Гэр бүл, хамт олон бүрийн баяр жаргалтай мөчид хамт байж, амтат бялуу болон бэйкери бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Жүр Үр” ХХК олон улсын стандартыг хангасан шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Анх 1998 онд бялуу үйлдвэрлэж эхлүүлсэн гэр бүлийн бизнес жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр 1200 ажиллагсадтай, Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотод нийт 36 салбартай, Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжээр найман удаа шалгарсан томоохон үндэсний үйлдвэрлэгч болж өргөжин тэлжээ. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 27 жил тасралтгүй хөгжсөөр салбартаа тэргүүлэн ажиллахдаа 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж, монголчуудын таашаал, амтлах мэдрэмжид нийцсэн “Жүр Үр” хэмээх үндэсний, олны танил брэнд болтлоо өсөн дэвжжээ.

Үндэсний үйлдвэрлэгч “Жүр Үр” компани бялуу, бейкери бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан баярт үйл явдлаа хамт олон, хамтрачидтайгаа хуваалцаж байна. Олон улсын GMP, GHP стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийг байгуулснаар салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой боллоо. Компанийнхаа хуучин үйлдвэрийн дэргэд байгуулсан долоон давхар уг үйлдвэрийн барилга нь 10000 ам.метр талбайтай ба Хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан 4575 ам.метр үйлдвэрлэлийн талбай, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал хадгалах 915 ам.метр талбай бүхий хөлдөөх агуулахууд, 270 ам.метр талбайтай хөргөх агуулахуудыг төлөвлөжээ.
Барилгын хувьд хүнсний үйлдвэрийн шаардлагыг хангасан дэд бүтцүүдийг төлөвлөн, тоног төхөөрөмжүүдийг стандартын дагуу суурилуулсан бөгөөд энгийн орон сууцаар төсөөлбөл 12 давхар барилгатай тэнцэх өндөртэй гэж “Жүр Үр” ХХК-ийн Үйлдвэрлэлийн зөвлөх, төслийн удирдагч Б.Мөнх-Эрдэнэ товч танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, Засгийн газраас дэмжин хэрэгжүүлсэн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүнд төрөөс хүнс үйлдвэрлэгчдийг дэмжсэн нь цагаа олсон бодлого болсныг “Жүр Үр” ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мөнхзул үйлдвэрийн нээлтийн үеэр онцлон хэлж байв.
2023 ОНД ЭХЛҮҮЛСЭН ТӨСӨЛ 2025 ОНД ҮЙЛДВЭР БОЛОН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Үйлдвэрийн нээлтийн үеэр Ерөнхий захирал Б.Мөнхзул
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон үйлдвэрээр зочилж асуудлыг нь нээлттэй сонссон бөгөөд энэ хүрээнд 2022 онд манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тэр үед яг энэ газарт бид ирээдүйн үйлдвэрээ байгуулахаар худалдаж авахаас нь эхлээд, дэд бүтцийг шийдэх зэргээр зургаан жилийн турш үе шаттай бэлдэж буйгаа танилцуулж байв. Харин өнөөдөр гурван жилийн хугацаанд Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй бодлогууд, Жүр Үрийн хамт олны 27 жилийн хичээл зүтгэл, хөлс хүч, итгэл сэтгэл шингэсэн шинэхэн үйлдвэр маань нээлтээ хийж байгаад Жүр Үрчүүд бид туйлын баяртай байна.
Төрөөс мах, сүү, газар тариалан гэх мэтээр хүнсний үйлдвэрлэлийн салбарыг тасралтгүй дэмжсээр ирсэн ч тэр дэмжлэгт гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар хамрагддаггүй байв. Тэгвэл “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гурилан бүтээгдэхүүний салбарыг анх удаа төрөөс бодлогоор дэмжсэнд манай салбарынхан баяртай байна. Энэ бол бодлогын гадна үлдсэн салбаруудыг хамруулж чадсан, цагаа олсон хөтөлбөр болсон. Үйлдвэрлэгч хүний хувьд Монгол Улсад шинэ үйлдвэр нээгдлээ гэсэн мэдээг би соргогоор хүлээж авч баярлаж байдаг. Тэр баярт мэдээний нэгийг өнөөдөр “Жүр Үр”-чүүд бид зарлаж байгаадаа баяртай байна” гэлээ.
Улс орны аюулгүй байдлын баталгааны нэг чухал хэсэг нь хүнсний хангамж, аюулгүй байдал. Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, чанар, эрүүл ахуйн ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг шинэхнээр нь хэрэглэгчдэдээ хүргэдэг нь “Жүр Үр” ХХК-ийн онцлог давуу тал. Улс үндэстэн бүхний уламжлал, хоол хүнсний хэрэглээний соёлоос хамаарч амтлах мэдрэмж нь харилцан адилгүй. Тэгвэл Монгол хүний амтлах мэдрэмж, таашаалд төгс нийцсэн төрөл бүрийн амтыг гаргаж байгаа нь Аз жаргалаа хуваалцъя уриатай “Жүр Үр” ХХК-ийн бас нэг онцлог давуу тал билээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЛЭЭ
Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж, танилцууллаа.

