Зуны аагим халуун өдөр жаалхүү ээжтэйгээ үхэр тэргээр явна. Хорвоо дэлхийд бүх л зүйл нэн сонин санагдах сониуч насандаа элдвийг ажиглаж явах даанч зугаатай. Тэр гээд хэлчих тогтсон зүггүй энгүй их талд хүүгийн нүдэнд нэгэн зүйл гялалзаад өнгөрөв. Харааны баримжаагаа алдахаас өмнө тэрэгнээсээ бушуухан бууж өвсөн дундаас өнөөх зүйлийг хайж эхлэв. Эрсэн зүйл нь энүүхэнд буйг хүү мэдэж буй учир цуцалтгүй хайсаар өнөөх эдээ олсон нь үзэг байлаа. Нутгийнхан нь үзэг олохыг тухайн хүний эрдмийг олж авахтай адилтгаж ярьцгаадаг аж. Бага балчир насандаа өвсөн дундаас үзэг олсон уг явдал түүний хожмын олон үйлсийн эхлэл ч байсан байж болох.
Арван жилийн дараа… Бүх зүйл хориотой байсан Хятадын соёлын хувьсгалын үеэр 16 настай сурагч сургуулийнхаа номын сангийн эрхлэгчээс нууцаар ном гуйж авч уншдаг байлаа. Тэрбээр номнуудаа монгол бичгээр уншчихдаг ч хамгийн их үгүйлдэг нэрт эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайн зохиолуудыг уншихын тулд бие дааж кирил бичиг сурчээ. Багаасаа сонирхсон хэл соёл нь түүнийг хожмоо Олон улсын Монгол уран бичлэгийн холбоог үүсгэн байгуулахад хүргэсэн биз ээ. Өдгөө Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулагчдын ерөнхий нийгэмлэгийн захирлаар ажилладаг тэрбээр уул уурхайн мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжил, уйгагүй сэтгэлийн үр дүнд 1991 оноос Монголд анхны хэмээх олон үйлдвэр байгуулсныг дурдвал тэсрэх бодисын үйлдвэр, молибедин боловсруулдаг үйлдвэр, цайрын үйлдвэр, бордооны үйлдвэрийг (Уг гавьяаг нь үнэлж ХААИС-аас хүндэт доктор цол олгож байв) байгуулж байв. Энэ их үйл хэргийн эзнийг Боржигон овогт Аюушийн Далангурав гэдэг.
-Төрсөн нутгийнхаа тухай яриагаар хоёулаа ярилцлагаа эхэлье.
-Би Өвөрмонголын зүүн хэсэг дэх Хянган аймгийн Хорчин хошуунд төрсөн. Манай нутгийнхныг Хасарын хойч үе гэдэг. Хүн амын хагасаас илүү хувь нь Боржигон овогтой. Өвөөгийн талынхан маань хошууны тайж байсан юм билээ. Манай хошуу нийт иргэдийн дунд Монгол үндэстний эзлэх хувиараа хамгийн их хошуунуудын нэг гэж явдаг. Бидний 85 хувь нь шахуу монгол үндэстэн. Манай нутгийг хуучнаар Түшээт хошуу гэдэг байлаа. Манжийн үед буюу 300 жилийн өмнө Түшээт хошууныхан Монголын говиос нүүж энд ирсэн тухай би нэг номноос уншиж байсан юм.
-Олон улсын Монгол уран бичлэгийн холбоогоо анх байгуулсан тухайгаа яриач?
-Би чинь монгол үндэстэн шүү дээ. Монгол уран зургийн тухай би их сонирхож явдаг байсан юм. Монгол уран бичлэгийг нэг өдөр хараад их гоё юм байна гээд ийм зургууд зурдаг монголчуудыг сурагласаар эцэст нь олсон. Өвөрмонгол уран бүтээлчидтэй холбоотой эсэхийг тэднээс асуухад “Холбоогүй ээ гэхдээ холбогдмоор байна” гэж байв. Сүүлд л бичиг нь өөр болчихсон болохоос бидний соёл нэг юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2004 оны тавдугаар сард Чингис хааны үеэс Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тохиолдуулж бичиг соёлын өдөр тэмдэглэдэг болгосон. “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн үеэр Монгол гэлтгүй Өвөрмонгол, Халимаг, Буриадаас ирсэн уран бүтээлчид 2016 оны есдүгээр сард бүгд нийлээд Буриадад үзэсгэлэнгээ гаргасан. Үүнээс гадна Монгол Улсын зүүн аймаг, сумаар бид үзэсгэлэнгээ танилцуулаад явж байхад Б.Ринченгийн нутаг гэж хүмүүс танилцуулж байлаа. Нийт арван хэдүүлээ тэндэхийн сургуулиуд дээр очиход багш, хүүхдүүд их сайхан угтаж авч байлаа. Энэ үед л бүгд ярилцаад Олон улсын Монгол уран бичлэгийн холбоогоо байгуулсан даа.
