96 жилийн түүхтэй Монголын автозамын салбарт үе залгамжлан олон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй “Ангад Арвижих” компанийн захирал Н.Батдэмбэрэлтэй ярилцлаа. Автозамын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулдаг тус компанийн хамт олон 80 гаруй төслийн бүтээн байгуулалтад оролцож, “оюуны бүтээл туурвисан” гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Замтай ажил, амьдралаа холбосон аав, авга ахынхаа зам мөрөөр та энэ салбарт ажиллаж байна. Багаасаа замтай ойр өссөн гэж дүгнэж болох уу?
Зуны амралт эхэлж, хичээл амармагц аавыг дагаж, хөдөө орон нутгаар их явдаг байсан. Аавыгаа зам барьдаг хүн гэдгийг нь багаасаа ойлгож, мэдэрч өссөн гэж болно. Ер нь миний зуны амралт автозамын төслийн талбай дээр өнгөрдөг байлаа. Том болохын хэрээр замын инженерүүдтэй танилцаж, замын бүтээн байгуулалтын талаар мэдлэгтэй болсон.
2017 онд их сургуулиа төгсөөд Ар Си Эс Си ХХК компанид 2020 он хүртэл менежерээр ажиллаж байсан. Хэдий өөр мэргэжилтэй ч замын компанид үйл ажиллагаа хариуцсан менежер заавал байх ёстой учраас суралцах хугацаандаа тус компанид ажиллаж байлаа.
Хаана, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
Манай улсын ууган Хятад сургуулийн нэг Монгол-Хятадын Найрамдал сургуулийг 2013 онд төгссөн. 2013-2015 онд БНХАУ-ын Шандунь мужийн Чиндао хотод олон улсын худалдааны мэргэжлээр суралцан төгсөж ирээд 2016-2017 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд мөн олон улсын худалдаа чиглэлээр сурсан. Улмаар 2019 онд уг сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Тэгэхээр сургуулиа төгсөөд компаниа байгуулсан юм уу?
Тийм ээ. Миний аав Д.Нямдаваа 2012-2019 онуудад Ар Си Эс Си ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Тухайн үед бие даасан компанитай болох бодлоо аавд хэлэхэд зөвшөөрч хүлээн авснаар 2020 онд “Ангад Арвижих” компаниа хамтран байгуулсан түүхтэй. Манай компани автозам, замын байгууламжийн зураг төсөл, хяналт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 822 км авто зам, 4600 орчим урт.метр төмөр бетон гүүрийн зургийг боловсруулж, 460 гаруй км замын ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.
Аав маань 70 нас хүрч байна. Үүнээс 30 гаруй жилд нь автозамын салбарт ажиллаж, энэ салбартаа хийсэн бүтээсэн, бахархах зүйл ихтэй болжээ. Аав анх Д.Баасанхүү ахыгаа дагаж 10 гаруй настайгаасаа автозамын барилгын ажилд оролцож эхэлсэн юм. Тухайн үед зуны амралтаараа ажилладаг байж. Одоогийн 25 дугаар эмийн сангийн уулзвараас Таван шар хүртэлх замыг өргөтгөхөд оролцож байсан юм. 1999 онд ЗТТ автозамын хоршоог байгуулж, “жинхэнэ” замын хүн болсон.

Мөн “Хэрэм зам” компанийг байгуулж, Ховд аймгийн Барлагийн хавцалд тусгай зориулалтын зам барьж байлаа. Харин 2011 онд ахтайгаа хамтраад зөвлөх үйлчилгээний Ар Си Эс Си ХХК-ийг байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байлаа. Өнөөдөр аав маань компанийнхаа 20 орчим инженер, нийт 30 гаруй ажилтанд, мөн надад сурсан мэдсэн арвин их туршлагаасаа зааж сурган хамтдаа ажиллаж байна даа.
