Нэг жилийн дотор дампуурлын ирмэгээс хөл дээрээ боссон АНУ-ын “Avaya” компанийн түүх дэлхийн бизнесийн ертөнцийнхөнд бизнес загвараа дахин нэг харж, цаг үеэсээ хоцрохгүй байхыг хатуу сануулсан юм. Харилцаа холбооны салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, асар олон харилцагчтай болсон ч техник хангамжид суурилсан нүсэр бүтцээ хэвээр хадгалж байсан нь тус компанийн дампуурлын гол шалтгаан байв. Үйл ажиллагааны эргэлт нь удааширч, нэг л мэдэхэд өрийн хэмжээ нь 6.3 тэрбум ам.долларт хүрчээ. 2017 оны нэгдүгээр сард “Avaya”-ийн нэр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс салаагүй шалтгаан ч үүнтэй холбоотой.
Нэг жилийн хугацаанд тус компанийн удирдлагууд бизнесээ аврахаар охин компаниа худалдаж, стратегиа шинэчлэх зэрэг яаралтай арга хэмжээ авснаас хамгийн анхаарал татам нь цаашид үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүдийг түлхүү хөгжүүлэх шийдвэр байв. Товчхондоо, дижитал шилжилт эрчимтэй хийхийг тэд чухалчилжээ. Бүр 2021 он гэхэд нийт орлогынхоо 25 хувийг үүлэн технологийн үйлчилгээнээс бүрдүүлэхээр зорьж буйгаа ч мэдэгдсэн. Хэдийгээр үүлэн технологийн ач холбогдлыг тэд тун хожуу ухаарсан ч, алдаагаа богино хугацаанд залруулж чадсан билээ.
Хил хязгааргүй технологийн ертөнцөд нэвтрэх гол гарц нь үүлэн технологи юм
Өнөөдөр үүлэн технологийн ачаар бизнесийн байгууллагууд цаг хугацаа, зардлаа хэмнэж, хэрэглэгчидтэйгээ илүү амьд харилцаа үүсгэж, тэднийг соронзон мэт татах болсон юм. Үүнийг дагаад ашиг орлого нь ч нэмэгдэж буйг анзаарсан компанийн удирдлагууд сүүлийн үеийн технологийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд анхаарч, байнгын эрэл хайгуул хийх болжээ. Ширүүн өрсөлдөөнтэй бизнесийн ертөнцөд зам товчлох хамгийн дөт арга нь технологийн дэвшил болж хувираад байна.
Монгол Улсад ч мөн зам товчлох шийдэл санал болгож буй компаниудын тоо нэмэгдэх болсон юм. Технологийн салбарынханд тулгардаг нийтлэг асуудал бол зах зээлд нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд таниулж, тэднийг сургах байдаг. Тиймээс ч энэ чиглэлийн компаниуд сурталчилгаагаа төрөл бүрийн хэлбэрээр явуулж, хэрэглэгчдийн анхаарлыг татахын зэрэгцээ тэдэнд асуудлыг нь ойлгуулж, бас шийдэж байна. “Хүн юм чинь унтаж амралгүй л яах вэ. Харин бизнесийн ертөнц унтдаггүй юм” гэх сонирхолтой үгсийг та хаа нэгтээ сонсож байсан уу?
Стэнд ап комедиг Монголд хөгжүүлж буй залуусын төлөөлөл Б.Идэр-Од нэг минутийн турш үргэлжлэх хошин өнгө аястай нэгэн сурталчилгаанд тоглохдоо яг ингэж хэлдэг. Энэ бол түүний хамтран үүсгэн байгуулсан “CallPro” компанийн сурталчилгаа. Тэнгэрийг санагдуулам тод цэнхэр өнгийн дэвсгэр дээр үүлэн хээ болон “CallPro” нэрээ хослуулан дүрсэлсэн лого нь энэ компани юу хийдгийг төвөггүй илтгэнэ. Тэдний хөгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ мэдээж хэрэг үүлэн технологид суурилсан гэсэн үг. Харин дээрх сурталчилгааны тухайд 24 цагийн турш харилцагчидтай тань хамт байж, сонирхсон мэдээллээ хүссэн үедээ авах боломжтой автомат хариулагчийн үйлчилгээг санал болгож буйгаа ингэж илэрхийлжээ.
