Бизнес, технологийн судалгааны Gartner,Inc компани 10 дугаар сарын 20-23-ны өдөр Gartner IT Symposium/Xpo арга хэмжээг зохион байгуулж, ирэх оны технологийн онцлох стратегиудыг зарлалаа. Энэ үеэр тус байгууллагын анализ судалгааны дэд ерөнхийлөгч Ж.Алварес “Түйвээлт, инновац, эрсдэл асар хурдтай нэмэгдэж байгаа 2026 он нь технологийн салбарын манлайлагчдын хувьд нэн чухал үе болно. Бидний онцолсон технологийн трендүүд нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд хариуцлагатай инновац, үйл ажиллагааны төгөлдөршил, дижитал итгэлцлийг хиймэл оюун тэтгэж буй өнөөгийн дэлхийн бодит илэрхийлэл болж байна” гэж онцолжээ.
Хиймэл оюунт супер тооцооллын платформ
CPU, GPU, AI ASIC, тархины нейроны үйл ажиллагаатай төстэй (neuromorphic) болон тооцооллын альтернатив архитектур зэргийг агуулсан хиймэл оюунт супер тооцооллын платформ нь компаниудын адармаатай цогц ажлыг удирдахаас эхлээд гүйцэтгэл, бүтээмж, инновацын хувьд шинэ түвшинд гарахад нь тусална. Эдгээр систем нь хүчирхэг процессор, санах ой, тусгай хардвэр болон машин сургалт, симуляц, анализ хийхэд их хэмжээний өгөгдөлтэй ажиллаж чадах тусгай программ зэргийг агуулсан байдаг.
2028 он гэхэд дэлхийн томоохон компаниудын 40 хувь нь (өдгөө найман хувь) бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа хайрбид тооцооллын архитектурыг ашиглаж эхэлнэ гэж Gartner тооцоолжээ. “Анагаах, биотекийн салбарын компаниуд олон жил бус хэдхэн долоо хоногт шинэ эмийн загвар гаргаж байна. Санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтын эрсдэлээ багасгах, цахилгаан түгээх компаниуд дамжуулах шугамаа эрс тэс уур амьсгалд нийцүүлэн сайжруулахын тулд ийм платформ ашиглах болсон” хэмээн Gartner-ийн шинжээч Т.Полман дурджээ.
Олон агентын систем (MAS)
Энэ бол хүнд хэцүү даалгавар биелүүлэхийн тулд бие дааж, эсвэл хоорондоо нэгдэн ажилладаг хиймэл оюуны агентуудын цуглуулга юм. Агентуудыг тусдаа орчинд, эсвэл тусгайлан хөгжүүлсэн орчинд бие даан ажиллуулж болох юм. “Олон агентын систем ашигласнаар байгууллагууд бизнесийн цогц процессуудаа автоматжуулах, багаа чадавхжуулах, хүн болон хиймэл оюуны агент хоорондоо гар нийлэн ажиллах шинэ аргуудыг бий болгоно. Модульчлагдсан, тусгайлсан агентууд нь бүтээмж, хурдыг нэмэгдүүлэн, нотлогдсон шийдлийг дахин ашиглах замаар ажлын орчинд гарах эрсдэлийг бууруулдаг. Ингэснээр үйл ажиллагаагаа хурдтай тэлэх, өөрчлөлтөд дасан зохицоход хялбар болно” хэмээн Ж.Алварес өгүүлсэн.
Салбараар төрөлжсөн хэлний моделиуд (DSLM)
Компанийн удирдлагууд хиймэл оюуныг бизнестээ үр дүнтэй ашиглахыг хичээж байгаа ч LLM моделиуд нь тусгайлсан ажлуудад тэр бүр үр дүнтэй байж чаддаггүй. Харин DSLM (Domain-Specific Language Models) нь энэхүү сул орон зайг дээд зэрэглэлийн нарийвчлал, бага зардал, илүү нийцэлтэйгээр нөхөж чадна. DSLM-ийг ямар нэг салбар, үйлдэл, процесст зориулж тусгайлсан өгөгдөл дээр сургасан хэлний моделиуд гэж ойлгож болно. 2028 он гэхэд GenAI моделийн тал хувь нь DSLM болно гэж Gartner таамаглаж байна.
Хиймэл оюуны аюулгүй байдлын платформ
Энэ бол гуравдагч талын, эсвэл тусгайлан бүтээсэн хиймэл оюуны апп-уудыг хамгаалах арга юм. Ийм платформууд нь апп ашиглах журмыг мөрдүүлэхээс гадна промпт нууцаар нэмэх, өгөгдөл хулгайлахаас сэргийлэх зэрэг олон үүрэг гүйцэтгэнэ. Мөн хиймэл оюуны үйл ажиллагааг хянах, хиймэл оюуны орчинд дүрэм журмыг сахиулах боломжийг компанийн удирдлагад олгох юм.
Хиймэл оюунд хийсэн хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд компаниудын 50 хувь нь 2028 он гэхэд хиймэл оюуны аюулгүй байдлын платформ ашиглана гэж Gartner дүгнэжээ.