Манай компани техник эдийн засгийн үнэлгээ, судалгаа, боловсруулалт, зам, гүүрийн барилгын ажилд технологийн хяналт тавих, автозамын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийн судалгаа хийх, автозам, замын байгууламжийн барилга угсралтын ажлын төсөв боловсруулах, хиймэл байгууламжийн нарийвчилсан бүтээцийн зураг төсөл боловсруулах, хөдөлгөөний эрчмийн болон тэнхлэгийн ачааллын судалгаа хийх, автозам, замын байгууламжийн барилга угсралтын ажлын төсөв боловсруулах зэрэг инженерийн болон менежментийн үйлчилгээ үзүүлдэг.
“Ангад Арвижих” компани үүсгэн байгуулагдсанаас хойших таван жилийн хугацаанд 80 гаруй төслүүдэд оролцож ажилласан байна. Танай хамт олон ямар төслийн бүтээн байгуулалтад оролцсоноороо хамгийн их бахархдаг вэ?
Бид Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай 180 км автозамын ТЭЗҮ-ийг батлуулаад, одоо зураг төсвийг нь хийж байна. Энэ бол Хөвсгөл нуурын зүүн хаяагаар явж буй, 33 даваа, 33 голтой, нэг үгээр Монгол орны хамгийн төвөгшил ихтэй замын нэг юм. Манай хамт олон уг замын трасс, чиглэлийг тогтоохын тулд дөрвөн улирлын турш ажилласан. Бид тун ач холбогдолтой тус замын ТЭЗҮ, зургийг хийж байгаадаа их баярладаг.
Түүнчлэн, Завхан аймгийн Солонготын давааны 11.66 км урт замыг хатуу хучилттай болгох зураг төслийг манай компани боловсруулсан.
Монголчуудын сайн мэдэх уг давааны замын ажил аавтай маань холбоотой
учраас уг төсөл дээр ажилласан нь манай компанийн хувьд тун чухал үйл явдал байлаа. 1960-аад онд Солонготын давааны анхны трассыг гаргахад аавын нагац ах оролцож байсан юм билээ. Түүгээр зогсохгүй 1995-1996 онд Дэлхийн банкны төслөөр тус давааны замыг барихад аавын ах Д.Баасанхүү, харин 2003 онд уг замыг хатуу хучилттай болгож шинэчлэхэд аав маань оролцсон. Тийм учраас 2023 онд Солонготын давааны хучилтгүй замыг хучилттай болгох тендерт манай компани зорьж оролцсон түүхтэй. Ийм үүх түүхтэй замын бүтээн байгуулалтад манай баг гар бие оролцсондоо сэтгэл тун хангалуун байдаг.
Солонготын давааг хэзээ нэг өдөр хатуу хучилттай болгох ажилд оролцоорой гэж ах нь аавд захиж хэлж байсан юм. Тэрхүү захиасыг нь биелүүлсэндээ аав маань их баярладаг. Тус замын ТЭЗҮ, зураг төсөл бэлэн болж, барилгын ажил нь эхэлсэн бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох хуваарьтай байна. Хэдий зураг төсвийн өртөг нь 100 сая төгрөг боловч зам нь төвөгшил ихтэй, гурван гүүрийг шинэчлэх ажил багтаж байсан. Нэмж дурдахад, технологийн их олон шийдэл ашигласан. Тухайлбал, цэвдэгтэй хөрсөн дээр хэрхэн зам барих, ямар шийдэл ашиглах вэ гэдгийг шийдвэрлэхийн тулд Шинжлэх ухааны академи мөн Төвөдийн өндөрлөг газруудад зам барьсан БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй бид хамтран ажилласан. Тиймээс 11 км урттай боловч уг замын барилгын ажлын нийт өртөг нь 44 тэрбум төгрөг болсон юм. Ийм онцлогтой бүтээн байгуулалт.
Ташрамд дурдахад, автозамын бүтээн байгуулалтын төсвийг өмнө нь хэт үнэтэй байна гэх зэргээр хасах явдал гардаг байсан бол өдгөө салбарын яам, төрийн байгууллагууд байдлыг ойлгож, инженерийн төрөл бүрийн шийдлийг ихээхэн дэмжиж ажиллаж байна. Бид зөв шийдэл, зураг төсөл гаргах юм бол тухайн замын төсөвт өртгийг шүүмжлэх явдал эрс багассан.
