Монголын худалдааны салбарт хамгийн тогтвортой өргөжин хөгжиж буй компаниудын нэг болох BSB группын зах зээлд тэргүүлэх байр суурьтай болсон явдал Б.Жаргалсайхан гэдэг хүнтэй олон талаар холбоотой.
BSB компани байгуулагдаад 28 жил өнгөрчээ. Та зах зээлийн шилжилтийн үед компаниа хөл дээр нь босгож, бас хэд хэдэн хямралыг ажралгүй давсан нууц чухам юу байсан бэ?
Нууц гэхээсээ илүү бид анхнаасаа компани байгуулах зорилгоо зөв тодорхойлсон юм болов уу гэж боддог. Түүнээс биш, богино хугацаанд их мөнгө олоход шунаагүй. Тэгвэл компани гэдэг сонгодог утгаараа ямар байх ёстой вэ. Олон улсад компанийг зах зээлийн нийгэмд өөрөө өөрийгөө урт удаан хугацаанд авч явах хамт олны нэгдэл гэж ерөнхийд нь тодорхойлдог. Энэ л зарчмын дагуу ажилласан. Үүн дотроо компани маань бас өөрийн гэсэн зорилготой. Тэр нь хийж байгаа ажлаа бусдаас сайн хийх юм. Энэ нь тухайн компанийг урт удаан хугацаанд тогтвортой, амжилттай оршин тогтнох үндэс болдог. Олон жил оршин тогтнохын тулд үйлчлүүлэгчиддээ хамгийн чанартай, сайн бүтээгдэхүүн амлаж, амлалтдаа хүрэх ёстой. Би ийм л зорилгыг өмнөө тавьсан. Мөн гаднын өндөр хөгжилтэй орны бэлэн туршлагаас багагүй судалж, үйл ажиллагаандаа тусгасан. Гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зохиол бүтээлийг их уншиж, ажилдаа нэвтрүүлсэн. Амжилтын нууц гэвэл хүнээ буюу боловсон хүчнээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Компани өөрийн гэсэн тогтолцоотой хөгждөг. Үүнд хэд хэдэн чухал зүйл хамаарна. Мэдээж хамгийн чадварлаг боловсон хүчин байх учиртай. Дараагийн нэг чухал зүйл бол харилцагч байгууллагууд. Сайн түншгүй бол ер нь ямар ч бизнес хол явахгүй. Бизнесмэн хүн түншүүдээ байнга хүндэлж байх ёстой. Жишээ нь, манайх реклам, сурталчилгаан дээрээ бартерыг ашигладаггүй, зөвхөн мөнгөөр тооцоо хийдэг. Дараагийнх нь хэрэглэгчид. Хэрвээ хэрэглэгчгүй бол борлуулалт байхгүй. Борлуулалт байхгүй бол ашиггүй гэсэн үг. Мөн нийгмийн орчин, сэтгэхүй аливаа бизнест их нөлөөлдөг. Орчноо мэдэрч чадвал тухайн үед нь арга хэмжээ аваад явж болдог. Бизнесийг амжилттай явуулах олон хүчин зүйл бий. Тэр бүгдийг л аль болох харилцан уялдаатай явуулах хэрэгтэй. Аль нэгийг нь л алдвал бизнест алдагдал гараад эхэлдэг. Ер нь товчхондоо тухайн компани амжилттай үйл ажиллагаа явуулна гэдэг нь асар том шинжлэх ухаан юм. BSB компани өөрөө 1991 онд байгуулагдсан. Би 1996 онд нэгдэхдээ дэд захирлаар орж гадаад, дотоод худалдааг хариуцаж ажиллах болсон. Тэр үед BSB нь Элба дэлгүүрт төвтэй, 3,4 дүгээр хороололд түрээсийн байранд хоёр жижигхэн цэгтэй л байсан. Харин өнөөдөр бид зах зээлдээ тэргүүлэгч байр суурьтай компани болсон. Үнэтэй ч гэсэн чанартай брэнд бараа зарна гэсэн чиг барьсан маань өнөөдөр харахад зөв байж. Би компанидаа дэд захирлаар долоон жил, Ерөнхий захирлаар сүүлийн 16 жил ажиллаж байна.
Танай компанийн Алсын хараанд “… Сингапур улсын тэргүүний компаниудын зэрэгт хүрэх …” гэж бичсэн байна. Яагаад заавал Сингапур гэж?
