Борлуулалтын найраа гэдэг нь хэрэглэгчдэд зориулсан материал бөгөөд энэ жанрын текст нь хэрэглэгчийг тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад ятгахад чиглэсэн тогтмол элементүүдтэй байдаг.
Гол зорилго нь таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд ямар ашигтай вэ гэдгийг харуулах. Хэрэглэгч өөрийн хэрэгцээ сонирхол дээр төвлөрсөн үедээ мөнгө төлөх тухайд нэг их боддоггүй.
Хэрэв ятгах техникүүдийг зөв ашиглан сайн бичиж чадвал борлуулалтын найраа нь шууд маркетингийн үр дүнтэй хэрэгсэл болж, танай компани боломжит эсвэл одоогийн хэрэглэгчидтэйгээ харилцаагаа улам чанаржуулахад тусалдаг.
Хэрэглэгчдэд худалдан авалт хийх ямар нэгэн шалтгаан байх учиртай. Борлуулалтын найраа энэ шалтгааныг нээн харуулж, түүнийгээ тодорхой жишээ, шаардлагатай мэдээллээр хүчитгэх ёстой.
Борлуулалт хийх шаансыг нэмэхэд туслах борлуулалтын найрааны заавал байх ёстой элементүүд:
Хэрэглэгчийн анхаарал татахуйц гарчиг
Боломжит хэрэглэгчдэд юугаараа хэрэгтэй талаарх мэдээллийг нэг өгүүлбэрт багтаана.
Жишээ:
“MG Web Optimizer” нь онлайн рекламд нэг ч төгрөг зарцуулахгүйгээр хэрэглэгчийн тоогоо хоёр дахин нэмэх боломжийг өгнө.
Юу, яагаад хэрэгтэйг тодорхойлох байдлаар уншигчийн анхаарлыг дэгээдэх
Боломжит хэрэглэгчийн хэрэгцээг өмнө нь яригдаж байгаагүй өнцгөөс бичих нь хэрэглэгчийг танай бүтээгдэхүүнтэй шууд холбож өгнө. Хэрэв та тухайн бүтээгдэхүүн/үйлчилгээ яагаад ашигтай гэдгийг тайлбарлаж чадвал хэрэглэгч таны бичсэн үгэнд анхаарал хандуулах шаанс ихэснэ.
Жишээ:
Танай сайт бол таны одоогийн болон боломжит хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн портал юм. Интернэт хөтчүүд таны сайтыг олж, аль болох удаан саатахыг хүсэж байна уу? Онлайн сурталчилгаанд хэдэн зуун доллар зарцуулах нь хүссэн үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөр. Харин Grass Roots Web Optimizer программ нь зардал гаргалгүй тухайн сайтын органик хандалтыг нэмэх болно.
Түлхүүр мэдээлэл агуулсан жагсаалтын хэлбэрийг ашигла
Жагсаасан мэдээлэл нь таны онцлох гэсэн мэдээллийг уншигчдад харуулахад тустай. Жагсаалтаар дамжуулж товч агуулга, дэгээнүүдээ бэлдээрэй.
Жишээ:
Цахим оролцооны / engagement / тусламжтайгаар борлуулалтаа нэмэх гурван аргыг бид санал болгож байна:
- Бид уншигчийн анхаарлыг татах актуаль контент бэлддэг,
- Онлайн маркетингийн дундаж компаниудтай харьцуулахад бид оновчлолын /SEO/ хэрэгслүүдийг 20 хувиар илүү ашигладаг.
- Манай программ хангамжийн оновчлолын шийдлийг ашигласан хуудсууд уншигчдын даралтыг /click/ мөшгөж, танд өдөр тутам, долоо хоног бүр, сар тутам тайлан илгээнэ.
Уншигчдын сэтгэгдэл эсвэл тоо баримт ашигла
Борлуулалтын найраа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ юугаараа үнэ цэнтэйг тайлбарлах ёстой. Жагсаалт дотроо сэтгэгдэл, тоо баримтыг оновчтой ашиглавал уншигч бичвэрийн үнэ цэнтэй мэдээллийг шууд харж, борлуулалт хийхэд хүргэдэг.
Жишээ:
“MG”-ээс олж авсан өгөгдөл надад дүн шинжилгээ хийхэд маш их тусалсан. Хэрэглэгчид ямар үед манай хуудаст зочилдгийг харуулдаг болсны ачаар би бүтээгдэхүүндээ илүү олон хэрэглэгч татах боломжтой болсон” – компанийн үүсгэн байгуулагч Болдоо
Уншигчдад “Сall to action” /Үйлдэлд хөтөлсөн үг/ өг
Үйлдэлд хөтөлсөн мэдээлэлгүй контент гэдэг бол лангуугүй байж бараа зарах гээд байгаа худалдагчтай адил. Уншигч тухайн сайтаас цааш хөтлөгдөж Таны санал болгосны дагуу ямар нэгэн үйлдэл хийх сэдэл, зам хэрэгтэй. Хэрэв сонирхож байвал цаашид яах талаар тодорхой мэдээллийг оруул. Энэ нь и-мэйл хаяг, шууд дараад орох холбоос зэрэг байж болно. Хэвлэмэл материалын хувьд QR код байж болно.
