Зах зээлд тогтсон байр суурьтай, нэр хүндтэй компанийг шинэчилж, шинэ санаа, инновац хэрэгжүүлэх нь адармаатай бөгөөд урт удаан хугацаанд үргэлжлэх процесс байдаг. Харин хэвлэлийн салбарын тэргүүлэгч, үндэсний ууган үйлдвэрлэгч Ю Би Пи ХХК өдгөө үндсэн бизнесээ өргөжүүлэн, АНУ-ын франчайз Subway брэнд, Японы №1 нүдний шилний Jins брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлээд буй. Хоорондоо ялгаатай салбаруудад хэрхэн амжилттай ажиллаж, ребрэндинг хийж байгаа талаараа Ю Би Пи ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Дөлгөөн ийн өгүүлж байна.
“Улаанбаатар Принт”-ийг бид хэвлэлийн салбарын тэргүүлэгч компани гэдгээр нь сайн мэддэг байсан. Та бүхэн саяхан нэрээ өөрчлөн Ю Би Пи болж, ребрэндинг хийлээ. Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан, зорилго юу байсан бэ?
Таван Богд Группийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ю Би Пи бол 1997 онд үүсгэн байгуулагдсан, тус группийн ууган компаниудын нэг. Мөн хэвлэлийн салбарын анхдагчдын нэг, үйлдвэрлэлийн хүчин чадлаар салбартаа тэргүүлэгчдийн тоонд ордог. Оффсет, дижитал хэвлэлийн үйлчилгээнээс гадна сурагчийн дэвтэр үйлдвэрлэж, зах зээлийн 95 хувийг эзэлж байна. Түүнчлэн монголчуудын байнгын хэрэглээ болсон Double A бичгийн цаасны албан ёсны дистрибьютерээр ажиллаад 20 гаруй жил болжээ.
Дижиталчлал, цахим хэрэглээ зэрэг дэлхий нийтийн чиг хандлагаас шалтгаалж хэвлэл, цаасан бүтээгдэхүүний салбарын өсөлт сул, хэрэглээ нь буурч буй. Үүнээс шалтгаалж бид компаниа дараагийн 30 жилд бэлдэх, бизнесийн цар хүрээгээ улам тэлэх зорилгоор ребрэндинг хийлээ. Сүүлийн 27 жилийг манай хамт олон хэвлэмэл бүтээгдэхүүнд тулгуурлан, салбарынхаа гүнд нь орж амжилттай ажилласан он жилүүд байсан гэж би боддог.
Нэрээ сонгохдоо бид маш их ярилцсаны эцэст сонгосон. Зах зээлд “Улаанбаатар Принт” нэр маань хоногшсон учраас шууд өөрчлөх бус харин товчлон Ю Би Пи болгох нь зүйтэй гэж шийдсэн юм. Мөн бизнесийн философио United Business Partner буюу олон талт бизнесийн цар хүрээг цогцлооно гэж тодорхойлоод байна. Дүгнэж хэлэхэд, Ю Би Пи компани дараагийн 30 жилдээ бэлдэж ребрэндинг хийсэн гэж болно.
Компанийн үндсэн үйл ажиллагаа, зорилтууд хэвээр байх нь гарцаагүй. Ю Би Пи компанийн хамт олон энэ 27 жилд ямар амжилттай ажиллав?
Ю Би Пи компанийн онцлох бүтээгдэхүүн бол сурагчийн дэвтэр. Импортын дэвтрүүд давамгай байсан 1997 оноос бид “Монгол дэвтэр” нэрээр дэвтэр үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. “Фүжи фильм”-ийн дэвтэр ч гэдэг байлаа. Хамгийн чанартай цаасаар дотооддоо дэвтэр үйлдвэрлэе гэж шийдээд Япон улсаас цаасаа худалдаж авч үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Тухайн үеийн түүхийг би өмнө ажиллаж байсан хүмүүсээс өөртөө шингээж авснаа дурдаж байгаа юм шүү.
