Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Системчлэх үйлчилгээний ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханы нийтлэлээс хүргэж байна.
Танд асуудал бий болгосон таны сэтгэлгээ хэвээрээ байгаа бол таны асуудал хэвээрээ
байсаар л байх болно. /Альберт Эйнштейн/
Заавал шийдвэрлэх шаардлагатай асуудалтай тулгарч үзээгүй хувь хүн, байгууллага нэг ч байхгүй биз ээ. Ийм тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замаа олохын тулд юуны өмнө асуудал гэж юу вэ? гэдгийг ойлгох гээд оролдъё. Бид олон удаагийн хэлэлцүүлэг, туршилтын үндсэн дээр тухайн зорилгыг хэрэгжүүлэх цогц үйл ажиллагаанд байгаа доголдлын үр дагавар нь илрэн гарч байгаа шинж тэмдгийг асуудал гэж тодорхойлж байгаа юм. Тэгвэл асуудлыг үүсгэж байгаа суурь шалтгаан нь юу байх вэ? Шалтгаан нь тун энгийн бөгөөд ойлгомжтой. Энэхүү нийтлэлийн маань эхлэл хэсгийг та эргэн нэг харна уу? Танд асуудал бий болгосон таны сэтгэлгээ хэвээрээ байгаа бол таны асуудал хэвээрээ байсаар л байх болно. /Альберт Эйнштейн/ Асуудлыг бий болгож буй суурь шалтгаан нь ердөө та бидний СЭТГЭЛГЭЭ байх нь.
Монголчууд бидний сэтгэлгээ хэд хэдэн онцлогтой. Үүнд хамгийн түрүүнд монгол хүний сэтгэлгээ нь задгай, хайрцаглагдаагүй гэдгээрээ бусдаас ялгардаг. Энэ онцлог нь ихээхэн давуу тал олгодог. Эдгээр давуу байдлын талаар олон судлаач судалсан, бичсэн болохоор давуу байдлын талаар дэлгэрэнгүй ярихаа азная. Харин бидний
сэтгэлгээнд байдаг сул тал бол бидний сэтгэлгээ замбараагүй байгаа явдал юм. Замбараагүй сэтгэлгээний улмаас өөрийнхөө өмнө тулгарсан асуудлуудыг танин мэдэж чадахгүй, бас тэрхүү асуудлуудаа оновчтой шийдвэрлэх арга замаа тодорхойлж чаддаггүй юм байна. Ийм асуудалтай болохоороо аливаа санал санаачилга гаргахаас цааргалах, асуудлыг бөөрөнхийлөх, ерөнхийлөх,
үндэслэлгүй дүгнэлт гаргах, аливаа асуудлын шалтгааныг олохгүйгээр шийдвэрлэх гэж оролдох, бусдад буруугаа чихэх зэрэг үйлдлийг гаргадаг аж. Тэгвэл энэ замбараагүй, цэгцгүй сэтгэлгээг цэгцтэй болгох ямар гарц байна вэ? Энэ бол СИСТЕМТЭЙ СЭТГЭЛГЭЭ буюу СИСТЕМИЙН СЭТГЭЛГЭЭ юм.
Системийн сэтгэлгээ гэхээр л ихэнх хүний толгойд олон янзын томьёо, тэгшитгэл, гүн ухааны ойлголтууд буудаг юм билээ. Гэтэл бодит байдалд энэ нь тийм хүнд шинжлэх ухаан биш ээ. Энгийнээр тайлбарлахыг оролдъё. Системийн сэтгэлгээ гэдгийг системтэй сэтгэлгээ гэдэг томъёоллоор солиод үзье. Угаасаа системтэй байна гэдэг нь эмх цэгц, дэг журамтай байхыг л хэлээд байдаг. Үүн дээр аливаа асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх арга барил нэмбэл бүр төгс тодорхойлолт гарч ирнэ.
Бидний сэтгэлгээ хэдий чинээ эмх цэгцгүй байна төдий чинээ олон асуудал үүсэж, тэдгээр нь дараа дараагийн олон асуудлыг үүсгэдэг бол цэгцтэй сэтгэлгээтэй хүн өмнөө тавьсан ямар ч зорилгыг хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгож болно.
Зорилгын талаарх таны ойлголт юу вэ?
Зорилго гэж юу вэ? Макс-Неефийн (Маслоу гэдэг эрдэмтний тодорхойлсон хүний үндсэн хэрэгцээний ангиллыг санаж байгаа байх, тэгвэл энэ Макс-Нееф гэдэг эрдэмтэн нь сүүлийн үед ихээхэн өргөн хэрэглэгдэж байгаа шинэ ангиллыг гаргасан хүн юм) ангилал нь хүний үндсэн хэрэгцээг есөн бүлэгт хувааж үзсэн байдаг.
