“Ариранг Фүүдс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ю.Золзаяа компанийнхаа 15 жилийн түүх, брэндийн тогтвортой өсөлт, ажилтнаа дээдэлсэн соёл болоод хөдөлмөрийн шударга үнэлэмжийн тухай хуваалцлаа.
Юуны түрүүнд, Arirang kimchi-г Монголын зах зээлд анх хэрхэн танилцуулж байсан талаар яриагаа эхэлье?
Манай компани 2010 онд байгуулагдаж, жилийн дараагаас кимчиг импортлон савлаж, худалдаалах ажлыг эхлүүлсэн. Тухайн үед Монголын зах зээлд зөвхөн “Наса” кимчи байдаг байлаа. Харин бид Солонгосоос жинхэнэ оригинал амт, технологийг нь алдагдуулалгүй оруулж ирж, жижиглэн савлан борлуулж эхэлсэн.
Эхэндээ Солонгосоос кимчи импортолдог гуравдагч компаниас бараагаа авдаг байсан учраас үнэ өндөр, нийлүүлэлт нь тогтворгүй байсан. Учир нь бараа тасрах үед манай үйл ажиллагаа бүрэн зогсох эрсдэл үүсдэг байлаа. Тиймээс нэг хэсэг өөрсдөө кимчи хийхээр оролдож үзсэн. Гэхдээ түүхий эд, цаг уурын онцлогоос шалтгаалж кимчиний жинхэнэ амтыг гаргаж чадаагүй. Ингээд бид жинхэнэ амтыг монголчуудад амтлуулах цорын ганц арга нь Солонгосоос шууд оруулж ирэх юм байна гэж дүгнэн, өнөөдөр ч энэ зарчмаа баримтлан ажиллаж байна.
Тухайн үед зах зээлд “Наса” кимчи зонхилж байсан. Мөн гуравдагч компаниас татан авалт хийнэ гэхээр нэлээн эрсдэлтэй байсан байна шүү дээ. Цаашдаа жинхэнэ үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнээ татаж авах боломж бүрдсэн үү?
Хүүхдүүдийн маань аав барилгын инженер мэргэжилтэй. 2008 онд барилгын салбар уналтад орж, олон компани дампуурч эхлэхэд өрхийн санхүү их хүнд байдалд орсон. Ингээд мэргэжлээ сольж солонгос компанид борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн компани 10 кг-ын савласан кимчиг солонгос ресторануудад нийлүүлдэг байлаа. Харин би 2010 онд төрөөд, гэртээ хүүхдээ асарч байв. Тухайн үед дэлгүүрүүдэд “Наса” кимчи л хайрцаг, хайрцгаараа буудаг байлаа. Гэтэл түүний борлуулдаг кимчи “Наса” кимчинээс үнэхээр өөр, маш амттай байсан.
Ингээд бид “Энэ амтыг хүмүүс мэдээсэй, “Наса” шиг л савлаж борлуулъя” гэж ярилцсанаар бизнесээ эхлүүлсэн. Тухайн Солонгос компани ч бидний санааг дэмжиж, хамтран ажиллахаар болсон. Нэн талархууштай нь тэд компанидаа 15 м² өрөө, хөргүүр гаргаж өгөөд зогсохгүй борлуулалтад маань дэм үзүүлж хүргэлтийн машинаар тусалж байсан. Тэндээс бид анхны савлагааны ажлаа эхлүүлж байлаа. Ингээд ажиллаад эхлэхэд энэ бүхэн их боломжтой юм шиг санагдаж, “Наса” кимчи зах зээлд хайрцаг хайрцгаар орж ирээд, хүмүүс уралдах шахуу авч байхад, “Би ч бас иймэрхүү байдлаар борлуулж чадна” гэж бодсон л доо (инээв). Надад бизнес, эдийн засгийн мэдлэг байгаагүй, зүгээр л өрхийн орлогоо л дэмнэх санаатай эхэлсэн.
