Өвөр Монголын өөртөө засах орны Улгай талд малчин Дон Шиоху нар мандахаас өмнө ажлаа эхэлдэг. Тэрбээр үүрийн 3:30 цагт босож, сүүтэй цайгаа уучихаад мориндоо мордон Ангус үүлдрийн 500 үхрээ бэлчээрт гаргана. “Зуны өдөр урт. Үхрээ эрт бэлчээхгүй бол 9 цагийн үед халуун болохоор идэхээ байчихдаг юм” гэж Дон тайлбарлав.
Энэ жил 43 настай Дон залуудаа Жилин, Хейлонжань, Ляонин зэрэг хойд зүгийн мужийн үйлдвэрүүдэд төрөл бүрийн ажил хийж байсан ч сүүлийн 10 гаруй жил мал маллаж байна. Ийм амьдралд хөл тавьна чинээ санаагүй Дон 2013 онд Өвөр Монголдоо эргэн ирж их хотын хөл хөдөлгөөнийг тал нутгийн нам гүмээр солин мал аж ахуйн компанид ажиллах болжээ. Тугалтай үнээнүүдэд дулаан байр бэлдэж, идэш тэжээлийн хэмжээ болон хээлийг тогтмол хянаж, элдэв өвчнөөс хамгаалж чадсаны үр дүнд малынх нь чанар сайжирсан байна. Үүнийг дагаад жилийн орлого нь ч нэмэгдэж, 200 мянган юань (100 сая орчим төгрөг) орчимд хүрчээ. “Миний амьдрал тун жирийн. Малаа сайн маллаж, халамжилж чадах юм бол хурдан өсдөг. Тэгэхээр компани сайн мөнгө надад өгнө” гэж тэрбээр хэллээ.
Малчид баяжив
Жан Вений бий болгосон орчин цагийн үхрийн ферм эрхлэх аргын ачаар амьдрал нь сайжирсан 3000 гаруй малчны нэг нь Дон Шиоху юм. Шилийн гол аймаг дахь Hesige Agriculture and Animal Husbandry Technology компанийн захирал Жаны өгүүлснээр гэрээт малчдад гүйцэтгэлийн төлбөр өгдөг болсноор тэд жилд 120-180 мянган юанийн орлого олж, ядуурлаас бүрмөсөн гарсан аж. Түүний компанийн ажилтнуудын 98 хувь нь өвөр монголчууд ажээ.
Шилийн гол аймгийн хойд хэсэгт орших Улгай талд Жан 2007 онд ирсэн байна. Түүнийг ирэхэд бэлчээрийн даац хэтэрсний улмаас нэгэн цагт үржил шимтэй байсан тал нутаг үржил шимгүй хоосон, хөрс нь эргэсэн газар болсон байжээ. Тал нутагт төрсөн, 70 эргэм насны Жанд энэ бүхэн тун харамсалтай санагдсанаар эрс шийдэмгий арга хэмжээ авч эхлэв. 2008 онд тэрбээр хариуцсан 26 мянга гаруй га газраа зургаан жилийн турш “хамгаалж”, огт мал оруулаагүй байна. Ингэснээр ургамлын бүтэц сайжирч, эргэн ногоорсон аж. Мөн тэрбээр гадаадын олон улсаар явж судалгаа хийсний эцэст дасан зохицох чадвар сайн, гантигласан сайн чанарын махаараа алдартай Ангус үүлдрийн үхэр үржүүлэхээр сонгожээ.
Байгалийн өвс ургамал нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх гол давуу тал гэж тэрбээр үздэг. “Манай тал нутагт зөвхөн өвс бус ихэнх нь Хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг 100 гаруй төрлийн ургамал ургадаг” гэж Дон онцолсон юм. Эдгээр ургамал малын хувьд амин дэм болж, дархлааг нь сайжруулах, антибиотикийн хэрэглээг бууруулах ашиг тустай аж. Тухайн орчны экологи, иргэдийн хоолны сонголт, уламжлалт хүнстэй нийцсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн систем бий болгохыг тэрбээр зорьсон учир үхрээ тусгай байранд бус чөлөөтэй бэлчээрлүүлэхийг сонгосон байна. Мөн малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сайн чанарын вакцин импортолж, малыг антибиотик ашиглахгүй өсгөх, био аюулгүй байдлыг чанд сахихад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэв.
Малын тоо толгойг ч хатуу хянаж, бэлчээрийн даацыг зохистой түвшинд барихын тулд 10 мянгаас хэтрэхгүй мал маллах арга хэмжээ авч байна. Түүнчлэн эмзэг хөрсийг хамгаалахын тулд бэлчээр, тариалангийн зориулалтаар сэлгэн ашигладаг.
Нийлүүлэлтийн сүлжээний асуудал
Тал нутгийн байгалийг сэргээж, сайн чанарын үхрийн махыг Хятад даяар олон сая хэрэглэгчийн гал тогоонд хүргэх Жаны алсын харааг тун удалгүй нийлүүлэлтийн сүлжээний бусад тоглогч анзаарав. Хятадын халуун тогооны сүлжээ зоогийн газрын нэг Zuoting Youyuan-ийг үүсгэн байгуулагч Жен Жянь таван жилийн өмнө Өвөр Монголд хөл тавьжээ. “Үхэр өсгөх нь зөвхөн малчны л ажил гэж олон хүн боддог ч үхэр болгоны ард уртаас урт, маш эмзэг нийлүүлэлтийн сүлжээ байдаг” гэж тэрбээр өгүүлсэн.
