Япон бол аялал жуулчлалын үйлчилгээ хамгийн өндөр хөгжсөн орнуудын нэг. Гаднаас очсон зочид энэ улсын техник, технологийн ололтоос гадна үйлчилгээний соёлыг нь бишрээд дахин ирэх бодолтой буцдаг. Монголчуудын жуулчлах дуртай газрын нэг нь Япон. 2015 оны байдлаар жилд Монголын 18 мянга орчим иргэн Японд аялдаг гэсэн мэдээ байна. Монголчууд голдуу 30-аас бага хоногийн хугацаатай бүлгээрээ болон бие даан аялдаг. Үүнээс бараг тал хувь нь цэвэр аялал жуулчлалын зорилгоор аялдаг бол үлдсэн нь бизнесийн болон албан томилолт, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд орох зорилготой Японыг зорьдог. Японд анх удаа очсон монгол хүн болгон энэ орны талаар ар гэрийнхэндээ, найзууддаа ярих олон сонинтой буцаж ирдэг.
Фүжи уул
“Фүжи Хаконэ Изү” хэмээх үнд эсний цэцэрлэгт хүрээлэнд багтдаг д.т.д 3776м өндөр буюу Японы хамгийн өндөр цэг. Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй гурвалжин харагддаг тул Японыг илэрхийлэх бэлгэдэл болон бусад улс орнуудад ч алдаршсан. Уул руу авирах зам жил бүр долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 27-ны хооронд нээгддэг ба зарим авирагч өглөөний нар мандахыг харахын тулд шөнийн цагаар авирч эхэлдэг байна. Жил бүр 200 мянган хүн авирдагаас 30 хувь нь гадаад жуулчид байдаг ажээ.
Sky Tower Tree
634 метр өндөр бөгөөд 806 сая долларын өртгөөр баригджээ. 1960 оноос Японы бэлгэдэл болж ирсэн Токио цамхгаас 300м илүү өндөр. 634 хэмээх тоо японоор “Мүсаши” хэмээн дууддаг нь энэхүү цамхаг баригдсан газрын нэртэй илжил юм. Цамхаг барьсан талбайг засахдаа ус байсан газарт 2000 оноос эхлэн хог асгаж, дахин ашиглахгүй болсон хүнд даацын төмөр хаягдлыг дээрээс нь буулгаж цемент цутган “газар” болгосон гэдэг. Цамхгийг нээсэн эхний долоохон хоногт 1.6 сая хүн үзэж сонирхсон байна.
Сумо бөхийн ордон
Рёгокү- кокүгикан ордон нь 12 мянган хүний багтаамжтай бөгөөд дотор зохион байгуулж болох бүхий л спортод зориулагдсан боловч зөвхөн Сумо бөхийн зориулалтаар ашиглаж иржээ. Эдүгээ 1, 5, 9 дүгээр сард тус ордонд сумо бөхийн барилдаан үзэх боломжтой ба бусад цагт дотогш нэвтрэх хориотой байдаг. Ордны барилгад Сумо бөхийн түүхийн музей байдаг ба үзэгч олонд үнэ төлбөргүй нээлттэй үйлчилдэг. Тус ордонд 2020 оны зуны Олимпийн нэгээхэн хэсэг явагдана гэдгийг Сумо бөхийн холбоо албан ёсоор мэдээлсэн байна.
Шибүяа
Залуучуудын гудамж гэдгээрээ хамгийн алдартай Шибүяа дүүрэг нь Токио хотын худалдаа үйлчилгээний хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг юм. Японы хамгийн өвөрмөц орчин үеийн загварууд Шибүяа-гаас л төрдөг хэмээнэ. Япон хүн бүхний мэддэг Хачико нохойны хөшөө нь метроны гарц дээр байдаг бөгөөд зорчигч уг хөшөөтэй зургаа авхуулахгүй буцах нь бараг үгүй. Метроны гарцаар гараад ирэхэд маш том гэрлэн самбарууд, маш өргөн замын гарц харагдаж эхлэх ба алдарт Шибүяа-гийн бас нэгэн гайхалтай дүр зураг юм. Шибүяа-гийн гарцаар олон зуун, олон мянган хүн зэрэг зөрж гарах нь өөрөө “гайхамшигт үзүүлбэр” мэт болох ба дээд рекорд нь хоёр сая хүн өдөрт энэ гарцаар гарч байсныг тэмдэглэсэн байдаг.
Гинза
Токио хотын төв хэсэгт байрлах ба хамгийн алдартай худалдааны гудамж юм. 1612-1800 онд мөнгөн зоос хийдэг газар байсан ба Гинза гэдэг үгний утга нь “мөнгө зарах мухлаг” гэсэн утга илэрхийлдэг. 1923 оны үеэс Гинза нь худалдааны гудамж болсон ба эдүгээ дэлхийд алдартай брэнд барааны дэлгүүрүүд, уран зургийн ертөнц, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудаараа алдартай дүүрэг болсон. Бямба, ням гарагуудад Гинза гудамжны машин замыг хааж гадаад дотоодын жуулчид, явган зорчигчдын таатай орчныг бүрдүүлдэг.
Шизүока муж
Япон Улсын бэлэг тэмдэг болсон Фүжи уул оршдог муж юм. Байгалийн сайхан, түүхийн дурсгал бүхий хотууд, далайн эргийн болон уулын халуун рашаанууд, Японы уламжлалт үйлдвэрлэлийн олон янзын ёс заншлуудаараа алдартай. Шизүока муж нь олон зүйлээр бусад мужаас ялгардаг. Хамгийн олон рёкан хэмээх үндэсний амралтын газартай бөгөөд хамгийн олон халуун рашаантай гэдгээрээ алдартай. Мөн энэхүү үндэсний амралт рашааныг дагаад хамгийн олон кимоно хувцас үйлдвэрлэгддэг ба хэрэглэгддэг онцлогтой.