Анх удаа танил бус орчинд орсон мөчөө санаж байна уу? Өнгө, үнэр, уур амьсгал нь хүртэл таны төсөөлснөөс өөр. Энэ дугаарын зочин М.Гэрэлмаатай уулзахаар Aroma Beauty club–д очиход надад яг л тийм мэдрэмж төрөв. Их хотын энгийн нэг байрны нэг давхарт байрлах энэ газарт ороход яг л ой моддын дунд очсон мэт санагдуулах нэг л өвөрмөц орчин угтсан юм. Цагаан, ягаан, цэнхэр өнгөний зохицлоос бүрдсэн өрөөнд ороход ширээн дээр анхилам цэцэг, ванны бөмбөлөг, саван зэрэг бүтээгдэхүүн байлаа.
Харин хананы тавиурт жижиг савлагаатай бор шилэнд царс, жүрж, сарнай, жасмин зэрэг цэцгээс гаргаж авсан байгалийн охь өрөөстэй харагдана. “Энэ өрөөнд бямба гараг бүр ээжүүд хүүхдүүдээ дагуулан ирж амин тосоор лаа, үнэртэн, бөмбөлөг гэхчлэн төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж хамтдаа хөгжилддөг юм даа” хэмээн Тайваны хөрөнгө оруулалттай “Кэй энд ти констракшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Гэрэлмаа сонирхлоороо эхлүүлсэн нэгэн бизнесийн түүхээ цухасхан ярьсан юм.
Ажил гэрийн хооронд шахам амьдардаг түүний хувьд сонин, сэтгүүл унших нь нэг ёсны тайтгарал болдог байв. 2018 оны энгийн л нэг өдөр. Сурсан дассанаараа ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авч, тэднийгээ харангаа сэтгүүл уншаад сууж байж. Гэтэл сэтгүүлээс уншсан нэгэн ярилцлага түүнд маш сонирхолтой санагджээ. Нэгэн эмэгтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн гараараа хийдэг талаараа хуваалцсан байв. Тэрбээр “Хөөх, үүнийг яаж хийдэг юм бол?” гэж ихэд сонирхсон ч мэргэжлийн хүн байлгүй дээ хэмээн боджээ. Гэхдээ л нүүрний тосоо өөрөө хийдэг мөнөөх эмэгтэйн түүх сэтгэлд нь тод хадгалагдан үлдсэн аж.
Тэрхүү сонирхол татсан гоо сайхны бүтээгдэхүүнийг амин тосоор хийдэг гэдгийг тун удалгүй багын найзаасаа мэдэж авчээ. Түүнээс хойш энэ талаар сонирхон судалсаар тодорхой мэдлэгтэй болж анх удаа өөрийн мэдэх гурван төрлийн тосыг ууршуулж, өрөөний агааржуулагч хэлбэрээр ашигласан байна. “Анхны лавандрын үнэр хамар цоргим хурц санагдсан. Харин найзынхаа зөвлөснөөр лавандр, нимбэг, цагаан гааны тосоо нийлүүлэн гаргаж авахад маш таатай, тухтай мэдрэмж төрүүлсэн. Амин тосыг хэрэглэснээс хойш хүрээллээ тэлж, найзуудтайгаа уулзмаар ч юм шиг, хорвоо ертөнцтэй илүү холбогдож байгаа юм шиг мэдрэмж төрсөн” хэмээн дурсамжаа хуваалцав.

Их хотын завгүй амьдралд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ тэр бүр дотно ярилцдаггүй. Дийлэнх ээжүүд ажил гэж явсаар хүүхэдтэйгээ ойр байж чаддаггүй. Халуун дулаан орчин бүрдүүлж, нэг өдөр ч болтугай тэднийг ойртуулах нь клубийн үндсэн зорилго.
2021 оны тавдугаар сарын 21. Ковидоос шалтгаалсан хөл хорио татраагүй. Хүн бүр л бие биеэсээ зайтай алхаж, ах дүү, найз нөхөд ч биесээ танихгүй өнгөрч мэдэх тийм л үе. Хаврын улирал дуусах дөхөж, зун цаг дөхсөн тавдугаар сарын сүүлчээр яагаад ч юм гэнэтхэн л цас будрав. М.Гэрэлмаагийн хувьд энэ өдөр догдлом, мартагдашгүй өдөр болж өнгөрчээ. Цар тахал, хөл хориог ч ажралгүй гурван жилийн турш хөдөлмөрлөсний эцэст өөрийн зорилгоо биелүүлсэн учраас тэр.
“Би клубээ нээхийн тулд тохирох байршлаа хэдийнэ сонгож, засварын компанитайгаа ч гэрээ байгуулчихаад байлаа. Гэтэл өглөө босоод иртэл хөл хорионд орчихсон байсан. Маш их гайхаж, төлөвлөсөн ажлаа яахаа мэдэхгүй хэсэгтээ л самгардсан. Гэсэн ч 100 айл орж, бага багаар барилгын материал, тавилгаа зөөнө. Энэ үедээ нэг талаар жаргалтай ч үр хүүхэддээ өвчин халдаачих вий гэсэн айдас давхар тээж байсан. Ингэж явсаар маш гоё цастай өдөр анд нөхдийнхөө хүрээлэлд клубээ нээсэн. Тэр өдрийнхөө өмнөх орой маш их догдолж, маргааш яах талаараа бодож байсан даа” хэмээн дурсав.
Эцэг эх, хүүхэд, хамт олны дунд амин тосоор бүтээгдэхүүн хийх аргыг зааж сургах нь “Aroma beauty club”-ийн гол ажил. Энэхүү клубийг хүүгийнхээ ангийн найзын ээж Б.Мэндхүүтэй хамтран байгуулжээ. Их хотын завгүй амьдралд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ тэр бүр дотно ярилцдаггүй. Дийлэнх ээжүүд ажил гэж явсаар хүүхэдтэйгээ ойр байж чаддаггүй. Халуун дулаан орчин бүрдүүлж, нэг өдөр ч болтугай тэднийг ойртуулах нь клубийн үндсэн зорилго. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй гэр бүл ийм байдлаар гэр бүлийн уур амьсгалаа илүү халуун дотно болгож, дотносож чаджээ.