Нэгэн цаг Чаожоу, Гуандон мужийнх байсан үхрийн махтай халуун тогоог улс даяар түгээн дэлгэрүүлэхийн тулд Жен арав гаруй жил зүтгэжээ. Хятад даяар 80 гаруй зоогийн газартай болсныхоо дараа тэрбээр эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг хятад үйлчлүүлэгчдийн итгэлийг олж авахын тулд бэлчээрээс таваг хүртэлх бүхий л үйл явцад шинэ бөгөөд чанартай мах ашиглах ёстойг ухаарав. “Манай хэрэглэгчид эрүүл, шинэ махыг эрүүл мэндтэйгээ холбож авч үздэг. Үхрийн махыг шинэ, дотоодоос нийлүүлсэн байхыг тэд хүсдэг юм” хэмээн тэрбээр онцлов. Энэ зорилгоор түүний компани Жаны компанитай хамтран босоо системийг үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл, компанийн эзэмшлийн бэлчээр, өөрсдийн нядалгааны үйлдвэр, хөргүүртэй логистик сүлжээ, дээд зэргийн чанарын хяналт уг системд багтдаг.
Жений хувьд Жаны компанийн ангус үүлдрийн үхэрнүүд бол импортын хөлдүү махыг “сөрөх” Хятадын үхрийн махны салбарын үндэс суурь ажээ. “Хятадын үхрийн фермийн салбар хөгжих цорын ганц зам бол үхрийн шинэхэн мах” гэж Жен өгүүлсэн.

Хятадын махны холбооны үхэр, хонин махны салбар хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Лю Жинхуаны онцолсноор шинэ үхрийн мах нь олон сая хятад хүний хамгийн дуртай хоолны нэг болж, нийлүүлэлтийн гинжин хэлхээг эрс өөрчилж байна. 2024 онд Хятадын үхрийн махны үйлдвэрлэл 7.79 сая метр тонн болж 2020 оноос 16 хувиар өссөн бол импортын үхрийн махны хэмжээ 2.87 сая тонн болж 35 хувиар нэмэгджээ.
Энэхүү өөрчлөлтийн уг үндэс нь таатай бодлого, технологийн шинэчлэл гэж тэрбээр дурджээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэхэд чиглэсэн орчин үеийн аргуудыг дэмжсэн Засгийн газрын татаас, тэтгэмж болон үржил селекцийн шинэлэг аргуудыг тус улс сүүлийн жилүүдэд ихээр ашиглаж байна. Энэ нь үхрийн махны чанар, нийлүүлэлтийг дэмжиж өгчээ. Түүнчлэн дэвшилтэт боловсруулах арга техник нь үхрийн махыг илүү зөөлөн, тансаг бүтэцтэй болгож байгаа бол хөргүүртэй логистик сүлжээ нь үхрийн махыг олон мянган км зайд тээвэрлэсэн ч шинээрээ байх боломжийг олгож байна.
Махны чанарыг хэрхэн хадгалах вэ
Гэхдээ зах зээлд үхрийн шинэ мах нийлүүлэх нь амаргүй бизнес гэж Zuoting Youyuan брэндийн нийлүүлэлт хариуцсан захирал Жянь Лумин анхааруулж байна. Малын тэжээлийн үнийн савлагаа, байгаль орчны чанд хяналт, малын өвчний эсрэг тэмцэл зэрэг нь фермийн түвшинд ашгийн хэмжээг ихээхэн бууруулдаг аж. Харин боловсруулах, логистикийн шатанд чанарыг хангах процесс, мах чанараа алдаж муудах зэрэг нь байнгын сорилт болж байна. Харин борлуулалтын шатанд шинэ тоглогчидтой өрсөлдөх, бусдаас ялгарах, үнэнч хэрэглэгчдийн бааз суурьтай болох зэрэг бэрхшээлүүд байдаг. “Гэхдээ энэ бол сорилтоос гадна асар их боломжийн эрин үе” гэж Лю онцолсон юм.
Хятадын махны үйлдвэрлэл дэлхийд онцгойрохын тулд чанар маш чухал боловч үүнд бодлого, технологоос гадна өөр хүчин зүйл хэрэгтэй байна. “Компаниуд хэрэглэгчдийн хэрэгцээг луужингаа болгож, чанар болон үйлчилгээг сайжруулж, инновацаар тэргүүлэх ёстой” хэмээн Лю нэмж хэлсэн юм.
Ирээдүйгээ хамгаална
Тяньжин хотод төвтэй Just Be Cha технологи, хөдөө аж ахуйн компанийг үүсгэн байгуулагч Йан Лагиффын өгүүлснээр Улгай талын бэлчээрийн менежмент нь өөр бусад улстай харьцуулбал маш бодлоготой, ухаалаг ажээ. Нийт 400 мянган му (26 мянга орчим га) талбайд ердөө 10 мянган бод бэлчиж байгаа нь бусад улстай харьцуулахад маш бага нягтрал бөгөөд “энэ нь бэлчээр нөхөн сэргэх, мал эрүүл орчинд амьдрах боломжийг олгож байна. Урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжсэн байгаль орчинд ээлтэй шийдэл энэ мөн” гэж тэрбээр сайшаасан юм.

Цаашид бэлчээрийн тогтвортой байдлыг хангахын тулд уламжлал, инновацыг хослуулах нь чухал гэж Й.Лагифф үзэж байна. “Малчид энэ тал нутгаар олон зууны турш амьдарч, аж төрсөөр ирсэн. Харин компаниуд тэдэнд орчин цагийн зах зээлд дасан зохицоход нь тусалж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн бол хөрөнгө оруулалт, шинэ санаа авчирч буй зах зээлийн шинэ тоглогчид мал аж ахуйн салбарт итгэл найдварыг өгч байна хэмээн Дон Шиоху хэлсэн юм.
Эх сурвалж: China Daily (товчлон орчуулав)