Тэр үеэс одоог хүртэл бид дэвтрийн цаасаа огт өөрчлөөгүй. Улмаар орос, польш зэрэг импортын дэвтэр зах зээлийн 50 орчим хувийг эзэлж байсан бол 2016 оноос хойш бид зах зээлд эзлэх хувиа тасралтгүй нэмэгдүүлсээр одоо 95 хувийг хангаж байна. Хүүхдүүд дэвтэрт гараараа байнга хүрэлцдэг, арьстай нь наалддаг учраас дэвтрийн цаас чанартай байх ёстой. Хэдий нүдэнд харагдахгүй ч чанаргүй цааснаас тоосонцор гардаг, энэ нь хүүхдийн, ялангуяа бага ангийн хүүхдийн ам, хамар, арьсны нүх сүвээр ордог, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс япон цаас өндөр үнэтэй хэдий ч бид ашгаа нэмэлгүйгээр дэвтрийн үйлдвэрлэлдээ хэрэглэсээр байна.
Бид дэвтрийг юм тэмдэглэдэг цаас төдий бус харин хүүхдийн суурь боловсролыг дэмжих хамгийн чухал суурь хэрэгсэл гэж үздэг.
Цаасны чанараас гадна дэвтрийн хавтсыг тухайн цаг үеийн трэнд, хүүхдийн сонирхолд тулгуурлан төрөл бүрийн зурагтай хэвлэдэг нь манай нэг онцлог юм. Тийм ч учраас бид дэвтрээ мэдлэгтэй дэвтэр гэж нэрлэдэг. Энэ жилийн тухайд Монголын Үндэсний музейтэй хамтран үнэт үзмэрүүдийн зурагтай дэвтэр хэвлэлээ. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулж бид хүүхдүүдэд соёлын боловсрол олгохыг зорьж байгаа юм. Цаашид Монголын алдартай, түүхэн уран зураг, соёлын өвүүдийг дэвтрүүддээ тодорхой хэмжээгээр оруулах зорилготой байна.
Мөн сурагчийн дэвтрээс гадна оюутан дэвтэр, сургуулийн өмнөх боловсролд зориулсан СӨБ цуврал, ахмад настнуудад зориулсан дэвтэр үйлдвэрлэдэг.
Ребрэндингийн хүрээнд танай компани Монголын хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн танилцуулсан. Японы нүдний шилний Jins брэндийг яагаад сонгосон талаар сонирхуулна уу?
Компанийн нэрээ Ю Би Пи, харин алсын хараагаа олон талт бизнесийн цар хүрээг цогцлооно гэж тодорхойлсон тухай өмнө дурдсан. Манай бизнес хөгжлийн баг ямарваа хязгаарлалтад баригдалгүй маш олон төслийн судалгааг өнгөрсөн жилээс хийсэн. Гэхдээ мэдээж тэс өөр салбар, бүтээгдэхүүн рүү хальж ороогүй. Яагаад гэвэл менежментийн баг болон ажилтнуудын туршлагад үндэслэж л дараагийн бизнесээ босгоно шүү дээ.
Судалгаа хийх явцдаа бидний хийж чадах зүйл юу вэ гэдгийг нухацтай бодсоны эцэст залуучуудад чиглэсэн зах зээлд илүү амжилттай ажиллана гэж үзсэн. Нөгөө талаар, манай компани Jins-ээс гадна Subway брэндийг хариуцдаг юм. Ялгаагүй залуучуудын брэнд.

Төслийн судалгааны тухай яриандаа эргэж оръё. 2023 онд Таван Богд Групп Японы “Фүжи фильм” компанийн хиймэл оюунд суурилсан тоног төхөөрөмжид үндэслэн эрт илрүүлэг, оношилгооны НУРА төвийг байгуулсан. Тус төвийн үйлчлүүлэгчдийн 38 хувь харааны ямар нэгэн эмгэг, өөрчлөлттэй байсан. Тиймээс бид үүнд анхаарсан бизнес эрхлэх нь зүйтэй гэж үзээд судалгаа хийж эхэлсэн юм. Харааны шил зүүдэг хүмүүст зах зээл дээр маш хязгаарлагдмал сонголт байдаг.
Ний нуугүй хэлэхэд Jins Holding-ийн мэргэжилтнүүд Монголын хараа зүйн үйлчилгээний төвүүд, нүдний шилний дэлгүүртэй биечлэн танилцаад энэ салбар дэлхийн хөгжлөөс 20 жилээр хоцорч байна гэж дүгнэсэн. Яагаад гэвэл олон дэвшилтэт шийдэл, технологи манай улсад орж ирээгүй байна. Монголчуудын хэрэглэж байгаа линз маш зузаан, хараа муудах тусам шил нь зузаан, хүнд болдог. Гэтэл хараа нь муудсан ч линзний хэмжээ зузаарахгүй, нэг линзээ ашигладаг технологи дэлхийд бий болсон. Мөн харааг шалгадаг тоног төхөөрөмж ч хоцрогджээ. Нүдний шилний рамыг монголчууд эвгүй байсан ч зүүгээд, бараг нүдний шилний рамандаа “таарч” амьдарч байгаа гэж болохоор байдаг.