Харин яваандаа бидний борлуулалт өсөж, өмнө нь нийлүүлдэг байсан гуравдагч компани маань манай эрэлтийг дийлэхээ больсон. Ингээд бид Хятадын Чиндао хотын кимчиний үйлдвэрүүдийг судалж эхэлсэн. Тэнд олон арван үйлдвэр байдаг ч бид бүгдийг нь үзэж судлаад, ISO, HACCP зэрэг олон улсын чанарын шаардлага хангасан, үнэхээр найдвартай нэг үйлдвэрийг сонгож 2015 оноос хойш өнөөг хүртэл тэр үйлдвэртэйгээ хамтран ажиллаж, Монголд шууд нийлүүлж байна.
Монгол хоолтой зохицохын хажуугаар монголчуудын амьдралын хэв маяг, өдөр тутмын зуршилд ямар шинэ өнгө нэмсэн гэж хардаг вэ?
Монголчуудын өдөр тутмын хоол махнаас бүрддэг. Ер нь махан хоолонд кимчи үнэхээр сайн зохицдог. Гэхдээ монголчууд анх кимчи гэж нэрийг нь мэддэг ч амтыг нь мэддэггүй байсан. Тиймээс бид 2012–2013 онд бүтэн жилийн турш “Номин”, “Миний дэлгүүр”, “Сансар”, Home Plaza гээд бүх том, жижиг сүлжээ дэлгүүрээр явж, хүмүүст кимчигээ амсуулж, таниулахад гол анхаарлаа хандуулсан. Маш үр дүнтэй ажил болсон. Хүмүүс “Кимчи ийм амттай байдаг юм байна” гэж ойлгож эхэлснээр бүтээгдэхүүн эргэлтэд орж, дараагийн шатны борлуулалтын ажлууд ээлж дараатайгаар эхэлсэн.
Амтны хувьд кимчи нь махан хоолыг хүнд биш хөнгөн болгож, шингэцийг сайжруулдаг. Байцай, лууван, ногоон сонгино зэрэг ногооноос бүрддэг тул ислэгээр баялаг, гэдэсний бичил биетийн тэнцвэрийг сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Цаашлаад С, К амин дэм болон олон төрлийн эрдсээр баялаг учраас дархлаа дэмжих, гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.
Монголчууд халуун ногоотой хоолонд дуртай учраас кимчиний халуун амт ч бас маш сайн таарч өгдөг. Халуун ногоон дундаа саримс, цагаан гаа, чили ордог нь махны үнэрийг дарж, амтыг илүү тааламжтай болгодог. Мэдээж уг бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх нь зүйтэй. Өнгөний хувьд ч хоолны ширээнд улаан өнгө нэмсэн (инээв). Өсвөр насныхан хүртэл энгийн байцай идэх дургүй ч кимчиг дуртай иддэг болсон байна шүү дээ.
Arirang kimchi-г Монголд анх танилцуулахад хүмүүсийн хандлага ямар байсан бэ?
Анх бизнесээ эхлүүлэхэд хамгийн их тулгарсан зүйл бол хүмүүсийн хандлага. Бид эхний таван жил бараг ямар ч телевиз, радио, сошиал сурталчилгаа хийгээгүй. Оронд нь зөвхөн хэрэглэгчдэдээ кимчиний тухай ойлголт өгөхөд төвлөрсөн. Хүмүүсийн хамгийн түгээмэл сөрөг бодол нь “иссэн кимчи муудсан” гэсэн ойлголт байсан. Гэтэл кимчи нь сэрүүн орчинд байгалийн аргаар сүүн хүчлийн нянгаар исдэг хүнс. Үүнд уксус зэрэг химийн хадгалалтын бодис ордоггүй. Харин байцай, ногоон сонгино, саримс, цагаан гаа, халуун ногоо, загасны шүүс гээд бүх орц нь байгалийн аргаар исэлдэж, ашигтай бактери бий болдог. Нэг үгээр, исэх тусам эдгээр пробиотик нян улам олширч, шим тэжээл нь нэмэгддэг. Бүр энгийнээр тайлбарлавал, айраг, тарагтай адилхан. Мэдээж халуун ногоог өдөр бүр хэтрүүлэн идэх нь ходоод гэдсэнд ачаалал өгөх эрсдэлтэй. Харин тохируулж хэрэглэвэл эрүүл мэндэд тустай хүнс.