Таван жилийн хугацаанд 500 орчим харилцагчийг эгнээндээ нэгтгээд зогсохгүй дуудлага бүрээ алдахгүй хариулахад нь тусалж, олон мянган хэрэглэгчийг нь давхар халамжилж буй “CallPro” компани энэ бүхнийг үүлэн технологийн ачаар хялбархан зохицуулсаар ирсэн юм.
Аливаа компанийн өмнө тулгардаг гол сорилтуудын нэг бол хэрэглэгчдэдээ хүрч ажиллах, тэднийг сэтгэл хангалуун үлдээж, байнгын эргэх холбоог бий болгох, түүндээ үндэслэн дүн шинжилгээ хийж, улмаар бизнесийн үйл явцаа сайжруулах байдаг. Өдгөө бараг бүхий л салбарын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулахын тулд утсаар харилцах шаардлага байнга тулгардаг. Үүнийг зохицуулахын тулд өмнө нь өндөр зардал, нүсэр ажиллагаа шаардсан дуудлагын төв хэмээх тусдаа нэгжийг байгуулахаас өөр аргагүйд хүрдэг байв. Дуудлагын төв нь тасралтгүй жингэнэх утаснуудыг авч, хэрэглэгчдийн асуудлыг шийдэж өгөх хэдэн арван операторууд болон зай талбай эзэлсэн техник хангамж, серверийн өрөөнүүд бүхий нүсэр дэд бүтцээс бүрдэнэ. Харин “CallPro” компани дэд бүтцийн энэ бүх асуудлыг үүлэн технологи руу шилжүүлж, дуудлагын төвд ажиллаж буй нэг ажилтны цалингаас ч бага өртгөөр шийдэх болсон нь бизнесийн байгууллагуудад зөвхөн үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг олгож буй.
Тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга “Хэрэглэгчдээ сургах хамгийн хэцүү байсан. Бид компаниа дөнгөж байгуулаад байх үед хүмүүс үүлэн технологийн талаар хангалттай мэддэггүй байлаа. Өнгөрсөн хугацаанд биднээс “Манай дуудлага танай сервер дээр бүртгэгдэх юм уу?”, “Та нар бидний яриаг сонсоно гэсэн үг үү?”, “Энэ бүх үйл явц интернэтээр явагдана гэж үү?” гэх зэргээр олон янзын асуулт асуудаг байсан. Тэдний эргэлзээг тайлж, үйлчилгээнийхээ давуу талыг ойлгуулна гэдэг эхэндээ тун хүнд байв. Харин яваандаа анхны харилцагчдын үйл ажиллагаа сайжирч, бодит үр дүн харагдаж эхлэхэд хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, бидэнд хандах байгууллагууд аажим аажмаар нэмэгдсэн” гэлээ. Дэлхийд алдартай “Amazon” компанийн AWS (Amazon Web Service) -ээс гадна дотоодын хэд хэдэн дата төвд төхөөрөмжүүдээ байрлуулан үйл ажиллагаа явуулдаг учир “CallPro”-ийн хөгжүүлсэн систем найдвартай ажиллагааны хувьд ямар ч асуудалгүй.
Харин одоо тэд хагас мянга гаруй харилцагчийнхаа хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дахин нэг шинэ үйлчилгээг зах зээлд танилцуулаад байна. “MessagePro” үйлчилгээг ашигласнаар байгууллагад хэд хэдэн давуу тал үүсч байгаа. “Энд байдаг маркетинг, хөгжүүлэгчдэд зориулж цааш нь ярих уу? Яах вэ?” хэмээн Г.Тулга твиттертээ жиргэжээ. Уг олон нийтийн сүлжээнд нэлээд идэвхтэй тэрбээр шинэхэн нэвтрүүлээд буй үйлчилгээнийхээ талаар хэд хэд жиргээд авчээ.