Харин Jins брэнд бүтээгдэхүүнээ хэрэглэгч танд тааруулан, тохируулж хийж өгдөг. Хүн бүрийн нүүр ижил, тэгш хэмтэй байдаггүй.
Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой нүүрний бүтэцтэй учраас ийм үйлчилгээ үзүүлэх нь хэрэглэгчдэд таатай байдаг. Өөрөөр хэлбэл, нүдний шилэндээ таарч биш харин нүдний шилээ өөртөө тааруулж амьдарч, ажиллах боломжийг Jins санал болгодог.
Үнийн хувьд Jins компани “Бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх үнээр борлуулна” гэсэн бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл, цөөн хүнд бус бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүний амьдралыг нүдний шилээр дамжуулаад илүү баялаг, амьдралын чанарыг нь дээшлүүлнэ гэсэн утга бүхий Magnify life гэсэн философийг баримталдаг учраас үнийн хувьд дундаж гэж хэлж болно.
Томоохон брэндийн франчайз эрхийг авч, зах зээлд танилцуулахын тулд ихээхэн бэлтгэл шаардагдах нь гарцаагүй. Ю Би Пи ХХК энэ тал дээр хэрхэн ажиллав. Анхны хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?
Jins Holdings бол 2001 онд байгуулагдсан, Японы хараа зүйн томоохон групп компани. Дэлхийн зургаан оронд 800 гаруй салбартай бөгөөд Монгол Улс долоо дахь улс нь болж байна. Брэндийн цаана мэдээж стандарт яригдана. Ялангуяа япон брэндүүд стандарт, чанараа ягштал баримталдаг. Тиймээс бид Монголын зах зээлд цоо шинэ инновац нэвтрүүлж байна гэж үзэж буй. Jins Galleria Ulaanbaatar дэлгүүрт 800 төрлийн 3000 гаруй шил борлуулж буйн дотор хэд хэдэн коллекц бий. Жишээлбэл, залуучуудад зориулсан Jins today, спорт, йогоор хичээллэдэг хүмүүст зориулсан хөдөлгөөнд саадгүй, унадаггүй, түгжигчтэй Jins Fit, Jins sport, Jins 360 зэрэг коллекц бий.
Бид дэлгүүрийн менежерүүдээ Японд гурван сар сургасан бол оптик зөвлөхүүд буюу дэлгүүрийн ажилтнуудад Японоос ирсэн сургагч багш гурван сар гаруйн хугацаанд тусгайлсан сургалт явуулсан. Энэ утгаараа манай оптик зөвлөхүүд нүдний шилийг худалдан авагчийн нүүрэнд хамгийн тохиромжтой байдлаар суулгаж өгнө гэдэгт эргэлзэхгүй байж болно. Jins-ийн дэлгүүрт орсон л бол шилгүй гарах ямар ч боломжгүй тийм өргөн сонголт, үйлчилгээг санал болгодог. Яг л хувцсаа өөртөө тааруулж өмсөж байгаа юм шиг үйлчилгээ авна гэсэн үг.

Jins Galleria Ulaanbaatar дэлгүүр нээгдсэнээс хойш үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй, нэг сарын хугацаанд бид маш их дараалалтай ажиллаж байна. Хүмүүс их хөнгөн, маш тухтай байна гээд ам сайтай байгаа. Энэ нь чанартай нүдний шилний эрэлт хэрэгцээ манайд их байсантай холбоотой гэж бид үзэж байна. Цаашид бид 10 гаруй салбар нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Та 300 гаруй ажилтантай, олон жилийн түүхтэй компанийг удирдаж байна. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
Би 2024 оны тавдугаар сараас Ю Би Пи компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Таван Богд Группийн нэг онцлог нь аливааг хурдтай хийдэг учраас богино хугацаанд ажилласан хэрнээ олон жил болсон юм шиг их өөрчлөлт шинэчлэлийг хийжээ.