Сонирхолтой нь, цар тахлын дараахан Английн нэг хэвлэлд Францын Монпельегийн их сургуулийн уушгины чиглэлээр мэргэшсэн анагаах ухааны профессор Жан Бускигийн судалгааны тухай нийтлэл гарсан байдаг. Тэрбээр улс үндэстнүүдийн хооллолтын ялгааг харьцуулан судлаад, исгэсэн байцайг гол хүнсэндээ хэрэглэдэг орнуудад цар тахлын нас баралтын түвшин харьцангуй бага байсныг онцолсон. Түүний тайлбарласнаар исгэсэн байцай нь антиоксидантаар баялаг бөгөөд хүний биед цар тахал нэвтрэх үед оролцдог ACE2 ферментийн түвшинг бууруулж, дархлааг дэмжих нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэж дүгнэсэн юм билээ. Энэ нь бүрэн баталгаажсан дүгнэлт биш ч гэсэн анхаарал татахуйц, сонирхолтой мэдээлэл байсан.
Бид өөрсдөө ч үүнийг өдөр тутмын амьдрал дээр анзаардаг. Ханиад хүрэх эсвэл ядарсан үедээ кимчитэй халуун шөл уухад үнэхээр бие хөнгөрч, сэргэдэг шүү дээ. Ер нь монголчууд өвдөх үедээ саримстай битүү шөл уудагтай адилхан үйлчилгээ үзүүлдэг.
Энэ олон жил компани болон брэнд тогтвортой оршин тогтноход хамгийн их нөлөөлсөн зүйл юу гэж та боддог вэ?
Одоо эргээд бодоход манай брэнд олон жил тогтвортой оршин тогтноход хамгийн чухал нөлөөлсөн зүйл нь компанийн соёл байжээ гэж бодогддог. Мэдээж санхүүгийн сахилга бат, маркетингийн оновчтой бодлого, хүний нөөцийн тогтвортой менежмент, бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлт гээд олон хүчин зүйл бий. Гэхдээ энэ бүхний суурь нь соёл. Манай компанийн хувьд соёл гэж ажилтнаа ажилтан биш хүн гэж хүндлэх, ажилтан төвтэй хандлагыг хэлнэ. Энэ бол зүгээр нэг уриа биш, компанийн уур амьсгалд шингэсэн үнэт зүйл.
Үүнийг удирдлагын түвшинд хэрэгжүүлэхэд нэг их хүчин чармайлт шаардагдахгүй. Зүгээр л энгийн бүхнийг эрхэмлэж, зарчимтай байх хэрэгтэй. Адаглаад цалингаа хоцроодоггүй, хөдөлмөрийг нь шударгаар үнэлж, үнэлгээ ч ил тод байх зэрэг нь энгийн мэт боловч ажилтнаа хүндэлж байгаагийн хамгийн тод илэрхийлэл.
Зарим удирдагч “Би ганцаараа бүхнийг туулж, бүх зовлонг үүрч энэ бизнесийг босгосон” гэж ярьдаг. Харин би өөрөөр боддог. Хүн ганцаараа юу ч бүтээж чадахгүй. Хэн бүхний ард маш олон хүний оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт оршиж байдаг. Тэгэхээр компанийн амжилт гэдэг нь хувь хүний гавьяа биш, хамт олны хамтын бүтээл.
Таны бодлоор гүйцэтгэх захирлын ажлын хамгийн гол үүрэг юу вэ. Өөрийн туршлагаас харахад ямар ур чадварыг заавал эзэмшсэн байх ёстой гэж боддог вэ?
