BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цементийн үйлдвэрийн урд малгай, ажлын хүрэм өмссөн эмэгтэй ажилтны хөгжилд зориулсан бахархалыг илэрхийлэн, тод хөх тэнгэрийн дор сүндэрлэн боссон өндөр хөх цагаан силос бүхий итгэлтэй зогсож байна. - Business.MN

ЭДТ компанийн захирал Ж.Одончимэг

Ажилтнуудаа “босс” болгож чадсан нь миний бахархал 

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2025-09-18
  Манлайлагч, Онцлох
Share on FacebookShare on Twitter

Барилгын материалын салбарт хувь заяаны эргэлтээр хөл тавьж, удирдах ажилд эргэлт буцалтгүй орсноос хойш компаниа 13 жил амжилттай удирдаж буй бүсгүй бол Ж.Одончимэг. Түүний захирлаар нь ажилладаг компани бетон зуурмагийн чанартай үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд маш олон төсөлд бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. 

Энэ жил үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэж буй ЭДТ компанийн үүх түүх, химийн инженер мэргэжилтэй ч барилгын салбарт мэргэшсэн инженер болтлоо “update” хийж чадсан Ж.Одончимэг захирлын карьерын түүх, удирдах арга барил, ажилтнуудтайгаа хамт хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцсан юм. 

Юуны түрүүнд, 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэн ойн баярын хүрээнд харилцагчдынхаа дунд спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулжээ. Ойн хүрээнд өөр ямар зүйл хийхээр төлөвлөсөн бэ? 

20 жил бол хүнээр ч, байгууллагаар ч авч үзсэн багагүй хугацаа юм. Ажилтнууд маань ойн баяраа тэмдэглэх санаачилга гаргаснаар хэд хэдэн арга хэмжээг бид зохион байгуулаад байна. Манай компани “Хамтдаа хөгжье” гэдэг уриатай. Тийм учраас харилцагч байгууллагуудтайгаа хамтдаа баяраа тэмдэглэх нь зөв гэж үзсэн юм. 

Барилгын салбарт урдах ажлаа хичээнгүй хийдэг ажилсаг хүмүүс ажилладаг. Тэр хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх, ойн баяраа давхар тэмдэглэх зорилгоор бид шатар, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр тэмцээн зохион байгуулж байна.  Саяхан волейболын тэмцээн дууслаа. Бид тэмцээний чанарыг сайжруулах, мөн компанийн тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс тэмцээнд оролцсон харилцагч байгууллагуудын баг бүрд лигийн хоёр тамирчин тоглохыг зөвшөөрсөн. Энэ нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болголоо.

20 жил бол аж ахуйн нэгж байгууллагын хувьд тогтвортой ажиллаж, зах зээлд өөрийн байр сууриа эзэлсний нэг жишээ гэж бодож байна. Та компаниа товч танилцуулна уу. Мөн компанийнхаа гол амжилт, онцлогийг та юу гэж тодорхойлох вэ? 

Манай компанийг анх ээж маань үүсгэн байгуулсан. “Дутуу нярайн Долгор” гэдэг нэрээрээ алдаршсан эмч байсан. Хүүхэд, ялангуяа дөнгөж төрсөн нярай хүүхдийн эмчилгээ, асаргаагаар дагнан үр бүтээлтэй ажилладаг байлаа. 

Компани анх эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ээж маань Монголын анхны хүүхдийн эмнэлгийг байгуулж, удирдан ажиллуулж байлаа. Компанийнхаа 20 жилийн түүхийг одоо эргээд харахад энгийн түүхтэй хэрнээ олон огцом, сонирхолтой эргэлт, шийдвэрийн үр дүнд энэ зэрэгт хүрчээ гэж бодогддог. Жишээлбэл, манай компани сүүлийн 13 жилд бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байна. Уг нь миний дүү Ж.Чин-Эрдэнэ компаниа авч явахаар төлөвлөөд Хятадаас тоног төхөөрөмж оруулж ирсэн байсан ч өвдөж, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа түр орхихоос өөр аргагүй болсон.

