Долоон гишүүн бүхий БНСУ-ын BTS хамтлаг нь дүр төрх, бүжгийн супер дэглэлт, уран бүтээлээрээ сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжмийн ертөнцөд нэгэн өвөрмөц үзэгдэл болж байна. Bangtan Sonyeondan буюу англиар Beyond the scene гэсэн үгийн товчлолоор нэрлэгдсэн тус хамтлаг нь зөвхөн уран бүтээлчид төдийгүй улсынхаа эдийн засагт үлэмж хувьд нэмэр оруулдаг бизнесмэнүүд юм.
K-pop урсгалын хамгийн том төлөөлөгч тус хамтлаг концерт, цомог, хөгжмийн стриминг сувгаар хийсэн борлуулалт, мерчиндайзын экспорт, жуулчдын урсгал зэргээр улсдаа жил бүр 3.5 тэрбум ам.долларын орлого оруулдаг байна. Үүнийг компаниар жишээлэн авч үзвэл БНСУ-ын дунд зэргийн 26 компанийн нэг жилийн орлоготой тэнцэх аж. Харин Монгол Улсын экспорт 2018 оны эхний 12 сарын байдлаар долоон тэрбум ам.доллароор хэмжигдэж байснаас үзвэл тус хамтлаг нь манай нийт экспортын тал хувийг бүрдүүлэхүйц хэмжээний орлого олжээ. Хэрэвзээ компаниар авч үзвэл тус хамтлагтай эн зэрэгцэх экспортын орлоготой монгол компани байхгүй.
BTS хамтлаг өнгөрсөн жил Биллборд 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг мөн YouTube сувагт дууны клипийг нь хамгийн богино хугацаанд 10 сая хүн үзсэн уран бүтээлчид болж түүхэнд бичигдсэн юм. Тэд дэлхийг тойрсон Love Yourself аялан тоглолтоо 2018 оны наймдугаар сард Сөүл хотоос эхлүүлж, нийслэл хотдоо хоёр өдөр тоглоход 90 мянган орчим тасалбар зарагдаж, найман сая гаруй долларын орлого олжээ. Улмаар Ази, АНУ, Европын 12 хотод хийсэн аялан тоглолтынх нь тасалбар худалдаанд гарсан даруйдаа хормын төдийд зарагдаж дууссан төдийгүй АНУ-ын Лос Анжелес хотын Staples Center-т болсон тоглолтынх нь тасалбар хар зах дээр 6200 ам.доллар, харин Нью-Йоркт болсон тоглолтынх нь тасалбар 7277 ам.доллароор зарагдсан байна. 2019 оны тухайд тус хамтлаг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж, Япон, Зүүн өмнөд Азийн улсуудад 11 концерт тоглоно гэж хамтлагийн менежментийг хариуцдаг Big Hit Entertainment мэдээлсэн юм.
БНСУ-ын хамгийн том S.M.Entertainment компанитай харьцуулахад жижигт тооцогдох Big Hit Entertainment 2017 онд 82 сая долларын цэвэр ашигтай ажилласан. 2015 онд олсон 10 сая долларын орлоготой харьцуулвал энэ нь найм дахин нэмэгдсэн үзүүлэлт болов. Тэд 2017 онд орлого болон өсөлтийн хурдаараа YG Entertainment, JYP Entertainment зэрэг Өмнөд Солонгосын энтертайнмент ертөнцийн томчуудыг ардаа орхижээ.
Тус хамтлагийн эдийн засгийн нөлөө нь зөвхөн тасалбар борлуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд БНСУ-ын эдийн засгийн гол тулгуурын нэг болох өргөн хэрэглээний барааны экспортод ч жинтэй хувь эзэлдэг. 2013 онд байгуулагдсанаасаа хойш BTS нь хувцас, гоо сайхны бараа, хүнсний экспортод эзлэх хэмжээгээ тогтмол нэмэгдүүлж иржээ. 2017 онд 65.2 тэрбумаар хэмжигдсэн БНСУ-ын экспортын 1.7 хувийг BTS хамтлагтай холбоотой бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. “BTS-тэй холбоотой бараа бүтээгдэхүүний сурталчилгаа болон нийгмийн сүлжээ нь тухайн барааг худалдаж авах эрэлтийг дэмжиж байна” хэмээн Hyundai Research Institute-ийн судалгаанд дурджээ. Цомог, онлайн хөгжмийн стриминг үйлчилгээ, бүтээгдэхүүний борлуулалт нь Big Hit Entertainment-ийн орлогын 50 хувийг бүрдүүлдэг аж. Хэрэв BTS-ийн нэр хүнд энэ хэвээр байвал 2014-2023 оны хооронд БНСУ-ын эдийн засагт 37 тэрбум ам.долларын үнэ цэн бий болгоно гэж тус институтийн судалгаанд дурджээ.
BTS хамтлаг нь аялал, жуулчлалд ч нөлөөтэй. 2017 онд тус хамтлагийн тоглолтыг үзэхээр БНСУ-д 796 мянган гадаадын жуулчин ирсэн нь нийт жуулчдын 7.6 хувийг эзлэв. Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын (KTO) мэдээллээс үзвэл 2017 оны наймдугаар сард Японоос ирсэн жуулчдын тоо 39 хувиар огцом өссөн байна. “Наймдугаар сард Сөүл хотод BTS-ийн концерт болохын өмнөхөн Японоос асар олон тооны жуулчин ирсэн нь тус хамтлагтай холбоотой гэж үзэж байна” хэмээн KTO-ийн олон нийттэй харилцах албаны дэд захирал Пак Ён-Хи ярьжээ.
Энэ бүхний учир шалтгаан нь ARMY (Adorable representative of M.C for youth гэсэн үгийн товчлол) болох талаар Korea Foundation байгууллагын тайланд “BTS-ийн итгэмээргүй амжилт, алдар нэрийн цаана ARMY хэмээгдэх фэн клуб нь байгаа юм. ARMY нь хил хязгаар, үндэс угсааг давж гарсан дэлхийн хэмжээний хүч болон гарч ирлээ” гэж тодорхой дурдсан нь бий. Үнэхээр ч тус хамтлагийн үнэнч дэмжигчид болох голдуу өсвөр насны охид, 20 гаруй насны бүсгүйчүүдээс бүрдсэн ARMY нь BTS-ийг олон улсын тавцанд алдар хүндийн эзэн болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.