Үл хөдлөх хөрөнгө бол хүний амьдралын хамгийн том хөрөнгө оруулалтын нэг. Гэвч “хямд”, “сайхан байр” зэрэг сурталчилгаанд хөтлөгдөн, судалгаагүй шийдвэр гаргах нь хожим том эрсдэлд хүргэдэг. Тиймээс дараах зүйлсийг сайтар анхаарах хэрэгтэй.
Байр, байшин, газар авахдаа хамгийн түрүүнд өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар ашиглалтын зориулалт, үл хөдлөхийн бүртгэлийг шалга. Мөн зээл барьцаанд байгаа эсэхийг улсын бүртгэлийн цахим системээр хялбархан шалгаж болно. Шинэ орон сууцны хувьд барилгын компанийн өмнөх төслүүдийг судал. Ашиглалтанд орсон хугацаа, ханын материал, дулаан тусгаарлалт, дуу тусгаарлалт зэрэг нь ирээдүйн тав тухтай амьдралд нөлөөлдөг. Хэрвээ хуучин байр бол сантехник, цахилгааны системийг заавал шалгуулах хэрэгтэй.
Ажил, сургууль, эмнэлэг, хүнсний дэлгүүр зэрэгт ойр байршилтай эсэхийг хар. Гудамж талбайн гэрэлтүүлэг, авто зогсоол, замын хөдөлгөөн, хөршийн орчин чухал хүчин зүйлс юм.
Ихэнх хүмүүс зээлтэй худалдан авалт хийдэг тул үнийн харьцуулалт маш чухал. Нэг орон сууцны м² үнэ тухайн дүүрэг, хорооллоосоо хамаарч ялгаатай байдаг. Иймд 2–3 төстэй төслийн үнийг харьцуулж үз.
Худалдан авч буй бүс нутаг ойрын жилүүдэд хэрхэн хөгжих төлөвтэй байгааг судал. Шинэ зам, сургууль, худалдааны төв, дэд бүтэц баригдах төлөвлөгөө нь үнэ цэнийг өсгөдөг бол эсрэгээр үйлдвэр, шөнийн цэнгээний газар төлөвлөгдөж байгаа бол амьдрах орчинд сөргөөр нөлөөлнө. Үл хөдлөх хөрөнгө авах шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Хэрвээ ямар нэг эргэлзээ төрж байвал мэргэжлийн үнэлгээч, хуульчийн зөвлөгөө авах нь хамгийн найдвартай алхам юм.
Уншигч та үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлог, хөрөнгө оруулалтын боломжууд болон худалдан авахад анхаарах зүйлсийн талаар Business.mn подкастын 337 дугаараас танилцана уу.