Тухайн үед олон улсын байгууллагад оффисын ажил хийдэг байсан би айлын том хүүхэд болохоор яах аргагүй компаниа удирдах ёстой болсон. Би доороо хоёр дүүтэй. Бид хэд гэр бүлийн компаниа авч явахын тулд эхнэр, нөхрүүд хамтдаа гадаад, дотоод худалдаа эрхэлж, нийтийн хоолны салбарт хөл тавьж, ресторан ч ажиллуулж байлаа. Ингээд санамсаргүй тохиолдол, хувь заяагаар барилгын материалын салбарт хөл тавьсан юм. 

Гэхдээ би хөрвөх чадвар хамгийн өндөр химийн инженер мэргэжилтэй байсан нь нэг талаараа надад маш том давуу тал болсон. Компаниа удирдах болсноор өөрийгөө хөгжүүлж технологич инженер болсноос гадна Ковид-19 цар тахлын үеэр онлайнаар суралцан мэргэшсэн инженер болсон.

Компанийн амжилтын тухайд гэвэл юун түрүүнд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгон ажиллаж ирсэн, тэгж ч чадсан түүхтэй гэж бодож байна.

Ажилтнууддаа миний байнга хэлдэг, өөрөө ч дотроо боддог зарчим бол хийж буй ажил маань биднээс урт настай, биднээс хойш үлдэнэ, тиймээс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэсэн байр суурь. Тухайлбал, Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барьсан анхны арматурчлал бүхий бетон даацын зам болох Сонсголонгийн замд манай бүтээгдэхүүнийг ашигласан. Ашиглалтад ороод 11 жил болоход одоо ч анхных шигээ байж л байна. Энэ замаар би өдөр бүр ажилдаа явж, буцдаг. Ингэх бүрдээ манай хамт олон энэ замыг хийлцсэн гэхээр их сайхан санагддаг.

Улаанбаатар хотынхоо дүүрэг, хороо, бараг гудамж бүрээр явахад бидний нийлүүлсэн, манай ажилчдын хүч хөдөлмөр, сэтгэлээр боссон барилга, зам, бүтээн байгуулалтууд бий. Тэдгээр барилга, цонх болгоны цаана олон айлын амьдрал өрнөж байгаа гэж бодохоор сэтгэлд их сайхан санагдаж, хийсэн ажлаараа бахархах сэтгэл төрдөг. Тийм болохоор бидний хамгийн том амжилт бол өдөр болгон хийж байгаа ажил маань юм даа.

Огт өөр мэргэжлийн хүн барилгын салбарт орж ажиллахад багагүй сорилттой тулгарсан болов уу. Тэдгээр сорилтыг хэрхэн давж гарсан талаар сонирхуулна уу?

Юм гэдэг их сонин. Алдартай бизнесмэн, суутнуудын яриа, намтар түүхийг сонирхоход ихэнх нь алдаа, сорилтоор дүүрэн амьдралыг туулсан байдаг. Гэтэл надад алдсан юм байна уу, дандаа оноод яваад байгаа юм биш биз гэж бодогдох үе гардаг. Магадгүй би эерэг хүн учраас сайныг нь олж хардаг ч байж мэднэ.  

Үүнтэй холбоотой нэг түүх өгүүлэхэд би 23 дугаар сургуульд сурч байгаад 1989 онд МУИС-ийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулагдахад тэнцэж, биологийн ангид орж байлаа. Монголоос Нобелийн шагналтан төрүүлэх зорилгоор Сайд нарын зөвлөлийн тушаалаар байгуулагдсан сургууль юм. Сурагчдыг нь сонгохоор МУИС-ийн багш нар аймаг, хотуудаар явж хими, физик, математик, биологийн хичээлээр наймдугаар ангиа төгссөн хүүхдүүдийг шалгаруулж авсан. Хөдөөнөөс шалгарсан хүүхдүүдийг оюутны дотуур байранд амьдруулж, тэтгэмж өгч, зөвхөн МУИС-ийн багш нар 9, 10 дугаар ангид хичээл зааж төгсгөсөн онцгой сургууль байлаа.

