Монгол Улс газрын ховор элементийн салбарт бүс нутгийн тоглогч болох боломжтой ч салбарын гол сорилт нь техник, технологи, эдийн засаг бус, нийгмийн шинжтэй байна.
Өндөр технологийн үндсэн түүхий эд
Газрын ховор элементүүд (ГХЭ) нь 17 химийн элементээс бүрдэнэ. Үүнд лантаниод бүлгийн 15, мөн скандий болон иттрий гэсэн элемент багтдаг. Атомын жингээрээ лантаниод бүлгийн зургаан элементийг хөнгөн ГХЭ гэж ангилдаг бол үлдсэн ес нь хүнд ГХЭ юм.
Газрын ховор элементүүд нэг хүдрийн биетэд агуулагдах бөгөөд орд газраас хамаарч агууламж нь янз бүр. Ашиглаж буй орд газруудын хүдрийн биед цери, лантан голлосон хөнгөн ГХЭ давамгайлдаг, үлдсэнийг нь багахан хэмжээний соронзон ГХЭ болон хүнд ГХЭ эзэлдэг.
Элементүүдийг ялгахын тулд эрдсийн баяжмалыг өндөр температуртай хүчлийн уусмалд хийн ГХЭ-ийг чөлөөлж, тори, уран зэрэг цацраг идэвхт бодисуудаас салгадаг.
ГХЭ-ийг электроник, цөмийн инженерчлэл, механик инженерчлэл, химийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр зэрэг маш олон салбарт ашигладаг. Хамгийн энгийн жишээ гэвэл, ГХЭ ашиглахгүй гэвэл гар утас тоосго шиг, нөүтбүүк хувцасны чемодан шиг том байх шаардлагатай болно. Товчхондоо, ГХЭ-ийг XXI зууны өндөр технологийн гол түүхий эд гэж болно.
Газрын ховор элементийн салбар дахь цусгүй дайн
Энэ оны 10 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Японд айлчлах явцдаа газрын ховор элементийн салбарт чухал хэлэлцээр байгууллаа. Үүнээс өмнө Австрали, Тайланд, Малайзтай ийм гэрээ байгуулсан. Түүнчлэн, Төв Азийн таван улсын төрийн тэргүүнтэй нэгэн зэрэг уулзаж, энэ салбарт хамтарч ажиллах тухай ярилцсан. Энэ мэт стратегийн алхмуудыг харахад Хятад, Америкийн хооронд энэ салбарт “цусгүй дайн” болж байна гэж үзэж болно.
ГХЭ бүрийг төрөл бүрийн зорилгоор хэрэглэдэг ч неодим, диспрози, празеодим, терби гэсэн дөрвөн элемент нь цэвэр эрчим хүчинд маш чухал. Хамгийн түгээмэл хэрэглээ нь хөдөлгүүрийн тогтмол соронзон. Тиймээс ГХЭ-ийн ихэнх эрэлтийг тогтмол соронзон бүрдүүлдэг бөгөөд цэвэр эрчим хүчний технологи улам эрчтэй хөгжиж байгаа учраас ирээдүйд эрэлт нь өсөх төлөвтэй. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд бичсэнээр 2040 он гэхэд цэвэр эрчим хүчний салбар дахь неодимын эрэлт 2-3 дахин нэмэгдэхээр байна.
1990-иэд оны дунд үе хүртэл ГХЭ-ийн салбарт АНУ тэргүүлж байгаад Хятад улс халааг нь авч хамгийн том үйлдвэрлэгч болсон. 2010 он гэхэд Хятад нийт олборлолтын 95 хувийг эзлэх болов. Гэхдээ 2019 онд АНУ, Мьянмар, Австрали гурав үйлдвэрлэлээ тэлснээр Хятад 60 хувийг эзлэх болж буурсан байна.
Гэвч ялгах, баяжуулах хүчин чадал урьдын адил Хятадад төвлөрсөн бөгөөд тус улс зах зээлийн 90 орчим хувийг бүрдүүлж байна.
Өнөөдөр Хятадаас гадна Малайз, Франц, Энэтхэг, Эстонид дөрвөн боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр нь зөвхөн хөнгө ГХЭ боловсруулдаг, харин хүнд ГХЭ-ийн үйлдвэрүүд зөвхөн Хятадад бий.
