Үнэхээр цаг нь болсон хүн хурдан өөрчлөгдөж, амжилтад хүрдэг
Би өмнөх нийтлэлдээ амжилтын хөтөчтэй байхын давуу талаас гадна, амжилтын хөтөч нь спортын дасгалжуулагч, сэтгэл зүйч хоёроос ямар ялгаатайг бичсэн билээ. Амжилтын хөтөч нь үйлчлүүлэгчтэй 6-24 сарын хугацаатай гэрээ хийдэг. Энэ нь өөрчлөлт гаргахад тохиромжтой хугацаа юм. Эхний сарын уулзалтууд дээр үйлчлүүлэгчийг таних судалгааны ажил хийж эхэлдэг. Дараагийн сараас судалгаатай зэрэгцүүлэн үйлчлүүлэгчийн зорилгод нийцэх тусгайлсан төлөвлөгөө боловсруулан гаргадаг. Дасгалжуулалтын явцад амжилтын хөтөч үйлчлүүлэгч байгууллагын төлөвлөгөөний дагуу жижиг даалгавруудыг өгөөд явдаг. Сард 2-3 удаа үйлчлүүлэгчтэйгээ уулзаж өгсөн үүрэг даалгавруудаа шалган, ахиц гарсан эсэхийг нягтлан дүгнэж, цаашид хийх алхмуудыг зөвлөн чиглүүлж өгдөг юм. Гэрээний хугацаанд хоёр тал байнгын холбоотой ажилладаг.
Гэхдээ гэрээ хийхээс өмнө тухайн хүн амжилтын хөтчийн үйлчилгээнд тохирох эсэх, цаг хугацааны хувьд бэлэн эсэхийг тодорхойлох зорилгоор танилцах уулзалт хийдэг. Зарим хүмүүсийн хувьд амжилтын хөтөч үйлчилгээ авах цаг нь болоогүй байдаг. Энэ нь амжилтын хөтөч өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгоогүй юм уу эсвэл, хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа ч өөртэйгөө ажиллах цаг гаргах боломжгүй бол тэр хүнтэй гэрээ хийх гэж яардаггүй. Тухайн хүнийг сайн бодож тунгаагаад, өөртөө цаг гаргах боломжтой гэсэн үедээ ирээрэй гэж буцаах тохиолдол гардаг.
Шавь хүний зүгээс амжилтад хүрэх чин эрмэлзэлтэй байх, амжилтын хөтчийн зөвлөмжийг хүлээн авч, авсан үүрэг амлалтаа биелүүлж байх ёстой. Түүнчлэн зорилгодоо хүрэх алхмууд хэрэгжүүлэх явцад бэрхшээл тохиолдсон ч үргэлжлүүлэн гүйцэтгэх сэтгэлийн тэнхээтэй байхыг шаардана. Амжилтын хөтөлбөр хугацаа шаардсан, ажилбар ихтэй, хоёр талын уйгагүй хичээл зүтгэлээр бүтэх тул үр дүн өндөртэй.
Үнэхээр цаг нь болсон хүнд өөрчлөлт хурдан гардаг төдийгүй амжилтын хөтөч ч бас урам авдаг. Яагаад гэвэл амжилтын хөтчийн цаг хугацаа үнэ цэнэтэй тул цаг хугацаагаа хэрэгтэй хүндээ зориулахыг чухалчилдаг. Та амжилтын хурдаа ахиулъя гэвэл амжилтын хөтөчтэй болоорой.