Энэ төсөл долоон жил хэрэгжээд зах зээлийн нийгэм эхэлмэгц хаагдсан. Энэ сургуульд сурснаа би аз, хувь тохиол гэж боддог. Яагаад гэвэл миний амьдралын замыг заасан. Манай сургуулийг төгсөгчдийн ихэнх нь эрдэмтэн, доктор болж, өнөөгийн Монгол Улсын шинжлэх ухааныг нуруун дээрээ авч явна. Их сургуулийн ректор, хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан олон бий. Эрдэмтэд болохоор их даруухан хүмүүс. 

Мөр хүртлээ хар үстэй, нүдний шил зүүсэн, цайвар цэнхэр өнгийн костюм өмссөн эмэгтэй гараа атгасан байдалтай инээмсэглэн зогсох нь цагаан хана, шалны гэрэл, буйдан бүхий гэрэлт, орчин үеийн өрөөнд бахархал босс мэт харагдаж байна. - Business.MN
Хүн өөрийнхөө хийж чаддаг зүйлийг улам сайжруулж, мэргэших ёстой гэж би боддог.

Гүнзгийрүүлсэн сургалттай уг сургууль, багш нар маань биднийг маш сайн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй болгожээ. Өөрөө ч анзааралгүй зөв замаар явсан юм шиг санагддаг гэж хэлж байгаагийн нэг жишээ нь энэ. Хожим Турк Улсад химийн инженерээр сурч, дараа нь магистрын зэрэг хамгаалаад олон улсын байгууллагад ажиллаж байхдаа ч компанийнхаа ажилд оролцоод явж байсан. 

Манай лабораторийн ажилтнууд “Захирал химийн чиглэлээр мэргэшсэн болохоор хамт ажиллахад их амар байдаг” гэж хэлдэг. Миний бодлоор бетон зуурмагийн үйлдвэрийн хувьд байж болох хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол түүхий эд. Чанартай түүхий эд илүү өртөгтэй байхаас гадна байнга үйл ажиллагаандаа ашиглах нь их чухал. Эхлэлийн энэ цэгийг зөв байлгахад их анхаардаг болохоор үйл ажиллагаа маань боломжийн сайн явж байгаа гэж боддог.

Мэдээж өөрийгөө хөгжүүлэх, шинэ салбарт хөл тавьсан учраас шинэ зүйлд суралцах шаардлага гарсан болов уу?

Тийм ээ, анх их олон сургалтад суусан. Хамгийн эхнийх нь няравын сургалт байсан санагдаж байна. Дараа нь хүний нөөцийн сургалтад суусан. Мөн өөрөө бие дааж унших, судлах, суралцах замаар явсан. Тэгсээр химийн инженер маань материалын технологич инженер, мэргэшсэн инженер болсон доо. Ташрамд дурдахад, өөрөө сурахаас гадна ажилтнуудаа сургахад би их анхаардаг. Манай ажилтнууд жил бүр давтан сургалтад хамрагддаг. Би Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм. Манай холбооноос ч бетон зуурмагийн үйлдвэрийн ажилтнуудад чиглэсэн олон тооны сургалт явуулдаг. Тэр бүрд ажилтнуудаа хамруулж байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг

Мэдээж захирал болъё гээд болоогүй, амьдралын шаардлагаар бүх зүйл миний мөрөн дээр бууж, барилгын материалын салбараас эхлээд компани удирдах арга барил зэрэг их олон зүйлд шинээр суралцах шаардлагатай болсон. Тухайн үед Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлсэн Барилгын материалын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас жилийн тав орчим хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгож байсан юм. Бетон зуурмагийн үйлдвэрээ оруулаад ирчихсэн, эргэлтийн хөрөнгө шаардлагатай байсан учраас уг зээлийг дүү маань хөөцөлдөөд бараг бүтээчихсэн байсан үе. Зээл авахын тулд ах дүү, найз нөхдийнхээ байр, үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьсан болохоор надад маш их хариуцлага ирсэн. Ингээд л олон хүний итгэлийг алдахгүйн тулд компанийнхаа ажилд ханцуй шамлан орсон доо. 