Мэндчилгээнд
Монгол Улсын Ерөнхийлөгч гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлэн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөдөлгөөнийг тууштай дэмжин ажиллаж, бодит үр дүн гаргаж буй ААН-ийн төлөөлөл болсон үндэсний үйлдвэрлэгч “Жүр Үр” компани олон улсын стандартад нийцсэн шинэхэн үйлдвэрээ босгож, нээлтээ хийж байгаа нь монгол хүнийг эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах онцгой үйл явдал юм.

“Жүр Үр” компанийн шинэ үйлдвэр байгуулах санхүүжилтийн тодорхой хэсгийг “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шийдвэрлэсэн нь уг хөтөлбөр баялаг бүтээгчдэд бодит дэмжлэг, ААН-үүдийн хэрэгцээ шаардлагыг хангасан ажил болж, хүнс үйлдвэрлэгчдийн урам зоригийг сэргээсэн байна. Энэ үйлдвэрлэлийг бүтээн байгуулахад гар бие оролцсон нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ эх орноо эрүүл хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох үйл хэргийг ажил болгохын төлөө хичээн зүтгэж байгаад гүн талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе хэмээжээ.

Технологийн дэвшил бүхий евро стандартын үйлдвэрээ нээж байгаа “Жүр Үр” компанийн хамт олонд ХХААХҮЯ-ны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн
Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 3000 гаруй ААН хөтөлбөрийн үр шимийг хүртэж, 50 гаруй үйлдвэр шинээр үүдээ нээхээр ажиллаж буйн нэг нь “Жүр Үр” ХХК-ийн шинэ үйлдвэр юм. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ДНБ-д 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувь нь хүнсний боловсруулах салбарын өсөлт гэдгээрээ онцлог.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүнсний боловсруулах салбарын борлуулалтын орлого 7-8 хувиар өссөн. Өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл өргөжин тэлж байгаа нь “Хүнсний хувьгсал” хөтөлбөрийн үр дүн, энэ салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгч, хүнс үйлдвэрлэгчид та бүгдийн гавьяа юм шүү гэв.
ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ДУЛААНЫ ХЭМНЭЛТТЭЙ ҮЙЛДВЭР

Үйлдвэрийн барилгын онцлогийн талаар Үйлдвэрлэлийн зөвлөх, төслийн удирдагч Б.Мөнх-Эрдэнийн танилцуулахыг сонсвол,
ХБНГУ-ын Wolf брэндийн агааржуулалтын нэгдсэн систем, хамгийн орчин үеийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, бактерийн эсрэг өнгөлгөөтэй сан техникийн тоноглол, БНСУ-ын Daewoo брэндийн цэвэр усны нөөцийн танк, Герман улсын Tosun брэндийн цахилгаан холболтоор тоноглосон. Үйлдвэрийн барилгын хананд мэс заслын өрөөний зориулалтын бактер үржихгүй “сleanroom” шаардлага хангасан материалыг сонгосон ба барилгын хяналт удирдлагын SCADA системыг нэвтрүүлжээ.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг Герман, Нидерланд, Итали, Испани зэрэг Европын орнуудад үйлдвэрлэсэн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэлийн өндөр хүчин чадлын автомат шугамууд, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, чанар, стандартыг хангасан хамгийн сүүлийн үеийн гүн хөлдөөх технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлийн бүтээмжийг 2-4 дахин нэмэгдүүлэн, хүчин чадлыг 50-200 хувиар өсгөх боломж бүрдлээ.
Энэ үйлдвэрт цэвэр усны дөрвөн шугамыг ашигладаг. Төвийн шугамаас ирж буй усыг цэвэрлэгээ үйлчилгээнд мөн усыг цэвэршүүлэн эрдэсжүүлж бүтээгдэхүүний орц найрлагад ашигладаг бол урвуу осмосын таван дамжлагат ус цэвэршүүлэгчээр шүүсэн усыг Агаар боловсруулах төхөөрөмжид ашиглан дотор орчны чийгшлийг хангаж байна. Манай орны хуурайшилттай уур амьсгалд гурилан бүтээгдэхүүн маш хурдан чийгээ алдах тул цагт хоёр тонн усыг уур болгон дотоод орчныг чийгшүүлэх агааржуулалтын систем ажиллаж байна. Түүнчлэн ус цэвэршүүлэх явцад гарч буй саарал усыг зүлэгжүүлэлт, талбайн цэвэрлэгээ, 00-н хэрэглээнд давхар ашиглаж байна.
Үйлдвэрийн хаягдал усыг өөрийн дэргэдэх хаягдал ус урьдчилан цэвэршүүлэх байгууламждаа цэвэрлээд, Монгол Улсын хаягдал усны стандарт хангасан усыг төвийн шугам сүлжээнд нийлүүлж байна.