Энэ нь боловсруулахад илүү хялбар, хүнд ГХЭ-ээр баялаг томоохон орд газрууд бас Хятадад төвлөрсөнтэй холбоотой. Жишээ нь, Хятад болон Мьянмараас гадна орших хүнд ГХЭ-ийн хамгийн өндөр агууламж нь дөнгөж 5 хувьд хүрдэг бол Хятадын Синьфинд хүнд ГХЭ-ийн агууламж бараг 50 хувь байдаг аж.
Хэдийгээр Хятадын олборлох аж үйлдвэрийн хүчин чадал сүүлийн жилүүдэд багасаж байгаа ч боловсруулалтаас металл бэлдэц, соронзон үйлдвэрлэл хүртэлх үе шатанд Хятадын оролцоо эрс өсөж, өртгийн гинжин хэлхээний 90 хувийг хянадаг болжээ.

Тиймээс зарим судлаачийн бичиж буйгаар энэ салбарт Хятадтай өрсөлдөх нь Орос, Саудын Арабыг нефтийн салбараас гаргахаас ч хэцүү аж. Яагаад гэвэл, Орос, Канад, Австрали, АНУ зэрэг аж үйлдвэрийн томоохон орнуудад ГХЭ-ийн нөөц байдаг ч Хятадад маргашгүй гурван том давуу тал бий. Тэр нь:
- Дотоодын эрэлт ба түүний өргөн цар хүрээ
- Хямд цахилгаан эрчим хүч (ГХЭ-ийн олборлолт эрчим хүч их шаарддаг)
- Агууламж өндөртэй орд газрууд.
Тиймээс ГХЭ-ийн салбарт Хятадтай үнээр өрсөлдөнө гэдэг бараг л боломжгүй. 2010 онд тус улс ГХЭ-ийн экспортыг хязгаарлаж эхэлсэн нь ГХЭ импортолдог орнуудад анхны том цохилт болсон. Энэ шийдвэрийн дараа олонх ГХЭ-ийн үнэ 10 дахин өссөн ч эргээд аажмаар буурсан. Гэхдээ энэ үнийн савлагаа олон орныг үйлдвэрлэлээ төрөлжүүлэх, өөр эх үүсвэр хайхад хүргэсэн.
Тухайлбал, Япон улс хэрэглээг багасгах, нийлүүлэлтээ төрөлжүүлэх, боловсруулалтыг дэмжих “ABCD+R” нэртэй багц арга хэмжээ баталжээ. Энэ санаачилгын хүрээнд Хятадаас хамааралгүй цорын ганц томоохон ГХЭ-ийн үйлдвэрлэгч болох Австралийн “Lynas” компанид 250 сая ам.долларын зээл олгох санал тавьсан байна. Мөн өөр хэд хэдэн төсөл эхэлсэн бөгөөд өнөөдөр 20 орчим төсөл Австрали, Канад, АНУ-д хөгжүүлэлтийн шатанд байгаагаас тав нь удахгүй ашиглалтад орно.
Харин боловсруулалтын чиглэлд “Lynas”-ийн эзэмшлийн, Малайзад байрлах үйлдвэр нь цорын ганц Хятадын бус том үйлдвэр юм. Гэхдээ хэд хэдэн үйлдвэр баригдаж байгаа бөгөөд 2020 онд АНУ-ын Засгийн газар хоёр төсөлд санхүүжилт өгсний нэг нь “Lynas”-ийнх, нөгөө нь MP Materials компанийнх юм. MP Materials-ийн хувьд идэвхгүй болсон боловсруулах үйлдвэрээ ч сэргээх төлөвлөгөөтэй байна.
Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү
Цахилгаан авто машины борлуулалтын эрс өсөлт, сэргээгдэх эрчим хүчний технологийн хөгжил зэрэг нь дээр дурдсан үндсэн дөрвөн ГХЭ-ийн эрэлтийг огцом нэмэхээр байгаа ч нийлүүлэлт талдаа доголдол үүсэх магадлал өндөр. Учир нь хөрөнгө оруулалт, шийдвэр гаргалт эрэлтийн хурдыг гүйцэхээргүй байна.