Энэ бол хоёр талтай. Электрон бараа бол манай үндсэн бизнес. Хэдийгээр үйлдвэрлэгч нь ч Япон, Солонгос гэх мэт янз бүрийн улс байдаг ч электрон бараагаа бид голдуу Азийн бүсийн том зах зээл болсон Сингапур улсаас авдаг. Эндээс том брэндүүд Азийн бусад жижиг улсад нэвтэрдэг. Бид 1994 оноос эхлэн Сингапураас бараа авахад бизнесийн соёл, хандлага нь бидний хувьд бизнесийн маш том сургууль, үлгэр жишээ болсон газар гэдгийг харсан. Тиймээс Сингапурын компаниуд шиг ажиллах зорилго тавьсан юм.
Тухайн компани амжилттай үйл ажиллагаа явуулна гэдэг нь асар том шинжлэх ухаан юм.
Тэгвэл BSB-гийн соёл, үнэт зүйл юу вэ?
Мэдээж хүн бол манай компанийн хамгийн үнэт зүйл. Гэхдээ үнэ цэнэтэй ажилтан байхын тулд үүрэгт ажлаа шахаж шаардуулаад байлгүй цаг тухайд нь чанартай хийдэг байх хэрэгтэй. Хувийн идэвх зүтгэл, санаачилгатай байх нь зүйн хэрэг. Ер нь Европ хүмүүс маш их бие даасан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлчихдэг. Илүү дутуу зүйлд цалгардаад байдаггүй. Харин манайхан даргаараа шаардуулж, шаардуулж хагас дутуу зүйл хийдэг. Зарим дарга нар нь ч буруу шаардлага тавина. Тэгэхээр ямар ажилтанг үнэ цэнэтэй гэж хэлэх вэ гэвэл хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь сайн гүйцэтгэдэг байх ёстой. Өнөөдөр монголчууд ядуу байна гээд байдаг. Ажил хийдэггүй мөртлөө машин унаад давхина. Юу ч хийхгүй байж өдий зэрэгтэй яваад байдаг их азтай ард түмэн. Өөр улс оронд ажил хийхгүй л бол өлсөж үхнэ.
Ерээд оны үед компаниа анх байгуулчихаад ирээдүйд тухайлбал, 2019 он гэхэд ийм амжилтад хүрнэ гэдэг төсөөлөл байсан уу?
Миний хувьд 1993 онд Голландад олон улсын Маастрихтын менежментийн сургуулийг дүүргэсэн. Тэгэхээр өөрийгөө будилж яваагүй гэж боддог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр анхнаасаа л компани гэж юу байдгийг заалгаж байсан учраас тэр хэмжээндээ ажлынхаа гарааг зөв эхлүүлсэн болов уу. Гэхдээ бүх зүйл дардан байгаагүй. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх боловч бүх зүйл нь социализмаараа л байсан үе шүү дээ. Тиймээс олон хүндрэлтэй тулгардаг байсан. Зарим нь бүүр зах зээлийн эдийн засаг гэх ойлголтоосоо шал өөр тийшээ явж байсан гэхэд хилсдэхгүй. Харин компани бол өөрөө зах зээлийн эдийн засгийн сонгодог бүтээлийн нэг. Гэтэл социализмын сэтгэлгээтэй нийгэмд компани бий болгоно гэдэг амаргүй байсан. Хүмүүс дэмждэггүй, ойлгодоггүй л байлаа. Өнөөдөр ч гэсэн зарим нь компанийг сонгодог утгаар нь ойлгохгүй байдал ажиглагддаг. Зөвхөн ашиг л гэж хараад байдаг.
Өнөөдөр монголчууд ядуу байна гээд байдаг. Ажил хийдэггүй мөртлөө машин унаад давхина. Юу ч хийхгүй байж өдий зэрэгтэй яваад байдаг их азтай ард түмэн.
Санаас гардаггүй бэрхшээлтэй зүйл юу байсан бэ? Тэр хүндрэлийг хэрхэн даван туулж байсан бол?
