Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол үүсэж болзошгүй тухай мэдээлэл гарч хүмүүс ШТС дээр урт дараалал үүсгээд байна. Албаны хүмүүс хомсдол үүсээгүй, ОХУ гэрээний дагуу нийлүүлж байгаа, харин татан авалт доголдож буй талаар мэдээлж байгаа.
АМГТГ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 10 сарын 21-ны байдлаар АИ 92 шатахуун 21 408 тонн буюу 11 хоногийн нөөцтэй, мөн нэмээд 78 вагон буюу 4680 тонн ирж байгаа аж. Гэсэн ч шатахуунгүй хоцрох вий гэсэн болгоомжлол, жолооч нарын дараалал арилахгүй байна. Энэ үзэгдлийг судлаачид хүний сэтгэл зүйн онцлог, эрсдэлийг хүлээж авах дадал, хяналтаа алдах айдастай холбон авч үздэг.
Сэтгэл зүйч, эдийн засагч Даниэль Канеман болон Сенхил Муллайнатан нар “Хомсдолын сэтгэл зүй” (scarcity mindset) гэдгийг тайлбарлахдаа хүнд нөөц дуусна гэсэн айдас төрөх үед рационал сэтгэлгээ улам явцуу болж, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шийдвэр гаргах нь элбэг. Шатахуун хүрэлцэхээр байсан ч “хомсдож болзошгүй” гэсэн бодол нь “баараггүй нөөцөлж авах” үйлдэлд түлхэж, хэрэгцээнээсээ илүүг худалдан авах гэж шуурснаар хиймэл хомсдол үүсдэг.
Ийм жишээ түүхэнд олон байдаг.
АНУ. 1973-1974 он. Шатахууны хомсдол
Араб, Израйлын дайны дараа ОПЕК-ийн орнууд нефтийн экспортоо багасгаснаар үнэ нь дөрөв дахин өссөн. Гэхдээ бодит нийлүүлэлт хангалттай, ямар ч хомсдол нүүрлээгүй байсан ч Америк даяар шатахууны сандрал үүсжээ. Олон км үргэлжилсэн урт дарааллууд бий болж, жолооч нар банкаа дүүргэж, канистрт нөөцөлж байв. Үүнээс үүдэж зарим мужид машины дугаарын тэгш, сондгойгоор шатахуун худалдаалах өдрийг заах байдлаар хязгаар тавихаас өөр аргагүй болжээ. Мөн зодооны хэрэг ч олон гарсан байна.
Энэ бүхний үр дүнд томоохон хотуудад хүмүүс машин унах нь багассан, бага хөдөлгүүртэй автомашины борлуулалт өссөн зэрэг нөлөө гарчээ. Хожим нь эдийн засагчид “Хомсдол байгаагүй, харин итгэлцлийн хомсдол нүүрлэсэн” гэж дүгнэжээ.
Их Британи. 2000 он. Жолооч нарын ажил хаялт
2000 оны есдүгээр сард жолооч нар шатахууны үнийг буулгах шаардлага тавьсан нь нийлүүлэлтийн сүлжээг тэр чигт нь сааталд оруулжээ. Засгийн газар нөөц хангалттай байгаа гэж мэдээлсээр байсан ч хэвлэлээр гарсан хоосон ШТС-ийн зургуудыг дийлж чадаагүй байна. Ингээд хүмүүс шатахуунаа нөөцөлж авахаар дайрцгааж, гуравхан өдрийн дотор шатахууны хэрэглээ 150 хувь өссөнөөр нөөц үнэхээр хомсдож эхлэв.
Энэ тохиолдол нь хэвлэлийн нөлөөлөх хүчийг сайтар харуулсан бөгөөд үнэндээ зураг нь нийтлэгдсэн хоосон ШТС хэдхэн байжээ.
АНУ. 2016 он. Colonial Pipeline дээр гарсан осол
2016 оны намар АНУ-ын хамгийн том дамжуулах хоолой дээр осол гарснаар өмнөд муж руу чиглэсэн шахалтыг түр зогсоожээ. Хэдийгээр энэ нь хэдхэн хоногийн доголдол байсан ч мэдээ гарснаас хэдхэн цагийн дараа ШТС-ууд дээр урт дараалал үүсэв. Үр дүнд нь зарим хот түр зуур шатахуунгүй болсон байна.
Шри Ланк. 2017 он. Байгаагүй хямрал
2017 оны 11 дүгээр сард тус улсын Засгийн газар “Шатахууны импорт түр доголдсон” тухай мэдэгдэл хийв. Хэдийгээр агуулахууд 80 хувийн нөөцтэй байсан ч хүмүүс их хэмжээгээр шатахуун худалдан авч эхлэв. Ингээд ганцхан өдрийн дотор Коломбо хотын гудмуудад км-ээр үргэлжилсэн дараалал бий болж, хоосорсон ШТС-ын зураг сошиалаар тархав.
Их Британи. 2021 он. Жолооч нарын хомсдол
Ковид болон Брексит-ийн дараа тус улсад шатахуун тээвэрлэгч жолооч нарын хомсдол бий болов. Хэвлэлээр нийлүүлэлт доголдож болзошгүй мэдээлэл гарснаар хүмүүс бас л хэрэгцээнээс хэтэрсэн шатахуун худалдан авах болов. Гурван өдрийн дотор шатахууны эрэлт 5-6 дахин өсөж, ШТС-уудын тал нь үнэхээр хоосорчээ. Ингээд Засгийн газар шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд цэргийнхнийг дайчлахаас өөр аргагүй болсон байна.