбогдолтой буюу тархи судлал, сэтгэл зүй, көүчингийн номуудыг уншиж танилцах хугацаагаа би ажлын цагтаа оруулж тооцдог. Учир нь сонгосон мэргэжлийнхээ хүрээнд илүү сайжрах, илүү ихийг танин мэдэх гэдэг бол ажлын маань л нэг хэсэг. Харин ээж болсноосоо хойш Audible-аар ном их сонсох болсон. Өмнө нь Kindle дээр их уншдаг байлаа. Сүүлийн үед бол Audible, цаасан ном хоёрыг л хослуулах болж.
Заримдаа дасгал хийж амжихгүй, асар завгүй өдрүүддээ ажил болон номын сан руу алхаж очихыг эрмэлздэг. Ийм үедээ өдөрт дунджаар 10 мянган алхам буюу 1-2 цаг алхчихдаг юм. Алхах боломжгүй үед хүүгээ унтуулчихаад аяга угаах, хувцас эвхэх гэх мэт ахуйн ажил өөртөө үүсгэж, хажуугаар нь номоо сонсдог.
Нөгөө талаар, би ном уншихдаа номон дээрээ маш их тэмдэглэл хөтөлдөг. Шууд бичиж, зурж, тодруулаад л. Зарим хүнд таагүй санагдах нь бий. Номууд маань цэвэрхэн, шинээрээ байдаггүй гэсэн үг (Инээв). Тийм болохоор номоо хүнд өгөхөд их хэцүү. Хэрэв хүмүүс асуувал “Энэ номыг худалдаж аваад чамд бэлэглэе” гэж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, ном гэдэг миний хувьд нэг насны хөрөнгө оруулалт болдог. Өөрийн бичиж тэмдэглэх энэ дадлаасаа болоод номын сангаас ном авч чадахгүй, үргэлж худалдаж авах шаардлага үүсдэг.

Хариулт хайх бус асуулт тавьж сурсан
Номд шимтэж, номтой нөхөрлөснөөр би амьдралын үнэнд ойртож, ёс зүйн чиг шугамтай болсон. Хүн бүрийн амьдралд бусдад хэлж зүрхлээгүй дурсамж, өөр өөрийн туулсан зам мөр бий гэдгийг ном л ой тойнд гүн гүнзгий мэдрүүлдэг. Тэгэхээр сэтгэл зүйчийн мэргэжил сонгоход ч ном шууд бус утгаар их нөлөөлсөн гэж хэлж болно. Ном уншаад эхлэхээр бусдыг сонсох, аливаад хүлээцтэй хандах, хүмүүсийн адармаатай ааш араншингийн цаана нуугдах учир шалтгаан гээд л юмсыг уужуу нүдээр харах боломж олддог. Бусдыг ойлгох сэдэл, амьдралын хичээл болдог гэх үү дээ. Зөвхөн мэдлэг олж авах бус өөрөө өөрийгөө ойлгоход тусалдаг. Ер нь ямар нэг хариулт хайхаас илүүтэй асуулт тавьж сурахад ном л нөлөөлсөн.
Харин ирэх жилүүдээс өөрөө зориглон ном бичих төлөвлөгөө бий. Үнэндээ ингэж бодоод хэдэн жилийн нүүр үзжээ. Шалтгаан нь илүү их суралцах, мэдэх, бодож цэгнэх хэрэгтэй гэж үзээд байсанд оршино. Сэдвийн хувьд карьер, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр бичигдсэн ном байх болно. Гэхдээ яарч бичихээс илүү цаг гаргаж, ул суурьтай, бодит судалгаанд үндэслэсэн “часхийсэн” ном бичихээр бодож, төлөвлөж байна даа.
Ж.Номин Whitstable Consulting компанийг Монголд, мөн ижил төстэй үйл ажиллагаа бүхий компанийг Америкт байгуулан удирдах түвшнийхэн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цагийг бүтээ!
