Зах зээлд эрэлт, хэрэгцээ хаана байна, түүнийг гярхай олж харах нь амжилттай бизнес эхлүүлэх нэг гол үндэс суурь юм. Тэрхүү эрэлт юу ч байж болно гэдгийг доор дурдах өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн жишээ харуулна.
Хүний нас уртасгадаг, магадгүй үхэшгүй мөнхийг бэлэглэх шинэ бизнест хөрөнгө оруулагч олох нь хавьгүй амархан боловч Крис Сакезлес үүнээс тэс өөр бизнес эрхлэхийг хүсчээ. Тэрбээр “хүн” бүтээхийг зорьсон юм. Крис 1990-ээд онд полимерийн шинжлэх ухаан болон инженерингийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан агаад хүний мөгөөрсөн хоолойд зориулсан төхөөрөмж бүтээхээр ажиллаж байв.
Гэвч төхөөрөмжөө туршихын тулд түүнд хоёр том саад тулгарсан нь нэгдүгээрт, хүүр олох, эсвэл резинээр хийсэн эрхтэн дээр ажиллах. Тухайн үед эл асуудлыг шийдвэрлэж чадаагүй К.Сакезлес 20 гаруй жилийн дараа артерийн судас нь лугшдаг, шүд, нүд гэх мэтчилэн хүний бүх эд эрхтнийг маш адилхан, амьд хүнийх мэт хийдэг SynDaver компанийг Тампа хотод байгуулав. Түүний компани анагаахын сургууль, батлан хамгаалах салбар, телевиз гэх мэт салбарт “синтетик хүн” нийлүүлдэг юм. SynDaver компанийн сонирхолтой бизнесийн талаар зарим баримт танилцуулъя.
- Нэг синтетик хүн бүтээхийн тулд компанийн 100 ажилтан 175 цаг зарцуулдаг.
- Давс, эрдэс бодис, синтетик болон ургамлын гаралтай мяндас нь SynDaver-ийн гол түүхий эд боловч тэд хүний биетэй маш адилхан болгохын тулд “бүтээгдэхүүндээ” ус маш их ашигладаг. Тийм учраас хүний биед цахилгаан хэрхэн нөлөөлдөгийг эсвэл цахилгааны багаж хэрэгсэл турших боломжтой аж.
- “Синтетик хүн худалдаж авсны дараа машин шиг арчилж тордох шаардлагатай. Мэс засал эсвэл туршилт хийсний дараа зарим эд эрхтэн гэмтдэг учир биднээс “сэлбэг” худалдаж авдаг” хэмээн К.Сакезлес ярив. Тус компанийн үйлдвэрлэдэг хүний эрхтэн нь хэрэглэгчийн шаардлагаас хамаарах агаад тухайлбал, гуурсан хоолой 20, тархи 5000 ам.долларын үнэтэй байдаг.
- SynDaver компани яс, шүд, хумс зэрэг 100 гаруй төрлийн эд эрхтнийг бүтээсэн бөгөөд тэдгээрийг бүтээхийн тулд 5 жил зарцуулсан байна.
- 2004 онд байгуулагдсанаасаа хойш тэд 1.57 сая долларын хөрөнгө босгожээ. “Анхандаа надад хэн ч мөнгө өгөхийг хүсээгүй. Хүмүүс намайг галзуу л гэдэг байсан” хэмээн К.Сакезлес дурсав.
- SynDaver-ийн синтетик хүний дундаж үнэ 70 мянган доллар бол хүний хүүр 5-10 мянган долларын үнэтэй. Гэвч тэдний бүтээгдэхүүнийг дахин ашиглаж болдог, хөлдөөгөөгүй, хүний хүүр шиг төрөл бүрийн хорт бодис ялгаруулдаггүй зэрэг олон давуу талтай. Мөн хүний хүүр нь амьд хүн шиг хариу үйлдэл үзүүлдэггүй бол SynDaver-ийнх амьд хүнтэй маш адилхан бүтээгдсэн байдгаараа илүү гэнэ. Тиймээс оюутан, дадлагажигч эмч зэрэг нь хүний амь насыг эрсдэлд оруулалгүйгээр тархины болон цээжний хөндийн хагалгаа хийх боломжтой болдог аж.
- 2017 онд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаснаас хойш тус компани 1000 орчим “хүн” борлуулжээ. Тэд мөн нохой, мэлхий, морь “үйлдвэрлэж” эхэлсэн аж. Тэдгээрийг дунд сургуульд биологийн хичээлд ашиглаж, сурагчдын танин мэдэх хүслийг дэмжих зорилготой гэж К.Сакезлес тайлбарлав.
- АНУ-ын арми тус компанийн хамгийн үнэтэй буюу амьсгалдаг, хөл, гараа хөдөлгөдөг, нүдээ цавчдаг, биеийн дулаанаа өөрчилдөг, цохилдог зүрхтэй загварыг нь 105 мянган доллар, харин эмнэлгүүд арай энгийн загварыг нь 65 мянган доллароор худалдаж авдаг байна.