Мөн бид Завхан, Говь-Алтай аймгийг холбосон 198 км автозамын 60 км замын зураг төслийг Барилга хот, байгуулалтын яам (хуучин нэрээр) болон Зам, тээврийн яамтай 2022 онд гэрээ байгуулж гүйцэтгэсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар барилгын ажил явагдаж байна. Уг замыг барьснаар Завхан аймгийн Ганцын давааг тойрч Алдархаан сумаар тойруулж, өвөл зунгүй зорчих боломжтой болох юм. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Нисэхийн тойрог уулзварыг олон түвшний уулзвар болгох ТЭЗҮ, зураг төслийг манай компани гаргасан. 2024 онд нэгдүгээр үе шатны ажил буюу гэрлэн дохион зохицуулгатай дөрвөн замын уулзвар болгох ажил эхэлсэн. Энэ ажил 2025 онд дуусахаар байна. Бид 36 урт/ метр дам нуруутай, зургаан эгнээ зорчих хэсэгтэй, 72 урт/ метр төмөр бетон гүүрийн зураг төслийг гаргасан. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл бидний бас нэг бахархал болно.

Таны бодлоор Монголын нөхцөлд чанартай автозам барихад юу чухал байна вэ?
Зөвхөн автозам төдийгүй аливаа инженерийн барилга, байгууламжийн чанар зураг төслөөс эхэлдэг. Тухайн төсөл зөв зураг, зөв судалгаатай байх ёстой. Үүнээс гадна инженерийн зураг төслийг ойлгож, хүлээн зөвшөөрдөг болох хэрэгтэй гэж боддог. Энэ нь нэг талаараа улсын төсөв, эдийн засгийн хөгжилтэй их холбоотой юм. Зураг төслийн байгууллагын гаргасан инженерийн шийдэл, төсөв нь сүүлийн үеийн технологи, инновац, цаг үеэ дагаад өндөр дүнтэй болж байна. Энэ хэрээр чанартай зам барина.
Хоёрдугаарт, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа машин техникийн бүтээмж, үр ашиг, хүчин чадал нь үнэхээр өндөр түвшнийх болсон. Энэ бол чанартай, сайн замыг хурдан барих нэг чухал түлхэц, нөлөөлөх хүчин зүйл юм. Мэдээж сайн, чанартай түүхий эд чухал. Зам, далан барихдаа хаанаас ч хамаагүй шороо авчраад овоолдоггүйг ойлгох хэрэгтэй. Лабораторид түүхий эд, материалыг шинжлүүлсний дараа тухайн газар нутгийн хаанаас түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглаж автозам барихаа шийдвэрлэдэг.
Гэвч тухайн ашигт малтмалыг ашиглах талбайн солбилцол нь таарахгүй байх, өөр хувь хүн, байгууллагын эзэмшилтэй, эсвэл лицензийн талбайтай давхцах гэх мэт бэрхшээл үүсдэг. Энэ бол автозамын болон барилгын компаниудын санааг хамгийн их зовоож байгаа нэг бэрхшээл юм. Заримдаа карьер олохын тулд замын компаниуд зуны саруудыг барах тохиолдол ч байна. Ялангуяа говийн бүс нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах ь төслийн гүйцэтгэгч компаниудад маш хэцүү байдаг. Тиймээс энэ асуудлыг оновчтой шийдвэрлэх арга замыг зайлшгүй олох шаардлагатай болоод байна.
Үүнтэй холбоотойгоор замын салбарын өнөөгийн хөгжил, тулгарч буй сорилтын талаар таны санал бодлыг сонсъё.