Ер нь бизнесмэн хүн аливаа бэрхшээлийг даван туулах ёстой гэж би хувьдаа ойлгодог. Тэр утгаараа саад байвал даваад л гарах хэрэгтэй. Эргээд дурсахад хамгийн хэцүү даваа бол 1990-ээд оных бус 20082009 оны эдийн засгийн хямрал л байсан санагддаг юм. Хямрал гэдэг бол асар том сорилт юм л даа. Энэ сорилтод бүдрэхгүй тэсч үлдэх гэж нэлээд юм болно. Дэлхий нийтийг хамарсан тэр том сорилтод олон улсын томоохон бизнесийн байгууллагууд хаалгаа барьсныг монголчууд мэдэж байгаа. Ийм л үед бид тэсч үлдэх шаардлагатай нүүр тулсан. Тухайн үед зөв менежмент явуулсны үндсэн дээр өнөөдөр бид үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тухайн үед валютын ханш огцом унаж төгрөгийн ханш ч шалдаа буусан шүү дээ. Энэ үед бидний нэг ам.доллараар борлуулах ёстой байсан бүтээгдэхүүн ердөө 60хан цент болж байлаа. Иймээс гаднын бэлтгэн нийлүүлэгчдийн өмнө асар их өр бий болгосон гэсэн үг. Товчхондоо авсан үнээсээ хэт доогуур үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаж байсан. Харин тухайн үеийн Монголын эдийн засгийн хямрал гадаад хүчин зүйлээс бус биднээс өөрсдөөс болсон гэж би үздэг. Дэлхий нийт хямарсан уу хямарсан. Манайд нөлөөлсөн үү нөлөөлсөн. Гэхдээ манай төр, засгийн буруу бодлого хамгийн их нөлөө үзүүлсэн нь үнэн. Би өөрөөс хамаарч бий болж буй бэрхшээлийг бэрхшээл гэж боддоггүй. Сайн төлөвлөгөө, менежменттэй байхад өөрөөс хамаарах хүндрэл тэр хэмжээгээр багасана. Харин инфляци, валютын ханш, татвар зэрэг биднээс үл хамаарах бэрхшээлд дасан зохицох өөрчлөлтүүд хийнэ. Бензиний үнэ нэмэгдлээ гэж жагсах нь бол иргэдийн хэрэг. Харин бизнесмэн хүн бол юун түрүүнд бизнесээ хэвийн үргэлжлүүлэх тохиргоог л хийх хэрэгтэй. Хувийн компани ямар ч бэрхшээл тулгарч байсан түүнийг даван туулах чадвартай байж урт хугацаандаа тогтвортой хөгжиж чадна. Гэнэтийн хүндрэл гарахад зудын мал шиг сөхөрчихдөг байж таарахгүй. Зуданд малаа үхүүлэхгүйн тулд дулаан байраа бэлддэг шиг хямралд байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог.
Хөдөлмөрийн зах зээлд сонин үзэгдэл байна. Нэг талаас компаниудад боловсон хүчин маш хэрэгтэй байгаа ч, нөгөө талаас бас олон хүн ажил хайгаад яваад байдаг. Энэ гажуудлын талаар юу хэлэх вэ?
Асуудал хоёр зүйлд байна. Нэгдүгээрт ажилтан. Ажилтан компанийн шаардлагад тэнцэхгүй байна, шаардлага их тавибал гараад явчихдаг. Дөнгөж төгссөн хүн бол юу ч хийж үзээгүй, юу ч хийж чадахгүй хүн байдаг. Эхний 2-3 жилд өгсөн цалинг нь аваад суралцах хэрэгтэй. Үүний дараа олон жил ажилласан хүмүүстэй ижилхэн цалин авах асуудал тавьж болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн эхлээд өөрийгөө голж сурах ёстой. Шуудхан хэлэхэд, ажил хийж үзээгүй хүн өөрийгөө чаддаг гэж боддог юм шиг. Хоёрдугаарт, өнөөдөр дээд сургууль төгсөнө гэдэг мэргэжил гэхээсээ илүү цол шиг болчихсон. Харин бидний үед бол их сургуульд мэргэжил эзэмшүүлж, төгсөөд шууд ажиллахад зохих түвшинд ажиллах чадвартай, сурч байхдаа юу хийхээ бараг мэдээд авчихдаг байсан. Гэтэл одоо нягтлангаар төгсчихөөд цалин бод гэхээр мэдэхгүй, чадахгүй байна. Онол мэддэг ч, ажил мэддэггүй. Миний хувьд ЗХУ-д худалдааны эдийн засагч мэргэжлээр дээд сургууль төгссөн. Монголд ирээд Худалдааны наймдугаар конторт эдийн засагчаар хувиарлагдаж очсон. Балансын шинжилгээ гэдгийг яг сургуульд заасны дагуу хийхэд дарга маань жигтэйхэн магтаж байсан юм. Үнэндээ би тэрийг нь хичээлийнхээ конспектийг дуурайлгаад л хийчихсэн байхгүй юу. Тэр маань туршлагатай ажилтанд тэгж их гологдохооргүй байсан бололтой. Энэ нь тэр үед сургуулиуд бэлэн мэргэжилтнүүд бэлдэж чаддаг байсныг харуулж байна. Би залуу байхаасаа нэг л мэргэжлээр, нэг л ажилдаа тууштай ажиллахыг хүссэн. Цалин мөнгө, хангамж гэхээсээ илүү туршлагатай хүмүүсээс суралцаж авахыг илүүд үздэг байлаа. Өрсөлдөгчөөсөө дутуу байна гэдгээ мэдэх бүртээ түүнийгээ нөхөхийг хичээдэг байсан. Удирдахуйн ур чадварыг судалж маш олон ном уншсан. Залуучуудыг хөгжүүлье гэж яриад байгааг би ойлгодоггүй. Надад бүтээмжгүй мундаг хүн хэрэггүй. Гол нь тэр хүн бусдад хэрэгтэй юм хийдэг байх ёстой. Олон дипломтай, гадны байгууллагад ажилладаг гэдэг бол мундаг гэсэн үзүүлэлт биш.
