Манай улсад анх удаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барина гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байв.
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь хүмүүс, бизнесүүд өөрсдийн хөдөлмөр, хөрөнгө, санаачилгаа чөлөөтэй ашиглаж зах зээлд оролцох боломжтой эсэхийг хэмждэг ойлголт юм. Өөрөөр хэлбэл, та бизнес эхлүүлэхдээ, худалдаа хийхдээ, хөрөнгө оруулахдаа төрийн хэт их хяналт, саад бэрхшээлтэй тулгардаг уу, эсвэл шударга өрсөлдөөн, тогтвортой дүрэм журмын дунд ажиллаж чаддаг уу гэдгийг харуулдаг үзүүлэлт.
Энэ үзүүлэлтийг олон улсын байгууллагууд тодорхой давтамжтай гаргадаг бөгөөд тухайн улсын хууль эрх зүйн орчин, төрийн зарцуулалт, татварын бодлого, хөрөнгө оруулалтын эрх чөлөө, худалдааны нээлттэй байдал зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг.
Хөрөнгө оруулагч “бизнесээ эхлүүлээд өмчөө хамгаалж чадах эсэх нь тодорхойгүй” гэдэг ойлголттой байвал урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээс мэдээж татгалзана.
Эдийн засгийн эрх чөлөө өндөр байх тусам хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажил эрхлэлт сайжирч, хүмүүсийн амьдралын чанар дээшлэх хандлагатай байдаг. Харин эрх чөлөө бага бол бизнесүүдэд саад их гарч, авлига нэмэгдэж, өрсөлдөөн сулран, эцсийн дүндээ эдийн засгийн өсөлт удааширдаг.
Heritage Foundation байгууллага улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг 12 үндсэн шалгуураар хэмжиж, жил бүр тайлан гаргадаг. Эдгээр шалгуурыг дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг:
- Хууль дээдлэх ёс (Rule of Law)
Энэ бүлэгт өмчийн эрхийн хамгаалалт, шүүхийн үр ашиг, төрийн байгууллагын шударга байдал зэрэг үзүүлэлтүүд ордог. Өөрөөр хэлбэл, хууль бүх хүнд тэгш үйлчилдэг үү, шүүх шударга ажилладаг уу, авлигын эрсдэл хэр вэ гэдгийг харуулна. - Засгийн газрын хэмжээ (Government Size)
Татварын бодлого, төрийн зарлагын хэмжээ, төсвийн сахилга бат зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Хэрэв татвар хэт өндөр, төрийн зарлага хэт их байвал хувийн хэвшилд дарамт болж, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарладаг. - Зохицуулалтын үр ашиг (Regulatory Efficiency)
Бизнес эхлүүлэх, ажиллах хүч ашиглах, мөнгөний бодлого зэрэг өдөр тутмын эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх дүрэм журам хялбар уу, тогтвортой юу гэдгийг хэмждэг. Бизнесийн орчин ойлгомжтой, хүнд суртал бага байх тусам эрх чөлөө өндөр гэж үздэг. - Зах зээлийн нээлттэй байдал (Open Markets)
Худалдаа хийхэд тариф, саад бага байх, хөрөнгө оруулалтын орчин чөлөөтэй байх, санхүүгийн систем ил тод, хүртээмжтэй байх зэрэг үзүүлэлтүүдийг багтаадаг. Энэ нь улс орны гадаад харилцаа, хөрөнгө оруулалт татах чадварт шууд нөлөөлдөг.
Нийт 12 үзүүлэлтийг 100 хүртэлх оноогоор үнэлж, нийлбэр дүнгээр тухайн улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргадаг.
2025 оны Эдийн засгийн эрх чөлөөний индекст хамгийн өндөр оноо авсан улс орнууд бол Сингапур, Швейцар, Ирланд, Тайвань, Люксембург юм. Эдгээрийн оноо бүгд 80-аас дээш бөгөөд “эдийн засгийн хувьд бүрэн чөлөөтэй” буюу free ангилалд ордог.
Сингапур дээрх бүх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бол Швейцар шүүхийн шударга тогтолцоо, банк санхүүгийн найдвартай байдлаараа онцгой. Харин Ирланд нь татварын уян хатан бодлогоороо олон улсын корпорацуудыг татдаг.
Тэгвэл Монгол Улс 2025 оны тайлангаар 62.6 оноо авч, дэлхийн хэмжээнд 74-т, Ази–Номхон далайн бүсийн 39 орноос 13-т эрэмбэлэгджээ. Үүгээрээ манай эдийн засаг “дунд зэрэг чөлөөтэй” буюу moderately free ангилалд оржээ. Сүүлийн таван жилд Монголын оноо бага зэрэг хэлбэлзэж ирсэн ч 2025 онд өмнөх оноосоо хоёр оноогоор өсжээ.

Монгол Улсад худалдааны орчин харьцангуй нээлттэй, бизнес эрхлэх эрх чөлөө дэлхийн дунджаас дээгүүр байдаг. Гэвч авлигын эрсдэл өндөр, өмчийн эрхийн хамгаалалт хангалтгүй (49.7 оноо), төрийн засаглал сул, хөрөнгө оруулалтын эрх чөлөө муу байгаа нь нийт оноог бууруулж буй гол хүчин зүйлс болж байна.
Heritage-ийн тайланд “засгийн газрын шударга байдал дэлхийн дунджаас доогуур” (49.7 оноо) гэж дүгнэжээ. Төрийн эрх бүхий байгууллагаас лиценз авах, тендерт оролцоход “шууд бус зардал” буюу авлигын дарамт тулгардаг. Энэ нь бизнесийн шударга өрсөлдөөнд хамгийн том саад болж, гадна, дотнын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэггүй.