Өгөгдөл хамгаалах технологи
Өгөгдлийг ашиглах явцад нь хамгаалах технологи нь компаниудын нэн чухал өгөгдлөө ашиглах арга барилыг ихээхэн өөрчилнө. Өөрөөр хэлбэл, хардвэрт түшиглэсэн гүйцэтгэлийн найдвартай орчинд ажилласнаар тухайн өгөгдөл, ажлыг дэд бүтэц эзэмшигч, клауд үйлчилгээ үзүүлэгч, эсвэл уг хардвэрийг эзэмшиж буй байгууллага, хүнээс тусдаа, аюулгүй байдлаар ашиглах боломж үүснэ. Геополитик болон комплаенсийн эрсдэлтэй орчинд ажилладаг, өрсөлдөгчтэйгээ хамтарч буй, эсвэл маш өндөр хяналттай орчинд, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудад энэхүү технологи нэн чухал юм.
Биет хиймэл оюун
Мэдэрч, шийдвэр гаргаж, үйлдэл хийж чаддаг робот, дрон, ухаалаг төхөөрөмжийг ажиллуулах замаар биет хиймэл оюун нь бодит ертөнцөд биеллээ олж эхэлсэн. Автоматжуулалт, дасан зохицох чадвар, аюулгүй байдал эн тэргүүнд тавигддаг салбаруудад энэ нь зүйрлэшгүй их ач тус авчрах болно.
Энэхүү өөрчлөлт нь мэдээллийн технологи, үйл ажиллагаа, инженерчлэлийг нэгтгэх давхар ач холбогдолтой боловч ажлын байрыг устгах эрсдэлтэй тул үүнийг маш нухацтай, тооцоололтой удирдах ёстойг Gartner сануулж байна.
Урьдчилан сэргийлэх кибер аюулгүй байдал
Сүлжээ, өгөгдөл, системийг онилсон эрсдэл, довтолгоотой компаниуд өдөр бүр тулгарах болсноор урьдчилан сэргийлэх кибер аюулгүй байдал чухал болж ирлээ. 2030 оны үед ийм чиглэлийн шийдлүүдэд зориулах хөрөнгө оруулалт нь компаниудын нийт зардлын тал хувийг эзэлнэ гэж Gartner үзэж байгаа юм.
“Хакеруудыг халдлага хийхээс урьтаж хиймэл оюунт SecOps зэрэг шийдэл ашиглан хамгаалалт бий болгохыг урьдчилан сэргийлэх кибер аюулгүй байдал гэж ойлгож болно. Урьдчилан сэргийлэх нь илүү сайн хамгаалалт болсон дэлхийд бид амьдарч байна” хэмээн Т.Полман өгүүлжээ.
Дижитал гарал үүсэл
Гуравдагч этгээдийн программ, нээлттэй эх бүхий код, хиймэл оюуны үүсгэсэн контентыг компаниуд ашиглах нь нэмэгдэж байгаа учир тэдгээрийн дижитал гарал үүслийг нягтлах нь тун чухал болж ирлээ. Дижитал гарал үүсэл бол аливаа программ, өгөгдөл, медиа, процессын эх үүсвэр, эзэн, бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах чадвар юм. Материалуудын жагсаалт (software bills of materials буюу SBoM), өгөгдлийн баазын аттестачлал, дижитал тамга зэрэг шинэ хэрэглүүр нь нийлүүлэлтийн гинжин хэлхээ даяар дижитал капиталыг баталгаажуулах, бүртгэхэд хувь нэмрээ оруулж эхэлжээ.
Дижитал гарал үүслийг тодорхойлоход хангалттай хөрөнгө оруулж чадаагүй компаниуд 2029 он гэхэд олон тэрбум ам.доллароор хэмжигдэх торгууль төлөх, хоригт орох эрсдэлтэй гэж Gartner тооцоолжээ.
Геопатриашин
Компанийнхаа өгөгдөл, апп-уудыг олон улсын паблик клаудаас дотоодын, бүс нутгийн, эсвэл өөрийн клауд үйлчилгээ рүү шилжүүлэхийг геопатриашин гэж нэрлэдэг. Нэгэн цагт зөвхөн банк, Засгийн газарт хамаатай байсан клауд үйлчилгээний тусгаар тогтнол нь дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр өнөөдөр хувийн компаниудад ч чухал болж байна. Ингэснээр улсынхаа хууль тогтоомжид илүүтэй нийцэж ажиллах, өгөгдлийн аюулгүй байдал, үндэстний эрх ашигт санаа зовсон хэрэглэгчдээ тайвшруулах боломж үүснэ.
Ялангуяа Европын болон Ойрхи Дорнодын компаниуд 2030 оны үед нийт виртуал ажлынхаа 75 хувийг геополитикийн эрсдэлийг бууруулсан шийдлүүд рүү шилжүүлнэ гэж үзэж буйгаа Gartner илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Gartner,Inc