Захирлын хувьд таны онцлог, удирдах арга барилдаа баримталдаг чиглэл юу вэ?
Миний нэг том зарчим байдаг. Тэр нь ажилтнууддаа үлгэр дуурайлал болохуйц ажиллахыг хичээдэг. Ер нь даргаасаа ажилчид нь үлгэр дуурайлал авдаг шүү дээ. Тэр утгаараа би бусдаас илүү ажиллах ёстой. Тэр хэмжээгээрээ илүү үр дүн гаргах учиртай. Хамгийн зөв шийдвэр гаргаж, зарчимч шударга байх хэрэгтэй. Түүнээс биш, өөрөө ажлаасаа хоцорчихоод бусдад шаардлага тавиад байвал хэн хүлээж авах вэ. Гэхдээ энэ бол миний л зарчим. Дээрээс нь би шинжлэх ухаанд итгэдэг. Түүнээс биш, сургаар үнэлэлт дүгнэлт гаргадаггүй. Баримт нотолгоогүй зүйлд ач холбогдол өгдөггүй. Компани дээрээ ажилтныг сайн ажиллуулъя гэвэл эхлээд туршлагатай ажилтныг дагуулан сургахыг хичээдэг. Нэг мэргэжлээрээ тууштай ажиллаарай гэж зөвлөдөг. Эхний гурван жилд тухайн хүн ажилтайгаа танилцдаг. Тэр ажлыг сайжруулах санаачлага бараг гарахгүй л болов уу. Мэргэшсэн хүмүүсийнх нь хийдэг түвшинд л хүрч очдог. Дараагийн гурван жилд сайн ажилтанд тооцогдож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн болж байж туршлагатай ажилтан болдог. Харин гурав дахь гурван жилд ажлаа шинэ шатанд гарган сайжруулах, санаачлага гаргах, тэргүүний ажилтан болох түвшинд очдог. Тэгэхээр гурван жил ч болохгүй ажлаа солиод яваад байвал эцэстээ алийг нь ч хийж чадахгүй болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл “мэргэжлийн” болохын тулд есөн жил хэрэгтэй.
Та менежерүүдээ яаж сургаж бэлддэг вэ?
Өөрийн хийдэг ажлын нэг хэсгийг аль нэгэн менежерт даалгаж байхаар болвол эхлээд тэр хүнтэй хамт хийнэ. Хамт хийх явцдаа даалгах ажлыг аажмаар ихэсгэнэ. Ийм байдлаар бие даалгана. Шууд даалгаад орхиж болохгүй. Сайн сургаад бэлтгэчихвэл дараа нь тэр менежерт хяналт тавих ч шаардлагагүй болдог. Магадгүй эхний ганц, хоёр жилдээ сайн чадахгүй нэг хүнтэй зууралдаад л, ингэж байхын оронд өөрөө хийчихвэл хамаагүй дээр мэт санагдаж болно. Гэхдээ нэг хэсэгтээ тэсээд гарчихвал удахгүй чиний арыг даагаад явчих хүнтэй болно. Тэгэхээр тухайн захиралд өдөр тутмын ажил гэхээс илүү стратегийн шинжтэй зүйлд цагаа зарцуулах бололцоо бүрдэнэ. Угаас стратеги бол Ерөнхий захирлын хийх ажил. Захирал хүн доодох хүмүүсийнхээ ажлыг шүүрч авч өмнүүр нь орж хийгээд байвал стратеги тодорхойлох гэсэн өөрийн ажлаа хийхгүй байгааг харуулдаг. Ингэж чадахгүй бол компанийн менежмент муу байна гэсэн үг. Ер нь менежмент маш сонирхолтой ажил. Менежментийн мэдлэгийг зохих ёсоор нь эзэмшээд, зохих түвшинд туршлага хуримтлуулчихвал шантраад байх тохиолдол маш ховор гарна. Менежер хүнд бэрхшээлийг даван туулах чадвар суусан байх хэрэгтэй.