-Олон улсын Монгол уран бичлэгийн холбоог байгуулснаар ямар үзэсгэлэнгүүд гаргаж байв?
-Москва хотод хоёр, Эрхүү хотод нэг, Хятадын Хөхнуур мужид нэг, Халимаг улсын Элстэй хотод нэг гэх мэт олон үзэсгэлэн гаргалаа. Есдүгээр сарын 5-нд Халимаг улсын соёлын өдөр намайг тэндэхийн бүх арга хэмжээнд урьж оролцуулахад Бурхан багшийн алтан сүмдээ тус үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ нь монгол бичгийг их хүндэтгэж байгаа хэрэг л дээ. Мөн энэ жил Нью-Иорк хот дахь НҮБ-ын байгууллага дээр монгол бичгээр бичсэн номын үзэсгэлэн гаргасан нь их онцлог байлаа. Энэ үеэр НҮБ-д хадгалуулахаар өгсөн Монголын Нууц Товчоо, Алтан товч зэрэг 110 гаруй Монголын түүхийн номнуудыг уран бичгээр бичсэнийг нь сайд нарын коридорт байрлуулсан.
-Соёл, өв түүхийнхээ төлөө эдгээр ажлуудыг хийх явцдаа юунаас урам авдаг вэ?
-Халимагийн их сургууль дахь Монголыг судлах төвөөс монгол бичгээ сэргээе гэсэн саналыг тавьж байсан. Буриадад очиход ахлах сургуулийн нэг багш цэвэр монгол сургууль байгуулж өгөөч гэж хүсч байсан. Эрхүү хотод байдаг нэг буриад маань монгол бичгээ сэргээмээр байгаа тухай ч бас ярьж байсан. Энэ мэтчилэн Монгол үндэстнүүдээрээ явахад монгол бичгээ сэргээх хүсэлтэй олон хүн таардаг нь надад их урам өгдөг. Бас надаас өөр өв соёлынхоо төлөө гэсэн хүмүүс байдаг нь давхар урмыг өгдөг. Нью-Иоркт НҮБ-ын байгууллагын үзэсгэлэнд нийт 50, 60-аад хүн сайн дураараа зардлаа даагаад очиж байлаа.
-Танай холбоо цаашаагаа ямар ажил төлөвлөж байгаа вэ?
-Удахгүй Канадын Оттава хотод зургаадугаар сарын 22-23-ны хооронд монгол бичгийн үзэсгэлэн болно. Үүнийг Канад дахь Монголын элчин сайд дэмжиж байгаа. Канадын уг хотод 130 гаруй улсын элчин сайдууд байдаг. Тэднээс 130-уулаа биш ч 30 40 нь ирэхэд монгол бичгээ танилцуулах, сурталчлах том боломж бидэнд гарна. Мөн каллиграфын музей гэж Москвад бий. Есдүгээр сард тэнд болох Хятад Оросын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойгоор бид нар оролцоно. Намар Солонгост нэг үзэсгэлэн болно. Өнгөрсөн өвөл Ордос хот явахад хоёр зүйл маш онцлог санагдсан. Нэг нь Монголын Нууц Товчооны музей. Дандаа уран бичлэгээр бичсэнээс гадна тэмээ, үхрийн яс зэрэг маш сонин зүйлүүд дээр бичиж сийлсэн Монголын Нууц Товцооны хувилбарууд тэнд бий. Удаах нь Монгол уран бичлэгийн музей гэж Ордос хотод байдаг. Миний хувьд Монгол уран бичлэгийн музей байгуулах мөрөөдөлтэй. Удахгүй Тува, Саха явахдаа монгол бичгээ бас сурталчилна даа. Хүн аливаа зүйлийг зорьж хийхэд бүтдэг л юм байна.
-Та сая монгол бичгийн үзэсгэлэнг АНУ, Канад болон Орос зэрэг улсуудад гаргасан тухайгаа ярилаа. Гадаадууд монгол бичгийг маань яаж хүлээж авч байна?
-Тэд анх удаагаа босоо бичиг хардаг болохоор ямар сонирхолтой, ямар сайхан юм бэ гэж хүлээж авдаг. Үүнийхээ утгыг тайлж хэлэхдээ Чингис хааны үеэс ингэж хэрэглэж ирсэн гээд цаашаагаа түүхтэй холбогдчихдог. 2017 онд Оросын музейд үзэсгэлэнгээ гаргахад Английн хатан хааны тамгын газрын бичээч хүн ирсэн байв. Би нөгөө хүнийг татаж авчраад та монгол үсгийг сонирхооч гээд бас сонирхуулж тайлбарласан удаатай. Дэлхийд ганцхан босоо бичиг шүү дээ.