Жишээ:
Энд мэйл, вэб сайтын хаягаа бүртгүүлээрэй. Бид танд оновчлол хийсэн органик хандалтын дүн шинжилгээг илгээх болно.
Худалдан авагч цаг хугацаа, тоо хэмжээний хувьд хязгаарлагдахаар бүтээгдэхүүнээ санал болго
Борлуулалтын үр дүнтэй нэгэн техник бол худалдан авалт хийх боломжтой хугацаа заах байдлаар боломжит хэрэглэгчдэд хэрэгтэй, яаралтай гэдгийг тодотгож, хүчитгэж өгөх. Мөн худалдах боломжтой барааны хязгаартай тоог зааж өгдөг. Энэ арга нь хэрэглэгчийг илүү сэдэлжүүлэхэд тустай.
Жишээ:
“MG Web Optimizer” программ хангамжийн нэг жилийн campaign ажлаа дараагийн 30 хоногийн дотор тохируулаарай. Оновчлолыг эхний нэг сарын турш үнэгүй хийж өгөх болно.
Борлуулалтын найрааг яаж илүү чанартай бичих вэ?
Найрааг бичихдээ дараах зүйлсийг анхаарна:
- Албан бус, хөнгөн хэлээр бичнэ. Богино, ойлгомжтой өгүүлбэрүүд, мөн богино догол мөрүүд илүү дотно уншигддаг.
- Хэрэглэгчийг бүү март. Хэрэв та өөрөө хэрэглэгч байсан бол юу уншихыг, юу сонсохыг хүсэх байсан бэ гэж бод. Таны бичсэн эх “Яагаад надад хэрэгтэй юм бэ?” гэдэг асуултад хариулж чадаж байгаа эсэхийг нягтлаарай.
- Материал эхлээд дуусах хүртэл “урссан” бүтэцтэй байх хэрэгтэй. Таны материал эхлэл, үндсэн хэсэг, дүгнэлттэй байх ёстой.
- Анхаарал татах зураг ашигла. Зураг бол материалын салшгүй хэсэг байж текстийг баяжуулдаг.
Борлуулалтын найрааны жишээ /Бүтэн/
“MG Web Optimizer” нь онлайн рекламд нэг ч төгрөг зарцуулахгүйгээр хэрэглэгчийн тоогоо хоёр дахин нэмэх боломжийг өгнө.
Танай сайт бол таны одоогийн болон боломжит хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн портал юм. Интернэт хөтчүүд таны сайтыг олж, аль болох удаан саатахыг хүсэж байна уу? Онлайн сурталчилгаанд хэдэн зуун доллар зарцуулах нь хүссэн үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөр байдаг. Харин “MG Web Optimizer” программ нь зардал гаргалгүй тухайн сайтын органик хандалтыг нэмэх болно.
Цахим оролцооны / engagement / тусламжтайгаар борлуулалтаа нэмэх гурван аргыг бид санал болгож байна:
- Бид уншигчийн анхаарлыг татах актуаль контент бэлддэг,
- Онлайн маркетингийн дундаж компаниудтай харьцуулахад бид оновчлолын /SEO/ хэрэгслүүдийг 20 хувиар илүү ашигладаг.
- Манай программ хангамжийн оновчлолын шийдлийг ашигласан хуудсууд уншигчдын даралтыг /click/ мөшгөж, танд өдөр тутам, долоо хоног бүр, сар тутам тайлан илгээнэ.
“MG”-ээс олж авсан өгөгдөл надад дүн шинжилгээ хийхэд маш их тусалсан. Хэрэглэгчид ямар үед манай хуудаст зочилдгийг харуулдаг болсны ачаар би бүтээгдэхүүндээ илүү олон хэрэглэгч татах боломжтой болсон” гэж компанийн үүсгэн байгуулагч Болдоо ярьсан юм.
Хэрэв та сонирхож байвалэндмэйл, вэб сайтын хаягаа бүртгүүлээрэй. Бид танд оновчлол хийсэн органик хандалтын дүн шинжилгээг илгээх болно.
MG Web Optimizer программ хангамжийн нэг жилийн campaign ажлаа дараагийн 30 хоногийн дотор тохируулаарай. Оновчлолыг эхний нэг сарын турш үнэгүй хийнэ.
Хүндэтгэсэн,
Харилцагчийн үйлчилгээний менежер Сара
MG Web Optimizer