Аливаад “мэргэжлийн” болохын тулд есөн жил хэрэгтэй.
Тэгвэл боловсон хүчнээ сонгож авах тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
Хамгийн чухал асуудал л даа. Харамсалтай нь манай улсад хүний нөөцийн менежер гэдэг шинжлэх ухаан хөгжөөгүй байна. Урьд нь ч байгаагүй. Түүнээсээ болоод энэ тал дээр нэлээд алдаа гаргадаг. Нэг ажилтан авчихдаг, гэтэл нөгөөх нь үүрэг болгосон ажлаа хийдэггүй. Ямар ч санаачилгагүй. Гаднын мэдлэг чадвартай багш нарыг энэ салбарт оруулж ирэх нь чухал гэж би боддог. Нөгөө талаар би огт танихгүй гаднын нөхрийг захирлаар хэзээ ч тавьдаггүй. Аль болох дотроосоо тухайн ажилтныг сонгон шалгаруулах замаар албан тушаал ахиулахыг хичээдэг. Энэ нь эрсдэлийг бууруулдаг талтай. Тухайн ажилтны давуу талыг хараад тохирох албан тушаалд нь томилох нь гаднаас хүн авчирснаас илүү үр дүнтэй байдаг. Мөн сайн ажилтан болгоныг дарга болгоод байж бас болохгүй. Манайх 300 гаруй ажилтантай. Гэхдээ хүний тоо чухал биш. Ер нь хүмүүсээс ямар компанийг сайн компани гэдэг вэ гэж асуухад баян эсвэл том оффистэй, олон ажилтантай гээд олон янзаар л хариулдаг байх. Харин олон улсад бол хариуцаж авсан ажлаа сайн хийдэг компанийг л сайн гэж үнэлдэг юм билээ. Манайд 10, 20 салбартай том компани гэсэн хэрнээ ажлаа сайн хийдэггүй удирдлага, аж ахуйн нэгжүүд байж л байдаг. Энэ бол буруу стандарт.
Олонх захирал мэдлэг чадваргүй ажилтнаа шууд л халдаг. Таны хувьд?
Энэ асуудал их ярвигтай. Шууд халах нь зөв шийдвэр биш л дээ. Манай нөхцөлд мэдлэггүй, чадваргүй гээд нэг ажилтнаа халаад өөр нэгнийг авлаа гэхэд бас л нэг муу хүн ороод ирэх магадлал өндөр шүү дээ. Эцэс төгсгөлгүй халаад байж болохгүй. Тиймээс анх ажилд авахдаа л хүнээ таних хэрэгтэй. Угаасаа засрахгүй залхуу, хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хүнээс үг сонсож чадахгүй байгаа ажилтнаас татгалзахаас өөр аргагүй. Ажил хийдэг газар ажил хийх дургүй, халширдаг хүн хэрэггүй шүү дээ. Ажил хийхгүй хүнийг ажил хий гээд шахаад бас хэрэггүй юм.
Аль болох дотроосоо тухайн ажилтныг сонгон шалгаруулах замаар албан тушаал ахиулахыг хичээдэг.
Танай компанийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн талаар хэр судалдаг бол. Үйлчлүүлэгчээ хэр мэдэрдэг вэ?
Заавал тусгай том баг гаргаад л судлаад байхдаа биш. Тухайн салбартаа үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа л бол үйлчлүүлэгчидээ аяндаа мэдрээд эхэлдэг. Үнэхээр юу юугаа ч мэдэхгүй байвал судлах шаардлагатай л даа. Манай компанийн хувьд тухайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд үйлчлүүлэгчдээ мэдэрдэг болчихсон. Туршлагатай эмч өвчтнийхөө царайг хараад л мэддэг шиг гэх үү дээ. Өдөр тутам энэ ажлыг хийж байгаагийн хувьд заавал том жижиг судалгаа хийх хэрэггүй болтлоо тэдний сэтгэл ханамжийг мэдэрдэг болсон байна.
Компанийн нийгмийн хариуцлага гэж таныхаар юу вэ?