Одоо эргээд харахад компанийн маань хөгжил дэвшил, үүх түүх хүний амьдралтай адилхан юм шиг санагддаг. Амьдралын шаардлагаар хүмүүс янз бүрийн шийдвэр гаргадаг шиг тохиолдол компанийн маань түүхэнд олон бий. Хэрэв бид хичээгээгүй бол 13 жил барилгын материалын салбарт тогтвортой ажиллахад хэцүү шүү дээ.

Хүн өөрийгөө боловсруулж, боловсролдоо анхаарч, их уншиж байж хөгжинө. Компанийн хувьд ч ажил болж байна гээд хашаан дотроо байгаад байвал өсөж дэвжихгүй.

Та ЭДТ компанийн захирлаар 13 жил ажиллаж байна. Компаниа ямар арга барилаар удирддаг вэ?

Хүн өөрийнхөө хийж чаддаг зүйлийг улам сайжруулж, мэргэших ёстой гэж би боддог. Мэдээж олон салбарт их зүйл хийж, компаниа томруулж яваа олон захирал, бизнесмэн бий. Миний хувьд өмнөх ажлаа л тултал нь сайн хийгээд явъя гэсэн бодолтой ажилладаг. 

Ажилтнууд маань багадаа 6-7 жил, ихэнх нь 11-13 жил компанидаа ажиллаж байна. 20 жилийнхээ ойгоор миний бахархах нэг зүйл бол ажилтнуудаа “босс” болгосон маань. Лаборант, тогооч, ХАБЭА ажилтан, борлуулалтын менежер гээд ихэнх ажилтан маань “босс” болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай ажилтнууд хувьдаа бетон зуурмаг тээвэрлэгч миксер, цементвоз, бетон зуурмаг шахагч машин эзэмшдэг. Компани ажилтандаа машин техник авахад нь дэмжлэг үзүүлээд ажилтнууд төлбөрийг уг машинаараа компанид ажил хийж төлөн, цаашдаа ашиг орлого нь өөрт нь ирдэг систем юм. Зарим ажилтан маань эхнээсээ 2-3 машинтай болоод байна. Ингэхээр компанидаа олон жил урам зоригтой ажиллах нөхцөл нь бүрдэж байгаа юм.

“Хамтдаа хөгжье” гэсэн компанийн философи нийгэмдээ сайн сайхан зүйл хийхээс гадна хамт ажиллаж буй хүмүүсээ соён гэгээрүүлэх, ажилтнуудынхаа амьдралын түвшнийг ахиулах явдал гэж би боддог. Түүнчлэн компани тухайн жилийн борлуулалттай уялдуулан ажилтнуудад ажилласан жилээс нь хамаарч жилийн эцэст урамшуулал олгодог.  

Спортын дүрэмт хувцастай, медальтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс тод гэрэлтүүлэгтэй битүү биеийн тамирын зааланд туг, самбарын өмнө хамтдаа зургаа авахуулж, спортын арга хэмжээг бахархалтайгаар тэмдэглэж байна. - Business.MN
Байгууллага-гэр бүлийн спорт өдөрлөг

Хэдий барилгын салбарт техник, технологи чухал боловч ажилтны ур чадвар, сэтгэл түүнээс дутахгүй чухал. Хүний сэтгэлийг татаж байж хамтарч, нэг гар шиг эвтэй ажиллана. Тийм ч учраас манай компани шинэ жилийн баярыг ажилтнуудынхаа гэр бүлтэй хамт тэмдэглэдэг уламжлалтай болсон. Эх үрсийн баяраар гэр бүлээрээ салхинд гардаг. Ажилтнуудын маань хүүхдүүд ч үүнд их дуртай. Байгууллагын спорт өдөрлөгөөр 15-аас дээш насны хүүхдүүд аав, ээжтэйгээ нэг баг болж сагс, волейболоор өрсөлдөх жишээтэй. Энэ мэтээр тэднийхээ гэр бүлд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахыг хичээдэг. 

Мөн манай компани жил бүр оны шилдэг ажилтан болон тээвэрчин тодруулж, орон сууцаар шагнадаг. Бид 13 жилийн түүхэндээ 15-16 ажилтандаа орон сууц өгсөн. Орон байр бол хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Надтай хамт ажилласан хүн бүрийн ажил, амьдрал дээшлээсэй гэж би боддог юм.

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00