Энд маш олон зүйл Хятадаас хамаарна. Тус улс шинэ орд газрууд нээж, боловсруулах үйлдвэрүүд барих боломжтой ч нэмүү өртгийн сүлжээний бүх үе шатанд нэг улс дангаараа хэрэгцээг хангах боломжгүй юм. Түүнээс гадна,
зах зээлийн хаагдмал байдал, үнэ тогтох онцлог нь энэ салбарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад төвөгтэй болгож байна.
Хоёр дахь том асуудал бол ГХЭ-ийн өөрийнх нь онцлог. Бүх ГХЭ-үүд тусдаа биш, харин нэг хүдрийн бие дотор агуулагддаг. Тиймээс элемент бүр эдийн засгийн хувьд өөр өөр ач холбогдолтой ч хүдрийг тэр чигт нь боловсруулахаас өөр аргагүй. Эрчим хүчний салбарт түгээмэл хэрэглэдэг дөрвөн үндсэн элементийн эрэлт өндөр байх ч боловсруулах явцад бий болдог цери, лантан зэрэг элементийн эрэлт тийм биш. Тиймээс тухайн компани неодим ихээр үйлдвэрлэлээ ч хямд үнэтэй церийн илүүдэлтэй үлдэж, энэ нь ашгийг бууруулна. Өөрөөр хэлбэл, неодимын үнэ өндөр байсан ч шинээр хөрөнгө оруулалт хийх шалтгаан болохгүй.
Мөн боловсруулалтын явцад бий болдог хортой болон цацраг идэвхт бодисыг хөрсний усанд нэвчихээс сэргийлсэн технологи ашиглаж, өндөр стандарт барихгүй бол экологи, хүн амын эрүүл мэндэд том эрсдэл үүсдэг гэдгийг Хятадын жишээнээс харж болно. Гэхдээ тус улс сүүлийн жилүүдэд энэ чиглэлд шийдэмгий арга хэмжээ авч байна.
Монгол улсад үр хөврөлийн шатанд
Монгол Улсын хувьд 3.1 сая тонн ГХЭ-ийн нөөцтэй гэж үздэг. Үүгээрээ манай улс дэлхийд тогтоогдсон нөөцийн 1.1 хувийг бүрдүүлдэг. Нийт дөрвөн томоохон орд байдгийн гурав нь говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Луугийн орд юм. Эдгээр ордод хөнгөн ГХЭ давамгайлдаг. Харин 1.2 сая тонн нөөцтэй гэж үздэг баруун бүсийн “Халзан бүрэгтэй” ордын онцлог нь хүнд болон хөнгөн ГХЭ-ийн аль алийг нь агуулдаг. Мөн орчин үеийн үйлдвэрлэлд ашигладаг Тантал, Необий, Цирконий агуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд Герман, Япон, Өмнөд Солонгос, Хятад, АНУ зэрэг улс орнууд Монголын ГХЭ-ийн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсээр байна. Тухайлбал, ГХЭ олборлох чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцээг Өмнөд Солонгостой 2022 онд байгуулж, тус улсын томоохон компаниудтай хамтран ажиллах тохироонд хүрсэн. Мөн 2023 онд Монгол, Солонгос, АНУ-ын төлөөлөл уулзаж, ГХЭ-ийн чиглэлд хамтрах санамж бичиг байгуулсан. Гэвч одоогоор бодит ажил болж, ашиглалтад орсон орд байхгүй байна.
Дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарсан Халзан бүрэгтэйн төслийн хувьд 1980-аад онд нээгдсэн хэдий ч 30 гаруй жил болоход олборлолт эхлээгүй, одоогоор ТЭЗҮ боловсруулах шатанд яваа.
ГХЭ-ийн түүхий эдийн эрэлт оргилдоо байгаа энэ үед цаг алдахгүй уг төслийг ашиглалтад оруулж, Монгол Улс энэ салбарт бүс нутгийн тоглогч болох боломжтой гэдэгтэй Засгийн газар ч, хөрөнгө оруулагч ч санал нэг байна. Гэвч салбарын гол сорилт нь техник, технологи, эдийн засаг бус, нийгмийн шинжтэй. Тодруулбал, хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог орон нутгийн иргэдтэй ойлголцож, харилцаа тогтоох дээр гацчихсан байна.