Би компанийнхаа бүх зүйлийг анхнаасаа өөрөө л хийж эхэлсэн. Шал угаахаас эхлээд кимчи хэрчих, савлах, борлуулах гээд бүхий л процессыг өөрөө туулсан. Энэ олон жилийн туршлагаасаа болоод аливаа ажлын ард заавал өөрөө оролцох гэж зүтгэдэг зантай болчихсон. Нэг талаар сайн ч миний хамгийн том сул тал юм билээ.
Сайн тал гэвэл ажилтнуудаа маш сайн ойлгодог. Жишээлбэл, кимчи хэрчиж, савлаад найман цаг тасралтгүй зогсох ямар хүнд, хөл өвддөгийг би өөрийн биеэр мэддэг учраас тэднийг “Яагаад муу хийв” гэж шүүмжлэхийн оронд илүү ойлгож хүлээн авдаг. Харин оронд нь “Хөл нь өвдөөд зогсоход хэцүү байгаа байх. Массажны сандал авч өгвөл ямар бол” гэх зэргээр боддог. Хийж үзээгүй хүнд ийм бодол төрөхгүй л дээ.
Гэхдээ нөгөө талаар сул тал ч бас бий. Бүх зүйлд өөрөө оролцох гээд байхаар хэтэрхий завгүй болж, бүтээмж унадаг. Компанийн урт хугацааны өсөлтөд энэ бүхэн саад болдог юм билээ. Тиймээс би сүүлийн жил гаруйн хугацаанд менежментийн баг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа, маркетинг, борлуулалт, хүний нөөц, санхүүг тус бүрд нь хариуцсан мэргэжлийн хүмүүсийг томилсон. Ингэж ажлуудыг салгаж хариуцуулснаар компанийн бүх зүйл арай илүү системтэй, цэгцтэй, тогтвортой болж эхэлсэн. Ер нь гүйцэтгэх захирал хүн системийг илүү том зургаар харж, бүтцийг нь нарийн зохион байгуулж, ажлыг зөв хуваарилж чаддаг байх ёстой. Энэ л тэр хүн уг албан тушаалд ажиллахын гол үүрэг байх.
Тэгвэл “Ариранг фүүдс” компанийн үнэт зүйл, алсын хараа юу юм бэ?
Саяхан бид компанийнхаа алсын хараа, үнэт зүйлсийг эргэн харж, шинэчилсэн. Одоо бидний баримталж буй хамгийн гол зорилго бол “Дэлхийд өрсөлдөхүйц хөдөлмөрийн үнэлэмжийг Монголд бий болгох”. Энэ зорилго зүгээр нэг уриа биш. Харин миний хувьд олон жил бодож, өөрөөсөө дахин дахин асуусны эцэст гаргасан дүгнэлт юм шүү. Манай улс ажиллах хүчээ тогтоон барьж чадахгүй байгаагаас болж маш олон гэр бүл салж, хүмүүс гадагшаа гарч амьдарч байна.
Үнэндээ Монголын эдийн засгийн нэлээд хувийг гадаадад ажиллаж буй монголчуудын эх орондоо илгээж буй мөнгөн гуйвуулга эзэлдэг. Харин монголчууд өөрсдөө эндээ үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгоод, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоо бий болгож чадвал улс маань хөгжих бүрэн боломжтой гэж би боддог. Тэгэхээр бид Солонгост авч чадаж байгаа цалинг Монголдоо яагаад авч болохгүй гэж? Хэрвээ эндээ дэлхийд өрсөлдөхүйц цалин өгч чадвал хүмүүс гадагшаа явах шаардлагагүй болно. Гэр бүлээсээ холдож, хайртай бүхнээ санаж, бэтгэрэхийн зовлонг эдлэхгүй шүү дээ.Тэгэхээр дэлхийд өрсөлдөхүйц өндөр цалин зөвхөн нэг хүний амьдралд бус, бүхэл бүтэн нийгэмд асар том өөрчлөлт авчирч байгаа юм.