Хүмүүсийн хүлээлт ч муугүй байгаа бололтой. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллагууд болон нислэгийн тийз захиалгын агентлагууд “MessagePro” үйлчилгээг яаралтай нэвтрүүлэхээр зорьж байна. Олон хүн рүү зэрэг мессеж явуулах, эсвэл тогтмол мессеж илгээх шаардлагатай тулгардаг бүх салбарынханд энэхүү үйлчилгээ хамгийн тохиромжтой.
Мессеж үйлчилгээг тухайн байгууллагаас хэрэглэгчийн гар утсанд очиж буй зурвасаар л төсөөлдөг байсан бол өдгөө олон нийтийн сүлжээ платформуудтай интеграци хийснээр илүү өргөн сувгаар хэрэглэгчид хүрэх боломжтой болжээ. “MessagePro” үйлчилгээ яг ийм боломжийг санал болгож буй. Эхний байдлаар iOS, Android нотификэйшн болон Viber аппликэйшнтэй интеграци хийгдсэн байгаа бол цаашлаад Facebook, Twitter, Wechat, WhatsApp-ийг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд компаниуд харилцагчдадаа дахин нэг алхам ойртох юм. Мөн тухайн хэрэглэгчийн утас унтарсан болон сүлжээ тасарсан тохиолдолд ч мессеж нөхөж илгээх функц нь зээл, төлбөрийн мэдэгдэл зэргийг илгээхэд найдвартай очдогоороо давуу талтай. “SMS буюу богино мессежний үйлчилгээ өнөө цагт харилцааны гэхээсээ илүү мэдээлэл, сонордуулга хүргэдэг хэрэгсэл болж хувирсан” хэмээн Г.Тулга онцолж байна. “MessagePro” болон “CallPro” үйлчилгээнүүд хоорондоо бүрэн интеграци хийгдсэн тул хэрэглэгч тухайн байгууллагаас хаяг, байршил асуусан тохиолдолд тэрхүү дуудлагын дараа хэрэглэгчийн хүссэн мэдээлэл мессеж хэлбэрээр давхар очих автомат тохиргоог идэвхжүүлж ч болно. Энэ тохиолдолд зөвхөн хаяг, байршил гэлтгүй өөр олон төрлийн мэдээллийг мессежээр давхар илгээх боломжтой болсноороо тухайн байгууллага болон хэрэглэгчийн цаг, зардлыг хэмнэж буй.
Банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тухайд орлого, зарлагын мэдээллийг хэрэглэгчдэдээ байнга хүргэх шаардлага тулгардаг. Харамсалтай нь, SMS-ийн зардал өндөр учраас үүнийгээ дагаад тухайн байгууллагын санхүүгийн зардал ч нэмэгддэг. Харин “MessagePro” үйлчилгээг ашигласан тохиолдолд хэрэглэгчид рүү iOS, Android нотификэйшн илгээгдэх ба амжилттай хүлээн авбал хэрэглэгчийн гар утсанд мессеж очихгүй, зөвхөн нотификэйшн хүлээн авч чадаагүй хэрэглэгчид SMS илгээх зэргээр ухаалаг зохицуулалтыг хийх боломжтой.
Өмнө нь байгууллагууд хэрэглэгчид рүүгээ мессеж илгээхийн тулд үүрэн холбооны оператор компани тус бүрийн хөгжүүлсэн программ дээр ажилладаг байсныг “CallPro”-ийнхон нэг платформд төвлөрүүлснээр үйл явцыг асар хөнгөвчилжээ. Хэрэглэгч “MessagePro” платформд нэвтэрч, мессеж хүлээн авах дугаарууд болон текстээ оруулж, хэзээ илгээх хуваариа тохируулаад илгээх товчийг дарахад л хангалттай. Мөн хөгжүүлэгчдэд зориулан API буюу хэрэглээний программын интерфейс сервер гаргаж өгсөн нь аппликэйшндээ мессеж, нотификэйшн, Viber интеграцийг хийхэд хялбар болгожээ. Мэдээж хэрэг тайлангаа төрөлжүүлэн хүлээн авах боломжтой. Түүнчлэн ямар нэг асуудал гарсан тохиолдолд богино хугацаанд шийдвэрлүүлж чадна.
