Улаанбаатар хотоос баруун зүг гарах ганцхан гарц болох 22-ын товчоо руу зүглэх машины тоо тэнгэрийн од мэт олон. Тэр тусмаа амралтын өдөр. Үүнийг дагаад түгжрэл ч их. Хотоос гарах гэж бараг хоёр цагийг өнгөрөөв. Өглөө гэрээс гарахдаа 100 км замыг нэг цаг гаруйн хугацаанд туулчихна гэж төсөөлсөн ч очих газартаа дөрвөн цагийн дараа хүрлээ. Энэ бол Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт орших Аглаг бүтээлийн хийд юм.
Тийшээ очих зам шулуухан байсангүй. Машины цонхоор нов ногоон биш атлаа ногоондуу туяа орсон байгаль дэлхий харагдах нь таатай ч энхэл донхол замаар сэгсчүүлэхэд “Зам гэж там” гэсэн үг л хамгийн түрүүнд бодогдов. Хоёр машин зөрөх төдий нарийн, нимгэн замд 100 метр ч хүрэхгүй зай бүрт нүх сүв, ан цав гээд замын эвдрэл ихээ их. Гэхдээ хажуугаар өнгөрөх мал сүрэг, малчин айлыг хараад явахад нэг л сайхан мэдрэмж төрж байлаа. Хэн нэгэнд илбэдүүлж бага нас минь бодогдох шиг.
Хотоос гарах түгжрэлд хоёр цаг, гарсны дараах хот хоорондын замд ахин хоёр цагийг зарцуулсны дараа зорьсон газраа ирлээ. Анх удаа Аглаг бүтээлийн хийдийг үзэх гэж байгаа учраас туршлагатай аялагчдаас мэдээлэл, зөвлөгөөг би урьдчилаад авсан байлаа. Хад чулуугаар авирна, уул өөд өгсөнө, мөн орох тасалбарт 3.000 төгрөг бэлдэх хэрэгтэй гэх зөвлөгөөг тэд хэлж байсан. Гэтэл хийдийн хаалгаар нэвтрэхэд 5.000 төгрөг нэхэж байв. Би болон уг сүмийг зорин ирж буй бусад хүмүүс “Нэг жилийн дотор 2.000 төгрөгөөр өссөн гэж үү” хэмээн гайхсаар дотогш нэвтрэв.
Аглаг бүтээлийн хийд нь Гарьд уулын энгэрт байрлана. Газрын зураг, сүмийн маршрут байхгүй ч олныг дагасаар зөв замдаа орлоо. Зорин ирсэн жуулчид Гарьд уулын өөд мацна. Хадан чулууг бурхны дүрс гарган сийлж, түүнийгээ бусад байгалийн хад чулуутай зэрэгцүүлэн байрлуулсан нь цаанаасаа л уран бөгөөд төгс харагдах. Замын баруун гар талаар саглагар, өндөр мод болон өвөрмөц хэлбэртэй хадан чулуу дүнхийн байх бол зүүн гар талд битүү нарсан ой мод үзэгдэх нь уран зураг мэт үзэсгэлэнтэй.
Уул өөд өгсөж олон төрлийн хад чулуу, сийлбэр, баримал, суварга үзсэн ч үнэндээ учрыг нь сайн ойлгосонгүй. Хэрвээ Аглаг бүтээлийн хийдийг зорин ирж буй гадаад, дотоодын жуулчдад үзвэрийн тайлбарлагч оноож өгдөг бол зарим очигсод илүү ихийг мэдэх байсан биз ээ. Дотоодын аялагчид бид мэдэхгүй байхад гаднаас зорин ирсэн жуулчид юу ч ойлгохгүй байгаа нь бэлхэнээ харагдаж байлаа.
Уулын оргилд хүрэхэд ногоохон модоор хучигдсан өндөр уулс, ширхэг ч толбогүй цэлмэг тэнгэр намайг угтан авсан нь өнөөх сөрөг бодлыг маань хормын дотор үргээж, нутгаа санах сэтгэл, гэрээ мөрөөдөх тэмүүллийг минь өдөөлөө. Энэ гайхамшгийг үзсэн хүн бүрт эх орноороо, байгаль дэлхийгээрээ бахархан ханах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх биз ээ. Энэ агшинг хэдэн цаг, минут ширтэж суусанаа ч мэдсэнгүй. Нарны илч, цэнгэг агаар, хараа булаам байгаль, сэм сэмхэн үлээх салхи нь тэндээс намайг үл хөдөлгөх илбийн нууц нь байсан.
Хүмүүс дүнгэнэн ярих чимээнээр сөхөө автал буцах цаг болжээ. Оргил өөд авирах амархан, харин буух хэцүү байдаг. Үүнтэй адил уулын оргилд мэдэрсэн мэдрэмжээ орхин буух үе надад хэцүү байлаа. Учир нь би тэнд илбэдүүлсэн билээ. Гэхдээ харамссангүй. Бууж байхад надад байгаль нь, модод нь, унаган төрхтэй хад чулуу нь, сүрлэг уулс нь, зөөлөн агаар нь сүр хүчээ улам мэдрүүлсээр л байв.
Уулын оргилд гарах үед сүрлэг байгалийн үзэсгэлэн миний нүдэнд бүхлээрээ харагдаж, гаранд бүтнээрээ баригдаж өөрийгөө эдгээр бодьгалийн ердөө нэгээхэн жижиг хэсэг нь гэдгээ мэдэрсэн.
Буцах цаг иржээ. Хотын завгүй амьдрал, барилгын шигүү байршил, тунгалаг бус агаарт амьдардаг надад Аглаг бүтээлийн хийдийн аагархаг агаар хурцадсан мэт санагдсан ч гайхалтай их тайвшрал өгснийг харих замдаа бүрэн мэдэрснээ нуух юун. Өнөөх энхэл донхол замаар ахин явахдаа юу ч мэдэрсэнгүй, юуг ч анзаарсангүй. Байгалиас авсан тайвшралдаа мансууран бөх бат унтсаар Улаанбаатартаа ирлээ.