Иймээс бид компанийнхаа алсын харааг зөвхөн бизнесийн биш, харин нийгэм рүү чиглэсэн зорилго болгон тодорхойлсон. Хөдөлмөрийг шударгаар, хийснээр нь үнэлдэг систем л энэ бүхний үндэс байх ёстой. Монголд маш олон хүн “хийснээ авч чадахгүй байна” гэсэн мэдрэмжтэй байдаг. Үнэндээ яг энэ л мэдрэмж хүмүүсийг гадагшаа түлхэж байна. Манай компанийн үндсэн үнэт зүйл бол хөдөлмөрийг шударгаар үнэлдэг. Жишээлбэл, кимчиний уут бэлдэх ажлыг хүртэл нэг бүрчлэн үнэлгээтэй болгосон. Хэн ч байсан ахлах, энгийн ажилтан гэлтгүй хийснээрээ авдаг. Ингэснээр илүү олон бүтээгдэхүүн борлуулах нь зөвхөн борлуулалтын албаны биш, бүх цехийн хамтын үр дүн болж хувирсан. Ингэж урамшууллын системийг нэвтрүүлэхэд амаргүй байсан ч бид бага багаар хэрэгжүүлж байна. Багийн сэтгэлгээ ч эндээс бий болж байгаа.
Мөн бид байгууллагынхаа дунд шатны менежерүүдийн боловсрол ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Hey Guys Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүгээр зогсохгүй нийт ажилчдын хүүхдүүдийг “Би +А 2025” хэмээх хөтөлбөрт хамруулахын зэрэгцээ тэдэнд зориулсан арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Гол нь ажлын бус өдөр биш ажлын өдөр аливаа арга хэмжээг цалинтай зохион байгуулдаг. Энэ нь ч ажилтан нэгдүгээрт гэсэн манай бодлого хүрээнд бодитоор хэрэгжиж буйн илрэл билээ.
Энэ 15 жилийн хугацаанд та хэдийнээ мэргэжлийн CEO болсон юм биш үү?
Тэгж бас хөөргөж болохгүй ээ (инээв). Ер нь бизнесийг удаан, тогтвортой авч явахын тулд зөвхөн зүтгэх биш, систем бий болгох хэрэгтэй байдгийг би нэлээд хожуу ойлгосон. Энэ ойлголтыг авахад хамгийн их нөлөөлсөн хүн бол Д.Энхбат гуай. Түүний подкаст, нэвтрүүлгүүд, хэлсэн үгс надад маш их урам өгсөн.
Мөн Г.Өлзийбуян зөвлөхийн компанийн засаглалын сургалтад бүтэн хоёр сар хамрагдсан. Д.Энхбат гуайн ярьсан зүйлүүд систем сэтгэлгээний үүд хаалгыг нээж өгсөн бол, Г.Өлзийбуян багш тэр системийг яаж бодитоор байгуулж хэрэгжүүлэхийг илүү дэлгэрэнгүй, шат дараатай зааж өгсөн. Үүний үр дүнд, өмнө нь компанийн тогтвортой үйл ажиллагаа миний хэмнэлээс хамаардаг байсан бол одоо зогсолтгүй ажилладаг тогтолцоонд шилжиж байна.
Нэг талаар, танай компани зөвхөн бүтээгдэхүүн бус “соёл” экспортолж байна гэж ойлгож болох уу?
Бид брэндээ эхнээс нь л ашиг хөөсөн замаар бус, тогтвортой, хариуцлагатай оршин тогтнох зорилгоор авч явсан. 15 жилийн турш бид зөвхөн кимчинд төвлөрч, нэг төрлийн бүтээгдэхүүнээс л 2–3 төрөл гаргаж ирсэн. Бүтээгдэхүүнээ өргөжүүлж, шугамаа хэт тэлэх гэж яараагүй. Мэдээж их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өргөн шугам нээх боломж тухайн үед байгаагүй. Хөрөнгө оруулалтаа ч зөвхөн өөрсдийн чадалд тохируулж, аажмаар зохицуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд бид богино хугацаанд их ашиг олохыг бус, урт хугацаанд хариуцлагатай, тогтвортой ажиллах зарчмыг барьсан. Үр дүн нь ч гарсан.
