Нэрлэсэн өсөлт ба бодит бууралт
2017 оноос 2024 оны хооронд төсвийн хэмжээ огцом нэмэгдсэнтэй зэрэгцэн төрийн албан хаагчдын, тэр дундаа боловсролын салбарын ажилчдын цалин тогтмол өсөж ирсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр багш нарын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 онд 802.5 мянган төгрөг байсан бол 2024 онд 2.41 сая төгрөгт хүрч, долоон жилийн хугацаанд гурван дахин өсчээ.
Хэрэв цалингийн энэ өсөлтийг ганц тоогоор харвал бодит ахиц мэт. Гэвч “цалин өсөх” ба “амьдрал сайжрах” хоёр ойлголт үргэлж давхцдаггүй. Энэ ялгаа инфляц болон ханшийн өөрчлөлтөөр дамжин тод харагддаг.
2017 онд нэг ам.доллар 2433 төгрөгийн ханштай байсан бол 2024 оны эцэст 3418 төгрөгт хүрч, төгрөгийн нэрлэсэн үнэ 40 орчим хувиар сулрав. Үүнтэй зэрэгцэн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 85.8 → 152 болж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин дунджаар 76 хувь өссөн байна. Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, импортын бараанаас ихээхэн хамааралтай дотоод зах зээлийн нөлөөгөөр багшийн цалингийн нэрлэсэн өсөлт худалдан авах чадварт бүрэн хөрвөж чадсангүй.
2020 оныг суурь болгосон бодит цалингийн индекс 141 байгаа нь багш нарын худалдан авах чадвар 2020 оноос хойш 41 хувиар л сайжирсан гэсэн үг.
Графикаас харахад 2022 он бол багш нарын бодит цалингийн эргэлтийн цэг байжээ. Тэр жилд хэрэглээний үнийн өсөлт 30 хувьд хүрсэн бол цалингийн өсөлт 24 хувьтай байв. Энэ зөрүү нь амьдралын өртгийг огцом нэмэгдүүлж, худалдан авах чадварыг бууруулсан. Үүнээс хойших хоёр жилд цалин нэмэгдэж, бодит индекс өссөн ч инфляцийн хурд болон ханшийн дарамт цалингийн бодит өсөлтийг үр дүнгүй болгосон.
Цалингийн өсөлт валютын ханшийн дарамтад
Монгол Улсын эдийн засгийн бүтэц валютын ханшийн хөдөлгөөнд мэдрэг хэвээр байна. Экспортын орлогоос хэт хамааралтай, импортын бараанд түшиглэсэн дотоод хэрэглээний зах зээл нь төгрөгийн ханшийн уналтад хүчтэй хариу үзүүлдэг. Валютын ханш өсөх бүрт импортын үнэ өсөж, хэрэглээний үнийн индекс нэмэгдэнэ. Үүний сөрөг үр дагавар хамгийн түрүүнд төсвийн салбарт ажиллагчид, тэр дундаа багш нарт мэдрэгддэг.
Цалин нэмэгдэж байгаа мэт харагдавч, бодит утгаараа энэ нэмэгдэл үнийн өсөлтийн хурданд “шингэж”, амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэхгүй байна. 2020 оноос хойших бодит өсөлт 41 хувь байгаа нь долоон жилийн хугацаанд жил бүр дунджаар 5.8 хувийн бодит өсөлттэй байсныг илтгэнэ. Энэ нь боловсролын салбарын бүтээмжийн өсөлт, төсвийн тэлэлтийн үр нөлөөг бодитоор хэмжих чухал шалгуур юм.
Багш нарын цалингийн бодлого, боловсролын салбарын үр ашигт байдал, мөнгөний бодлогын уялдаа зэрэг олон хүчин зүйл нийлээд өнөөдрийн дүр зургийг бүтээжээ. Цалинг нэмэх шийдвэр богино хугацаанд сэтгэл ханамж авчирдаг ч инфляц хурдацтай өсвөл энэ өсөлт бодит дүнгээр буурдаг. Тиймээс бодит орлогын өсөлт нь зөвхөн цалингийн хэмжээнээс бус, мөнгөний бодлогын тогтвортой байдал, ханшийн бодлого, бүтээмжийн өсөлт гуравтай нягт уялдах ёстой.
Цалин нэмэхийг хүсэхийн зэрэгцээ эдийн засагт бүтээмжийг сайжруулах, ханшийн тогтвортой байдлыг хангах, үнийн өсөлтийн хяналтыг хадгалах бодлого хамгийн чухал болж байна.
Боловсролын салбарын ирээдүйн цалин, урамшууллын тогтолцоо нь валютын ханшийн эрсдэл болон инфляцийн дарамтын эсрэг дархлаатай, уян хатан системтэй байх ёстой. Үнийн өсөлттэй уялдсан индексжүүлэлт, бодит цалингийн динамикийг тогтмол тооцох, төсвийн бодлогыг ханшийн хэлбэлзэлтэй уялдуулах зэрэг нь урт хугацаанд “цалин нэмэгдсэн ч амьдрал сайжирдаггүй” гогцооноос гарах гарц болно.
15-20 хувиар цалинг нэмэхдээ …
Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэний дараа Засгийн газар 2026 оны төсвийн хүрээнд багш нарын цалинг 15–20 хувиар нэмэх шийдвэр гаргаад байна. Гэвч энэ нэмэгдлийн бодит үр нөлөө ямар байх вэ гэдэг нь инфляцийн түвшин, мөнгөний бодлогын хатуу байдлаас шууд хамаарна.
Өнөөдөр инфляц 9 хувьтай байна. 2026 онд энэ түвшнээс дээш гарвал, нэрлэсэн цалингийн өсөлт бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бус, эсрэгээрээ бууруулах эрсдэлтэй. Жишээ нь, 2026 онд багш нарын цалинг дунджаар 20 хувиар нэмэхэд инфляц 9 хувь байвал бодит өсөлт дөнгөж 10–11 хувьд хүрнэ. Харин инфляц 12–13 хувьд хүрвэл бодит өсөлт 6–7 хувь болж агшина. 15 хувиар цалингаа нэмүүлэх багш нарын хувьд бараг ямар ч өсөлт мэдрэгдэхгүй.
Бодлогын хувьд, цалингийн өсөлтийг бодит үр ашигтай болгохын тулд инфляцийн түвшинг 6 хувиас доогуур барих шаардлагатай. Энэ нь 20 хувийн нэрлэсэн өсөлтийн дийлэнх хэсгийг бодит орлого болгон хадгалах боломжийг олгоно.
Түүнчлэн ханшийн тогтвортой байдал энэ өсөлтөд шийдвэрлэх нөлөөтэй. Хэрэв ам.долларын ханш дахин савлаж эхэлбэл импортын барааны үнэ нэмэгдэж, инфляцийн суурь дарамт сэргэнэ. Төгрөгийн ханшийн сулрал өнөөдрийнхөөс 5–10 хувиар хурдасвал инфляц мөн төдий хэмжээтэй нэмэгдэж, цалингийн өсөлтийн бодит үр ашиг дахин багасна.