Өмнө нь 10 гаруй жил үйлдвэрлэл, борлуулалтын салбарт, тодруулбал, “Вояж” цэвэр ус үйлдвэрлэгч ТМЛ компанид хүний нөөцийн ажилтнаас гүйцэтгэх захирал хүртэл дэвшиж ажилласан. Тус компанид 11 жил, тэр дундаа гүйцэтгэх захирлаар гурван жил ажиллаад карьерын өөрчлөлт хийсэн юм. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй ч хүний нөөцийн менежерээр ажлын гараагаа эхлүүлж байлаа.
Тухайн үед таны ямар зан чанарыг үнэлж Ю Би Пи компани санал тавьсан гэж боддог вэ?
Харьцангуй залуу насандаа захирлаар ажиллах боломж олдож, үр дүнтэй ажиллаж байсан нь нэг талаар нөлөөлсөн болов уу. Харин зан чанарын тухайд хамт олон маань намайг дайчин гэдэг юм. Олон зүйлд өөрийгөө сорих, шинэ зүйл бүтээх, улмаар түүнийгээ богино хугацаанд хийж үр дүнг нь үзэх сонирхол надад байдаг.
Хүний нөөцийн салбарт ажиллаж байсан, энэ чиглэлийг сонирхож судалдаг учраас компанийг амжилтад хүргэх хамгийн чухал зүйл бол баг хамт олон гэж үздэг. Гүйцэтгэх захирлын хувьд багаа бүрдүүлэхдээ нээлттэй байхыг хичээж, нэг хүний бус хамтын хүчээр үр дүнтэй шийдвэр гаргахыг эрхэмлэдэг. Багийнхныхаа оролцоог аль болох дэмжиж, хүн бүрийн саналыг сонсохыг хичээдэг.

Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан захирал компани удирдахын онцлог, давуу тал нь юу вэ. Энэ талаар та туршлагаасаа хуваалцана уу?
Бизнесийн шийдвэр гаргана гэдэг тоон дээр л суурилдаг. Тоо худлаа хэлдэггүй. Хэмжиж чадвал сайжруулж, үр дүнг нь гаргах боломжтой. Гэвч нөгөө талаар тэрхүү тоог хөдөлгөдөг хүчин зүйл нь яах аргагүй үгүй хүн юм. Ямарваа тоог унагаах уу, босгох уу гэдгийг ажилтан л шийднэ. Энэ нь эргээд хүний сэтгэл зүйгээс их шалтгаалдаг.
Компанийн гүйцэтгэх захирал давхар сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг гэж би боддог. Ур чадвар, туршлага, өссөн орчин, зан характераас шалтгаалаад хүмүүс маш их ялгаатай байдаг шүү дээ. Тийм ч учраас тухайн хүнийг хэрхэн үр дүнтэй, сайн ажиллуулах түлхүүр ч их ялгаатай. Зарим хүн урмын үгээр, зарим нь шахаж шаардахаар ажилладаг гэх мэт. Хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд хамтдаа нэг үр дүнгийн төлөө ажиллаж байгаа гэдгээ ухамсарлах аваас ажилтнуудаа нэг арга хэлбэрээр удирдаж болохгүй гэдгийг ойлгодог. Хүн бүрд таарсан хөшүүрэг, түлхүүрээр үр дүнд хүрэх ёстой.
Ихэнх хүнд удирдах ажилтных нь үг хүчтэй нөлөөлдөг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх удирдлага бол маш том нөлөөлөгч.
Үүнтэй холбоотой асуухад та амжилттай баг хамт олныг хэрхэн тодорхойлох вэ. Та ямар арга барилаар компаниа удирдаж байна вэ?
Миний бодлоор амжилттай баг олон төрлийн үзэл бодолтой, ялгаатай хувь хүмүүсээс бүрддэг байх ёстой. Хүмүүсийг ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч ажиллавал олон өнцөг, олон санаа, олон шийдэл гардаг. Хэдий нийтлэг тохиолдол гэж хэлж чадахгүй ч зарим захирал, тэр дундаа туршлага сул удирдлагууд зөвхөн өөрийнх нь үгээр ажлаа хийдэг, харьцахад амар, үгийг нь сонсдог, өөртэйгөө адилхан хүмүүсээр багаа бүрдүүлэх гээд байдаг хандлага бий. Ижил төрлийн хүмүүсээс ижил л санаа гарна шүү дээ. Гэтэл захирлын хараагүй өнцгийг харах хүн хэрэгтэй. Үзэл санаа зөрчилдсөн ч хүлээн зөвшөөрч, олон төрлийн санааг сайн шингээж авдаг, нээлттэй сэтгэлгээтэй байх нь гүйцэтгэх захиралд их чухал юм билээ.