Бид брэнддээ анхаарч, бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлж ирснээр зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн итгэлийг олж эхэлсэн. Одоо бол бид ямар ч шинэ бүтээгдэхүүн оруулж ирсэн, ямар ч шинэ ажил эхлүүлсэн амжилттай эхлүүлж чадна гэсэн мэдрэмжтэй болсон. Тэгэхээр бид эхнээсээ олон төрлийн бүтээгдэхүүн хөөж, толгой эргэтэл тэлэхийг бус, харин компанийн хүчин чадалдаа тааруулж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллахыг л эрхэмлэж ирсэн. Энэ бол бидний хамгийн чухал стратеги.
Тэгвэл энэ хугацаанд хүн төвт бодлогоо алдалгүй зарчимтай авч явахад танд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
Манай компани одоо л жинхэнэ утгаараа өсөж, хөгжих үедээ ирж байна. Тийм ээ, 15 жил тогтвортой ажилласан гэдэг чамгүй хугацаа. Гэхдээ томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг харахаар “Ямар гоё менежмент явж байна аа? Ямар зөв систем бэ? Ямар хүчтэй соёл тогтсон болоод ингэж амжилттай ажиллаж байна аа?” гэж бодогддог. Тэр бүхнийг бүр нүдээр үзэж, мэдэрмээр санагддаг.
Харин манай компанид ажиллахаар ирж байгаа хүмүүсийн яриаг сонсоход, тэдний өмнө ажиллаж байсан олон жижиг, дунд байгууллагад нийтлэг асуудал байдаг нь ажиглагдсан. Цалингаа цагт нь тавьдаггүй, ажилтнаа хүн шиг бус, бараг л зарц шиг хардаг. Дарга нь том амлалт өгчхөөд амлалтаа биелүүлсэн хүнээ хойш нь тавьчхаад, тэр байр суурийг нь эцэст нь хамаатны хүүхдэдээ өгдөг ч гэх шиг. Чадварлаг, сэтгэлтэй хүн хүртэл ийм хандлагад гомдож, сэтгэлээр унаж, ажлаасаа гардаг. Тэгэхээр асуудлын гол нь ажилчдад биш, удирдлагуудаас эхтэй байгаа биз? Удирдлагууд өөрсдөө хамгийн түрүүнд суралцаж, хандлагаа өөрчилж чадвал компани дараагийн түвшинд гарна. Хамгийн гол нь удирдагч хүн хамт олноо хайрлаж, ажилтнаа нэгдүгээрт тавьдаг соёлыг бий болгох ёстой.
Мэдээж ажилтнуудаа хайрлана гэдэг тийм ч амар биш. Зарим нь үүргээ ухамсарлахгүй, хариуцлагагүй ханддаг үе ч гарна. Тэр үед үнэхээр урам хугардаг. Гэхдээ би яг тийм үедээ Старбаксын гүйцэтгэх захирлын “Ажилтнуудаа хайрлаж, сайн сайхан руу чиглүүлэх нь байгууллагыг удирдагчийн төсөөлснөөс ч илүү өндөрт хүргэх хүч юм” хэмээх үгийг боддог. Энэ үг л миний мөрддөг хамгийн том зарчмуудын нэг. Бизнес бол зөвхөн ашиг биш, хамт олон, хүмүүсийнхээ мөрөөдөл, үнэ цэнийг бүтээх хөдөлмөр шүү дээ.
Нийт хэдий хэмжээний бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлээд байгаа вэ?
