Квантын технологи нь тооцоолон бодохуй, харилцаа холбоо, мэдрэгч технологийн салбарыг хамаардаг бөгөөд орчин үеийн уламжлалт сонгодог системүүдийг хол хаясан шинэ боломжуудыг амлаж байна. Энэ технологи ирээдүйд химийн хэцүү урвалуудыг хэдхэн минутад загварчилж, харилцаа холбооны сувгуудыг найдвартай хамгаалж, байгалийн үзэгдлүүдийг маш нарийн хэмжих чадамжтай болно. Квантын технологи нь хэдийгээр судалгааны түвшинд байгаа ч 2025 оны нээлтүүдийг харахад энэхүү технологи практик хэрэглээнд нэвтрэхэд ойрхон байна.
McKinsey & Company-гаас саяхан гаргасан “Technology Trends Outlook 2025” судалгаанаас квант технологийн тухай сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
Квант технологийн 3 багана
- Квант тооцоолол. Мэдээлэл боловсруулахдаа бит бус кубит ашигладаг бөгөөд уламжлалт супер компьютеруудаас төсөөлшгүй хурдан гүйцэтгэдэг. Энэ нь материалын шинжлэх ухаан, санхүү, ложистикт цоо шинэ боломжууд бий болгохоор байна.
- Квант харилцаа холбоо – QKD (Quantum key distribution) хэмээх технологийн тусламжтай өгөгдлийг маш өндөр түвшний хамгаалалттай дамжуулна.
- Квант мэдрэгч – Татах хүч, цаг хугацаа, цахилгаан соронзон орныг өндөр нарийвчлалтай хэмжинэ.
Саяхны дэвшлүүд
2025 он нь квантын судалгааны хувьд арвин ургацтай жил болж байна:
- Google’s Willow chip – Өнөөгийн супер компьютер 10 септилион жил (10,000,000,000,000,000,000,000,000) буюу орчлон ертөнцийн наснаас ч урт хугацаанд хийж чадах тооцооллыг тавхан минутад гүйцэтгэжээ. Гэхдээ одоогоор практик хэрэглээ байхгүй.
- Amazon Web Service-ийн Ocelot chip – “Сat qubits” хэмээх технологи ашиглаж алдааг засах өртгийг 90 хувь бууруулсан бөгөөд квант тооцоолол нэвтрүүлэх хугацааг 5 жилээр хурдасгажээ.
- Microsoft-ийн Majorana 1 процессер нь аж үйлдвэрийн түвшний тооцооллыг хамаагүй хурдан хугацаанд хийх чадвартай гэж үзэж байна.
- IBM’s European quantum data center – тухайн улсын өгөгдөл боловсруулах дүрэм журмыг зөрчихгүйгээр хүртээмжийг нэмнэ.
- Rigetti & Riverlane – Бодит цагийн горимын үед бий болдог хоцрогдлыг (Latency) хамгийн бага байлгаж чадсан.
- Nvidia’s NVAQC in Boston – Хиймэл оюун бүхий суперкомпьютеруудыг квантын төхөөрөмжүүдтэй интеграц хийхэд чиглэж байна.
Технологийн эдгээр дэвшлүүд нь алдаа засалт болон масштабжилт хэмээх хоёр үндсэн саадыг давахад чиглэж байна. Энэ хоёр саадыг давснаар квантын компьютерууд уламжлалт компьютеруудтай харьцуулахад маш адармаатай тооцооллуудыг хийх чадамжтай болж, квантын давуу тал бий болно.
Олон улсын анхааралд
- Одоогоор 34 улс квантын үндэсний хөтөлбөртэй байна.
- НҮБ-аас 2025 оныг Олон улсын квантын шинжлэх ухаан, технологийн жил болгон зарлав.
- Европын орнууд нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг квантын салбарт оруулаад байна.
- Энэ технологийн практик хэрэглээ хол байгаа бөгөөд цөөн хэдэн байгууллага өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
Эдийн засгийн боломж
Квантын технологийг дараах салбаруудад илүү ашиглана:
- Хими, биологи – Эм бүтээх, молекулын түвшний загварчлал
- Санхүү – Эрсдэлийн дүн шинжилгээ, портфел сайжруулах
- Тээвэр, логистик – Тээврийн урсгал, нийлүүлэлтийн сүлжээний хөгжүүлэлт
- Кибер аюулгүй байдал – Пост-квантын шифр, аюулгүй харилцаа холбоо
Гэхдээ эдийн засгийн үр ашиг тодорхойгүй хэвээр байна. Одоогийн бизнесийн үндсэн хэрэгцээг суперкомпьютерууд хангасаар байна.
Ур чадварын хомсдол
Квант технологийн мэргэжилтнүүдийг анх 2022 онд хамгийн их ажилд авч байсан бөгөөд түүнээс хойш харьцангуй бага байсаар иржээ. Дараах салбаруудад ур чадварын хомсдол илүү мэдрэгдэж байгаа аж:
- Квантын тооцоолол
- Хиймэл оюун
Эрсдэл, тодорхойгүй байдал
- Техникийн төлөвшил: Урт хугацааны тооцоолол хийхэд хангалттай тооны, өндөр чанартай кубитууд байлгах нь асуудалтай хэвээр байна.
- Эдийн засгийн тэгш бус байдал: Квантын технологийг үндсэн салбаруудад түрүүлж нэвтрүүлсэн хэсэг эдийн засаг дахь тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх магадлалтай.
- Зохицуулалт: Стандарт, удирдлагын хувьд түүхий хэвээр.
Дүгнэхэд: Квант технологи дөнгөж “ургийн хөгжлийн” түвшиндээ байна. Гэхдээ том өөрчлөлт авчирна гэдэг нь ойлгомжтой. Арилжааны боломж, интеграцийн концепц одоо л судалгааны түвшинд яригдаж байгаа. Одоохондоо хүчирхэг компаниуд төрөл бүрээр туршиж, шаардлагатай ур чадварыг хөгжүүлж, эргэлтийн мөч ирэхэд бэлдсээр байна.
Эх сурвалж: McKinsey & Company