Хэдийгээр “CallPro” компанийн үзүүлж буй эдгээр үйлчилгээ өндөр хөгжилтэй улс, орнуудад өргөн нэвтэрсэн ч Монгол Улсад тэдний санаачлагаар л анхлан нэвтэрсэн билээ. Тус компанийн үүсгэн байгуулагчдын дийлэнх нь харилцаа холбооны салбарт олон жил ажилласан туршлагатай учир энэ салбарт тулгамдаад буй асуудлыг эхнээс нь шийдвэрлэж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлэх зорилгоор 2014 онд компаниа байгуулжээ. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс жил гаруйн дараа тэд борлуулалтаасаа ашиг олж эхэлснээр хугарлын цэгээ давж байв. Анхны хөрөнгө оруулалтаа Г.Тулга, Б.Идэр-Од, А.Золзаяа нар хувиасаа хамтран гаргаж байсан бол өнгөрсөн онд тэд Японы тэрбумтан Таками Юүичигээс хөрөнгө оруулалт авснаар компанийнхаа зах зээлийн үнэлгээг 1.1 сая ам.долларт хүргэжээ. Энэ хүрээнд “CallPro” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээс гадна хилийн чанадад зах зээлээ тэлэхээр судалгааны ажилдаа ороод байна.
Тун саяхан мэдээллийн технологийн салбарынханд зориулсан “DevSummit” чуулганы үеэр тэд дахин нэг шинэ үйлчилгээгээ туршсан. Тэдний санал болгож буй видео стримингийн үйлчилгээг ашиглан дүрс бичлэгээ нэг дор 100 мянга хүртэлх хүнд хүргэх боломжтой болох юм. Олон улсын болон дотоодын хурал чуулганд, цаашлаад компаниуд ч өдөр тутамдаа ашиглаж, үйл ажиллагаагаа хурдавчлах болсон видео хурлыг “CallPro” компани тун удахгүй өндөр чанартайгаар дамжуулж эхлэх нь. Ингэснээр хэрэглэгчид дэлхийн өнцөг булан бүрээс дамжуулж буй дүрсийг HD форматаар хурдан шуурхай хүлээн авах юм. Мөн “CallPro”-ийн хамт олон видео дуудлагын үйлчилгээнийхээ SDK буюу Software Development Kit-ийг дотоодын хөгжүүлэгчдэд санал болгохоор ажиллаж байна. Үр дүнд нь, мэргэжилтнүүд өөрийн хөгжүүлж буй программ, аппликэйшнээ “CallPro”-ийн системтэй интеграци хийснээр дуудлага, видео хурлыг хялбархан дамжуулах боломжтой болно. Үүний тулд тус компани дэд бүтцээ бэхжүүлж, 200 орчим дата төвд серверүүдээ байрлуулаад байна. Нэг төрлийн маркетингийн суваг болж чадах энэхүү үйлчилгээгээрээ дамжуулан маш олон нэмэлт боломжуудыг тэд санал болгохоор төлөвлөжээ.
Өнгөрсөн жилүүдэд тогтмол хадгалж ирсэн борлуулалтын 200 хувийн өсөлтөө хадгалахыг хичээж буй “CallPro” компани цаашид ч олон ажил амжуулахаар зорьж байна. Тэдгээрээс стартап компани болон цөөн хүнтэй, жижиг байгууллагуудад зориулсан тусгай багц гаргах, мөн гаднын зах зээлд нэвтрэх зэрэг эрс тэс зорилтуудыг дурдаж болно. Юун түрүүнд тэд Мьянмар болон Киргизстан улсын зах зээлийг судлаад эхэлжээ.
Өнөөдөр Монголд хөгжүүлж буй технологийг дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой. Товчхондоо, технологийн ертөнцөд хил хязгаар гэж үгүй. Харин энэхүү хил хязгааргүй орон зайд нэвтрэх гол гарц нь үүлэн технологи юм. Тэгэхээр үүлэн дундах ирээдүйг олж харж чадсан компаниудад дэлхийн дэвжээ ойрхон байна.
Сайн байна уу
Танай үйлчилгээний тухай дэлгэрэгүй мэдмээр байна Танилцуулгаа явуулна уу
Manai uls zah zeel mash jijig doroo tulchihna tiimees gadagshaa chigelsen bussines hiihgui bol yvhgui eeeee