Энэ оны 10 дугаар сарын дундуур PMI Mongolia Chapter-ийн “Hybrid WoW: In the Era of AI” сэдэвт олон улсын төслийн удирдлагын бага хурлын үеэр үндэсний хэмжээний шилдэг төслийг шалгарууллаа.
2025 оны шилдэг төслийн шагналыг ТЭСО Индастриал Парк Группийн хэрэгжүүлж буй “Евро Базальт” төсөл авсан юм. Уг төслийг “Монгол Улсад аж үйлдвэрийн шинэ үеийг нээж, ногоон технологи, тогтвортой хөгжлийг хослуулсан бүтээн байгуулалтын үлгэр жишээ” хэмээн үнэлжээ.
Монголын зах зээл, аж үйлдвэрийн салбар дахь базальтан бүтээгдэхүүний хоёр дахь том үйлдвэр болсон “Евро Базальт” нь 2023 онд Монголын зах зээлд чулуун хөвөн нийлүүлж эхэлсэн байна.
Чулуун хөвөн гэдэг нь …
Чулуун хөвөнгийн үндсэн түүхий эд болох базальт чулуу нь Монголд түгээмэл тархсан ашигт малтмал юм.
Базальтыг өндөр температурт хайлуулж хийсэн чулуун хөвөнгийн гол онцлог нь -180 °С хүртэлх хүйтнийг нэвтрүүлдэггүй, + 1100 °С-т 120 минут тэсэх чадвартай, чийг нэвтрүүлдэггүй, усыг түлхдэг, 50 жилдээ шинж чанар нь өөрчлөгддөггүй, аж үйлдвэрийн бүх салбарт дулаалах, тусгаарлах, хамгаалах чадвартай материал юм.
Монголчуудын мэдэх шилэн хөвөнгийн хувьд + 350 °С-т, хөөсөнцөр + 150 °С-т шатдаг. Харин гал түймэр оргил үедээ + 900 °С-т хүртэл халж арматур төмрийг уяраадаг.
Орчин үед хүлэмжийн хийг бууруулах хүн төрөлхтний номер нэг зорилгын хүрээнд дулаан тусгаарлагч материал нь зөвхөн нар салхи, халуун хүйтэн, ус чийгээс хамгаалахаас гадна галд тэсвэртэй, хүний эрүүл мэнд, орчин тойронд хоргүй, хамгийн чухал нь эрчим хүч хэмнэдэг байх ёстой гэсэн шаардлага хүчээ авч байна. Тэгвэл энэ шаардлагад нийцдэг нь чулуун хөвөн бөгөөд сүүлийн үеийн бараг бүх бүтээн байгуулалтад стандартын дагуу чулуун хөвөнгөөр дулааны тусгаарлалт хийж байгаа.
Манай улс зах зээлд шилжсэний дараахнаас хөөсөнцөр, удалгүй шилэн хөвөн ашиглаж эхэлсэн. Гэхдээ эдгээр нь галд тэсвэргүй учраас гал түймрийн үед эрсдэл өндөртэй материалд тооцогддог.
Хамгийн анх чулуун хөвөн ашигласан төслүүд нь Цонжин Болдгийн морьтой хөшөөний дулаан тусгаарлалт, Өргөө кино театрын өргөтгөлийн акустик байжээ. Түүнээс хойш Хөшгийн хөндий нисэх онгоцны буудлаас эхлээд иргэний болон аж үйлдвэрийн олон төсөлд чулуун хөвөн ашигладаг болсон. V цахилгаан станц, Эгийн голын УЦС баривал бас л чулуун хөвөнг хэрэглэж таарна.
Чулуун хөвөнгийн зах зээл
Өнөөгийн байдлаар Монгол Улс барилгын дуу, дулаан тусгаарлагч материалын 60 гаруй хувийг импортоор хангадаг. 2009 оныг хүртэл 100 хувь Хятадаас чулуун хөвөнгөө авдаг байсан бол Монгол Базальт чулуун хөвөн зах зээлд нийлүүлдэг болсноор энэ байдал өөрчлөгдсөн.
Өнөөдөр Монгол Базальт ХК жилд 12 000 мянган тонн базальт хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. Харин шинээр байгуулагдсан Евро Базальтын үйлдвэр 16 000 мянган тонн хүчин чадалтай. Ингэснээр хоёр компани нийлээд дотоодын чулуун хөвөнгийн хэрэгцээний 70 орчим хувийг хангах аж.
Шинэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг голдуу иргэний барилгад хэрэглэхээс гадна аж үйлдвэр, гэр хорооллын дулаалгад ашиглахаар байна.
PMI Mongolia Chapter байгууллагаас “Евро Базальт”-ыг Монгол Улсад анх удаа евро стандартын шаардлагад бүрэн нийцсэн, галд тэсвэртэй чулуун хөвөн дулаалгын материалыг үйлдвэрлэсэн төсөл гэж тодорхойлсон байна. Тэсо Индастриал Парк-ийн гүйцэтгэх захирал С.Бат-Өлзийн хэлснээр 2027 оноос “Евро Базальт 2” үйлдвэрийг барих бөгөөд цаашдаа ОХУ, Хятад, Казахстаны зах зээлд нийлүүлэх зорилго стратеги төлөвлөгөөнд нь байгаа аж.
Барилгын материалын үйлдвэрлэл ба импорт, (2021-2022 оны дундаж)

Ер нь базальтын салбар нь тун ирээдүйтэй, зөвхөн чулуун хөвөнгөөр хязгаарлагдахгүй том зах зээл. Жишээ нь, базальтан арматур.
Монгол Базальт энэ зах зээлд хэдийнээ орж, 2022 онд базальтан арматур үйлдвэрлэж эхэлсэн. Монголын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250 – 350 мянган тонн байдаг бөгөөд нийт арматур хэрэгцээнийхээ 70 орчим хувийг урд болон хойд хөршөөс импортоор авч байна. Харин Монгол Базальт компани жилдээ 10 000 тонн базальт арматур үйлдвэрлэдэг бөгөөд 2024 онд Тайвань руу экспортолж эхэлсэн.
Аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд Евро Базальт ч мөн адил удахгүй базальт чулуугаар хийсэн арматурын зах зээлд хөл тавихаас гадна хөнгөн блок, хуурай хольцын төсөл хэрэгжих аж.
Хөрөнгө оруулалтын хувьд гэвэл Монголын хоёр компани өөр өөрийн замналаар санхүүжилт босгосон. Монгол Базальт ХК анх Чингис бондоос санхүүжилт авах ажил бүтэлгүйтсэний дараа 2018 онд олон нийтээс санхүүжилт босгож хөрөнгийн биржэд бүртгэлтэй компани болсон. Хамгийн сүүлийн үеийн тоогоор 2025 оны III улирлын байдлаар тус компанийн хувьцаа 160-208 төгрөгт хэлбэлзжээ. Харин борлуулалтын орлого өмнөх улирлаас 80 гаруй хувиар, татварын дараах ашиг нь 22 хувиар өссөн нь энэ зах зээлд орон зай их байгааг илтгэнэ. Тэгвэл Евро Базальтын хувьд өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг ашигласнаас гадна ХХБ-наас санхүүжилт авчээ.
Харин технологи, тоног төхөөрөмжийн тал дээр хоёулаа аж үйлдвэрийн салбарын аварга, Италийн “Гамма механик”-тай хамтарсан байна.