Нийгмийн хариуцлага гэдэг бол тухайн компанийн үйл ажиллагаа, хүлээх үүрэгтэй холбоотой асуудал. Хамгийн наад зах нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд татвараа 100 хувь төлөх хэрэгтэй. Нуун дарагдуулах ч юм уу тийм асуудал байж болохгүй. Бидний өгч байгаа татвар нийгэмд баялаг бүтээнэ шүү дээ. Татвараас зайлсхийдэг бол компани биш. Өнөөдөр манайд татвараас зайлсхийдэг компани олон байгаа бөгөөд шамшигдуулсан мөнгөөрөө ашиг олох гэдэг хүмүүс цөөнгүй байх шиг. Энэ бол увайгүй үйлдэл. Татвараас зайлсхийж байгаа хүний хүүхэд сургуульд явдаг, багш нар нь таны өгсөн татвараар цалинждаг гэдгийг ойлгох л хэрэгтэй. Та татвараа үнэн зөв төлөөд байвал багш нарын цалин нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр таны хүүхдийн олж авах боловсрол дээшилнэ. Энэ мэт нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлснийхээ дараа бусад нийгэмд тустай үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нь зүйн хэрэг.
Манай зарим компани гадаад, дотоодын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэснийгээ нийгмийн хариуцлага гэх мэтээр сурталчлах явдал байдаг. Монголын компаниудын хөгжил хаашаа явж байна вэ?
Манай компаниудын хөгжил гаднын өндөр хөгжилтэй орны компанийн хөгжилд хүрэх яагаа ч үгүй байна. Ердөө л эхлэл төдий явж байна гэж хэлж болно. Нэг л жишээ хэлэхэд, гаднын компаниуд өндөр нэр хүндтэй байдаг. Гэтэл монгол компани гэхээр яаж хүлээж авдаг билээ. Яагаад гэвэл манайхан адаглаад татвараас зайлсхийдэг. Энэ нь нэг талаар манай компаниуд бусдын төлөө биш зөвхөн өөрийн ашгийн төлөө ажиллаад байгаа хэрэг юм. Өөрийн ашгийн төлөө буруу зүйлийг хүртэл хийж байна. Өнөөдөр тендерт яллаа л гэнэ. Яаж ялсан нь тодорхой л байдаг. Ер нь хүний төлөө байж чадахгүй бол хэрэглэгчид чиний төлөө байхгүй дээ.
Хялбар аргаар бизнес хийхийг сонирхогчид олшроод байх шиг.
Бизнес гэх нь ч хаашаа юм бэ. Зүгээр л хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид гэвэл таарна тэднийг. Зүгээр хялбар арга байвал бас нэг өөр хэрэг. Гэтэл тэр нь хууль бус үйлдэл байх нь олонтаа. Дээхэн үед манай компанид зөвлөхөөр ирсэн нэг Финлянд хүний хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэр нь “Мөнгө олох маш олон арга бий. Тиймээс тэр олон аргаас заавал болохгүй бүтэхгүйг нь сонгох хэрэггүй” гэсэн юм. Нээрээ үнэн үг шүү. Бид тэр хүний үгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг зорьдог.
Хүнд хэрэгтэй зүйл хийж чадахгүй л бол хичнээн мундаг, мэдлэгтэй байсан ч хэн ч биш болно.
Бизнес эхлүүлж буй залуучуудад юу зөвлөмөөр санагддаг вэ?
Нэг зүйлийг л онцолж хэлмээр байдаг. Чиний хийж буй бизнес хүнд хэрэгтэй л байх ёстой. Тэгвэл амжилт олно. Бизнес хийнэ гэдэг бол зөвхөн мөнгө олохын тухай биш гэж боддог. Би үргэлж хүнд хэрэгтэй зүйл хийхийг зорьж ирсэн. Хүнд хэрэгтэй зүйл хийж чадахгүй л бол хичнээн мундаг, мэдлэгтэй байсан ч хэн ч биш болно. Яаж мөнгө олох вэ гэсэн зорилго тавибал бизнес амжилт олохгүй. Харин хүнд хэрэгтэй юм хийе гээд зүтгэвэл ашиг, орлого аяндаа бий болно. Жишээ нь, бид экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргах тухай их ярьдаг. Гэтэл тэр бараа чинь цаад улсынхаа ард иргэдэд хэрэгцээтэй байж чадахгүй бол бүтэхгүй шүү дээ. Хэрэглэгч эхний удаад рекламанд хууртагдаад авч болох ч дараагийн удаа тэгэхгүй. Харамсалтай нь, ингэж ажиллан экспорт хийж чадаж буй компани Монголд цөөхөн байна. Монголчууд Орос, Солонгосоос ундаа, ус авчирч уугаад байгаа мөртөө яагаад өөрсдийн үйлдвэрлэсэн ус, ундаагаа Орос, Солонгост зарахгүй байна вэ? Бид худалдан авагчдад үнэхээр хэрэгтэй байж чадах уу үгүй гэдгийг хайхардаггүй. Энгийн жишээ хэлэхэд, Өвөр Монголд манай компаниудын үзэсгэлэн гарахад зарим нь барааныхаа шошгыг хятад хэл рүү орчуулаагүй байсан. Ийм байж экспортлох тухай яриад байдаг. Үндэсний үйлдвэрлэл гэж их ярьдаг. Гэтэл үндэсний гээд алдагдалтай үйлдвэрлэл эрхлээд яах юм бэ? Тэгэхээр энэ маань ажил хэрэг гэхээсээ илүү лозунг болчихоод байгаа юм. “Үндэсний” гэдэг энэ лозунгийн дор бид маш их мөнгө үрэн таран хийж байна. Чингис бонд бол үүний хамгийн сонгодог жишээ. Тэгээд өөрсдөө юм хийж чадахгүй мөртөө гадны хөрөнгө оруулагчдыг хажиглаад байдаг.