Монголын зам барилгын салбарын хөгжил цаг үеэ дагаад өндөр түвшинд хүрсэн. Зам бол улс орны хөгжлийг дагаж урагшлахаас гадна хөгжил дагуулдаг харилцан нөлөөлөлтэй салбар юм. Тухайлбал, энэ жил Улаанбаатар хотод 230 орчим км авто замыг бүрэн шинэчиллээ. Энэ нь эдийн засгийн өгөөжөөс гадна тухайн замаар тав тухтай зорчих, машин техникийн урт наслалтад хүртэл эергээр нөлөөлж байгаа юм. Мэдээж автозам нь нийгмийн хөгжлийн зориулалттай учраас эдийн засгийн хувьд өндөр ашигтай байхад тун хэцүү. Автозамын ачаалал өндөр улсуудад замын бүтээн байгуулалт өртгөө нөхөх боломжтой байдаг бол манай улсад тийм боломж хараахан бий болоогүй байна.
Бэрхшээл сорилтын тухайд харьцангуй бага. Мэдээж стандарт, хууль эрхзүйн орчин цаг үеэ дагаад байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байх ёстой. Инновацын тухайд олон улсын хөгжлөөс арай удаан байна. Энэ нь цаг хугацаа, улс орны өвөрмөц ялгаатай орчин нөхцөл зэргээс шалтгаалан хүлээж авах боломж нь ялгаатай байдагтай холбоотой. Гэвч бид инновац, шинэлэг шийдлийг алхам алхмаар туршин нэвтрүүлсээр байна.
Энэ ташрамд, нэг зүйлийг онцлон дурдахад автозамын салбарт кластерын системийг нэвтрүүлж, үндэсний компаниудын өсөж томрох, хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж боддог. Автозам бол асар өндөр зардалтай, үнэтэй машин техник шаарддаг онцлогтой салбар. Тийм учраас компаниуд төрөлжих, нэгдэж ажиллах замаар үүнийг шийдвэрлэх боломжтой. Үүнийг Тендерийн тухай хуулиар зохицуулах шаардлагатай гэж боддог.
Бодит байдлаас харахад тухайн компани хоёр жил дараалж ажил аваагүй тохиолдолд хүний нөөц болон санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж байна. Автозамын бүтээн байгуулалтад хоёр компани оролцож байгаа бол тус тусдаа заводтой болохын оронд дундаа нэгийг барих гэх мэтээр энэ асуудлыг шийдэж болох юм. Манайх шиг үйлдвэрлэгч биш улсын хувьд тэр хэрээр валют гадагшаа урсаж байна. Энэ байдал надад тун харамсалтай санагддаг. Үүнээс шалтгаалаад Монгол Улс Гадаад худалдааны тухай хуультай болох цаг нь иржээ гэсэн бодол байдаг.
Нэмж хэлэхэд, ТЭЗҮ болон зураг төсөл нь тусдаа ажлын даалгавартай боловч хамтдаа зарлагдаж байгаа нь учир дутагдалтай байна.
Миний бодлоор тухайн төслийн ТЭЗҮ урьдчилсан байх уу, эсвэл бүтэн байх уу гэдэг нь тусдаа асуудал. Тусдаа тендер зарлах замаар ТЭЗҮ-ийг хийсний дараа зураг төслийг нь хийдэг байвал илүү үр дүнтэй, өгөөжтэй, илүү судалгаатай, нарийвчилсан боловсруулалт хийгдэх боломжтой. Тиймээс төрийн байгууллагууд, тэр дундаа захиалагч байгууллагууд ТЭЗҮ болон зураг төслийн тендерийг хамтдаа зарлаж байгааг эргэн харж, өөрчлөөсэй гэж хүсэж байна.
Та хүний нөөцийн бодлого, ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь инженерүүд бүтээдэг гэсэн үг байдаг шүү дээ. Энэ утгаараа манай хамт олон оюуны бүтээл бий болгож байдаг юм. Тиймээс хүний нөөцийн бодлогод, ажилтнуудын ажиллах орчинд их анхаарал хандуулдаг. Зургийн болон төлөвлөлтийн инженерүүд компьютерын ард удаан хугацаагаар ажилладаг учраас агаарын солилцоо сайн байх, компьютерын дэлгэцний нүдэнд үзүүлэх нөлөөг таазнаас тусаж байгаа гэрлээр бууруулах, нүдэнд ээлтэй гэрлийн технологийг оффистоо ашиглах, тоос дэгдээлгүй өөртөө шингээдэг хивс дэвсэх зэрэг шийдлийг ашиглаж байна.
Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудаа сургаж чадавхжуулах, хөгжүүлэх, гадаад хэл болон салбарын сүүлийн үеийн технологиос суралцахад нь мөн ажил мэргэжлээс гадна хувь хүний хөгжилд нь санаа тавьдаг. Ахмад зөвлөх инженерүүд маань залуус ажилтнуудаа сургахад их анхаарч байна. Ажилдаа дуртай хүн программаа ч, хэлээ ч сураад өөрийгөө хөгжүүлээд явдаг нь анзаарагддаг.
Гүйцэтгэх захирлаар ажилласан сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн том сорилт юу байсан бэ?
Хамгийн том бэрхшээл бол хөрөнгө санхүү. Автозамын зураг төслийн компаниуд тендерт шалгарсны дараа гүйцэтгэлийн баталгаа байршуулж, тендерийн ажлын 30 хувийг гүйцэтгэсний дараа эхний санхүүжилтээ авдаг. Дараа нь дунд шатны тайлангаа гаргаж өгч байж санхүүжилтээ авах гэх мэт процессоор ажилладаг. Өөрөөр хэлбэл, худалдааны компани биш учраас ажлын гүйцэтгэл тодорхой хувьд хүрсний дараа санхүүжилтээ авдаг учир компанийн санхүүгийн тооцоолол, төсвийг хэрхэн зөв зохистой гаргах вэ гэдэг нь гүйцэтгэх захирлын шандсыг шалгасан том сорилт болдог. Зарим ажил маань цалингаа тавихад ч хүрэхээргүй төсөвтэй байдаг. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд санхүүгийн хатуу сахилга баттай ажиллаж, төсвөө аль болох хэмнэхийг хичээх ёстой болдог.
Автозамын салбарын хүнтэй уулзсан учраас Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаарх санал бодлыг сонирхъё.
Түгжрэлийг шийдвэрлэх, бууруулах хэд хэдэн шийдэл байж болох юм. Тухайлбал, тодорхой өдөрт, эсвэл цагт гэрлэн дохионуудын хооронд хэдэн машин зорчдог судалгаанд үндэслээд симуляц хийх замаар оновчтой шийдвэр гаргах боломжтой. Хоёрдугаарт, аливаа барилгын төслийг эхлэхээс өмнө автозамын төлөвлөлтөө хийх ёстой байдаг.
Энэхүү дарааллыг баримтлалгүй, уялдаа холбоогүй, буруу төлөвлөлт хийснээс шалтгаалж өнөөдрийн түгжрэл үүсээд байна. Цаашид төлөвлөлтдөө анхаарвал нийслэл хотын түгжрэл буурах боломжтой.
Сүүлийн жилүүдэд Туулын хурдны замаас эхлээд Замын-Үүдийн боомтоос бараа ачсан машин жишээлбэл, Сэлэнгэ аймаг явахын улд нийслэлээр дайрч гарахгүй байх зэрэг төлөвлөлтийг хийж эхэллээ. Эдгээр шийдэл нь түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж бодож байна. Мөн явган хүний гарцыг гүүр, эсвэл нүхэн гарцаар шийдэх ёстой. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг улсад энэ нь илүү зөв зүйтэй шийдэл юм. Томоохон уулзвар, замуудыг цаашид ийм байдлаар шийдээсэй гэж боддог. Эсвэл барилгууд доогуураа холбогдсон гарцтай ч байж болно.
Ташрамд дурдахад, аливаа томоохон төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ цаашид барилгын ажил гүйцэтгэх олон улсын жишиг гэрээ буюу ФИДИК-ийг ашиглана гэж найдаж байна. Одоо тухайн төслийн зөвхөн гүйцэтгэгч талыг ямар нэг зүйлд буруутгаж байна шүү дээ. Харин уг гэрээг ашигласнаар бүх оролцогч талын үүрэг хариуцлага нэмэгдэнэ.