Эхэндээ бид зөвхөн кимчиг БНХАУ-ын Чиндио хотын cолонгос кимчины үйлдвэрээс шууд оруулж ирээд 100, 200, 400 граммаар савлан борлуулдаг байлаа. Харин дараа нь бүтээгдэхүүний төрөл нэмэхдээ зүгээр нэг шинэчлэл хийх бус, хэрэглэгчийн амтлах мэдрэмжийг бүрэн өөр түвшинд гаргахыг зорьсон. Ингээд бид шарсан кимчи гэсэн цоо шинэ төрлийг гаргаж ирсэн. Кимчигээ шарж хуураад, гүнждийн үрийн тосоор амт оруулсан энэ бүтээгдэхүүн зах зээлд маш сайн борлогдож байна. Борлуулалт нь ч энгийн кимчинээс давсан. Энэ төрлөө ч бас 100, 200, 400 граммаар савлаж байна. Онцлоход энэ бүтээгдэхүүн Солонгост байдаггүй. Манайх гаргаж ирсний дараагаар томоохон үйлдвэрүүд бүгд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ч яг манай гаргадаг тэр өвөрмөц амтыг гаргаж чадаагүй. Харин жил хагасын өмнөөс бид дахин шинэ бүтээгдэхүүн туршиж, Монголын анхны савлагаатай Кимчижиггэг зах зээлд танилцуулаад байна. Үнэндээ олон жил “кимчитэй шөл” нэрээр янз бүрийн оролдлого хийж байсан ч амжилтгүй болсоор байсан. Одоогоор бид үхрийн махтай, гахайн махтай гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж байна. Цаашдаа бид Солонгос хоолны чиглэлээр таван шинэ төрлийн бэлэн хоол гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Шарсан кимчи монгол бүтээгдэхүүн байх нь ээ?
Солонгост зөвхөн хатаасан кимчи гэх бүтээгдэхүүн байдаг юм билээ. Харин бид анх удаа бага зэрэг тостой, хуурсан кимчи гэсэн төрөл гаргаснаар, нэг талаараа солонгосчуудад хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан гэж хэлж болно.
Ер нь солонгосчууд иссэн кимчигээрээ ихэвчлэн кимчижигэ хийж иддэг, эсвэл исгэлэн амтыг нь ашиглаад гахайн махтай хуурч иддэг юм билээ. Уг хоолноос улбаалж махгүй амттай хуурсан кимчи хийж болох юм биш үү санаа төрсөн. Ингээд маш олон туршилтын үр дүнд одоогийн хэрэглэгчдийн дуртай амтыг 2013 онд гаргаж ирсэн.
Монголд бизнес хийх онцлог ихтэй гэдэг зарим талаараа хэцүү гэдэг. Таны бодлоор монголд бизнес эрхлэхийн онцлог болон давуу тал юу байна гэж хардаг вэ?
Монголд бизнес эрхлэх онцлог нь харьцангуй залуу хүн амтай, хотжилт эрчимтэй өрнөж буйгаас харагддаг. Үүнтэй зэрэгцэн хэрэглээний хэв маяг хурдтай өөрчлөгдөж байна. Залуу хосууд зэрэг ажиллаж, орлогоо нэмэгдүүлэн шинэ төрлийн хэрэглээг бий болгож байгаа нь дундаж давхаргыг тэлж өгч байна. Энэ бүх өөрчлөлт дээр үндэслэн сайн судалгаа, тодорхой стратеги гаргаж чадвал хүнсний үйлдвэрлэлийн салбарт асар их боломж нээгдэж буй цаг үе гэж харж болно.
Мэдээж хүн ам цөөн, зах зээл жижиг, далайд гарцгүй нь сул тал мэт боловч хоёр их гүрний дунд орших геополитикийн байршил нь том давуу тал болж байна. Хамгийн чухал нь урт хугацааны стратеги гаргаж, бат бөх суурьтай компани байгуулах шаардлагатай. Ингэж чадвал дотоодын зах зээлээс давж, бүс нутгийн том зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл, зөв харж, зөв сэтгэж, зоригтой ажиллаж чадвал хийх зүйл асар их байна гэж үзэж байна.








