Монголын сонгодог урлагт 1980-аад он бол маш чухал цаг үе. Учир нь тухайн үед Азидаа цахиур хагалж дэлхийд үнэглэгдэж байв. Үүний маш том шалтгаан нь МАХН-ын дарга Ю.Цэдэнбал болон эхнэр Филатова гуай нарын оруулсан хувь нэмэр. Энэ л цаг үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Д.Өлзийсайхан билээ.
Хөгжим бүжгийн дунд сургуульд туршилтын балет бүжгийн ангийг 16 насандаа төгссөн Д.Өлзийсайхан Дарханы хүүхэд залуучуудын театраас ажлынхаа гараагаа эхэлжээ. Үеийнхэн нь дөнгөж ахлах ангид орж байхад тэрбээр ажлынхаа үр дүнд хат сууж, хүмүүжиж байв. Ингээд хоёр жил ажилласны дараа тухайн Ленинград буюу одоогийн Санк-Петрбургт балет мастераар суралцахаар болж тэнд долоон жилийг өнгөрүүлжээ. Төгсөөд эх орондоо ажиллах сонирхол залуу мэргэжилтэнд байсан ч тухай үедээ сургуулиа өөрийн гэж нэрлэж байсан бол одоо бидний сургууль гэж хэлдэг болж.
Улс орон бүр өөрсдийн тогтсон соёл заншил, нийгмийн үнэлэмжтэй. АНУ-д гэхэд л хүүхдэд зориулсан байгууллага эсвэл сургууль нь хүмүүнлэгийн талаасаа маш том хөрөнгө оруулалт хэмээн үздэг аж. Тиймдээ ч тэд ашиг олно гэхээс илүүтэй залуудаа сурсан зүйлээ сургуулийнхаа хүүхдүүдэд өвлүүлж, тэднийг улам чадварлаг болгохын төлөө ажилладаг аж. Ер нь аливаа бизнесийг эхлүүлэхдээ түүнийхээ босс биш боол нь болох чухал. Хэрвээ тэгж чадвал бизнес хэн нэгний төлөө болдог. Тэр л бизнес амжилт гаргах магадлал өндөр хэмээн өөрийнхөө туршлагаас тэрбээр хуваалцав. Анх сургуулиа хоёулахнаа нээж байсан үеэ бодвол өдгөө монгол, америк нийлсэн нийт 10 орчим багш ажиллуулж байгаа гэв. Америк эцэг, эхчүүд Д.Өлзийсайхан багшийн сургуулийг сонгох нэг шалтгаан нь тэдний сургалтын арга барил маш өвөрмөцөд орших аж.
АНУ-д бизнесийг хүнд гэж бодвол хүнд, гэхдээ хуулийн дагуу бол бүх зүйл амархан
Ижил төрлийн ихэнх сургуульд “Чи балетчин бол” гэж шууд тулгадаг бол тус сургуулийн онцлог хүүхэд хүн болоход чиглэнэ. Тиймд балетчин болгох гэж шахахаас илүүтэй дур сонирхлыг нь нээх хэрэгтэй. Үүнийг ч эцэг, эхчүүдэд хэлж ойлгуулдаг байна. Америкт балетийг өв тэгш хүмүүжлийн нэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг балетийн сургуульд явуулна гэдэг балетчин болгохын төлөө биш. Иймд Монголд балетийн эсвэл бусад сургууль нь хүмүүнлэгийн салбарт ажиллаж буй гэдгээ сайн ухамсарлах нь чухал гэдгийг Д.Өлзийсайхан хэлсэн юм. Түүнчлэн хүүхдэд гар хүрч болохгүй гэдгийг сайтар захив. Энэ нь сургалтыг дэндүү амарчлах гэж буй залхуу хүний үйлдэл. Иймд эсрэгээр гар хүрсэн тохиолдолд хүүхэд сурах зүйлээ үзэн ядаж эхэлдэг. Мэдээж бидний хувьд маш хатуу аргаар сурч байсан үе бий. Гэхдээ орчин үед энэ арга нь нийцэхгүй гэдгийг ойлгоосой хэмээн тэрбээр хүсдэг аж.
Хэдий сургууль нээн ажиллуулж байгаа нь хүмүүнлэгийн ажил ч нөгөө талаас харвал бизнес юм. АНУ-д бизнесийг хүнд гэж бодвол хүнд. Гэхдээ хуулийн дагуу бол бүх зүйл амархан. “Хуулиас гадуур болчихвол хэцүү. Харин Монголд бол хуулийн дагуу хүнд, хуулиас гадуур бол амархан. Хэрвээ чи энд хуулийн дагуу бизнес хийвэл амархан гэв.
Нэг мэдэхэд хүний нутагт 22 өвлийн цасыг үзжээ. Хэдий тийм ч эх орноо үргэлж санаж, бодож, балетийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг тухайгаа тэр хэлсэн юм. Тэднийх хоёр хүүхэдтэй. Хүү нь оюутан, охин нь аав ээждээ тусалж сургуулийнхаа нарийн бичгийн ажлыг хийдэг. Сүүлийн үед сургуулиа өргөтгөж, амралтын өдрөөр монгол хэл заах цаг гаргаж байгаа гэлээ. Хэрвээ бид өөрсдөө л ингэж мэрийхгүй бол хүүхдүүд маань монгол хэл, соёлоо мартах нь байж болохгүй зүйл хэмээн тэдэндээ ийн санаа тавина.
Америкт өнгөрүүлсэн эхний жилүүд нь баяжих тухай л боддог байсан гэнэ. Гэхдээ л хүн амьд үлдэхийн тулд сурдаг л байхгүй юу гэв. Хэдий харийн нутаг давчдаад байна гэдэг нь үнэн боловч ингэж байж л сурдаг. Хэрвээ Монголдоо байсан бол гундлаа гэхэд ээж, аав гээд түшээд босгочих хүмүүс бий. Харин хүний нутагт навс унаж байж л босдог. Миний харж буйгаар Америкт ирээд салдаг гэр бүлүүд ховор. Өөрөөр хэлбэл, ганц бие хүн энд амьдрана гэвэл үнэхээр хүнд. Тиймд гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг маш сайн ойлгож, мэдэж, ухаардаг. Харин Монголд бол зарим тал дээр эсрэгээрээ байх жишээтэй хэмээсэн юм. Америк дахь монголчууд шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг баяраар үргэлж уулзана. Д.Өлзийсайханы хувьд энэ нь сайн дурын ажил болчихсон. Эндхийн монголчууд ингэж уулзаж, ярилцсанаар элгээ дэвтээнэ. Гадаадад байгаа гээд л нутгаа санаад гунихраад байвал амжилт олохгүй, үгүй бол харийн нутаг давчдаад байна гээд дуулж хуурдаад байвал архиа уугаад л хэрэгт ордог гэнэ.
Балетын бизнес эрхлэгч Д.Өлзийсайхан “Би эх орноо ганихарч биш бахархаж санадаг. Удахгүй манай улс сайхан болно” гэсэн билээ. Ирээдүйгээ өөдрөгөөр хардаг хүнийг л амжилт үргэлж дагадгийн жишээг АНУ-д амьдрах Д.Өлзийсайханы гэр бүл ийн харуулж байна.