Би ээж болсноосоо хойш цаг зав их багассан. Цагийн хуваарь улам л шахуу болж байна. Үүнээс үүдээд залуучуудад нэг санаа хэлмээр санагддаг. Өнөөдөр “Цаг гараасай”, “Цаг гарахгүй байна”, “Цаг алга” гэх мэтээр ярьж буй хүмүүстэй бид олон таардаг. Гэхдээ ингэж хэлэх бус харин ч цагийг бий болгох ёстой. Нэг зүйлд тийм гэж хэлэхийн тулд маш олон өөр зүйлд үгүй гэж хэлэх хэрэг гардаг. Өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ амжуулж чадахгүй ээ л гэсэн үг. Хамгийн чухал нь юу гэж үзэж байна, түүндээ л цаг зарцуулах зоригтой, тууштай байх чухал. Ном уншмаар байвч нэг л болохгүй байна, урам зориг төрөхгүй байна, яг гоё сэдэл авахаараа л уншъя гэх мэтээр хүмүүс их хэлбэлздэг. Гэвч үнэн хэрэгтээ урам зориг, мотивац хүлээх хэрэггүй. Шууд л уншиж эхэл. Явц дунд урам зориг өөрөө чамд хүрч ирнэ. Тэгэхээр энэ бол сонголтын л асуудал. Надад цаг гарахгүй байна гэхээс илүү “Чиний хувьд ном унших яагаад чухал юм бэ?” гэдэг асуултад хариулж, зоригтойгоор цаг гаргах нь чухал.
Миний ширээний ном бол яах аргагүй Виктор Франклын “Хүмүүний утга учрын эрэлд”. Амьдралын хүнд хэцүү үеүдээ давж гарахад энэ ном их тус болсон. Үнэхээр супер ном гэж хэлнэ.
Миний хувьд долоо хоногт 1-2 ном уншдаг, сонсдог дадалтай. Ер нь ном унших гэдэг амжуулдаг, хийх ёстой зүйл, to do list -д маань багтдаг зүйл биш. Харин бодол сэтгэлээ цэгцлэх, өөрийгөө таних, оюуны хувьд амрах хэв маяг гэж ойлгож болно.
“Утга”-аар дамжуулан утгыг эрэлхийлэх нь
Монгол залуучуудынхаа ном унших сэдлийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор “Утга” номын клубээ нээгээд удаагүй байна. Ном уншсанаар хүн өөрийгөө сайтар ойлгохоос эхлээд их хөгжиж тэлдэг учраас сүүлийн үед дэлгэрэх болсон номын хураангуйтай танилцаад орхих бус бүрэн бүтнээр нь анхааралтай суун уншиж мэдрэхийг клубээрээ дамжуулан уриалж байгаа. Хэн нэг хүнээс сонсоод өнгөрөх, шилдэг борлуулалттай номын жагсаалтыг гарчиглах, эсвэл подкастаас мэдээлэл аваад өнгөрөх бус номоо бүрэн эхээр нь өөрөө уншиж мэдэрье гэсэн санаа. Анхны зорилго маань амжилттай хэрэгжиж онлайн орчинд хүртээмжтэй, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан.
Номд шимтэж, номтой нөхөрлөснөөр би амьдралын үнэнд ойртож, ёс зүйн чиг шугамтай болсон.
“Утга” номын клубт гишүүнээр элсэх, сар тутмын хэлэлцүүлэгт оролцоход үнэ төлбөргүй, дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Клуб дөнгөж нээгдмэгцээ л 2000 орчим гишүүнтэй болж, эхний уулзалтад маань 500 гаруй хүн оролцсон. Манай клуб зөвхөн монгол хэлээр орчуулагдсан, аль болох өгөөжтэй, уншигчдад ихийг ойлгуулах, тэднийг хөгжүүлэх ном сонгохыг хичээдэг. Сар тутам нэг ном сонгож, тухайн номтой холбогдох хоёр зочин илтгэгч урьж, онлайнаар хэлэлцүүлгээ өрнүүлдэг. Энэ үеэр оролцогчид бие биеэсээ суралцаж, өөрийгөө ойлгох, бусдын үзэл бодлыг сонсох, эдгээр процессоос улам бүр ухаарал аваасай гэж хүсдэг.
Клубээ хүртээмжтэй байлгах үүднээс зөвхөн монголоор орчуулагдсан номыг сонгож буй нь нэг талаар, хязгаарлагдмал болгож байгаа учраас паблишинг компани нээхээр шийдсэн. Төлөвлөж биш органик байдлаар ийм шийдвэрт хүрсэн. Ирэх жилүүдэд “Утга” паблишингаас сэтгэл зүй, хосын харилцаа, хүүхдийн хөгжил, карьер, хувь хүний дадал, амьдралын хэв маягтай холбоотой номуудыг эрхлэн гаргахаар төлөвлөөд байна.