Эм зүйч нь эмтэй холбоотой бүхий л чиглэлд ажилладаг чухал мэргэжилтэн. Тэднийг чадавхжуулснаар олон нийтэд хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо НҮТББ нь энэ чиглэлд манлайлан ажиллаж байна.
Хүмүүс өвдөх үедээ хамгийн түрүүнд эмийн санг зорьж, эмчийн жороор эм авч хэрэглэдэг. Тэрхүү эмийг бүтээж, танд тохирох эмийг зөвлөдөг мэргэжилтэн бол эм зүйч. Олон нийтийн дунд эм зүйч гэхээр зөвхөн эмийн санд ажилладаг хүн гэх ойлголт түгээмэл. Гэтэл энэ төрлийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн бодлогын шийдвэр гаргах, судалгаа, үйлдвэрлэл, эмнэлэг, клиникийн салбарт ч ажилладаг.
Тэд олон жилийн турш судалгаа хийн эм бүтээж, чанарын шаардлагад нийцсэн, эмчилгээний өндөр идэвхтэй бүтээгдэхүүн гарган авахын тулд туршилт хийн тасралтгүй судалгаа өрнүүлдэг. Ингэж бүтсэн эмийг зах зээлд гаргах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч, хэрэглээнд гаргаж, зохистой хэрэглэхийг зөвлөж, түүнд нь хяналт тавина. Эмийн нэр төрөл жил ирэх тутам нэмэгдэж, үйлдвэрүүд сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэх болсон энэ үед чадварлаг эм зүйчдийн хэрэгцээ шаардлага өссөөр байна. Эм зүйн мэргэжлээр төгсөгчид тус хэрэгцээнд үндэслэн 2013 онд өөрсдийн холбоог байгуулсан нь салбарын хөгжилд томоохон ахиц гарахад нөлөөлжээ.
“Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” НҮТББ анх удирдах зөвлөлийн долоон гишүүнтэйгээр байгуулагдсан. Эмзүйч, эм найруулагч мэргэжилтнийг чадавхжуулах, эмийн салбарыг олон улсын түвшинд хүргэж олон нийтэд сурталчилах нь тэдний гол зорилго аж.
Эм зүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд юуны түрүүнд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ чадавхжуулах нь чухал.
Нийгмийн шилжилтийн үе буюу 1990-ээд онд энэхүү салбар бүрэн хувьчлагдсан нь олон улсын хэмжээнд хөгжихөд нөлөөлжээ. Эмийн үйлдвэрийн дийлэнх нь GMP (Эм үйлдвэрлэлийн зохистой дадал) шаардлагыг хангаж, эмийн сангууд сүлжээ хэлбэрт шилжиж эхлээд буй нь энэ бүхний илрэл юм. Бид хүний нөөцийн хөгжлийн хоцрогдсон орон зай байсныг мэдэрч, чадавхжуулах чиглэлд гол анхаарлаа хандуулан энэхүү холбоог байгуулсан хэмээн “Эм зүйн мэргэжилтнээр төгсөгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Алтанхундага өгүүлэв.
Холбооноос төр, хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын сургалт, судалгааны байгууллагатай хамтран төгсөлтийн дараах сургалтыг тасралтгүй явуулдаг. Тухайлбал, эмийн салбарын туршлагатай багш болон гадаад, дотоодод мэргэшсэн сургагч багш нар чиглэл бүрд тохирсон сургалтын агуулгыг боловсруулж, нийслэл болон орон нутгийн эм зүйчдийг чадавхжуулж байна.
Өнгөрсөн онд гэхэд Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн 200 орчим эмнэлгийн мэргэжилтэн, энэ онд дөрвөн компанийн сүлжээ эмийн сангийн эм зүйчдийг сургалтад хамруулжээ. Мөн Нидерланд, Өмнөд Солонгос, Австрали улсын мэргэжилтнүүдийг урьж, эмийн аюулгүй байдал, эмийн үйлдвэрийн чанарын баталгаажилт болон “Эмийн сангийн зохистой дадал”, “Эм зүйн мэргэжлийн чадамж” зэрэг ач холбогдолтой сэдвийг онцлон сургалт зохион байгуулсаар байна.
Монголын эм зүйчдийг төлөөлж Олон улсын эм зүйн холбоонд 2014 онд гишүүнээр элссэн нь Дэлхийн эмийн холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хуралд эх орноо төлөөлөн шийдвэр гаргалтад оролцож, туршлага судлах боломжийг олгожээ. Улмаар манай улс 2015 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 25-нд Дэлхийн эм зүйчдийн өдрийг тэмдэглэдэг болсон аж. Тэдний дараагийн алхам нь гадаад харилцаагаа өргөжүүлэх буюу Нидерланд улсын Фармаци Мондиал болон GMIS олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хамтарсан сургалтуудыг зохион байгуулсан явдал юм. Энэ хүрээнд “Оюутныг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шилдэг оюутнуудаа Нидерланд улсад дадлага, аялалд хамруулжээ.

Түүнчлэн 2023 онд боловсруулсан “Эм зүйн мэргэжилтний цогц чадамжийн иж бүрдэл” баримт бичиг бол салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах ажил болсныг тус холбооныхон онцолж байсан юм. Олон хүний хичээл зүтгэл шингэсэн уг баримт бичиг нь эм зүйч мэргэжилтний хүний нөөцийн хөгжлийг үнэлэх, хэрэгцээг бодитой төлөвлөх, мэргэжилтнийг бэлтгэдэг сургуулиудын чанарыг сайжруулах, ажлын байран дээрх мэргэжлийн чадамжийг өсгөхөд чухал нөлөө үзүүлж байна. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиуд уг баримт бичгийн агуулгад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Энэ нь зөвхөн эм зүйн салбарт төдийгүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал О.Алтанхундага тодотгов.
Эм зүйн тусламж үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлага эмийн хангамжаас үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ рүү хувьсан өөрчлөгдөж байна. Холбооны цаашдын зорилго нь олон нийтэд эмийн зөв хэрэглээг сурталчлан таниулахаас гадна үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндэд тулгарч буй шинэ үеийн сорилтуудад эм зүйчийн манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж буй.
ЭЗМТХ-ноос өнгөрсөн онд гэхэд Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн 200 орчим эмнэлгийн мэргэжилтэн, энэ онд дөрвөн компанийн сүлжээ эмийн сангийн эм зүйчдийг сургалтад хамруулжээ.
“Эм зүйн тусламж үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй хүргэхийн тулд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ чадавхжуулах нь чухал. Цаашид сургалтаа шинэлэг арга барилаар, олон талт хамтын ажиллагаанд түшиглэн үргэлжлүүлээд зогсохгүй нийт иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох сургалт, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал О.Алтанхундага ярьж байна.
Ямарваа нэгэн өвчлөлийн үед эмийг эмч, эм зүйчийн зөвлөгөөнд тулгуурлан хэрэглэснээр өвчний эдгэрэх үйл явц илүү хурдан, эрүүл мэндэд зарцуулах зардалыг ч хэмнэх боломжтой.Энэ утгаараа мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх нь зөвхөн нэг салбар доторх асуудал бус хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд хамааралтай ойлголт. Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа салбарын хөгжлийг шинэ шатанд гарч, олон улсын жишигт ойртуулахад түлхэц болсоор байна.
Р.Эрдэнэчимэг