Энэхүү есөн бүлэгт тодорхойлсон хэрэгцээг цааш нь нарийвчлан задалбал хүний хэрэгцээний тоо их өндөр гарах нь ойлгомжтой. Энэхүү хэрэгцээний ангиллыг хүний оршин тогтнох/ амьд явах/, улмаар түүнээсээ сэтгэлийн ханамж авахад шаардлагатай
нөхцөл болон үйлдлүүд дээр суурилж гаргасан байгаа юм. Тэгэхээр хүн өөрийн үндсэн хэрэгцээг хангах арга замыг байнга эрэлхийлдэг төдийгүй тийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйлдлүүдийг урьдчилан төлөвлөж хийдэг байна. Тэгэхдээ чадахыгаа өөрөө хийгээд, чадахгүйгээ бусадтай хамтарч xийдэг. Нөгөө талаас нь авч үзвэл хүн зарим тохиолдолд хүссэн хүсээгүй өөрийнхөө хэрэгцээнд захирагдаад зарим үйлдлийг урьдчилан төлөвлөхгүйгээр хийж явдаг тохиолдлууд бас байна. Хүн өөрийнхөө тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн, урьдчилан төлөвлөсөн үйлдлүүдийг зорилго хэмээн тодорхойлж болох нь. Тэгвэл хүн бүр зорилгоо бодитой тодорхойлж чаддаг уу?
Бидний сэтгэлгээний онцлогийн улмаас бид зорилгоо бүү хэл хүслээ ойлгомжтой, хэрэгжүүлэх боломжтойгоор тодорхойлж чаддаггүй, хэт ерөнхийлж илэрхийлэх хандлагатай. Энэ нь бидний нүүдэлчин ахуйн уг сурвалжаас улбаалдаг
болов уу. Нүүдэлчин ахуй нь тодорхой нөхцөл байдлыг өөрчилж зорилгодоо хүрэхээс тодорхой нөхцөл байдалд дасан зохицохыг илүү үздэг. Нөгөөтэйгүүр бидний сэтгэлгээ аливаа хэвшмэл хэв хэмжээнд баригдах дургүй, задгай байдаг. Дээр нь сүүлийн хэдэн зуун жилд хүний, өөрийн эрхшээлд байж, тэдний тулгасан номлол сургаал ч бидний бодох, сэтгэхийг өөрчилсөн биз ээ.
Гэтэл өнөөдөр манай хүн амын дийлэнх олонх суурин газар оршин сууж, суурин амьдралаар амьжиргаагаа залгуулж, дэлхий нийтийн нийтлэг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, оршин тогтнохоос өөр аргагүй байдалд ороод байгаа
билээ. Энэ бол бидний сонголтын асуудал биш харин бодит нөхцөл байдал бидэнд тулгасан тулгалт гэж үзэж болох юм. Адаглаад өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийг оновчтой, ойлгомжтой илэрхийлж, улмаар тэрхүү хүсэл эрмэлзэлдээ хүрэх арга замаа зорилго болгон тодорхойлж сурахгүй бол хүсэл эрмэлзэл, зорилгыг тойрсон маргаанд хамаг цагаа бараад дуусах мэт. Ямар сайндаа л буруу ярьж, зөв ойлгох гэдэг хэллэг гарсан байх вэ дээ!!!
Зорилгодоо хүрэх арга замыг тодорхойлж гаргах, улмаар түүнийг хэрэгжүүлэх тал дээр бидний сэтгэлгээ мөн л бэлэнчилсэн, маш ерөнхий байна. Сүүлийн үед харин өөрсдийнхөө сэтгэлгээний сул талыг ойлгож, түүнийгээ засаж залруулах санал, санаачилга олноор гаргаж системийн сэтгэлгээн дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг хандлага өргөжиж байна.
Дээрхийг базаж хэлбэл системийн сэтгэлгээний гол давуу тал бол бидний сэтгэлгээг
илүү их замбараатай, цэгцтэй болгож байгаад оршино. Түүнээс биш зөвхөн эрдэмтэн мэргэд л ойлгодог, тэдний хэрэгжүүлж чадах тусдаа шинжлэх ухаан гэж ойлгож хэрхэвч болохгүй. Ингэж сэтгэлгээгээ цэгцтэй болгож чадвал адаглаад бусад хүний ярьж хэлснийг зөвөөр шүүн тунгаах чадвартай болж, дүгнэлт хийхдээ хүртэл
анхаарал болгоомжтой хандах нь. Мөн хамгийн чухал зүйл бол системтэй сэтгэлгээгээр асуудлаа шийдэж, зорилгоо оновчтой тодорхойлж, зорилгодоо хүрэх арга замаа тодорхой гаргаснаар хүртэх үр шимд зарцуулах цаг, нөөц хэмнэгдэх юм.