Бизнесийн цахим оршихуй гэдэг нь …
Өнөө цагт хэрэглэгчийн итгэл, брэндийн нэр хүндийг зөвхөн физик оффис, логогоор хэмжихээ больсон. Танай вэбсайт, сошиал медиа хуудас, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, онлайн үйлчилгээний хурд зэрэг бүх зүйл бизнесийн цахим оршихуйн салшгүй хэсэг болсон.
Rush Analytics-ийн судалгаагаар хэрэглэгчдийн 89% нь худалдан авалт хийхээс өмнө компанийн вэбсайтыг судалдаг бөгөөд 75% нь вэбсайтын дизайны чанараар тухайн бизнесийн мэргэжлийн түвшнийг үнэлдэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчтэй анх танилцах мөч ихэвчлэн онлайн орчинд эхэлдэг.
Бизнесийн цахим оршихуй дараах үндсэн хүчин зүйлсээс бүрдэнэ:
- Домен нэр ба корпоратив имэйл – богино, тогтоохоор нэр нь хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлдэг. Жишээ нь, business.mn, editor@business.mn гэх мэт. Харин компанийн захирал 5561@gmail.com гэх мэт мэйл хаягтай бол таны бизнесийг төлөвшөөгүй гэж харна.
- Вэбсайт ба UX/UI – хурдтай, мобайлд нийцсэн, хэрэглэгчдэд ойлгомжтой дизайн бол итгэлийн үндэс.
- Аюулгүй байдлын баталгаа – SSL/TLS сертификат, HTTPS протоколгүй сайт хэрэглэгчийн итгэлийг шууд бууруулдаг.
- Сошиал медиа дахь цогц стратеги – платформ бүрт нэг төрлийн өнгө аястай, зохион байгуулалттай мэдээлэл дамжуулах нь брэндийн үнэнч хэрэглэгчдийг бий болгоно.
Өнөөдөр цахим оршихуй бол зөвхөн “байгаа эсэх”-ээс илүү “ямар төрхөөр байгаа вэ” гэсэн асуултын хариу юм.
Хиймэл оюун ухааны шинэ боломжууд
Хиймэл оюун ухаан (ХОУ) бизнесийн цахим оршихуйг илүү уян хатан, хувийн шинж чанартай болгож, хэрэглэгчийн туршлагыг шинэ түвшинд гаргаж байна.
- Чат-бот, дуут туслахууд – хэрэглэгчийн асуултад 24/7 хариулж, брэндийн “дуу хоолой”-г илэрхийлнэ. Botpress-ийн судалгаагаар хэрэглэгчдийн 62% нь чат-ботыг сонгодог гэсэн дүн гарчээ.
- Генератив контент – ХОУ нь санал, зөвлөмжийг хэрэглэгчийн түүх дээр үндэслэн автоматаар боловсруулж, борлуулалтыг өсгөдөг. Gartner-ийн тооцоолсноор генератив ХОУ ашигласан бизнесүүдийн орлого дунджаар 15.8%-иар өсөж, зардал 15.2%-иар буурч, ажилтны бүтээмж 22%-иар нэмэгддэг аж.
- Дижитал аватар, виртуал төлөөлөгч – үйлчлүүлэгчидтэй илүү хувийн харилцаа үүсгэж, хүний нөөцийн зардлыг нэмэхгүйгээр үйлчилгээний чанарыг хадгална.
Цахим оршихуйгаа сайжруулах стратеги
Цахим оршихуйг хөгжүүлэх нь нэг удаагийн ажил биш, харин тасралтгүй сайжруулалт шаарддаг стратегийн үйл явц юм.
1. Аудит хийх
Домен нэр, SSL/TLS сертификат, вэбсайтын хурд, дизайн, сошиал медиагийн идэвх гээд бүх сувгаа шалгаж, сул талуудыг тодорхойлно.
2. ХОУ-г зорилтот байдлаар турших
Эхний ээлжинд хэрэглэгчийн дэмжлэг, санал болгох систем, контент үүсгэх зэрэг тодорхой хэсгүүдэд ХОУ туршиж эхэлнэ. Ингэхдээ брэндийн хэв маяг, харилцааны өнгө аясыг хадгалах нарийвчилсан удирдамж боловсруулна.
3. Дотоод журам, стандарт тогтоох
ХОУ ашиглан үүсгэсэн контентыг шалгах, засварлах, батлах дотоод журамтай байх нь брэндийн аюулгүй байдлыг хангана.
4. Байнгын сайжруулалт хийх
Чат-бот, дуут туслах гэх мэт хэрэгслүүдийг бодит хэрэглэгчийн санал, өгөгдөлд үндэслэн байнга сайжруулах хэрэгтэй.
Товчхондоо, цахим оршихуй бол танай бизнесийн хамгийн чухал актив болж байна. Зөв менежмент, ухаалаг технологи, хэрэглэгч төвтэй хандлага хосолбол энэ активын үнэ цэн байнга өсөх боломжтой.