Захирал хүнд өдөр тутамдаа олон асуудал шийдэх шаардлага гардаг. Та энэ их ажлыг амжуулахдаа чухам юунаас цэнэг авч урагшилдаг вэ?
Хувийн компанийн захирал байхын нэг сайхан тал нь өөрийн хүссэнээр, өөрийн бодсоноор, зөвхөн өөрөөс чинь шалтгаалах ажлыг гүйцэлцүүлдэг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан 1990-иэд оны эхэн үед хариуцлагатай, гэхдээ дээрээ даргатай ажил хийдэг байсан. Хэдийгээр миний бодол зөв гэдэгт бат итгэлтэй ч даргын үгнээс зөрөх боломжгүй. Заримдаа өөрийн итгэл үнэмшлийн эсрэг дургүй зүйлээ хийх тохиолдол гардаг байлаа. Бурууг нь мэдсээр байж даргын буруу шийдвэрийг гардаж гүйцэтгэх маш хэцүү байдаг юм байна лээ. Тиймээс би хувийн хэвшилд ажиллахаар шийдсэн юм.
Та компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Өөдрөгөөр харж байна. Нийгмийн сэтгэхүй ч төлөвшөөд эхэлчихэж. Саяхныг хүртэл социализмыг санагалзсан, тэр үе сайхан байжээ гэдэг улсууд мэр сэр байж л байсан. Харин одоо бол ардчиллын үнэт зүйлийг илүү их ярьдаг болж. Тиймээс бүх нийтээрээ тууштай урагшаа хараад, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. Бид Америкийг “шүтдэг”. Тэгсэн мөртлөө капитализмаас айдаг. Үнэндээ хамгийн капиталист орон бол Америк. Хэрвээ Амеркийг дуурайх гээд байгаа бол капитализмыг хөгжүүлэх л хэрэгтэй. Манай залуус ч мэдлэг, чадвартай болж ирлээ. Тиймээс улс орон хөгжих нь дамжиггүй ээ. Улс орон хөгжинө гэдэг бидний амьдрал л сайжирна гэсэн үг. Ийм учраас улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахад залуус мэдлэг боловсролоо зориулах хэрэг.
Сүүлийн үед монгол сэтгэхүйн талаар их ярих боллоо. Монгол сэтгэхүйг хөгжүүлж байж л Монгол Улс хөгжинө гэх бодлоготой Та санал нийлэх үү?
Тийм шүү сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Сэтгэхгүй ямар байна амьдрал тийм л байна. Тэгвэл сэтгэхүйг ахуй төлөвшүүлдэг. Манай ахуй бол маш амирлангуй, өрөвдсөн, тэтгэсэн хандлагатай байдаг. Тиймээс ахуй шударга байх хэрэгтэй. Хөдөлмөрлөхгүй хүнд мөнгө өгөх нь шударга зүйл мөн үү. Бид капитализмыг алгасчихсан. Гэтэл яг үнэндээ капитализм чинь хүнийг хөдөлмөрлүүлж сургаж хүмүүжүүлж чаддаг. Тэнд хөдөлмөрлөхгүй л бол мөнгө байхгүй. Тиймээс хар багаасаа биеэ даадаг. Эцэг, эх нь ч үүргийг нь бүрэн дүүрэн ухамсарлуулж өсгөдөг. Гаднын оюутнууд бүгд л цагийн ажил гололгүй хийж, өдрийн хоолоо олж иддэг. Харин манайхан эцэг, эхийнхээ мөнгөөр авсан Ipad-аар тоглоод л гэртээ сууж байна. Энэ нь нэг талаар хүүхдийн буруу биш. Ямар ч хүн бэлэн сайхан зүйл байхад машин угааж хэдэн төгрөг олохыг хүсэхгүй. Харин ч хааяа нэг эрхэлчихээд, “Би таны ганц охин, хүү биз дээ” гэж сануулчихаад хэвтэж байна. Зарим нь эцэг эхээ яаж хөөрхөн аашилж байгаад хүссэнээ авахуулах вэ гэдэгт л толгойгоо гашилгадаг. Энэ бол буруу сэтгэхүй юм.
