Google Deepmind-аас төрж гарсан Alphabet-ийн Isomorphic Labs компани хиймэл оюун ашиглаж төрөл бүрийн эм бүтээх зорилготой ажилладаг. Тус компани хиймэл оюунаар бүтээсэн эмийн орцын клиник туршилтыг анх удаа хүн дээр хийхэд бэлдэж буй тухайгаа зарлалаа.
Уг эмийн туршилтыг тун удахгүй эхлүүлнэ гэж Isomorphic Labs-ийн ерөнхийлөгч К.Мурдок “Fortune”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Лондонгийн Кингс кросс дахь оффист манай хүмүүс хиймэл оюунтай хамтраад хорт хавдрыг эмчлэх эмнүүдийг бүтээж байгаа. Ийм үйл явдал яг одоо болж байна” гэж тэрбээр өгүүлсэн байна.
Isomorphic Labs 2021 онд DeepMind-ийн AlphaFold хэмээх системийн амжилтаас улбаалан үүссэн. Энэхүү хиймэл оюун нь уургийн бүтцийг маш өндөр нарийвчлалтай урьдчилан таамаглах чадвартай бөгөөд энэ нь шинэ эм гарган авах үйл явцыг эрс хурдасгах, зардал хэмнэх технологийн суурийг тавьсан билээ. Тус компани энэ оны дөрөвдүгээр сард 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Novartis, Eli Lilly зэрэг дэлхийн томоохон эм үйлдвэрлэгчидтэй түншлэл үүсгэсэн бөгөөд “дэлхийн жишигт нийцсэн эм зохион бүтээх бүтэц”-ийг хамтран хөгжүүлж байгаа юм.
Дэлхийн практикт эмийн клиник туршилтын амжилтын түвшин 10 орчим хувь байдаг бол хиймэл оюуны тусламжтайгаар энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх, эм бүтээх хугацаа, зардлыг бууруулах боломжтой болно.
Isomorphic компани одоогоор хорт хавдрын болон дархлааны тогтолцооны эмчилгээнд зориулсан шинэ эм гаргаж авахаар ажиллаж байна. Тус компани одоо хэрэгжиж буй эмийн судалгааг дэмжих болон өөрийн гэсэн цоо шинэ эмийг бүтээх төслүүдийг давхар хэрэгжүүлж байгаа юм.
Гэхдээ хүн төрөлхтөн хиймэл оюуны бүтээсэн эмийг өргөнөөр хэрэглэх боломж хэдэн жилийн дараа бий болох магадлалтай. Учир нь эмийн үйлдвэрлэл, түгээлтийн шатнаас өмнө маш их туршилт хийх шаардлагатай байдаг.
Isomorphic Labs-аас гадна биотехнологийн Insilico Medicine компани Pharma.AI платформдаа тулгуурлан хиймэл оюунаар эм бүтээхээр олон жил ажиллаж байгаа юм.