-Та маш их ажил хийсэн бас хийхээр ч төлөвлөж байгаа юм байна. Энэ болгонд ямар бэрхшээлүүд гардаг вэ?
-Олон нийтийн ажил хийнэ гэдэг амаргүй. Тэр тусмаа урлагийн хүмүүсийн сэтгэхүй их өөр. Энэ хүмүүсийг бүтээлээрээ манай холбоог дэмжээч гэж шууд ойлгуулах бас хэцүү. Учир нь туслах гэж байгаа ажлаа ойлгосон хүн л дэмждэг. Бас энэ ажилд маш их мөнгө гардаг. Энэ бүх он жилүүдэд хийсэн ажлын дийлэнх хөрөнгийг би өөрөөсөө гаргасаар ирсэн. Энэ байдлаараа ойр зуурдаа л болно. Гэтэл урт хугацаандаа яах вэ гэдэг их хэцүү. Жишээ нь “Уламжлал” гэх монгол бичгээр гардаг нэг сэтгүүл хэвлэлтэд өгөх гэсэн юм, мөнгөөр туслаач гэж гуйх тохиолдлууд гардаг. Тэр болгонд нь л би чадахаараа тусалдаг. Бас нэг бэрхшээл нь уран бүтээлчдийн уран зураг болон монгол бичгийг хэтэрхий хооронд нь холих байдал. Миний хувьд хамгийн түрүүнд монгол бичиг, дараа нь уран зураг. Миний уран зургаар бичсэн монгол бичгийг чи уншаад шууд ойлгохгүй тул эхлээд үүнд зориулсан тусгайлсан журам байх хэрэгтэй гэж би боддог. Хүн алхаж сурсны дараа л гүйнэ. Үүн шиг монгол бичгээрээ зөв сайхан бичиж байж цаашдаа сайн бүтээлүүд гарна. Монгол уран бичээчид нарт энэ бүхнийг ойлгуулах хэрэгтэй санагддаг.
Хүн аливаа зүйлийг зорьж хийхэд бүтдэг л юм байна
-Таны нэр их өвөрмөц санагдлаа. Нэрнийхээ утга учрын тухай яриач.
-Өвөрмонголд өвөг дээдсээ дурссан, тэдний буяныг авахыг бэлгэдэж тоогоор нэрлэсэн нэрнүүд их бий. Далантай, Наянтай, Ерэнтэй, Далангурав гэх мэтчилэн. Далан гурав дахь жилдээ хүмүүс жил орлоо гэж бас ярьцгаадаг. Би өвөөгийнхөө 73 насанд төрж гарсан. Дээр үеийн хүмүүсийн хувьд энэ нас их өндөр тул өвөө шигээ жаргаж урт удаан наслаарай гэсэн утгаар энэ нэрийг маань өгч байлаа.
-Энэ бүх ажлын зангилаа дээр та байж л энэ бүх ажил амьдрал дээр хэрэгжжээ гэж санагдлаа. Гэтэл аливаа зүйл цаашаа тогтвортой явахын тулд хүн дээр бус систем, бүтцэнд тулгуурлах хэрэгтэй шүү дээ. Цаашдаа энэ бүх ажлыг хэрхэн тогтвортойгоор явуулъя гэж бодож байна?
-Хүмүүсийн сонирхлыг татах хэрэгтэй. Хүн болгоны уран бүтээлийг сонгож авдаггүй. Эхлээд энэ хүн монгол бичгээрээ зөв бичиж үү гэдгийг харсны дараа сонгож авдаг. Ингэхээр хүмүүс аяндаа дасна. Монгол Улс 2025 онд монгол бичгээ сэргээнэ гэж хууль гаргалаа шүү дээ. Монголд бид үзэсгэлэнгээ зохиож байхад хүүхэд багачууд томчуудаасаа илүү сонирхож байгаа анзаарагддаг. Өөрсдийн үзэл бодол нь тогтчихсон хүмүүст нэг хэрэг. Харин хүүхдүүдэд багаас нь бичиг соёлоо яаж авч явахыг сургах хэрэгтэй. Өвөрмонголд монгол бичгийг зөв бичгийн талаас нь бичих сургалттай болсон. Өвөрмонголд албан ёсоор сургалтын эрх авсан Хүлэнбөөрийн их сургууль байдаг. Тэнд монгол уран бичгийн 4-5 профессор байдаг. Монголд нэг ч профессор байхгүй. Харин хоёр жилийн өмнө Улаанбаатар их сургууль монгол уран бичлэгийн магистрын ангитай болсон. Үргэлж л зөв бичих гэж эрмэлзэж байхгүй бол буруу бичсээр байвал алдагдаад явчихна. Энэ талаар бид өөрсдийнхөө чадлаараа хичээх ч гэсэн төрөөс дэмжиж байж илүү сайн хэрэгжинэ.