Манай компаниудын захирлуудын хүүхдүүд тансаг нөхцөлд, тусгай орчинд өсөж, хүмүүжиж, сурч боловсордгийг иргэд мэднэ. Харин бусад оронд бизнесмэнүүд хүүхдүүдээ чанга гараар хүмүүжүүлж, мөнгөний үнэ цэнийг биеэр нь мэдрүүлж өсгөдөг тухай олон ном зохиолоос уншсан юм байна. Харин Та хүүхдүүдээ хэрхэн өсгөж байна вэ?
Аль болох мөнгөөр эрхлүүлэхгүйг хичээдэг. Олны дунд байлгахыг эрмэлздэг. Ер нь хүүхдийг олон нийтийн дунд байлгавал төлөвших нь хурдан байдаг байх. Хүүхдүүдээ бусдаас тусгаарлахыг хүсдэггүй. Үнэтэй зүйл хэрэглүүлэх нь нэг талаар нийгмээс тусгаарлаж байгаа хэрэг гэж би хувьдаа боддог. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэдлэг боловсролтой болгохыг зорьдог. Монголын нөхцөлд англи хэлийг зайлшгүй сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сурах нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг хичээдэг.
Таны гэр бүлийн хүмүүжлээс олж авсан гол үнэт зүйлс юу вэ?
Аав, ээж маань сэхээтэн хүн байсан учраас боловсрол ямар чухал вэ гэдгийг сайн мэддэг байсан. Тэднийхээ хүчинд би сайн боловсрол эзэмшсэн. Бидний үеийн аав, ээжүүд хулгай хийж болохгүй, худлаа хэлж болохгүй, хөдөлмөрлөж амьдар гэх зэргээр хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлдэг байсан. Би аав, ээжийгээ дуурайж өөрийгөө, хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Манай аав олон жил элчин сайдаар ажилласан бөгөөд дэндүү шударга, эх орондоо дэндүү үнэнч хүн байсан. Англид Элчин сайдаар ажиллаж байхдаа бие нь муудсан юм. Амь насанд нь аюултай өвчин туссан ч улсын зардлыг хэмнэх гэж Англид эмнэлэгт хэвтэхийн оронд Москва руу эмчилгээ хийлгэхээр явж байгаад замдаа нас барсан. Тэр үеийн хүмүүс ингэж өөрийгөө хоёрт тавьж чаддаг байсан. Тийм орчинд хүмүүжсэн хүн үүнээс дор ёс суртахуунтай байх боломжгүй шүү дээ. Бүх хүн ийм байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Миний аав, ээжийн үед сайн хүн олон байсан юм. Гэтэл өнөөдөр хүн ямар болсныг бид мэднэ. Өөрт нь ногдох ёсгүй зүйлийг завшиж байгаа хүмүүст үнэхээр миний дургүй хүрдэг. Залуучуудыг ийм зүйлээс хол байгаасай гэж боддог. Монголд улс төр, эдийн засгийн хямралаас гадна ёс суртахууны хямрал нүүрлэсэн гэж би үздэг. Бид өнөөдөр феодализмын үеийн үнэлэмжээр амьдарч байна. Хулгай хийж амьдарч болно гэдгийг хүүхдүүддээ зааж өгч байна гэхэд хилсдэхгүй. Эрүүл ухаантай л бол шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрэх зам маш олон бий. Залхуу, чадваргүй, харанхуй, бүдүүлэг, өрөвдөлтэй хэсгийг даган цүнх барьж амьдраад яах юм бэ? Залуу хүн бусдын мөнгө, төрийн албан тушаал ашиглан амжилтад хүрнэ гэж боддог бол шившиг. Олон сайхан багш нараар эрдэм заалгаж, эцэг, эхийнхээ мөнгийг үрчихээд амьдралд хэрэгжүүлж, хариу барьдаг хүмүүжилтэй байх ёстой.
Байгаагаар нь эрүүл саруул сэтгэдэг хүн байна
Өөрөө авдаг олдог шигээ бусдад зохих ёсоор нь төлөх тун дургүй хүн дээ.
Чи ажилд сайн биш зүй бусаар мөнгө олчих гээд байдаг хүн үү