Компани дээрээ жишээ авахад сүүлийн нэг жилийн хугацаанд бид маш үр дүнтэй ажиллалаа. Jins брэнд зургаан оронд 800 салбарыг зөвхөн өөрсдийн бизнес хэлбэрээр нээсэн бөгөөд франчайз эрхээ гаднын компанид огт өгч байгаагүй. Энэхүү үнэтэй эрх, брэндийнхээ үнэ цэнийг итгэж даатгасан анхны компани нь Ю Би Пи компани, Монгол Улс. Jins Galleria Ulaanbaatar дэлгүүрийн нээлтийн үеэр Jins Holding компанийн захирал Хитоши Танака “Миний хүлээлтээс Монгол Улс давлаа. Ю Би Пи компанийг ийм өндөр хэмжээнд ажиллана гэж төсөөлөөгүй” гэж хэлсэн.
Тус компани франчайз эрхээ өгсөн гол шалтгаан нь Таван Богд Группийн удирдлагын манлайлал, манай группийн “Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах” зорилготой Jins брэндийн зорилго нийцэж байсан нь нөлөөлсөн гэж бодож байна.
Мөн Ю Би Пи компанийн удирдлагын багт итгэсэн гэж боддог. Манай баг нэг өдөр нь цаас, хэвлэмэл бүтээгдэхүүн ярьж байгаад маргааш нь нүдний шил, хараа зүйн тухай, эсвэл Subway брэндийнхээ бүтээгдэхүүн, хүнс зэргийг ярьдаг, хэлэлцдэг универсал ажиллагаатай. Ер нь маш сонин, сонирхолтой нөхцөлд бид ажиллаж байгаа. Хамгийн гол нь энэ бүхнийг нээлттэй хүлээж авдаг баг надад байгаа учраас бид судалгаа, санаанаас эхлээд хэрэгжүүлэх хүртэл ердөө ганц жилийн дотор Jins-ийн дэлгүүрийг нээж чадсан гэж боддог. Анх Японы талтай холбогдож ярилцаж байхад биднийг хамгийн багадаа гурван жилийн дотор дэлгүүрээ нээх боломжтой гэж байсан.

Харин бид гурван сарын дотор нээнэ хэмээн зориглон ажиллаад нэг жилийн хугацаанд энэ төслөө амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэ бүхний ард миний бус баг, хамт олны амбицтай, дайчин хүчин чармайлт байсан.
Өмнө нь удирдах албанд ажиллаж байсан туршлагагүй олон хүнийг би удирдлагын багтаа авсан. Анх удаа нэгжийн удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс бараг 50 хувийг бүрдүүлж байгаа. Учир нь хүн дуртай ажлаа хийж, давуу чанартаа тулгуурлаж ажиллавал үр дүнд хүрдэг, бүтээмж нь нэмэгддэг. Туршлагатай боловч хэнд ч анзаарагдаагүй нуугдмал эрдэнэ шиг хүнийг олж харж зохих албан тушаалд нь тавих зэргээр хүмүүст боломж олговол маш их үр дүн гардаг. Би ч мөн удирдлагынхаа олгосон боломжийг үр дүнтэй ашигласны ачаар өнөөдөр 300 гаруй хүнтэй компанийг чадан ядан удирдаж, өөрийгөө хөгжүүлээд ажиллаж байгаа гэж бодож байна.
Миний ажигласан өөр нэг зүйл бол хүмүүсийг албан тушаал дэвшүүлж, карьерыг нь өсгөвөл суралцах хүсэл сонирхол нь асар их нэмэгддэг. Надад итгэл хүлээлгэсэн учраас би илүү сайжрах ёстой, илүү сайн болох ёстой гэсэн бодол төрдөг. Сурах хүсэлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, эрэлч хүмүүс их хурдан сайжирдаг. Харин “Би болсон, би угаасаа л ийм” гэдэг хүмүүсээс үр дүн тун бага гардаг.
Нээлттэй сэтгэлгээтэй залуус манай компанид байгаа учраас бид япончуудаас сурахаас гадна япончуудад ч их зүйлийг ойлгуулсан болов уу гэж бодож байна.