“Хүүхдүүд байн байн босож ирээд ээжийгээ тэвэрч үнсээд, энэ их гоё юм аа, дараа дахиж хэзээ ирэх вэ? хэмээн ярих. Сургалтад суусан хүмүүс өөрсдийн бизнесээ эхлүүлэх, гэртээ байдаг ээжүүд маань хүүхдээ хүргэж өгчихөөд эндээ лаа, бөмбөлөг хийж бэлгийн багц гаргаж буйг нь харах үед үнэхээр өөрсдөөрөө бахархаж, баярладаг” хэмээн яриад тэрбээр инээмсэглэж байлаа.
Дарамт шахалттай борлуулалт бус эрүүл амьдралын хэв маягийг баримтлангаа хэн нэгэнд бизнес эхлүүлэх анхны санаа, зөвлөгөөг өгөх нь чухал.
Түүний үндсэн ажил болох барилгын салбар хоббигоороо эхлүүлсэн үнэртний ажлаас нь маш өөр. Энгийн жишээ л гэхэд үнэр нь эрс ялгаатай. Гэхдээ ижил зүйлс ч бий. Тухайлбал, хүний амьдрах орон сууцыг барих, үнэртнээр дамжуулан хүний сэтгэл санааг дэмжих нь аль аль талаараа баяр баясал түгээдэг. Хоёр ажил зэрэг хийнэ гэдэг амаргүй. Ийм үед түүнд “Aroma beauty club”-ийн хамт олон нь их тус болжээ. Тэд мягмар гараг бүр клубийнхээ үндсэн үйл ажиллагааг ярилцаж, төлөвлөгөө гаргана. Түүнийхээ дагуу өдөр бүр ээлжлэн жижүүрлэж, сургалтаа зохион байгуулна. Ингэж л хамтдаа дөрвөн жилийн ард гарчээ.

Уламжлалт бизнестэй харьцуулахад түүний эхлүүлсэн ажил сүлжээний буюу MLM (шууд худалдааны) бизнес аж. “Aroma beauty club” нь одоогоор 500 гаруй гишүүнтэй. Анх нэг нэгнээ огт таньдаггүй эдгээр бүсгүйчүүд амин тосоор дамжуулан танилцаж, эгч дүүс, хамаатан мэт ойр дотно болжээ. Энэ төрлийн бизнес нийгэмд буруу ойлгогдох нь түгээмэл. Нийгмийн энэ хандлагыг өөрчлөх нь тэдний бас нэг хүсэл.
Хоббигоороо бизнес эхлүүлж эсвэл зүгээр л өөрийгөө олж, гэртээ амар амгалан уур амьсгалыг бий болгох эмэгтэйчүүд илүү олон байгаасай.
Тэд “Aroma beauty club”-аар дамжуулан амин тосны зөв хэрэглээг түгээхээс гадна бизнес боломж байгаа талаар бусдад сэдэл өгдөг. Дарамт шахалттай борлуулалт бус эрүүл амьдралын хэв маягийг баримтлангаа хэн нэгэнд бизнес эхлүүлэх анхны санаа, зөвлөгөөг өгөх нь чухал. Иймээс ч тэд шинэ гишүүдээ хүчилдэггүй. Харин хоббигоороо бизнес эхлүүлж эсвэл зүгээр л өөрийгөө олж, гэртээ амар амгалан уур амьсгалыг бий болгох эмэгтэйчүүд илүү олон байгаасай гэж хүсдэгээ М.Гэрэлмаа хуваалцаж байв. Түүний хувьд амин тос гэдэг зүгээр нэг үнэртэн бус бизнесийн боломж, нийгмийн халуун дулаан харилцаа, хамгийн гол нь өөрийгөө нээх шинэ алхам болжээ.