10000 ам.метр талбай бүхий энэ барилга нь эрчим хүчний хэмнэлттэй. Мөн эрчим хүчний хэмнэлттэй барилга болсныг тэд нотолж чадсан. Өнгөрсөн өвөл барилгын дотор заслын ажил явагджээ. Тэгэхэд бид ийм талбайтай барилгад шаардагдах халаалтынхаа 10 хувийг авахад, барилга 10-15 хэм дулаан байсан. Тэгэхээр 90 хувийн хэмнэлт гарсан гэсэн үг. Үйлдвэрийн шарах шүүгээнүүд ажиллахад дулаан ялгарах тул төвийн дулааныг хэрэглэх шаардлага бараг гарахгүй гэсэн үг. Энэ бүхэн дулаан тусгаарлагч хана, тусгай зориулалтын цонх зэрэг өндөр чанартай материалтай холбоотой юм.
Үйлдвэрт өндөр хүчин чадал бүхий олон шарах шүүгээ ажилладаг тул эрчим хүчний хэрэглээ ихтэй. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрээ хийгээр бүрэн шийдэж, хийн хангамжийн системийг суурилуулснаар дутагдалтай байгаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд ачаалал өгөхгүй, нэг үйлдвэр ч гэсэн өөрийн эрчим хүчний асуудлыг дотроо шийдэж чадсан нь давуу талтай болжээ.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй 1990-ээд оны ороо бусгаа цагт Монгол оронд хүнсний бараа бүтээгдэхүүн ховор живэр, хүмүүсийн хүнсний хэрэглээ хэдхэн нэр төрөлд эргэлдэж байв. Монголчууд хувийн бизнесээ эхлүүлж, алдаж онож явсан тэр үеийн төлөөллүүдийн нэг болох “Жүр Үр”-ийн үүсгэн байгуулагчид санал нэгдэж бусдын жишгээр гадаадад ажиллаж, хурааж хуримтлуулсан хэдээрээ анхны байраа авахын оронд бизнесээ эхлүүлэх хөрөнгө оруулалтыг хийжээ. Ийнхүү 1998 онд хаалгаа нээсэн жижигхэн бялууны цех өнөөдөр байгальд ээлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, Монголчууд үндэснийхээ брэндээр дамжуулан сүүлийн үеийн технологи эзэмших боломж бүрдсэн үйлдвэр болтлоо өргөжин тэлжээ.
Анхны бялуугаа худалдаанд гаргаж байхдаа монголчууддаа амт, чанартай бүтээгдэхүүн хүргэе гэж зорьсон. Түүнээс өндөр ашиг, нэр хүнд олъё гэж зориогүй. Энэ зорилгынхоо төлөө уйгагүй ажилласаар өнөөдрийн амжилтад хүрлээ. Хэрэглэгчдийн итгэл, нэр хүнд аяндаа ирдгийг манай хамт олны хичээл зүтгэл, цаг хугацаа харууллаа. Тиймээс ч олон жил зорьсон шинэ үйлдвэрээ нээж байгаа баярт мөч бол бид бүхний хувьд маш их үнэ цэнтэй.

Монголчууд зөвхөн хэрэглэдэг бус хийж бүтээдэг улс орон болоход, үндэсний брэндийг өргөжүүлэн хөгжүүлэхэд, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, Монголчууд технологи эзэмшихэд, эх орноо хөгжүүлэхэд, улс орны аюулгүй байдлын чухал хэсэг болсон хүнсний хангамж аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд бидний сэтгэлээ шингээн бүтээн байгуулсан энэ үйлдвэр маань хувь нэмрээ оруулж байгаа нь хамгийн чухал үнэт чанар хэмээн бахархаж байна.
Энэ үйлдвэр нь зөвхөн манай компанийн хөгжил дэвшлийн төдийгүй та бүхэнтэй цаашдын хамтын ажиллагаагаа улам бататгах шинэ боломжийн эхлэл гэж бид үзэж байна. Жүр Үрчүүд бид хэрэглэгч, харилцагч та бүхэндээ илүү чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно хэмээн Ерөнхий захирал Б.Мөнхзул нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.












