Нигерийн худалдаа, арилжааны төв Лагос хотын захад орших гэрийнхээ зочны өрөөнд Базил Окпара Жуниор зөөврийн компьютерийнхээ ард завгүй суух аж. Есөн настай Базил “Scratch 2” хэмээх програмчлалын үнэгүй аппликэйшн ашиглаад нуугдаж, олдог тоглоом хийж буй нь энэ.“Scratch 2” нь онлайн болон оффлайн горимд тоглоом, хөдөлгөөнт дүрс, түүх бүтээх боломжийг хэрэглэгчдэд олгодог аппликэйшн юм.
Одоогоор Базил гар утсанд зориулсан 30 гаруй тоглоом бүтээгээд байна. Энэ удаагийн тоглоом нь нуугдаж буй сарьсан багваахайг олох зорилготой бөгөөд нуугдсан газраасаа гарч ирэнгүүт нь олж цохивол нэг оноо авах юм. “Би зуслангийн сургалтад суугаад тоглоом хийж сурсан юм. Одоо харин уйдсан үедээ өөрийгөө завгүй байлгахын тулд тоглоом хийж байгаа” хэмээн Базил ярив.
Аав нь түүнийг өнгөрсөн гуравдугаар сард 5-15 насны хүүхдүүдэд зориулсан кодчлолын таван өдрийн сургалтад бүртгүүлжээ. “Codefest international”-ийн зохион байгуулдаг уг сургалт нь робот техник, виртуал реалити зэрэг шинээр гарч ирж буй технологийг хүүхдүүдэд танилцуулах зориулалттай юм.
Базил өмнө нь гар утсан дээр маш их тоглодог байсан гэж аав Базил Окпара Сениор өгүүлэв. “Үргэлж л гар утас шүүрч аваад тоглоом тоглоод байхаар нь хүүдээ таблет авч өгсөн. Ингээд тэр “Кэнди краш”, “Темпл ран” тоглож эхэлсэн” хэмээн тэрбээр ярив.
Гэвч хамаг цагаа тоглоом тоглоход зарцуулах болсон хүүгээ долоон настайд аав нь сайтар загнасан нь хүүгийн амьдралыг эрс өөрчилжээ. “Нэг өдөр хүү маань таблет дээрээ тоглоом тоглож байлаа. Байнга тоглож суухыг нь харсаар залхсан учир маш их уур хүрсэн. Тэгээд л би хүүдээ “Үргэлж тоглоом тоглож байхаар өөрөө тоглоом хийгээд бусад хүмүүсээр тоглуулъя гэж бодохгүй байна уу” гэж хэлсэн. Тухайн үед би их уурласан байсан болохоор миний хэлснийг хүү минь тэгж сүрхий хүлээж авна гэж бодоогүй” хэмээн Базил Окпара Сениор дурсав.
Түүнээс хойш Базил тоглоом хийх хүсэл, сонирхолтой болжээ. Үүнийг нь анзаарсан аав, ээж нь хүүдээ зөөврийн компьютер худалдаж авч өгснөөс гадна тоглоом бүтээх анхны алхмаа хийхэд нь туслах зорилгоор дээр өгүүлсэн сургалтад явуулсан байна. Түүний хийсэн тоглоомууд сонирхогчийн түвшний, зөвхөн “Scratch 2” суурилуулсан компьютер дээр л тоглох боломжтой. Гэхдээ аавынх нь өгүүлснээр Базилын бүтээсэн “Frog attack” нэртэй тоглоом энэ сараас эхэлж “Google”-ийн “Playstore”-т тавигдах аж.
Африк бол дэлхийн хамгийн залуу хүн амтай тив. Базил шиг хүүхдүүд тус тивд шинэ технологи, шинэ түүхийн тэргүүлэх нь дамжиггүй. Нигерийн 12 настай хоёр хүү код ашиглан гэрийн ажил хийдэг робот бүтээсэн, өнгөрсөн тавдугаар сард “Robofest” тэмцээнд Гана улсын дунд сургуулийн охидын “Acrobat” баг түрүүлсэн гэх мэт олон сайн мэдээ сүүлийн үед гарах болжээ.“Google”, “Microsoft” зэрэг технологийн аварга компаниуд тус тивд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа учир Базил болон түүний үеийнхэн ирээдүйн шилдэг код бичигчид болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.